УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Энэ удаа УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулахаар болж зардал төсвийг нь баталлаа Өмнөх жилүүдээ бодвол хэт үрэлгэн сонгууль явуулах нь гэсэн шүүмжлэл гараад байгаа?

-Зардал нь түрүүчийн сонгуулиас 70 хувиар өссөн байна. 10 тэрбум төгрөгөөр явуулдаг сонгуулийг 16.8 тэрбум төгрөгөөр хийнэ гэдэг 68 хувиар өссөн үзүүлэлт. Ийм хэмжээний хөрөнгө гаргаж өгөхгүй бол сонгуулийг явуулахгүй гэж байгаа хүмүүст төсвийг нь батлаад өгчихлөө. Цаг нь тулаад ороод ирсэн болохоор энэ асуудал сайн хэлэлцэгдэлгүй гарлаа. Аудитын байгууллага нь хянах байлгүй, юунд хэрхэн зарцуулж байгааг нь.

-Сонгуулийн зардлын хувьд хөндлөнгийн байгууллагууд хяналт шалгалт хийгээгүй юм байна. Энэ зардлыг ер нь хэдэн хувиар бууруулах боломжтой байсан бол?

-Үүнийг хэлж мэдэхгүй нь. Мөнгөний хэрэглэгдэхүүн нь бөөн бөөнөөроө тавигдаад ороод ирсэн. Үүнийг харж, хянаж л байя. Хэрхэн зарцуулахыг ажил хариуцаж буй хүмүүс л мэдэх учиртай.

-УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулахаар боллоо. Ер нь хоёр сонгуулийн хууль хоорондоо хэр ялгаатай байгаа вэ?

-Сонгууль гэдэг өөрөө их хялбар зүйл л дээ. Нэгэнт УИХ-ын сонгууль гээд болж байна. Түүн дээр Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа хүний нэрийг оруулж өгнө. Ер нь бүх зүйл нь адил. Саналыг автомат машинаар тоолно, сонгогчдын нэрсийн жагсаалт нэг л удаа ашиглагдана. Нийслэлийн ИТХ-ын хороо шинээр байгуулагдана. Тэр нь нийслэлд нэр дэвших хүмүүсээ бүртгэж авна. Хэрвээ хууль зөрчвөл бас нэрсийн жагсаалтаас хасна. Ийм л процедуртай хялбархан хууль байгаа. Хоёр сонгууль ингэж л хялбар явагдана. Яагаад гэвэл сонгуулийн үед байнга давтагддаг сонгогчийг бүртгэх, саналын хуудас өгөх, бөглөсөн саналын хуудсыг автомат машинаар тоолох. Энэ бүх зүйл гар ажиллагаанаас боловсронгуй ажиллагаа руу шилжсэн учраас Сонгуулийн тухай хууль өөрөө их хялбар болж байгаа юм. Түүнээс биш хоёр сонгуулийг хамт явуулчихаар хууль бус болоод байдаг зүйл үгүй. Зарим гишүүд энэ талаар буруу ярьж байна лээ.

-Нэр дэвшигчид нэг гараанаас өрсөлдөх ёстой гээд УИХ-ын сонгуулийн хуульд заачихсан байгаа. Энэ заалт НИТХ-ын сонгуульд хэрхэн тусгагдсан бэ?

-Ихэнх заалтыг УИХ-ынхтай адилтгаж хэрэглэсэн байгаа. Мөнгөтэй нэр дэвшигч давуу эрх эдлэх боломж байхгүй. Зарцуулах мөнгөний хэмжээг нь Нийслэлийн сонгуулийн хороо өөрөө тодорхойлно.

-УИХ-д нэр дэвших гэж буй албан хаагчид ажлаа өгсөн байгаа. Харин нийслэлд нэр дэвших гэж буй хүмүүст энэ байдал хамаатай юу?

-Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол нэгдүгээр сарын 1-нээс эхэлж ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж заасан. Зөвхөн нийслэл бус УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй хүмүүс зургаан сарын өмнө ажлаа өгнө гэж заасан юм. Энэ нь улс төрийн албан хаагчдад хамаарахгүй. УИХ-ын гишүүд бүх шатны Засаг дарга, ИТХ-ын гишүүд гэх мэтээр ажлаа өгөхгүй байж болно гэсэн үг. Харин төрийн захиргаанд ажиллаж буй хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөх ёстой.

-МАН-ын зүгээс эхлээд хоёр сонгуулийг хамт явуулбал чирэгдэл ихтэй. Адаглаад л иргэд будилна гэж байсан. Уг нь нийслэлийн сонгууль ч гэсэн энэ байдалд хамаатай биз дээ. Яагаад гэнэт ингэж шийдэв?

-Хүмүүс будилна гэж байхгүй. Цуг явуулахгүй гэсэн шалтгаан тоочихдоо янз бүрийн зүйл бодож олоод байсан юм. Тэгэхээр нь би олон сонгууль зэрэг явуулахаар будилдаг юм уу гээд “Доминион” компанийн вэб сайт руу орж Филиппин улсын жишээг харсан. Энэ “Доминион” компаниас манайх санал тоолох автомат машин худалдаж авч байгаа юм. Филиппин улс хоёр жилийн өмнө эдний машинаар сонгуулиа явуулсан юм билээ. Гэхдээ тэд манайхаас илүү дор нөхцөлд хувцас хунаргүй хүмүүс саналаа өгч байгаа юм. Энэ улс нь долоон мянган арлаас бүтдэг. Эдгээр арлууд дээр байгаа сонгогчдоосоо 76 мянга 346 автомат машинаар саналаа хураасан байна лээ. Манайх бол 2500-хан автомат машины тухай ярьж байгаа. Автомат машин нь манайхтай яг ижил. Тэгээд нийт саналынхаа 92 хувийг 24 цагт боловсруулж дууссан юм билээ. Ингэхдээ 37 сая саналын хуудсыг боловсруулсан байдаг. Тэгээд 100 хувийн алдаагүй тоолж гаргасан байсан. Ер нь аль ч талаараа манайхаас илүү хүнд нөхцөлд сонгууль нь явагдсан байсан. Саналын хуудасны урт нь 76 см, нэр дэвшигч нь 85 мянга, орон нутагт 15 мянган хүн нэр дэвшсэн гэх мэт. Ингэхдээ нэг сонгогч саналын хуудсыг хэрэглэж байгаа. Тэр ч бүү хэл долоон мянган арал байхгүй, Зөвхөн 330 сумтай шүү дээ. Манай нийт саналын хуудас 1.5 сая юм. Нэр дэвшигчийн тоо нь нийт 780-д л хүрнэ. Бас 76 см цаас байхгүй. А4-ийн цаасны ар өвөрт л нэр дэвшигчдийн жагсаалт бичигдсэн байгаа. Ингээд бодохоор арал дээр амьдардаг бичиг үсэггүй, хагас нүцгэн хүмүүс ийм сонгуулийг явуулж болоод байна.

-Тэгэхээр энэ асуудалд хаалт тавиад байсан нь улс төрийн зорилготой гэсэн үг үү?

-Цэвэр улс төрийн зорилгоор л асуудалд хандаж байсан гэсэн үг. Гэхдээ нэг сая хүн амтай нийслэлийг хамт явуулахыг зөвшөөрсөн учраас хуулийг гаргаж байгаа юм.

-УИХ болоод нийслэлд нэр дэвшигчдийг сонгуулийн хуудсын ар, өвөр дээр нь ялгаж жагсаана гэдгийг зарим гишүүн нэлээд эсэргүүцэж байсан?

-Ямар ч ялгаа байхгүй. Бид энэ Филиппиний фудболк ч байхгүй хүмүүсээс илүү бичиг үсэг танигагдсан байгаа. Нэг нүүрт нь УИХ-д нэр дэвшигч нөгөө нүүрт нь нийслэлд нэр дэвшигчээ сонгоороо гээд л биччихнэ.

-Автомат машин хоёр талыг нь зэрэг уншаад, дүнг нь тусад нь гаргаж ирэх чадалтай гэсэн үг үү?

-Саналын хуудсыг хоёр талаар нь уншаад л дүнг нь тоолоод гаргаад ирнэ.

-АН сонгуульд оролцоход бэлэн болж байна уу?

-Хуулиараа тавдугаар сарын 15-20-ны хооронд нам нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Ингэхдээ УИХ-д нэр дэвших 76 хүний нэрийг гаргах байсан бол НИТХ-ын 45 хүний нэрсийг гаргах болж байна. Үүнээс гадна Цэцийн шийдвэрийг харж байна. Цэцийн шийдвэрээр УИХ-ын сонгууль паралель явагдах уу гэдгээс хамаарч намууд нэр дэвшигчдээ тодруулах байх. Нөгөө талаас анх удаа нийслэлийн сонгуульд ач холбогдол өгч байна.

Л.МӨНХТӨР