2012.7.23 Өдрийн сонин

УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоогоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдод мөнгө, архи тарааж Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг Хан-Уул дүүргийн шүүх тогтоож, шийдвэр гаргасан. Үүнийг “шүүх нэг талд үйлчиллээ, шийдвэрээ хурдан гаргалаа” гэсэн эсэргүүцлийг МАН-ын зүгээс хэлж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтууд нь хуулийн байгууллагуудыг ердийн үеийнхээсээ илүү хурдан шуурхай ажиллахыг шаардаж байгаа. Жишээ нь, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг нэн даруй, шийдвэрлэх ёстой. Шүүх хуулийн энэ заалтын дагуу л ажилласан. Түүнээс биш хэн нэгэнд үйлчлээд хурдлаад байсан юм байхгүй. Хан-Уул дуүргийн шүүх сайн ажиллаж, зөв шийдвэр гаргасан. МАН-аас “нэр дэвшигчид улаан цагаан архи, мөнгө тарааж, хууль зөрчсөнийг харсан хүмүүс байгаа. Тэд шүүхэд мэдүүлэг өгч гэрчилсэн, “нотлох баримтууд нь хангалттай бүрдсэн. Тиймээс одоо шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа аль нэг Ардын намын бүлгийн дарга шүүхийн шийдвэрийг буруу байна гэж хэлэхээр түүнд нь шүүхийн шийдвэрийг нийцүүлдэг байдал олон жилийн өмнө өөрчлөгдсөн ардчилсан нийгэмд бид амьдарч байна.

-Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн асуудлуудыг яагаад хуулийн байгууллага шуурхай шийдсэнгүй вэ?

-Ер нь бол хуулийн байгууллагууд, сонгуулийн тойрог, хэсгийн хороод сурталчилгааны явцад гарсан алдаануудыг хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр хуульд заасны дагуу ажиллаж чадаагүй. Гэхдээ сонгуулийн дараа зөрчил гарсан хэд хэдэн тойргийн дүнг өргөн бариагүй нь хожуу ч гэсэн үр дүн. Мөнгө, архи тарааж байгаад гишүүн болчихдог бол сонгууль гэж хийх шаардлага байхгүй шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын хоёр нэр дэвшигч мөнгө, архи тараасан асуудлыг шүүхээр тогтоолго гэдэг албан бичиг хүргүүлсэн. Тэр дагуу шүүх тогтоосон. Тэгэхээр одоо буруутай үйлдэл хийсэн хүмүүсийг нэрсийн жагсаалтаас хасаад, дахин шийдвэрээ гаргаад явах зам л үлдсэн байгаа.

-Тухайн үед сонгуулийн аравдугаар тойргийн хороонд Өвөрхангай аймгийн АН-аас гомдол гаргасан ч шийдвэрлээгүй юм билээ. Тойргийн хороо шийдвэр гаргаад явсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан уу?

-Нэгэнт хууль зөрчсөнийг тогтоосон бол хасах ёстой. Хасаагүй учраас даамжирсан. Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хүмүүст эсвэл МАН гэдэгтээ асуудал байгаа юм биш. Ерөөсөө л улс даяар хууль хэрэгждэг байх ёстой. Архи, мөнгө тарааж гишүүн болж таарахгүй. Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд бараа тараасан хүмүүсийг бүх шатанд нь хасах заалт хуульд бий. Өөрөөр хэлбэл, горилогч байхдаа хууль зөрчсөн бол нэр дэвшигчээр бүртгэхгүй байх, бүртгэсний дараа хууль зөрчсөн бол хүчингүй болгох эаалттай. Хэрэв саналын хуудас хэвлэгдсэний дараа хууль зөрчсөнийг нь тогтоож нэрийг нь татсан бол саналын хуудсан дээрх нэрийг дарна. Санал хураалт дууссаны дараа нэрийг нь өргөн барихгүй бол, жишээ нь Өвөрхангай аймгийнх шиг тохиолдолд олгосон түр үнэмлэхийг нь хүчингүй болгоно. Нэрийг нь өргөн барьснаас хойш шүүхийн шийдвэр гарлаа гэхэд мөн л нэрийг нь татах хариуцлага тооцох юм.

-Увс аймагт мөнгө тарааж хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчид тангараг өргосөн. Өөр бас хэд хэдэн тойрогт маргаантай байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ер нь сонгуулийн өмнө, дундуур мөнгө, эд бараа тараасан хуулийн зөрчил их гарсан. Увсад аймагт айл бүрт 100 мянган төгрөг тарааж, энэхүү сонгуулийн авлигаа түрээсийн гэрээгээр халхавчилж байгаад баригдсан ч хууль зөрчсөн нөхдүуд гишүүн болоод тангараг өргөчихлөө. Гэхдээ хэргийг хуулийн байгууллага шалгаад тогтоовол энэ хүмүүсийн нэрийг татна. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь олон хүнийг хамарсан, тараасан эд зүйл нь их хэмжээнийх байвал энэ нь Эрүүгийн хуульд зааснаар төрийн эсрэг гэмт хэрэг болно. Өнөөдрийн тухайд” төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан гэмт хэрэг” гэсэн зүйчлэлээр Увс, Орхон аймагт хууль зөрчсөн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Хаянхярваа албан тушаалаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн 263.2-оор шалгагдаж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж нэр дэвшсэн тойрогтоо илүү мөнгө тараасан гэдэг үндэслэлээр. Энэ мэтчилэн эрүүгийн хэргийн процесс нь дундаа явж байгаа хэд хэдэн хүн гишүүн болчихлоо. Гэхдээ үүнийг хуулийн байгууллага “гишүүн болчихлоо, баяртай” гээд орхихгүй. Үргэлжлүүлээд шалгаад, хариуцлага тооцоод явна.

-Тэгэхээр цаашид сонгуулийн хууль зөрчсөн тойрог бүрт хуулийг хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн хуулийн дагуу л ажиллах шаардлагатай. Буруутай, хууль зөрчсөн нөхдүүдийг нэрсийн жагсаалтаас хасахаар дараагийн хүмүүс нь орж ирэх ёстой. Хэн гишүүн болох нь дөрөв, тавдугаар зэргийн асуудал. Хууль хэрэгжих нь чухал. Мөнгө тараасан нь гишүүн болох уу, хуулиа мөрдсөн нь гишүүн болох уу гэдэг асуудал чухал.

Д.ТАМИР