Ардчилал сонин 2012.4.24

Иргэний цахим үнэмлэх сонгуулиас өмнө тараагдахгүй. Энэ мэдээллийг дагаад сонгууль будлиантай болох нь, төсвийн мөнгийг хий дэмий зүйлд хийсгэчихлээ, парламентыг ацан шалаанд орууллаа гэх мэт шүүмжлэл урсч байна. Цаашлаад 16 жилийн турш сайдын суудлаас ховхроогүй Ц.Нямдоржийн сэнтийг хүртэл ганхуулахад хүргээд буй. Ингээд АН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн З.Энхболдын байр суурийг сонслоо.

-Сонгуулиас өмнө иргэний цахим үнэмлэхийг сонгогчдод тарааж чадахгүй нь тодорхой боллоо. Энэ нь сонгууль зохион байгуулах болоод сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тэгэхээр одоо яах вэ?

-Сонгуулиас өмнө амжиж иргэний ухаалаг үнэмлэх тарах л ёстой. Энэ бол хууль. Зөвхөн Энхболдын хүсэл биш. Энэ хуулийг УБЕГ, Хуульзүйн сайд нар биелүүлэх ёстой. Чадахгүй гэж байгаа бол чаддаг хүмүүст нь ажлаа өг л гэж хэлмээр байна.

-Үнэхээр боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд, үндэслэлээ маш дэлгэрэнгүй тайлбарласан шүү дээ?

-Н.Алтанхуягийг хариуцаж байх үед болоод байсан ажлыг яагаад Ц.Нямдорж авахаараа болохоо байлгачихдаг юм бэ. Болох л ёстой. Төрийн албан хаагчид хууль биелүүлэхгүй гэж албан ёсоор мэдэгдэж болохгүй л байхгүй юу даа. Тэгвэл ажлаа өгөөд явах л ёстой. Монгол орон ажилгүйдэл ихтэй орон шүү дээ. Заавал Амарсанаагаар дарга, Нямдорж гэдэг хүнээр сайд хийлгэх албагүй шүү дээ. Энэ ажлыг хийх өөр хүн олдож л таарна.

-Хуучин иргэний үнэмлэхийг дахин хэвлэхийг Засгийн газар хориглочихсон. Гэтэл иргэний цахим үнэмлэх тараагдахгүй болчихлоо. Зурагтай лавлагаа гэдэг зүйлээр иргэний үнэмлэхийг орлуулах нь сонгууль будлиантуулах арга зам гэж тайлбарлах нэгэн ч байна. Үүнийг та хувьдаа юу гэж хүлээж авч байна вэ?

-Энэ явдал бол сонгуулийг луйвардах бэлтгэлээ л базааж буй хэрэг. Монгол Улсад нэг хүн зөвхөн ганц л удаа саналаа өгдөг хууль үйлчилдэг. Гэтэл одоо нэг хүн гурав, бүр дөрвөн ч удаа саналаа өгөх боломж бүрдлээ. Үүнийг зогсоох ганц арга нь ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө иргэдэд хүргэх. Хурууны хээгээр тулгаж шалгадаг нь сонгуулийг луйваргүй явуулах цорын ганц арга байсан юм.

-Байдал иймдээ хүрчихсэн үед танд ямар гарц харагдаж байна вэ?

-Хуулиа өөрчлөх боломжгүй, Хуульзүйн сайдаа, бүртгэлийн газрын даргаа л сольчих хэрэгтэй.

-Зөвхөн тэднийг сольсноор байдал зөв тийшээ эргэнэ гэж үү?

-Би байсан бол хийнэ.

-Яаж?

-Намайг Ерөнхий сайд болгочих би хийгээд өгье.

-АН, МАН хоёр УИХ болоод орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулах тухайд санал нийлэхгүй удлаа. Өнгөрсөн баасан гаригт МАН байр сууринаасаа хөдлөхгүй гэж мэдэгдээд, АН-ыг уян хатан хандана уу гэсэн бичиг илгээсэн байна. Та юу гэж бодож байна вэ?

-Бид бодож үзэхгүй. Манай намын байр суурь хэвээрээ. Эндээсээ хөдлөхгүй.

-Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлснээр тохиролцож чадахгүй бол шууд санал хураагаад олонхиороо шийдчих юм биш үү. Ингэвэл МАН олонхи шүү дээ?

-Олонхийн саналаар шинэ хууль гаргана уу гэхээс одоо байгаа хуулийг өөрчилж чадахгүй. Сонгуулийг цуг явуулна гэдэг бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль. Яагаад зөвхөн МАН-ынханд зориулж хуулиа өөрчлөх ёстой юм бэ. Сонгууль явдгаараа л явна.

-Тохиролцож болдоггүй юм уу. Ингэж дуншаад байхаар МАН л цаг хожих юм биш үү?

-Бид тохиролцох саналаа өгчихсөн. Манай нам сүүлийн бүтэн жилийн турш маш их бууж өгч байгаа. Уг нь, бүх сонгууль нэг өдөр явах ёстой. Одоо бол аймаг, нийслэлийн сонгуулийг цуг явуулъя гэдэг дээр бид буугаад өгчихсөн л байгаа.  Тэгээд ч, одоо байгаа хуулиа хүчингүй болгоё гэж санал хурааж болохгүй. Хуульдаа л нийцэж ажиллах ёстой.

-Сонгуулийн хуулиуд хоорондоо зөрүүтэй батлагдсаныг шүүмжлээд л байна. Гарцыг нь олсон хуулийн төслийг та санаачилсан гэсэн. Үүнийг энэ чуулганаар хэлэлцэх нь үү?

-Уг нь бидний өргөн барьсан хуулийг энэ чуулганаар хэлэлцээд батлах ёстой. МАН л хэлэлцэхгүй гээд байна.

-Одоо ард түмэнд ойлгомжтой зүйл ховор байна. Одоо яах вэ. МАН олонхиороо санал хураагаад л шийдчих байх даа?

-Манай орон олонхи нь хүссэнээрээ явж болдоггүй хуультай л даа. Бид хуулиа л биелүүлэх ёстой. Чадахгүй бол зайгаа тавьж өг. Өөр юу ч байхгүй.