2012.8.15 Үндэсний шуудан

Манай “Ярилцъя” булангийн энэ өдрийн зочин УИХ-ын дарга З.ЭНХБОЛД.

Түүний яриа уншигч та бүхний таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Юуны өмнө бидний олон жи­лийн танил, Монголын ард түмний мэддэг улстөрч УИХ-ын дарга бол­сонд баяр хүргэе. Манай урилгыг хү­­лээн авсанд мөн талархаж байна?

-Баярлалаа.

-УИХ-ын үе үеийн дарга нартай уулзаж ярилцаж байлаа. Та өмнөх спи­керүүдээс өөрийнхөө хувийн баял­гаар, үнэ цэнээр юугаараа илүү давуу вэ. Юугаараа илүү онцгой, содон бэ?

-Нэгдүгээрт, би хамгийн залуу нь байх.

-Та хэдэн оных билээ?

-46 настай. 1966 оны морь жилтэй хүн л дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насандаа ирчихсэн байгаа юм байна?

-Нэг нас өнгөрчихсөн байгаа. За тэ­гээд, насны онцлог ажил дээр гарч ирэх байх л гэж бодож байна. Өмнөх спикерүүд настай улс байсан, байгаа юмыг байгаагаар нь үргэлжлүүлдэг бай­сан. Сайн, муугийн тухай яриагүй шүү. Миний харж байгаагаар өөрчлөх юм нэлээд их байгаа. Би долоон жил ги­шүүн байлаа. Нөхөн сонгуулийн мар­гаанаас болоод найман жил болж чадаагүй. Энэ долоон жилд ажи­г­лас­наар УИХ илүү сайн ажиллах бо­лол­цоо­той. Тэрийг л гаргана гэж бодож байна.

Тань шиг шийдэмгий улс­төр­чийн хувьд бөөрөнхий л хариулт байна. Нас гэдэг бол хүн болгоны нүдэн дээр ил байгаа л зүйл. Би танаас арай содон хариулт ирнэ гэж бодож байсан юм?

-Хуучин явж байсан юмыг хууч­наар нь үргэлжлүүлэхгүй, өөрчлөх юм их байна аа л гэж байгаа юм. Гэхдээ ганц миний бодлоор болохгүй шүү дээ. Би бол 76 гишүүний л нэг. Хурал удирд­дагаараа л ялгаатай. Тэгэхээр би өөрийнхөө харж байгаа зүйлийг 75 хүн­дээ ойлгуулж байж урагшаа хамт явна. Түүнээс биш, би агентлагийн дар­га биш байхгүй юу. Агентлагийн дарга бол тодорхой шийдвэрийг гар­гаад хариуцлага хүлээж болдог. Тэрэн­тэй нь санал нийлэхгүй хүнийг халаад цаашаагаа явж болдог. Хуулиараа захиргаадалтын албан тушаал. Миний хувьд бол тийм биш. Энэ 75 хүнийг өөрийн бодлогод итгүүлж чадвал ураг­шаа явна. Одоогийн 76 өөрөө урьд өмнөхөөсөө их ялгаатай бүрдсэн. Нэг­дүгээрт, олонхи байхгүй, хоёрдугаарт, МАН-аас сонгогдсон 25 гишүүн хүчтэй сөрөг хүчин болж байгаа. Тэр нь өөрөө УИХ-ын ажилд нөлөөлөөд эхэлчихсэн бай­гаа. Өөрсдийнх нь буруу үйл ажил­лагаанаас болж бүлэгтэй болох эсэх нь эргэлзээтэй болчихсон ийм л байдал­тай байгаа болохоос.

-Ер нь бол спикер бол хүн ху­вийн зан чанарынхаа хувьд сөргөл­дөгч, өөрөөр хэлбэл гал асаадаг хурц зантай хүн байх нь зохимжтой юу, үгүй юү гэдэг асуудал улс тө­рийн ажиглагчдын дунд яригддаг. Ялангуяа Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болоход энэ сэдэв яригдаж байсан . Тань дээр ч гэсэн сөхөгдөж л байна. Та бол зүгээр нэг зам шагайгаад, урсаад явдаг улстөрч биш. Зан чанарын хувьд анхаа­раа­рай гэсэн зөвлөгөө танд дотнын хүмүүсээс тань ирж байна уу?

-Мэдээж ирж байгаа. Би яагаад агентлагийн даргатай харьцуулж үзээд байна гэхээр тэнд захиргаадалт ажилладаг систем байхгүй юу. Харин энд бол ажиллахгүй. Тийм учраас энэ ажлынхаа онцлогт таарсан байдлаар ажиллахаас өөр аргагүй. Хувийн зан чанар бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал ш дээ.

-Та яг үнэмлэхүй парламентаар сонгогдсон спикер мөн үү?

-Би бол Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ-ын дарга.

-Үндсэн хууль зөрчлөө, хууль бус гэсэн асуудлыг улс төр л гэж харж байна уу?

-Ойрын зайны улс төр. Хямдхан улс төр. Хэрвээ тэгж үзэж байгаа бол МАН хуралд орж ирэх ёсгүй шүү дээ. МАН хуралд ороод Ерөнхий сайдын сонгуульд санал өгөөд явж байгаа нь УИХ-ын дарга Үндсэн хуулийн дагуу сонгогджээ гэсэн үг. Үндсэн хууль дээр хамгийн ахмад гишүүн тамга өгөхгүй бол УИХ-ын дарга болохгүй гэсэн заалт байхгүй л дээ. Хамгийн ахмад гишүүн гэдэг бол хууль биш, журам байсан. УИХ-ын даргыг баталдаг Дэгийн тухай журам байсан. С.Ламбаа гишүүн хурал удирдаад явж байсан 2008 оны түүх байж л байгаа шүү дээ. Энэ бол зан үйлийн шинжтэй л зүйл юм. Эсвэл хамгийн залуу нь ч хурал удирдаж болно ш дээ. Үүнээс болоод хууль зөрчигдөх асуудал угаасаа байхгүй. Хамгийн ахмад нь тэгвэл эмнэлэгт хүргэгдвэл яах юм. Хэн нэгэн хүн л хурал удирдаж ёслолыг хийнэ. Ахмад гишүүн хурал удирдана гэдэг нь тэр хүнд Үндсэн хуулиар олгосон эрх биш байхгүй юу.

-Тэр ч яахав, ингэхэд таны хэмжээний улстөрч ид насандаа жаахан уйтгартай албан тушаалд очлоо гэж бодогдож байна уу?

-Ер нь бол надад засагт орж ажиллаад засч залруулж, реформ хийх хүсэл бол байсан. Хувь хүний хүсэл. Гэхдээ хүссэнээр болдоггүй хорвоод бид амьдарч байгаа. Байгаа байдалдаа зохицохоос өөр аргагүй. Тэгэхээр Зас­гийн газрын хийх гэж байгаа реформ дээр УИХ хамгийн том дэмжигч нь бай­на. УИХ-аас өөр дэмжигч бол байхгүй. Яагаад гэвэл тэр олон давхардсан хууль, хэн ч хариуцлага хүлээдэггүй механизм энэ тэр бол бүгд УИХ-аас гаргасан хуулиуд дотор өөрт нь сууж байгаа. Энэ ээдрээг тайлж өгч, хүнд ойл­гомжтой, хэн ямар хариуцлага хүлээх нь тодорхой маш ойлгомжтой зүйл болгохын тулд хуулиудаа өөрчилж өгөх шаардлагатай. ТЭЦ V баригдсан уу, баригдаагүй юу. Баригдаагүй бол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг тодорхой байх шаардлагатай. Эхнээ­сээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүү­ний тухай хуулийн төсөл орж ирж байна. Тэрийг батлахаас л реформын үндсэн суурь тавигдана.

-Та бол өвөрхангайнхныг тө­лөөлж хоёр удаа УИХ-д сонгогдож ажилласан хүн. Энэ жил яагаад тийшээ яваагүй вэ?

-Өвөрхангай аймаг сонгуулийн хууль өөрчлөгдсөнөөр дөрвөн гишүүн сонгогддог байснаа больж, хоёр гишүүн сонгодог болж байгаа. Гэтэл Өвөрхан­гай аймагт АН-аас гурван гишүүнтэй байсан. Тэгэхээр нэг гишүүн нэр дэвших боломжгүй болсон. Тэгээд өвөрхангайнхан, бид гурав хоорондоо ярьж байгаад, намын дарга оролцож байгаад намайг жагсаалтад оруула­хаар шийдсэн. Жагсаалтад оруулдгийн цаана тодорхой ажил хувиарласан байсан. Энэ удаагийн УИХ, нийслэлийн сонгуулийн хуулийг санаачлахад, гар­гахад бүлгээсээ төлөөлж би хамгийн идэвхтэй ажилласан. Энэ удаагийн хуультай холбоотой техник техноло­гийн шинэчлэлийн бүх ажлууд­тай их хол­боотой байсан. Санал тоолох машин, хурууны хээ гээд бүгд сүүлийн хоёр гурван жилийн ажил. Дээр нь сонгуулийн хуулиар маш их өөрчлөлт орсон. Хязгаарлалтууд, хасдаг, зөрч­лүүд дээр гээд тоочвол зөндөө юм бий. Ийм чиглэлийн юмыг хариуцаж хотод байх нь зүйтэй юм аа. Анхнаасаа хийсэн ажлаа дуусгаж, сонгуулийн дүн гартал хотод бай гэдэг ийм шаардлага тавигдсан учраас жагсаалтад орсон. Цэвэр ажил хэргийн холбогдолтой шийдвэр. Би жишээ нь тойрогт очвол гарах л байсан гэж манай аймгийнхан хэлж байгаа. Надад хаана дэвших нь сонин биш байсан.
-Одоо улс төрийн гацааны дунд бас нэг сэдэв болоод таны төлөөлж байсан тойргийн асуудал яригдаж байна л даа. Тэнд яг юу болсон юм бэ. Талууд бүгд өөр өөрсдийн­хөөрөө тайлбарлацгааж байна. Хоёр нам хоёулаа л гомдолтой, луйвардуулчихсан гэж байна?

-Тэрийг шүүх л ялгаж салгана. Тийм учраас шүүхийн шийдвэр хүлээж байгаа. Шүүхийн шийдвэрт бид бол итгэх үүрэгтэй. Хуулиар. Шүүх буруу шийдлээ гэж үзэхэд давж заалдах эрх нь үргэлж гомдолтой талд нь байж байгаа. Үндсэн хуулиар шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал гээд хуваачихсан. Энэ гурав бие биеийнхээ ажилд оролцохыг хориглочихсон байгаа. Тийм учраас би шүүхийн шийдвэрийн зөв буруу гэд­гийг мэдэхгүй. Ямар ч гэсэн шүүхийн шийдвэрээр Өвөрхангайн хоёр гишүү­ний асуудал шийдэгдэж, аль нэг намын хоёр нь орж ирж гишүүн л болох ёстой.

-Би тантай олон ярилцаж бай­сан. Өнөөдөр таныг УИХ-ын дарга бол­чихлоо гээд эмээж, бэргэмээр­гүй байна. Тэгэхээр таныг хүндэт­гэж үзэхийг хүсч байна. Улс төрийн хүрээнийхэн дунд тэнэж яваа нэг яриа байна. Өвөрхангайн тойргийг бужигнуулсан тэр Т.Хасбаатар гэдэг залууг таны хүн гэх юм. Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг унагахад түүгээр дамжуулж Женко Баттулга та хоё­рыг нэлээдгүй “ажилласан” гэх мэ­дээ бий. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Тийм юм ерөөсөө байхгүй. Өвөр­хангай аймгийн намын дарга Хишиг­сүрэн ажлаа муу хийдэг. Одоо ч гэсэн муу хийж байгаа. Хишигсүрэнг солих талаар Г.Батхүү гишүүн, Д.Зоригт гишүүн бид гурав хэд хэдэн удаа уул­заж ярилцсан. Тэгээд ямар дүнэлтэд хүрсэн гэхээр хотоос эрч хүчтэй, аймгийн намын хороог аваад явчих залуу хүн аваачиж дарга болгоё гэж тохирсон. Хэд хэдэн хувилбараар яригдсан. Батаа эмчийн хүү яригдаж байсан. Залуучуудын холбооны дарга А.Мөнхбат яригдаж байсан. Сүүлд нь Т.Хасбаатар нэмж орж ирсэн.Бид гурав бол нэг л шаадлага тавьсан. Хотоос нүүнэ шүү. Аймагтаа очиж амьдарна. Аймгийн намын дарга гэдэг бол орон нутгийн сонгуульд ялалт байгуулаад аймгийн дарга болох, иргэдийн хуралд олонхи болох ийм л зорилготой хүн байх ёстой. Тэр шалгуурыг тавьсан. Батаа эмчийн хүүхэд би явахгүй гэсэн. А.Мөнхбат хөдөө явахгүй гэсэн. Ганцхан Т.Хасбаатар хөдөө явна гэсэн. Тэгээд л дарга болсон хүн байгаа юм. Би ганцаараа авачиж дарга болгоогүй. Бүгдээрээ мэдэж байсан. Гэхдээ сон­гууль эхлэхийн өмнө хоорондоо тохи­ролцохгүй зүйл нь их болсон юм байна лээ. Нээлт хийсэн өдрийн орой Т.Хас­баатарыг даргаас нь сольсон байдаг юм. Буцаад Хишигсүрэн нь болсон байдаг юм. Ердөө 51:49-өөр л энэ хоёр дарга солигдож, нэг нь даргаа больж байсан. Нөгөөх нь дөнгөн данган хоёр гуравхан хүний саналын илүүгээр л буцаж дарга болсон юм билээ. Энэ бол аймгийн намын дотоод асуудал л даа.

-Тэгээд л Т.Хасбаатар нь намын­хаа эсрэг ажиллачихсан юм биш үү?

-Г.Батхүү, Д.Зоригт хоёрын асуу­далд энэ үйл явдал сөргөөр нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. Энэ бол Г.Батхүү, Д.Зоригт хоёрын УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчихгүй гэсэн байр сууриас л үүдэлтэй юм. УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчид ухуулагчдадаа мөнгө өгч болохгүй юм байна аа. Ухуулагчийг сайн дурын үндсэн дээр ажиллана гээд хууль гарчихсан. Гэтэл ухуулагчид чинь ядаж зардалтай байх ёстой. Унаа­ны мөнгө, хоолны зардалтай байх ёс­той. Наад мөнгөө нам өөрөө өгөөч ээ гэсэн ийм л зүйл ярьсан юм байна лээ. Тэрнээс биш хууль зөрчөөд л, тэр нь илрээд л байсан тийм юм огт байхгүй. Хэрэв тэгсэн бол Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо тэрийг буруу гэж үзэх ёстой шүү дээ. Харин ч эсрэгээр сүүлдээ ухуулагч нарт унаа хоолны мөнгөнд өдрийн 10 мянган төгрөг гаргаж өгөхийг СЕХ зөвшөөрсөн байдаг юм. Тэгэхээр энэ Т.Хасбаата­рын ярьж бай­гаа юм бол учир утгагүй, өрсөл­дөгчид тусласан тийм зүйл болсон уч­раас Т.Хасбаатарыг даргаас нь чө­лөөл­сөн, намаас нь хөөсөн ийм л зүйл бол­сон. Түүнээс биш өөр холбоо байхгүй.

-Зөвшилцөл хоёр том хүчний дунд явагдаж байна. Энэ үйл явцад ахиц байна уу, байхгүй юу?

-Би бол ахицтай байгаа гэж бодож байна. МАН бол янз бүрийн шаардлага хэд хэдийг тавьсан. Шаардлагууд бүгдээрээ хуулийн дагуу шийдэгдэх ёстой шаардлага байсан. Жишээ нь, сонгуулийн машинаа шалгая гэсэн. Энэ шаардлагыг АН хүлээж авсан. Шалгая аа, дараа дараагийн сонгуу­лиуд явагдна. Тийм учраас шалгая. Саяын сонгуулийн хуулийн үлдэгдэл саналын хуудас байгаа юм. Нөгөө 10 хувийг илүү хэвлэдэг шүү дээ.

-Тийм?

-Тэр үлдэгдэл саналын хуудсыг хураагаад авчихсан байгаа юм. Тэрийгээ тавьж байгаад нэг цэргийн ангийн цэргүүдийг ч юм уу, нэг их сургуулийн 500-1000 оюутныг зааланд оруулж байгаад бөглүүлээд машинаа шалгачихъя гэж байгаа. Маш энгийн ажиллагаа.

-Маргаантай байгаа тойргууд дээр энэ туршилтыг хийчихэж болдоггүй юм уу?

-Сонгуулийн хуулиар бол хаагдчихсан байгаа юм. Яагаад гэвэл машины тооллого эцсийнх. Машин зөв буруу тоолж уу гэдгийг шалгахаас биш машины тоолсныг гараар тоолоод дүнг нь өөрчлөөд байхыг энэ Сонгуулийн хууль өөрөө хаасан байгаа. Сонгуу­лийн хуулийг хэлэлцэж байсан, сонгуулийн хуулийг баталж байх үеийн сонин хэвлэл, протокол үзэх юм бол миний хэлсэн энэ утгаар л хууль гарсан байдаг юм.

-Таны хэлж байгаа энэ аргачла­лаар шалгах дээр хоёр нам санал нэдсэн юм уу?

-АН-ын хувьд бол тэгж ойлгож байгаа.

-Нөгөөдүүл бол маргаантай тойргууд дээр машинаа шалгаж үзье гэж байгаа юу?

-Тойрог дээр гэж хэлж байгаа. Тэр нь хуулиар хаалттай юм. Ийм л ойлголтын зөрүү байгаа. Хоёрдугаарт, Өвөрхангайн хоёр хүнээ оруулж ир гэдэг шаардлага тавьсан. Бид бол наадах чинь шүүхийн асуудал. Шүүх өөрөө яаж шийдэх нь вэ, тэрийг нь харъя гэдэг. Тэгээд л бидний тавьсан шаардлагыг та нар сонгуулийн машиндаа итгэх итгэлтэй холбож байгаа бол бид хүлээж авъя гээд л хуралдаа орсон.

-Энийг та ахиц гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

-Энэ бол ахиц мөн.

-Бүлэг байгуулах асуудал нь юу болж байна?

-Тэрэн дээр бол 24 цагийн хууль байгаа. Дэгийн тухай хууль. Тэр хуулийг өөрчилсөн тохиолдолд бүлэгтэй болох боломж нь нээгднэ. Би өөрөө хууль зөрчиж тэрийг унших бололцоогүй болчихсон. Хэрвээ тэрийг мөрдөхгүй бол 24 цагийн хуулийг хийх хэрэггүй л дээ.

-Парламент ард түмний сонгол­тоор бүрэлддэг бүтэц болохоор янз бүрээр л бүрэлдэх юм. Гэхдээ бидний мөрөөдөлд нэг л зүйл байдаг. Мэргэшсэн парламенттай болох юмсан, сонгуулиас сонгуу­лийн хооронд улам мэргэшээсэй гэсэн. Та бол олон жил улс төрд явж байгаа хүн. Ямархуу парламент бүрэлдчихлээ гэж харж байна. Хүн дотроо нэг гутардаг шүү дээ. Тийм мэдрэмж төрөх юм уу. Өмнө нь хар захын эзэн орж ирээд л цамнаж байсан бол солигдоод шоронгийн хянагч байсан шахуу хүн орж ирээд л, шүүх цагдаагийн нармай нээгээд тууж явна гэх мэт элдэв юм яригдаж байна л даа?

-Тангараг өргөөд гараад ирэхэд телевизийн сэтгүүлч асууж байсан. Өчигдөр талбай дээр жагсаал хийж явсан хүн өнөөдөр гишүүн болчих юм. Парламент чинь чанарын хувьд улам муудаад байгаа юм биш үү гэж. Муудсан сайдсаныг би шүүхгүй шүү дээ. Энэ бол зүгээр л ард түмний сонголт. Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Сонгуулиа явуулдгаараа явууллаа. Сонгуулийн үр дүнд хэсэг улс гараад ирлээ. Яагаад гэвэл ийм л хуультай. Ардчилал хамгийн сайн тогтолцоо биш. Гэхдээ хүн төрөлхтөн ардчиллаас илүү сайныг бодож олоогүй. Өчигдрийн лекц дээр ярьж байгаа биз дээ. Наад хүмүүс чинь ардчилсан сонгуулиар гараад ирлээ. Ийм л их хурал дөрвөн жил ажиллана. Энийг хэн ч өөрчилж чадахгүй.

-Тийм ард түмэн байгаа юм чинь ийм л төр гарч ирнэ шүү гэж үү?

-Биш ээ. Тийм л сонгууль явагд­сан, ийм л улсууд гарч ирсэн. Бид энийг сайн муу гэж дүгнэх эрх байхгүй.

-Та их өөдрөг үзэлтэй хүн юм. Би бол таныг багагүй гутарч байгаа байх гэж бодож байлаа. МАХН гэдэг энэ хүчинтэй хар үгээр хэлэхэд та нар 20 жил “байлдсан”. Гоё томъёо­лоод хэлж болно л доо. Гэхдээ л тэдэнтэй засгийн эрхийн төлөө тас­ралтгүй тэмцэлдсэн. Нарийвчлаад хэл­бэл бараг нэг том хар хүчин шиг үздэг байсан Н.Энхбаярынхаа тарь­сан хортой цэцгийг тэврэх болно гэ­дэг ядаж дотоод сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөд хүнд үйл явц мөн үү?

-Амьдрал өөрөө нэг бол МАН-тай нэг­дэж урагшаа явах, нэг бол МАХН-тай нэгдэж явах гэсэн хоёрхон л сон­голт үлдээсэн шүү дээ.

-Муу, муугийн муу хоёроос л сон­голт хийх болгосон гэж үү?

-Сонгогчдын бидэнд өгсөн мандат бол ердөө л энэ. Бид бол АН-ын цаашид хийх реформд тус болох хэсгийг л сон­госон. МАН бол яагаад ч сонголт биш байсан. Яагаад гэвэл тэр реформыг хам­гийн хийлгэхгүй байх сонирхолтой улс төрийн хүчин байгаа юм. Улс төр­өөс хол байх ёстой төрийн албан хаагч­дын орон зайд улс төрийн хүмүүсээ аваа­­чаад суулгачихсан. Тэрийгээ ха­­луу­лахгүйн төлөө үхтлээ тэмцдэг. Хам­гийн наад захын жишээ Л.Амар­санаа байгаа юм. Иргэний бүртгэлийн алба бол энэ сонгуулиар хамгийн муу ажил­ласан газар. Сонгуульд олон бай­гууллага оролцож байгаа. Олон арван мянган хүн оролцож байгаа. Иргэний бүтгэл сонгуулийн луйврыг таслан зог­соох биш, улам явуулах ажлыг хийсэн. Ийм Л.Амарсанаа шиг улсуудаас са­ла­хад МАН саад болох байсан. АН бол ухамсартай сонголт хийсэн. Тэр урд нь сайн муу байсан нь бол дараагийн ажил болчихоод байгаа юм. Ирээдүйд хийх ажилд хэн саад болохгүй вэ гэдгээр л сонголт хийсэн.

-Угаасаа танаас өөр ингэж ха­риу­лах бололцоотой хүн танай нам до­тор байхгүй шүү дээ. Бусад нь бүгд хамт инээлдэж явсан?

-Байгаа байх аа. Чи бүх хүнтэй яриагүй л байгаа байх.

-Байнгын хороодын асуудлыг тойрсон шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Арай ч хэтэрч байна гэх юм?

-АН мөрийн хөтөлбөртөө Өргөдөл гомдлын байнгын хороо байгуулна гэж амлалт авсан. Ийм амлалт хэзээ хэ­рэгж­­дэг вэ гэхээр УИХ-ын анхдугаар чуул­­ганаар УИХ-ын бүтэц байгуу­лаг­да­хад энийгээ баталгаажуулж авах ёстой. Тэрнийхээ дагуу л хуулиа өө­р­чил­сөн. 76 гишүүнийг хоёроор үр­жүү­лээд долоод хуваахад 21 гэдэг тоо гар­даг юм. Одоо 76 гишүүнийг хоёроор үр­жүүлээд наймд хуваахад 19 гэсэн тоо гарч байгаа. 21-тэй байхад УИХ-ын байнгын хорооны ирц 11-ээр бүрд­дэг байсан. Ирц бүрдэх бодит ирц гэдэг бол хоёр өөр л дөө. 11-тэй байхад зур­гаан хүнээр шийдвэр гардаг байсан. Одоо 19-тэй болоход ялгаагүй зургаан хү­нээр шийдвэр гарч байгаа юм. Олон­хи нь 10 хүнээр ирц бүрдүүлээд явна. Энд ямар нэгэн зарчмын ялгаа бол байх­гүй. Нэг байнгын хороо нэмж бай­­гуулс­наас өөр гамшиг бол бо­лоо­гүй. Яг л хуучин шигээ байгаа.

-Өргөдөл гомдлын байнгын хо­роо бол үнэхээр чухал. Эндээс пар­ламентын хөгжилд авчрах хамгийн гол дэвшлийг та манай уншигчдад хэлэхгүй юү?

-Энэ байнгын хорооны даргыг удах­гүй томилно. Байнгын хороо бол бү­рэлд­чихсэн байгаа. Хурлаа хийгээд хуу­лиудад бас өөрчлөлт орно. Үнэхээр сон­гогчид юунд санаа нь зовж байна. Юуг өөрчлөөсэй гэж бодож байна. Тэр хү­сэл зоригт УИХ болон Засгийн газ­рын үйл ажиллагаа нийцэж байна уу, үгүй юү гэдэг дээр л дүн тавина. Тэр­нээс биш Өргөдлийн байнгын хороотой болчихсон, байр хүссэн өргөдөлд за гэж хариулаад л, хүүхдээ сургуульд оруул гэхээр нь за гэдэг тийм байнгын хороо биш гэдгийг хаа хаанаа бас ойлгох хэрэгтэй.

-Таны телевизээр өгсөн ярилц­лагыг үзсэн?

-Ганцхан ярилцлага өгсөн.

-Сөрөг хүчний шүүмжлэлээс авах юм бага байдаг гэж та хэлсэн. Та энэ үгээ тайлбарлахгүй юу. Та нар олон жил цөөнх явсан. Цөөнх байх­даа хашгирч байсан тэр бүхэн дотор чинь ч бас авах юм юу ч бай­гаагүй юу?

-Би авах юм бага байдаг гэж хэ­лээгүй. Авах гээх аль аль нь байдаг л гэж хэлсэн байх. Авах гээх. Яг одоо­гийн МАН гэдэг цөөнхийн сүүлийн нэг сар явуулсан дотор бол авах юм бай­гаагүй. Ийм л юм байгаа юм. Цаашдаа энэ цөөнхийг үр бүтээлтэй цөөнх бо­лох байх аа гэж найдаж байгаа.

-УИХ-ын дарга аль нэг ги­шүү­нийг сугалж авч шүүмжлэх хэцүү байх. Хэдийгээр хуулиар хориогүй ч гэсэн?

-Шүүмжлэх шүүмжлэхгүй гэдгээ­сээ илүү шинэ гишүүд их орж ирж бай­на. Шинэ гишүүдэд УИХ гэдэг бай­гууллага ингэж ажилладаг юм аа гэдэг мэдээллийг өгч чиглүүлэх нь их чухал байгаа. Америкийн конгресст бол шинэ гишүүнийг freshman нэгдүгээр курсын оюутан гэж нэрлээд маш их сургалт явдаг юм байна лээ. Үүн шиг шинэ ги­шүүдийг түргэн зүгшрүүлмээр байгаа юм. Тэр үүргийг би жишээ нь гүйцэт­гэж байна. Энэ бол шүүмжлэл биш л дээ. Энэ чинь ингэж явдаг юм аа, ингэх ёстой гээд тйлбарлаж байгаа. Аа, тийм үү гээд гишүүд ойлгоод л гарч байгаа.

-Шинэ гишүүдэд үзүүлэх халамж ан­хаарал ч яахав. Хуучин шинэ гэлт­гүй хэн нэгийг нь сугалан шүүм­жилж, үгээр “зодох” нь спикерийн хувьд ямар вэ л гээд байгаа юм. Жи­шээл­бэл, Ц.Нямдоржийг телеви­зийн ярилцлагад орохдоо шүүм­жилс­нийг тань асууж байна л даа?

-Ц.Нямдорж намайг шүүмжилж бол­но. Би Ц.Нямдоржид УИХ-ын дэ­гийн тухай хуульд захирагдахыг шаар­дах л эрхтэй.

-Та шүүмжилж, дургүйцлээ илэр­хийлэх шиг л болсон. Муухай ха­рагдаж байна гэх мэтээр…?

-Ер нь бол УИХ-ын танхимд хараал ерөөл хэлэх муухай.

-Үндсэн юмаа хойш тавьж дан­даа явган хэрүүл хийж байдаг л пар­ламент байгаад байх юм даа. Бүг­дээрээ л тал талаасаа ярзалзсан, уралцсан хэрүүл хийж байдаг?

-Тэрнээсээ салаад л зорилго руу­гаа л явах ёстой юм.

-Хэдийгээр таны эрх үүрэгт ха­маа­рахгүй ч гэсэн Засгийн газрын бүт­цийн тухай асууж сонирхмоор бай­на. Ерөнхийлөгчийн өгсөн чиг­лэ­лээр танхимаа бүрдүүлэх боломж хомс л харагдаад байх юм. Үнэхээр Засгийн газрыг парла­мен­тын гаднаас бүрдүүлэх бололцоо байгаа юу. Та юу гэж бодож байна?

-Өнөөдөр бол байхгүй. Бүгдийг нь дот­­роос бас бүрдүүлж болохгүй. Тийм уч­раас энэ хоёрын дундаас л томилгоо яваг­­дах байх гэж найдаж байгаа. Яам­дын тоог нэмсэн хууль өргөн баригд­сан. Гэхдээ 13 агентлаг алга болж бай­гаа.

-Яамдын хэмжээний нүсэр бү­тэц­тэй агентлагуудыг буулгах зөв л дөө?

-Ер нь яамнаасаа том болчихсон шүү дээ. 43 агентлаг дээр нэмэх нь 11 яам­тай гэдэг чинь үндсэндээ 54 “яам”-тай байсан гэсэн үг л дээ. Энэ 54 “яам”-наас одоо үлдэж байгаа нь 25 дээр нэ­мэх нь 15 гэхээр цомхотгол бол нэлээн яваг­дана. 600 хүн цомхотголд орох нь. Одоо энэ яам шиг агентлагуудаас шүү дээ. Тэгэхээр төрийн том занхайсан ап­парат бол багасч байгаа. Сөрөг хү­чин бас л судалгаагүй юм ярьж байна лээ. 20 яам, 40 сайд, 40 дэд сайд ч гэх шиг. Тийм юм болоогүй. Одоо өргөн ба­ригд­сан хуулийн төсөл олон нийтэд нээлт­тэй болж байгаа. Сэтгүүлчид байн­гын хороодын хуралдаан, чуул­ганы хуралдаан сурвалжлахдаа бүх мэдээллийг авах эрх тань нээгдсэн.

-Сүүлийн найман жил Монгол Ул­сад реформ огт хийгдээгүй гэж та хэлсэн. Манай улстөрчид том сэд­вээр хүчтэй, цочир мэдэгдэл хийж нийгэмд дохио өгдөггүй л дээ. Ихэнх­дээ явган улс төр хийж, тэ­рийгээ тойрч тайлбар хийн жижиг шоу хийж амьдардаг. Тийм боло­хоор таны энэ үг гэрлийн хурдаар чи­хэнд ирлээ. Таны сүүлийн дөр­вөн жил баримталсан байр суурь, хийсэн улс төрийг би бол жишээ нь мэдэж байгаа. Олон нийт тэр бүр на­рийн мэдэхгүй. Мэдэхгүй учраас эд нар чинь хэдхэн сарын өмнө хамт­раад л гүйгээд байсан биз дээ. Хам­тарч байж л хөдөлгөлөө гээд бай­сан тэр төслүүд нь тэгвэл юу бай­сан юм бэ гэж гайхаж байна. Са­лахдаа ч бүгдээрээ том л дүн тавьцгааж байсан шүү дээ. Цаашдаа төрийн залгамжлал дээр өнгөр­сөндөө дандаа дунд, дундаас доош дүн тавиад булаад булаад яваад байх юм уу гэж л гайхаад байх шиг байна?

-2012 оны сонгуульд орохдоо АН 2000 оноос хойш явсан арван хэдэн жи­лээ дүгнэсэн. Тэгээд энэ энэ юм нь болж байна аа, энэ энэ юм нь болохгүй байнаа, энийг бид үргэлжлүүлнэ, энийг бид засна гэсэн мөрийн хөтөлбөртэй орсон. Тэрийг дэмжиж хамгийн олон суу­далтай болгосон. Энэ нь өөрөө мон­голчуудын олонхи нь энэ замаар яваа­сай гэж мандат өгсөн гэсэн үг. Жи­шээ нь, Төрийн албаны зөвлөл гэдэг бай­гууллага байна. Ерөөсөө л арын хаал­гаар хамаатан саднаа ажилд авдаг систем болчихсон. Энийг устга гэсэн. Энийг устгана.

-Үнэхээр ардын хүүхдүүд ажилд ороход бэрх болчихсон л доо?

-Мэргэжлийн хяналт гэж бизнест хам­гийн их дарамт учруулдаг газар бол­чихсон. Энийг татан буулг­ана. Хяналтуудыг салбаруудад нь өгнө. Хууль зүй дотоод хэргийн яам гэхэд хуу­лиа мартаад хэтэрхий дотоод хэр­гээ анхаараад байна. Энийг Хууль зүйн яам болгоно гэсэн. Ард түмэн дэмж­сэн. Тийм учраас Хууль зүйн яам бол­гож өөрчилнө. Үүнтэй холбодуулж фун­к­цууд нь өөрчлөгднө. Бид бол Монго­лын төрийг дөрвөн жил авч явах мандатаа өнөөдөр бодож байгаа юм биш. Сүүлийн хоёр жилийн турш бүх айм­гаараа явж, ард түмээсээ асуусан. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө гарга­сан. Тэр мөрийн хөтөлбөрийг ард түмэн дэмжсэн. Одоо энийгээ хэрэгжүүлэх ажил­даа л орж байгаа. Шинэ юм бодож олоо­гүй. Хэрвээ хуучин юм нь соногч­дод таалагдаж байсан бол бид олонхи болохгүй. Таалагдахгүй байсан. Зас­вар хийгээсэй гэж хүссэн учраас энэ засварыг хийх үүргийг бид нарт өгсөн.

-Улс төрийн атаархал төрүүл­дэг­гүй улстөрч бол хэн ч биш гэж та хэлсэн. Өнөөдөр та улс төрийн замналынхаа альхан үед явна вэ. Би С.Баяраас таны улс төрийн цаг хэд болж байна вэ гэж нэг удаа асууж байсан юм. Энэ утгаар л танд тавьж байна?

-Би атаархлын тухай үг хэлээгүй дээ.

-Хэлсэн?

-Та миний үгнүүдийг өөрийнхөө хү­сэлд тааруулж хувиргаад байх шиг байх юм.

-Улс төрийн атаархал төрүүл­дэг­гүй хүн бол хэн ч биш гэж та хэл­сэн л дээ?

-Тийм үү. Ер нь бол парламентын за­саг­лалтай улс байгаа. Зарим хүний хувьд би УИХ-ын дарга л болох ёстой, Ерөнхийлөгч болох ёстой гэсэн зо­рилго тээж явдаг байж магадгүй. Миний хувьд миний нэрийн өмнө юу гэж би­чигдэх нь хоёрдугаар зэргийн асуудал бай­гаа. Бодож байгаа юмаа хийх, тэрэн­дээ Их Хурлын олон гишүүнийг итгүү­лэх, тэгээд өөрчлөлт гарч байх нь илүү чухал. 1996 онд биТөрийн өмчийн хо­рооны дарга болсон. Тэрнээс өмнө энэ өмч хувьчлалын нэр бол шалан дээр унасан байсан. Өө, ах дүү хамаатан саднаараа хувааж авдаг л юм байна лээ л гэж хэлэгддэг. Хэн яаж өмчтэй болс­ныг хэн ч мэддэггүй. Нууцаар хийгддэг байсан. Энийг би зүгээр л ил болгочихсон. Үүнд МАН-ынхан маш дур­гүй байсан. Өмч хөрөнгө идсэн гэж сүүлийн арван хэдэн жил ярилаа. Хуу­лийн байгууллагаар өчнөөн шал­гуул­сан. Юм байдаггүй. Яагаад гэвэл бүх юмыг л ил болго­чихсон. Миний үлдээ­сэн өв энэ. Үүнээс хойш Төрийн өм­чийн хороо бол бүх юм нь ил явдаг л бай­гууллага болчихсон байгаа. Би хүнээс хамаардаг юм байдаггүй гэдгийн эсрэг байдаг. Хүнээс бол хамаарна аа. Жишээ нь, надаас энэ өмч хувьчлалын процесс бол хамаар­сан. Миний үед орон сууцны хувьчлал явсан. Байгаа хүнд нь үнэгүй өгч байсан.

-Танай намынханд өмч нэлээн түлхүү олдсон гэдэг болохоос та­ныг нэг их “хулгайч” гэж үздэггүй байх?

-Би ч намынхандаа илүү өгөх бо­лол­цоогүй байсан. Яагаад гэвэл заа­ланд хүн цуглуулж байгаад л ил тодоор зарчихдаг байсан. Тийм учраас бол аливаа хардлага сэрдлэг утгаа алддаг гэдгийг энэ МАН-ынхны сүүлийн хэдэн жил явуулж байгаа пиар нотолсон. Ердөө пиар явуулахаас өөр юмгүй болж хоцорсон. Яагаад гэвэл урьд нь байсан шиг өмч хувьчлалыг явуу­лаа­гүй. Би өөрчлөлт хийсэн.

-Төрийн өмчийн хороог ер нь үүр­гээ биелүүлчихсэн байгууллага гэж үзэж болно биз дээ?

-Үүргээ биелүүлсэн. Одоо хэдэн том аж ахуйн нэгж л үлдсэн. Урьд нь бол мянган аж ахуйн нэгж л байсан.

-Та тэр үеийн ажилдаа сайн дүн тавьдаг юм байна?

-Зөвхөн би биш. Ард түмэн сайн дүн тавьж байгаа. Гурван удаа УИХ-ын гишүүн болгож байгаа. Сонгууль бол­гоноор илэрдэг хар пиарыг эс тооцвол Монголын ард түмэн олонхи нь өмч хувьчлалд эерэг дүн тавьж бай­на л гэсэн үг. Тэгэхээр өөрчлөлт хийх нь л миний хувьд нэг номерын зорилт боло­хоос Энхболд ямар албан тушаал­тай байна гэдэг бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал. Албан тушаал бол энэ өөрчлөлтийг манлайлах болом­жийг л надад олгож байгаа юм.

-Тэгэхээр өсөлтийн дүр зураг л гарч ирж байна гэсэн үг биз дээ?

-Би бол урьд нь УИХ-ын гишүүн бай­сан. УИХ-ын дарга болсноороо ажил явуулах боломж л надад илүү олдож байгаа юм.

-Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг байгууллагын гишүүн боллоо. Иргэн хүний үндсэн шинж на­рийн ширийн үйл явцыг анзаа­рах­гүй ч гэсэн үргэлж эх орондоо санаа зовж байдаг нь юм шиг байгаа юм. Үндэсний аюулгүй байдал алдагд­лаа л гээд байдаг. Яг юуг хэ­лээд байгаагаа мэддэггүй. Ингэхэд нэг намын гишүүдээс Үндэсний аюул­гүй байдлын зөвлөл бүрддэг юм уу. Үүнтэй холбоотой ямар нэ­гэн хуулийн хориг байдаг уу?

-Хуулийн заалт байхгүй. Аюулгүйн зөвлөлд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд ордог. Санал өгөх эрх­гүйгээр Аюулгүй байдал, гадаад бод­логын байнгын хорооны дарга суудаг юм. Ер нь туйлшрах юм бол үндэсний аюул­гүй байдалтай холбоогүй асуудал байхгүй. Тэгсэн мөртлөө бүх асуудлыг шийдэх тийм боломжгүй. Хуулиар өөрт нь олгосон хэдэн тодорхой асууд­лууд­тай ийм л байгууллага. Ажлаа уялдуу­лах механизм л юм даа. Үндсэн хуу­лиар олгогдсон хууль тогтоох, гүйцэт­гэх засаглалын ялгаа заагууд байгаа. Тэнд аюулгүй байдалтай холбоотой асууд­лууд хэлбэрээ олж байдаг ийм л бай­гууллага. Анх удаа АН-аас гурвуу­лаа ажиллах болж байгаа.Урьд нь бол зарим үед Хувьсгалт нам тэр чигээрээ бүрдүүлж, зарим үед холимог болж байдаг байсан.

-Сангийн сайд хэн болох гэж байгаа вэ?

-Сангийн сайдыг гэрээгээр эвсэлд өгсөн байгаа. Эвсэл өөрөө шийднэ.

-АН-ыг багагүй хал үзсэн, түү­ний­хээ хэрээр хүчирхэгжсэн нам гэж боддог байлаа. Гэтэл Сангийн­хаа яамыг хүнд өгчихөөд сууж бай­даг. Авдраа айлд өгчихсөн нам ялагд­даг шүү дээ. Жишээлбэл, сая МАН авдраа айлд байлгаж байгаад ялаг­даж байгаа биз дээ. Амьдралыг зөв­хөн онол биш өөр олон зүйл баян болгож байдаг шүү дээ. Тэр ут­гаар л сонирхож тавьж байгаа асуулт юм?

-Бид эвсэлдээ итгэж найдаж бай­гаагийн л хэлбэр л дээ. Эвсэл бол ялгаа­гүй л Монголын ард түмний сонго­сон улс төрийн хүчин. Тэр хүчин бидэн­тэй хамтарч ажиллаж хариуцлага хү­лээ­нэ. Дөрвөн жил хамт байна гэж орж ирж байгаа бол ийм хэмжээний итгэл­цэл байх ёстой гэж үзэж байгаа.

-Танай эвслийн хувь заяаг янз бү­рээр л таамаглацгааж байна. Шууд асуухад Н.Энхбаяр гэдэг хүн­тэй холбоотой янз бүрийн шахалт та бүхний дунд байна уу?

-Эвслийн гэрээн дотор МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүхийн асуудал ороо­гүй. Оруулах ч боломжгүй. Бид хуу­лиас дээгүүр гэрээ хийж, хуулиас дээ­гүүр зөвшилцөл хийж болохгүй. Тэрий­гээ бүгд ойлгож байгаа. Энэ хоёр бол тусдаа асуудал. Тусдаа шийдэг­дээд явна.

-АН манай даргын асуудал дээр байр сууриа илэрхийлэх ёстой гэдэг мэдэгдлийг МАХН-МҮАН-ын эвс­лийн зүгээс хийсэн. Энэ тэгээд юу юм?

-Тийм асуудал ярьсан.

-Энэ бол хамгийн зарчимгүй улс төрийг санал болгож байгаа явдал биз дээ?

-АН-ын бүлэг ийм юм байж болох­гүй гэж үзэж байгаа.

-Ерөнхийдөө энэ удаагийн эвс­лийг нэлээн хэврэг эвсэл гэж ажиг­лагчид үзэж байгаа. Үүнээс ч болол­цоотой нөхцөлд эвсч байгаад л бутар­даг шүү дээ. Цаасан дээр анх бүгд л аз жаргалын гэрээ зурдаг. Гэ­рээг бат бөх гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ?

-2008 оны сонгуулийн дараа МАХН, АН-ын эвслийг бас бүгд л тэгж хэлж байсан. Тэгээд басгурван жил гаруй ажилласан л даа. Ер нь бол энэ нь нураад уначихаасай, тэгээд ма­найх­тай эвсээсэй гэдэг юмыг МАН-ын­хан маш их ярьж байгаа шүүдээ. Тэгж болохгүй байгаа шалтгааныг би ярилц­лагынхаа эхэнд хэлчихсэн. Энэ ний­гэм чинь өөрчлөгдөх ёстой. Одоо­гийн байгаа юм чинь болохгүй байна. Өөрчлөлт хий гэдэг дүн тавьчихаад бай­на шүү дээ. Тийм дүн авчихаад АН,МАХН-МҮАН-ын эвсэл хоёр энэ аж­лаа хийж чадахгүй бол дахиад л ялаг­дана шүү дээ. Тийм учраас ажлаа хий­хийн төлөө бий болсон эвсэл учраас хийж л таарах байх. МАН бол үргэлж энэ нь нурж унаад бидэнтэй эвсээсэй гэ­дэг мөрөөдөлтэйгөөр янз бүрийн юм зохион байгуулах байх. Тэгэхээр зэрэг тэр юманд авталгүйгээр зорилгодоо хү­рэх л чухал. Ард түмний хүсч мө­рөө­дөж байгаа зорилго энэ дөрвөн жилд биелэх л ёстой. Өөр илүү зорилго бол энэ эвсэлд байхгүй шүү дээ. Энүү­гээрээ ахиад 2016 онд ахиад дүнгээ тавиулна. Сонгуулиар явдаг ардчил­сан системийг сонгосны хамгийн эн­гийн зүйл бол энэ шүү дээ. Тэгээд нэг завин дээр суучихсан байгаа. Завиа усанд автуулж болохгүй. Дүнгээ цуг тавиулна.

-Тийм нуруутай, туйлбартай улс­төрчид хамтрагчид дотор тань хэр олон байгаа юм бол доо?

-Одоо тэгж явахаас өөр аргагүй.

-Таны улс төрийн амьдралд нэг цоо шинэ үе эхэлж байна. Энэ амьд­ралдаа хэр дасч байна. Өндөр зэрэг­лэ­лийн хамгаалалт, машины дохио, Их тэнгэр гээд… Энэ бүхэнд дасч байна уу?

-Би энийгээ бас хялбаршуулъя гэдэг хууль өөрөө санаачлахаар болж бай­гаа. Энэ бол нүсэр юм байна. За­мын хөдөлгөөнд бага саад болдог. Их тэнгэр, ордон ч гэдэг юм уу ийм хам­гаа­лалттай бүсэд ороод ирчихсэн бол энэ нь өөрөө бас хялбархан. Хүн амьтан нь цөөхөн баймаар байна. УИХ-ын даргаас илүү хамгаалалт хэрэгтэй хоёр хүн байгаа юм. Дээд шүү­хийн дарга, Ерөнхий прокурор хоёр. Үнэхээр аюулгүй байдалд нь аюул занал учирч болзошгүй хоёр албан тушаалтан. Энэ хоёр хүнийг нэмж оруулах иймэрхүү зүйлүүд бо­дож байгаа. Би бол 76 гишүүний л нэг. Тийм учраас энэ хамгаалалт хялбар­хан байх ёстой гэж үзэж байгаа.

-Хувийн амьдралд тань хөнд­лөнгийн нөлөө орж ирээд байгаа болохоор дургүй байгаа байх л даа. Нүдний үзүүрт хүмүүс энд тэнд бүртгэнээд байх төвөгтэй юм уу?

-Харагддаггүй ш дээ. (инээв)

-Баяр­лалаа. Бидний яриа боги­но хугацаанд өрнөсөн ч асуух гэсэн асуултуудаа бараг л асуулаа. Урьд нь хэвлэл мэдээлэлд хамгийн нээлт­тэй ханддаг байсан хүн жаахан өөрчлөгдсөн юм шиг. Гэхдээ танд амжилт хүсье?

-Урьд нь би санал тавьсан бүх сэт­гүүлчид хийгээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй ханддаг бай­сан. Одоо бол ажил үүргийн ху­ваарьт маань багагүй өөрчлөлт орсон бо­лохоор болохгүй байна. Тийм боло­хоор л сонгуулиас хойш анх удаа со­нинд ярилцлага өгч байна. Ийм л байна. Харин эсрэгээрээ УИХ-ын үйл ажил­лагаа илүү нээлттэй болох байх.

Ганчимэг