Ардын эрх  2012,08,17

УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцлаа

-Засгийн газрыг байгуулах явц нэлээд амаргүй замаар урагшилж байна. Өнөөдрийн байдлаар улс төрийн намууд Засгийн газрын бүтцийг батлах асуудал дээр зөвшилцөлд бүрэн хүрч чадсан уу?

-Зөвшилцөл гэдэг буруу нэр томьёог МАН-ын нөхөд УИХ-ын дарга томилохоос эхлээд Ерөнхий сайдыг томилогдох хүртэл авч явлаа. Үндсэн хуулинд заасан “бусад намуудтай зөвшилцөх” асуудал УИХ-ын олонхийг бүрдүүлэх асуудал дээр л яригдах ёстой. Түүнээс биш бүх намуудтай зөвшилцөх асуудал байхгүй. Сүүлийн 20 жил Монгол Улс нэг л Үндсэн хуультай байсан, тэгж л уншиж явсан. Өөр практик байхгүй. Бүх намуудтай зөвшилцөж байж УИХ-ын дарга, Ерөнхий сайд гардаг байсан бол сонгууль явуулах ямар ч утга байхгүй шүү дээ. Тэгэхээр зөвшилцөх асуудал МАН-тай огт яваагүй гэсэн үг. Харин “Шударга ёс” эвсэлтэй эвслийн гэрээ байгуулах асуудал бол зөвшилцлийг дотроо агуулсан. Эвслийн гэрээ байгуулах асуудал 72-хон цагийн дотор явагдсан. Тиймээс эвслийн гэрээн дээр ямар нэг гацаа гараад, тэр нь зөвшилцлөөр арилж байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д хамгийн олон суудал авсан нам улс төрийн бусад намуудтай олонхийг бүрдүүлэх хэмжээний зөвшилцийг явуулж гэрээгээ байгуулсан. Энэ асуудал гурав хоногийн дотор цэгцрээд дууссан байгаа.

-МАН чуулганы хуралдаанд суухгүй нэлээд удсан. Энэ хугацаандаа Ардчилсан намд санал тоолох машины дүнг гараар дахиж тоолох, Өвөрхангайн нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх гэх мэт тодорхой саналууд тавьсны эцэст хуралдаандаа орж ирж суусан. Үүнийгээ “Бид Ардчилсан намтай тохиролцоонд хүрсэн, цаашдаа ч зөвшилцөл явагдана” гэж тайлбарлаж байгаа. Үүнийг тэгвэл юу гэж ойлгох вэ?

-Тэр хүмүүс өөрсдийнхөө бодлыг л ярьж байгаа, Ардчилсан намын хувьд тэдэнтэй энэ асуудлаар зөвшилцөөд байсан юмгүй. Өвөрхангайн хоёрыг оруулж ир гэдэг бол шүүхийн асуудал, Ардчилсан намтай хамаагүй. Санал тоолох машины дүнг гараар тоолохын тухайд ирээдүйд болох сонгуульд энэ машин бэлэн байна уу гэдгийг шалгахын тулд тоолох гэж байгаа бол бид санал нийлнэ. Өнгөрсөн сонгуулийн дүнг нягталж үзэх зорилгоор тоолно гэвэл үүнтэй санал нийлэхгүй. Бид ийм л хариу өгсөн. Өгсөн хариу маань хангалттай байсан юм байлгүй, МАН-ын гишүүд одоо чулганы хуралдаанд суугаад явж байгаа.

-Маргаантай байгаа сонгуулийн тойргуудын асуудлыг хэзээ шийдэх вэ? Өвөрхангай, Увсын гишүүний асуудал, дээр нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин сонгууль явуулахаар байгаа шүү дээ…

-28 хувийн санал авч чадаагүй хоёр тойргийн дахин сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтатгаж явуулахаар болсон. Харин сонгуулийн хууль зөрчсөн гэх маргаантай хойр тойргийн асуудал шүүхийнхээ журмаар явах байх.

-Шүүхийн журмаар явахаар сонгогдсон гишүүд нь тангараг өргөж чадалгүй жил тойрч байсан гашуун сургамж бий шүү дээ. Та ч өөрөө үүнийг биеэрээ туулаад ирсэн хүн. Сонгуультай холбоотой маргааныг СЕХ өөрөө цаг алдалгүй шийддэг байхаар хуульд өөрчлөлт оруулсан биш үү?

-Сонгуулийн ерөнхий хороо өөрөө шийдвэрээ гаргадаг асуудал нь санал хураалтаас өмнөх процест байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд шууд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасдаг. Өвөрхангайн тойрог дээр жишээ нь СЕХ хуулийн энэ заалтыг ашиглах гэж оролдсон хэрэг. Сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэх шүүхийн процессийг ч гэсэн цаг хугацааг нь наашлуулах зохицуулалтыг хуулинд хийж өгсөн байгаа. Гэвч шүүхийн байгууллагууд нь хуулийнхаа энэ заалтыг барьж ажиллах сонрхолгүй байна л даа. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй.

-Сүүлийн үед “УИХ гэдэг гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг хуулийн байгууллагаас хаацайлдаг газар болж хувирлаа” гэх шүүмлэл олон нийтийн зүгээс их сонсогдож байгаа. Та өнөөдрийн парламентын бүрэлдэхүүнд хэр сэтгэл хангалуун байна?

-Хуулийн байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд гишүүн биш болдог хууль нь байгаа. Энэ хууль журмаараа явсан нь дээр л дээ. Харсаар байтал хууль зөрчиж, мөнгө тараачихаад УИХ-д орж ирээд суусан гишүүд байж л байна. Хуулийн байгууллага энэ улсуудын “эд сууж болохгүй ээ” гээд бичиг нь ирвэл өгөөд явуулахаас өөр арга байхгүй.

-УИХ-д албан ёсны бүлэг байгуулах тухай МАН-ын хүсэлтэд та “боломжгүй” гэдэг хариулт өгсөн. Гэтэл тэд өөрсдийгөө бүлэгтэй мэтээр ярьж байна. МАН-ын бүлгийн дарга гэгдэж байгаа Н.Энхболд гишүүн “Үндсэн хуулийн дагуу манай бүлэг аль хэдийн байгуулагдсан. УИХ-д есөөс дээш суудал авсан учраас автоматаар намын бүлэг байгуулагдсан гэсэн үг. Тиймээс бид бүлэг байгуулах асуудлаар хуулийн төсөл өргөн барих шаардлагагүй, УИХ-ын дарга зөвхөн бүртгэж авах л үүрэгтэй” гэж ярьж байгаа?

-Үндсэн хуулинд “намын бүлэг” гэдэг үг байдаггүй. Найм, ес гэдэг тоо ч байхгүй. Намаас сонгогдсон гишүүд хэрвээ бүлэг байгуулбал УИХ-ын нэг дэд даргатай байна гэдэг заалт л 24-ийн 1 дээр байгаа. Бүлэг байгуулсан тохиолдолд УИХ-ын нэг дэд даргыг нь УИХ сонгож өгөх үүрэгтэй, тэр үүргээ ч биелүүлнэ. Гэтэл бүлэг байгуулах явцад нь УИХ дээр гацаа үүссэн байгаа шүү дээ, энэ нь цэвэр өөрсдөөс нь шалтгаалсан. УИХ-ын даргыг томилогдсоноос хойш 24 цагийн дотор улс төрийн намууд бүлгийн гишүүдийнхээ нэрийг гаргаж өгөөд, түүнийг нь УИХ дээр уншиж албан ёсоор бүлэг байгуулсаныг зарладаг хуультай. Гэтэл МАН бүлгийн гишүүдийнхээ нэрийг 24 цагийн дотор биш 20 хоногийн дараа өгсөн. Тэрийг нь унших гэхээр УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчих гээд байгаа юм. Энэ хуулийг зөрчихгүйн тулд тэдэнд зориулж хуулиа өөрчилье гэдэг саналыг би өөрсдөд нь хэлсэн. Гэтэл хуулийн төсөл өргөн барина гэж явж байснаа гэнэт больчихсон байна лээ. Хэрвээ больсон бол хуулийн зөрчил арилахгүй. Тэр хүмүүс юугаа ярьж явах нь бол өөрсдийнх нь асуудал.

-Шинэ хуулийн төсөл өргөн барихгүй л бол МАН ирэх дөрвөн жилд УИХ дээр албан ёсны бүлэггүй явна гэсэн үг үү?

-Одоогийн хуулиар бол тийм.

-УИХ дээр албан ёсоор байгуулахгүй бол завсарлага авах, албан ёсны байр суурь, шийдвэрийн тухай ярих ч эрхгүй сул гишүүд л болно биз дээ?

-Тийм л болж байна.

-Гэтэл одоо МАН-ын зүгээс “Манай бүлэг хуралдаж, байна, ийм шийдвэр гаргалаа, тийм байр суурьтай байна” гэсэн мэдээллийг хийгээд яваад байгаа шүү дээ?

-Тэр нь хууль зүйн ямар нэг үр дагавар авчрахгүй л дээ. Өөрсдөө бол ямар ч мэдэгдэл хийж болно, тэр нь хууль ёсны болж чадахгүй. Хууль зүйн үр дагавар гэж юуг хэлээд байна гэхээр нэгдүгээрт УИХ-д намын бүлэгтэй бол УИХ-ын нэг дэд даргыг намын бүлгээс нь томилдог, бүлгийн гишүүдийнх нь тоог хоёрт хуваасантай тэнцүү тооны ажилтныг ажлын албандаа авах эрх үүсдэг. Зургадугаар сарын 30-наас хуучин МАН-ын бүлгийн ажилтнуудыг цалинг зогсоосон байгаа, хуулийн дагуу бүлэг нь байгуулагдаагүй учраас. Ирэх жилээс гурван намын бүлэгтэй ажиллана гэж үзээд төсвийнхөө асуудлыг Сангийн яам руу явуулчихсан. Хуульд өөрчлөлт ороод МАН-ын бүлэг байгуулагдвал нэгдүгээр сарын 1-нээс төсвийнх нь эрх сэргээд явна.

-Байнгын хороон дээр бас асуудал гарч ирээд байна уу? УИХ найман байнгын хороотой, нэг байнгын хороо нь 16-19 гишүүнтэй байна, нэг гишүүн гурван байнгын хороонд зэрэг харьяалагдах боломжтой гээд бүтцээ баталчихсан. Гэтэл МАН-ын бүлгийн 25 гишүүнийг байнгын хороодод оруулах гэхээр багтахгүй байна, байнгын хороодыг дахиж задлахаас аргагүй гэж ярьж байгаа…

-Байнгын хороогоо МАН-ын гишүүдэд зориулж задлах тухай асуудал бас хуулиар хаагдсан. Байнгын хороог анх байгуулахдаа байнгын хороо тус бүрт гурван сул орон үлдээсэн. МАН-ын бүлэг байгуулагдлаа гэж бодоход 24 гишүүн найман байнгын хороонд хуваагдаад ажиллах боломжтой. Гэхдээ гурав хүртэл байнгын хороонд орно гэдэг асуудалтай болсон. Яагаад гэвэл байнгын хороодыг анх байгуулахад гишүүд саналаа түрүүлж өгөөд зарим нь хоёр, зарим нь гурван байнгын хороонд ороод явчихсан. Засгийн газар байгуулагдах үед хэрвээ УИХ-ын гишүүд сайд болбол тэр сайд нараас гурван байнгын хороотойг нь хоёр, хоёр байнгын хороотойг нь нэг болгох ч юм уу, багасгах бодол байгаа. Тэгвэл дахиад зай гарна гэсэн үг. Гишүүд өөрсдөө тохиролцоод байнгын хорооноосоо гарсан тохиолдолд МАН-ын гишүүд нэгээс дээш байнгын хороонд орж ажиллах боломжтой. Одоо бол нэг байнгын хороонд орох нь баталгаатай байгаа.

-МАН-ын гишүүдийн зүгээс нэг бус зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. УИХ-ын даргын томилгоо хууль бус боллоо, байнгын хороодын дарга нар таалагдахгүй байна ч гэдэг юм уу…

-УИХ-ын даргын томилгоо Үндсэн хуульд заасны дагуу явсан. Үндсэн хуулинд “хамгийн ахмад нь хурал удирдана” гэсэн заалт байхгүй. 2008 оны сонгуулийн дараах анхдугаар чуулганаар хамгийн ахмад гишүүн нь хурал удирдаагүй ч тэр хурлаас хийсэн томилгоог хууль ёсны гэж үзээд цаашаа явсан байна лээ. Дэгийн тухай хуулийг саяхан хүртэл журмаар зохицуулж ирсэн. Энэ хууль дээр “хамгийн ахмад гишүүнээрээ анхдугаар чуулганыг удирдуулна” гэсэн ёслол хүндэтгэлийн чанартай заалт хийж өгсөн юм. Хууль зүйн үр дагавар нь бол тийм айхтар биш. УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын томилгоо Үндсэн хууль зөрчихгүйгээр  явагдах ёстой, тэр дагуу ч явагдсан. Тийм учраас МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн Цэцэд өгсөн гомдол дээр ямар нэг асуудал гарахгүй.

Байнгын хороодын дарга нарын тухайд УИХ-ын гишүүд бүгдээрээ л ард түмнээс сонгогдсон. Хэн нь сайн, хэн нь муу гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс бүгдээрээ л байнгын хороо даргалах эрхтэй. Өчигдөрхөн гудамжинд явж байсан хүн байнгын хорооны дарга болчихлоо гэж муулаад байна лээ, би бол түүнтэй санал нийлэхгүй. Тэр хүнийг ард түмэн УИХ-ын гишүүн болно гэж үзээд сонгосон, гишүүд дотроосоо байнгын хорооны даргаа томилдог учраас хэнд нь ч чөлөөтэй. Зүгээр МАН-ынхан өөрсдөө байнгын хорооны дарга болох хүсэлтэй байсан бол эхлээд байнгын хорооныхоо гишүүн болох хэрэгтэй.

-Яг одоо УИХ Засгийн газрыг байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Ардчилсан нам “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарч Засгийн газраа байгуулахаар болсон ч МАН-ын зүгээс энэ шийдвэрийг буруутгаж, “Хэрвээ бидэнтэй тохиролцох юм бол Ардчилсан нам дангаараа ч Засгийн газраа байгуулах боломжтой. Хуулинд 39 гэдэг тоо байхгүй шүү дээ” гэж ярьж байгаа. Тухайлбал, Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ талаар нэг бус удаа хэвлэлд ярьсан…

/инээгээд/ Их гэнэн юм ярьж байна л даа. Үндсэн хуулинд “УИХ-д олонхи болсон нам, эвсэл” гэж заасан. Ардчилсан намын 31 суудал УИХ-ын олонхи болж чадахгүй учраас үлдсэн найман суудлаа “Шударга ёс” эвслээс нөхөж байгаа. МАН-ын Хууль зүйн сайд юу гэж хэлэхээс үл хамаараад бид хуулиа л мөрдөж ажиллана.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг 16 яамтай, 19 сайдтай Засгийн газрын бүтцийг УИХ-д оруулж ирлээ. Олон нийтийн зүгээс, сөрөг хүчний зүгээс ч данхайсан бүтэц оруулж ирлээ, илүү бага хүчээр их ажил хийх ёстой гэж шүүмжилж байгаа. Энэ талаар…

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөлд таван яамыг нэмсэн ч 13 агентлагийг татан буулгаж, 600 хүнийг цомхотгож байгаа. Ерөнхий дүнгээрээ төсөвт өгөх ачаалал нь буурч, дарга нарын тоо цөөрч байна. Байгууллагуудын тоо цөөрөх тусам зардал буурна шүү дээ. Яамдын тоог нэмчихээд агентлагийн тоо хэвээр үлдээсэн бол би дээрх шүүмжлэлтэй санал нийлэх байсан. Гэтэл Ерөнхий сайд эсрэгээр нь агентлаг нэртэй боловч яамнаас том данхайсан бүтэцтэй, олон орон тоотой 13 байгууллагыг татан буулгалаа. Энэ бол өөрөө зөв шинэчлэл.

-Цомхотголд орох 600 хүний цаана тэдний ар гэр, амьдрал бас бий. Дахиад л эсэргүүцэлтэй тулгарах байх даа?

-Хийхээс өөр аргагүй. Ардчилсан нам төрийг цомхон, энэ 600 хүнгүйгээр харж байна. Эдийн засаг томрохын хэрээр өөр ажлын байр бий болно. Боловсролтой, чадалтай хүмүүс өөр ажил хийгээд явах хэрэгтэй. Цомхотгол хийхгүй, бүтцээ улам данхайлгаад байвал хүн болгонд таалагдана. Гэхдээ энэ улс орон хөгжихгүй, эдийн засаг нь дийлэхгүй, ажил үүргийн хуваарь нь ойлгомжгүй байсаар байгаад л ирэх дөрвөн жилийг үдэх болно. Ийм нэг зовлонтой зүйлийг Ардчилсан нам хийх гээд байгаа юм, 1996 онд ч хийж байсан. Зовлонтой, гэхдээ явахаас өөр зам байхгүй.

-Засгийн газрын гишүүдийг томилохдоо аль болох гаднаас авах хэрэгтэй гэсэн саналыг Ерөнхийлөгч хэлж байсан. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?

-Ерөнхий сайд өөрөө хэнийг сайдаар томилохоо шийдэх онцгой эрхтэй. УИХ-ын гаднаас ч, УИХ-аасаа ч аль алинаас сайд нараа томилох байх гэж бодож байна.

-Энэ удаагийн УИХ-ын бүрэлдэхүүн ерөнхийдөө өмнөх парламентаас ямар ялгаатай вэ? Гудамжинд зүв зүгээр явж байсан хүн УИХ-ын гишүүн болоод гараад ирлээ гэдэг шиг…

-Олонхигүй парламент болсон. Олонхитой байсан бол ажиллахад амар л байх. Одоо бол олон хүний, олон гишүүний аяыг харж ажиллах үүрэг УИХ-ын даргад, УИХ-ын бусад удирдлагад ирж байгаа. Монгол Улсын иргэн, хуулийн шаардлага хангасан хэн ч болов УИХ-ын гишүүн болох эрхтэй. Тэр нь болохгүй, энэ ч болохгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Сонгогчдийн санал өгөх кабинд ороод хэнийг төрд суулгах вэ гэж шийддэг тухайн үзэгний үзүүрээс л бүх зүйл хамаардаг. Иймд муу УИХ, эсвэл сайн УИХ гэдэг шалгуурыг зөвхөн ард түмэн л тавина. Түүнээс биш би хувьдаа тийм дүгнэлт хийх боломжгүй. Энэ их хурал хэр сайн ажилласныг цаг хугацаа харуулна. Олон хууль гаргаснаараа ажил үнэлэгдэхгүй, харин бодитойгоор эдийн засаг өсч, олон хүн ажилтай болж байж, байр сууцанд орж байж үр дүнгээ гаргана. Түүнээс биш ДНБ нь төчнөөн долларт хүрлээ гэх зэрэг зүйл нь их наалдацгүй байгаа. Энэ мэт наалдацгүй олон оронтой тоонуудыг иргэн Дорж, Дулмаа нарын түрийвчинд мэдэгдэхээр, гэрийнх нь санхүүд нөлөөлөхөөр болгох хэрэгтэй. Ядаж хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа юм бол, өвлийн хасах 40 хэмийн хүйтэнд гадагш гарч бие засдаггүй болмоор байна шүү дээ. Энэ болгоны эцэст бид ард түмнээр дүнгээ тавиулна даа. Сайн ажилласан бол Ардчилсан нам, эвслийн бусад намуудын хугацааг сунгаж өгөх байх. Зорилгодоо хүрч чадахгүй бол биднийг солиод л явна. Ардчилал гэдэг нь угаасаа ийм л хуультай.

-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Сонгуулийн хуулинд ч цэгцлэх зүйл байгаа байх?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын анхдугаар чуулган дууссаны маргаашнаас эхлэн хэлэлцэнэ. Энэ долоо хоногт сайд нараа томилоод дуусчих юм бол анхдугаар чуулган хаагдана. Ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс цэгцрэх байх. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа нь ганц зүйлээс л хамаарч байгаа. Бүх насанд хүрсэн иргэд цахим үнэмлэхтэй болох ёстой. Тэгж байж сонгууль шударга, хуулийн дагуу явагдана. Тэгэхээр хэзээ цахим үнэмлэхээ тарааж дуусгана, түүний дараа явагдана гэсэн үг. Урьдчилсан мэдээгээр Иргэний бүртгэлийн газар аравдугаар сарын 20 гэхэд үнэмлэхээ өгч дуусна гэсэн тоо өгсөн учир энэ сарын 20-30-ны хооронд тов гарах болов уу.

-Сая УИХ-ын сонгуультай хамт явуулсан НИТХ-ын сонгуулиас авсан сургамж юу вэ?

-Маш олон сургамж авсан. Энэ удаа алдсан зүйлээ ирэх сонгуулиар давтахгүй байх зохицуулалтыг хуулинд оруулна. Мэдээж цахим машинаар саналыг тоолно. Олон хуудастай саналын хуудсыг хувилахын тулд цаг хугацаа их тавиу байх ёстой. Одоогийн байдлаар СЕХ нь 45 хоногын өмнө орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулаач гэх хүсэлтийг УИХ-д ирүүлээд байгаа. Мөнгө тараасан хүнд хүлээлгэх хариуцлагын тухай заалт зэргийг мөн хуульд тусгана. Мөн явуулын хайрцгаар ирсэн саналыг орой нь саналын хуудсанд хийдэг нь буруу юм байна. Өглөө нь хийх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд үүгээр далимдуулаад оройн 20 цагаас хойш дөрөв таван цагийн турш явуулын хайрцаг хийсэн гэдгээр алдаа дутагдал гарсан. Энэ мэтээр яван суралцаж байна.

-Та өөрийнхөө хамгаалалтыг хялбаршуулна гэж ярьсан байсан. УИХ-ын дарга тийм өндөр хамгаалалттай хэрэг үү?

-Хамгаалалттай газруудад, тодруулбал ажиллаж буй Төрийн ордон, амьдарч буй Их тэнгэрт тийм олон хамгаалагчтай явах шаардлага байхгүй. Би УИХ-ын 76 гишүүний зөвхөн л нэг нь шүү дээ. Надаас илүү хамгаалалт шаардлагатай хүмүүст хамгаалалтыг нь гаргаж өгье л дөө. Улсын ерөнхий прокурор, УДШ-ийн дарга гээд хэцүүхэн албатай, төрийн нэрийн өмнөөс хүссэн хүсээгүй очиж тулалдаж хүмүүсийн хамгаалалтыг нэмэгдүүлж, УИХ-ын даргын хамгаалалтыг бууруулах нь зүйтэй л гэж бодож байна..