2012.7.17 Өглөөний сонин

АН-ын ҮЗХ-ны хурлаас УИХ-ын даргад З.Энхболд гишүүнийг нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар баталсан. Энэ үеэр түүнтэй уулзаж, байр суурийг нь сонирхсон юм.

-ҮЗХ-ны хурлаас та­ныг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. Ажлаа аваад хамгийн түрүүнд юу хийх бодолтой байна вэ?

-УИХ-ын ажил бол Зас­гийн газрын ажил биш. УИХ хууль гаргана. Засгийн газраа томилно. Томилсон Засгийн газрын үйл ажил­лагаа, гаргасан хуу­­лийнхаа хэрэгжилтээ хяна­даг байгууллага. Тийм уч­раас шинээр байгуулагдах Засгийн газарт эхний 100 хоног гэж олон нийтэд тай­лагнаад байх зүйлгүй.

УИХ-д олонх байх­гүй, дээр нь нэг бүлэг нэ­мэгдсэн байгаа. Тэгэхээр гурван намын бүлэг, бусад бүлэггүй нам, бие даасан гишүүдтэй бүгдтэй нь зо­хицож ажил­лаж, амьдрах дөрвөн жил өмнө минь ирж байна. Ийм онцлогтой их хурлын үйл ажиллагааг харгалзан, уял­даа холбоотой ажиллах болно.

-Энэ ч утгаараа төрийн эрх барих дээд байгууллагад эрх зүйн хувьд нэлээн өөрчлөлт орно гэж яригдаж байна?

-Хууль байсан ч хэ­рэгж­дэггүй, байгаа хууль нь чанаргүй гээд олон дутагдал манайд бий. Энэ бүхнийг засч ажиллана.

-Уучлаарай, гэхдээ УИХ-ын даргын албан ту­шаал гэдэг хувь хүнээс маш их чадвар, хариуцлага шаардсан ажил. Та УИХ-ын даргын албыг хашиж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна уу?

-Би 100 хувь итгэлтэй байна. Намайг энэ байтугай со­рилтыг өмнө нь давж ирс­нийг монголчууд мэднэ.

-Сорилт гэдэг нь өмнө нь хашиж байсан албан тушаалуудаа хамруулан хэлээд байна уу?

-Тэгж ойлгож болно.

-АН-ын ҮЗХ-ны шийд­вэрээс өмнө Засгийн газрын бүтцийг ярьж байхад та­ныг Санхүү эдийн засгийн чиглэлийн яамыг хариуцах байх гэсэн таамаг явж байсан. Хэрвээ энэ чиглэлээр ажилласан бол боломж байсан уу?

-Мэдээж маш олон бо­ломж байгаа. Тэгээд ший­дэгдэж байгаа нь энэ. Хүн бүр дор бүрнээ хийж байгаа ажлаа сайн хийх ёстой. Хэн, хаана байх нь дараагийн асуудал.

-Та Засгийн газ­рын ги­шүүнээс нэрээ хүсэлтээрээ татсан уу?

-Ямар ч байсан Засгийн газрын гишүүн болохооргүй л болчихлоо.

-Хэвлэлээр яригдаж бай­сан таамгаар Х.Баттулга та хоёрын дэвшүүлж байсан хувилбар дэмжигдчихлээ. Хэр­вээ МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэлтэй хамт­рахгүй гэвэл намын удирдлагуудад хариуцлага тооцно гэдэг асуудлыг хүчтэй сөхөж тавьсан юм уу?

-Тэр худлаа.

-Ямартай ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаар бол­лоо. Эхний байдлаар таван яамыг өгнө гэсэн. Өмнө нь хамтарч байхдаа хуваасан хувилбараар хуваарилах уу?

-Тэр асуудлыг яриа хэ­лэлцээрийн явцад шийднэ. Одоо хэлэхэд дэндүү эрт байна. Мэдээж АН-ын ҮЗХ гаргасан шийдвэрээ хам­гаалах ёстой. Тийм уч­раас Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудал эвсэлд очих­гүй. Эхний байдлаар энэ байр суурь дээрээ л байна.

-Ингэхэд яагаад МАН-тай эвссэнгүй вэ?

-Миний хувийн бодол МАН-тай эвсэж болохгүй л гэсэн хатуу байр суурьтай байсан. Тэр ч зарчмаар явлаа.

-Яагаад?

-МАН-тай эвсэл байгуул­бал бид ард түмэнд амлаад байсан реформыг хийж чадахгүй. Энэ реформыг хамгийн их эсэргүүцэгч нь МАН.

-Удахгүй Н.Энхбаяр даргын авлигын хэргийн шүүх хурал болно. Мөн түүний асуудал Үндсэн хуулийн Цэц дээр гацчихсан байгаа. Хэрвээ ҮХЦ Сон­гуулийн Ерөнхий хороог буруу шийдвэр гаргажээ гэ­вэл Н.Энхбаяр дарга УИХ-ын гишүүн болно. Энэ тохиолдолд эвсэлтэй хамт­рах асуудлаа эргэж харах уу?

-Тэрийг бид мэдэхгүй шүү дээ. Наад асуудал чинь хуулийн байгууллагын хийх ажил. Тэд ямар шийдвэрийг гаргах гэж байгаа юм бэ. Хэлж мэдэхгүй.

-Хамтарсан Засгийн газ­рын хэлэлцээрт тодорхой өөрчлөлт орох уу?

-Энэ асуудал нь эвслийн гэрээтэй ямар нэгэн хол­боогүй. УИХ дахь намын бүлгүүд хоорондоо ярьж байна. Хэн нэгэн хүнийг ингэчихвэл, тэгчихвэл яах вэ гэдэгт бид хариулах эрхгүй.

-Товчхондоо Н.Энхбаяр УИХ-ын гишүүн боллоо гэж бодвол?

-Би маш тодорхой ха­риуллаа шүү дээ. Манай нам УИХ дахь намын бүлэгтэй нь ярьж байгаа болохоос хувь хүнтэй яриагүй.

-Гэхдээ Н.Энхбаярт авлигын хэрэг үүсгээд шал­гаж байгаа нөхцөлд авлигатай тэмцэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан АН-ынхан МАХН-тай эвсчихлээ. Нийгэм Н.Энхбаяр гэдэг хүнээр л МАХН гэдэг улстөрийн хүчинг хардаг болчихсон. Тэгэхээр та бүхнийг өмнөх байр сууринаасаа ухарсан гэж ойлгож болох уу?

-Бид ард түмний сон­голтоор бий болсон УИХ-ын гишүүд, байгуулсан бүлэгтэй л ярьж байгаа. Түүнээс хувь хүн Н.Энхбаяртай нэгдэж нийлсэн зүйл алга.

-Намтай нь нэгдчихлээ шүү дээ?

-Сарын өмнө АН ямар байр суурьтай байсан. Тэр байр суурь хэвээрээ л байгаа.

-Тэгвэл та хувь хүнийхээ үүднээс Н.Энхбаярын ав­лигын гэх хэргийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Байр суурь хэлэх бо­ломжгүй. Энэ бол хуулийн байгууллагын хийх ажил.