Өдрийн сонин 2012.4.20

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулийн хуулийг нэг тийш нь болго гэсэн эцсийн хугацааг УИХ-ын дарга өглөө. МАН буулт хийхгүй бол АН-аас дахин буулт хийх боломж бий юу?

-Манайх хийдэг буултаа хийгээд МАН-д санал тавьсан. Тэднийхэн үүнийг үгүй гэж хэлж байгаа бол мөрдөж байгаа хуулиараа явна. Ингэхдээ хоёр сонгууль нэг өдөр явагдаж хоёр өөр хэсгийн хороо байгуулагдана. Нэг сонгууль нь мөнгө тарааж авлигадаж болдог, гараар тоолдог байна. МАН-ын зорилго бол гараар тоолох. Автомат машинаар тоолохоос, хурууны хээ шалгахаас үхтэлээ айж байгаа. Хурууны шалгадаг ажлыг будлиантуулаад дууссан. Ингээд нэг хүн олон санал өгдөг нөхцөлийг Засгийн газар нь олгож байгаа гэсэн үг. Уг нь хууль нь өөр л дөө. Байгаа хууль өөрчлөгдөхгүй.

-Энэ асуудал дээр МАН-аас буулт хийхгүй бол АН-ын завсарлага үргэлжилсээр байх болно гэсэн үг үү?

-Одоо юу болох вэ гэхээр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр сонгуулийн өдрөө зарлана. Ингэхдээ хууль нь байгаа учраас хоёр сонгуулийг нэг өдөр зарлана. Бид хуулиа биелүүл гэж л шаардаад байгаа. Харин МАН-ынхан байгаа хуулийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс өөрчилье гээд байгаа. Бид үгүй гэсэн. Засгийн газрын таалалд зориулж хуулиа өөрчилдөг биш, Засгийн газар нь хууль биелүүлдэг байх ёстой. Ер нь Засгийн газар нь болохгүй байна гэхээр хуулиа өөрчлөх нь л дээ, эд нарын бодлоор.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнгөрсөн мягмар гаригт хуралдсан. Хурлаар энэ асуудлыг хэлэлцэж АН завсарлага авсан ч байнгын хорооны дарга хүлээж аваагүй. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Хуулиараа эндээс гарсан шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Зөвхөн цагийн гарз л болж байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хороо бол хууль дээдлэх байгууллага. Гэтэл хуулиа зөрчиж хийсэн хурал хүчингүй.

-Хоёр сонгуулийг нэг өдөр хоёр өөр хуулиар явуулбал ачаалал их байх юм биш үү. Үүнийг хийж чадах болов уу?

-Нэг өдөр хоёр өөр хуулиар сонгуулийг явуулбал хүндрэлүүд гарна гэдгийг мэдээд би хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тэдгээр хүндрэлүүдийг хамгийн эвтэйхнээр зохицуулах хуулийн төсөл байгаа юм. Нэг хүн дөрвөн жилд дөрвөн удаа сонгууль өгч байна. Ерөнхийлөгч, УИХ, НИТХ, дүүргийн ИТХ, хорооны Засаг дарга гээд. Ийм олон санал өгдгийг болиулъя. Үүнийг нэг өдөр болгоё гээд л мөрдөж байгаа хуулийн төслийг баталсан байдаг. Гэтэл дөрвөн жилийн дараа хэрэгжүүлж чадахгүй байна гэлээ, энэ Засгийн газар. Угаасаа хэрэгжүүлэх бодол ч байгаагүй дээ. Ер нь сонгуулийг хамт явуулснаар зардал мөнгө хэмнэхээс гадна олон төрлийн ач холбогдолтой. Дөрвөн жилийн өмнө юу гэж ярьж байсан бэ гэхээр “Дөрвөн удаа санал өгдгийг болиулъя. Эцэс төгсгөлгүй улстөржилтийг арилгая. Яагаад гэвэл дөрвөн жилийн тойргийн гурван жил нь сонгуулиар амьсгалдаг. Тэгэхээр сонгуулийг хамт явуулъя. Ингэхэд эхний зургаан сард нь улстөржөөд дуусна” гэх мэт зүйлсийг ярьж хуулийг баталсан юм. Зардал мөнгөний хувьд нэг сонгууль явуулахад 10 тэрбум төгрөг зарцуулдаг. Хоёрыг явуулбал 20, гурвыг явуулбал 30 тэрбум төгрөг л зарлагадна ш дээ. Ялгаагүй хүн ирж саналаа өгөөд явдаг л процесс шүү дээ. Тэгэхээр нэг удаа л сонгууль өгөхөд хангалттай байгаа юм. Кабинд ороод саналыг хуудсыг бөглөхөд л цаг хэрэгтэй болж байгаа. Түүнээс өөр ямар ч хүндрэл гарахгүй, сонгуулийг хамт явуулахад. Ер нь хэзээ нэг цагт сонгуулийг хамт явуулдаг болно. Одоо л эд нар эсэргүүцээд байгаа юм.

-Үүнээс гадна Н.Энхбаярыг баривчилсан явдал ихээхэн шуугиан тарьж байна. Харин өнөөдрийг хүртэл АН-аас энэ тал дээр ямар нэг тайлбар хийгээгүй байгаа?

-Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Түүнд улстөрчид оролцоод байх ямар ч шаардлагагүй. Зөв бурууг нь тэнд ялгаад өгнө. Буруу зүйл хийсэн байвал ял аваад явна. Нотлогдохгүй бол суллагдаад гараад ирнэ. Ер нь хуулийн байгууллага даа хүндэтгэлтэй хандах ёстой. Арван удаа дуудахад нь очихгүй байна гэдэг буруу. Энэ нь зөвхөн ёс зүйн асуудал ч биш. Хууль зөрчсөн хэрэг болж таарч байгаа юм. Тэгээд аргагүйн эрхэнд хүч хэрэглэж баривчлахаас өөр аргагүй болсон. Баривчилгааны явцад цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа их болхи байна билээ. Дөрвөн жилийн өмнө болсон долдугаар сарын 1-ний хэргээс сургамж аваагүй байх шиг санагдсан.

-Баривчилгааны ард том улс төр нуугдаж байгаа гэсэн тайлбар бий?

-Ер нь хэрэг хийсэн хүн улстөржүүлж байж мултардаг аргатай болоод удаж байна. Тэгэхээр үүний ард ямар ч улс төр байхгүй. Хуулийн байгууллага хийх ажлаа л хийж байна. Угаасаа энэ АТГ-ыг жараахайтай хөөцөлдөх хэрэггүй гэж хэлээд байгаа. Цаана нь илүү том хэрэгтэнгүүд сониноор нэг бичигдэж байгаа. Ийм ч хэрэг, тийм ч хэрэг үйлдсэн, үүнийг шийдээч гэж олон түмэн хэлж байна. Тэгээд тэр хэргүүд дээр нь ажиллаад эхлэхээр асуудалд ингэж хандаж болохгүй л дээ. Хууль зөрчсөн гэж үзвэл өргөдлөө гаргаад явах боломжтой. Түүнээс улс төрийн өнгө аяс оруулж түүгээр амиа аргацаах гэж бодож байгаа бол бүтэхгүй.

-Ард түмний батлан даалтад авъя гээд байгаа. Ийм хуулийн зохицуулалт бий юу?

-Хуульд тийм зохицуулалт, ойлголт байдаггүй. Батлан даалтад гаргах эсэхийг тухайн хэргийн мөрдөн байцаагч шийднэ.

-Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг АН яаж харж байгаа бол?

-АН-ын бүлгийн хурлаар ороод дэмжихээр болсон. Өргөн барьсан гишүүдийн шаардлагаас гадна ухаалаг үнэмлэх тараахгүйгээр сонгуулийг будлиантуулах гэж байгаа хүн энд ажиллаж болохгүй. Сонгуулийн хуульд юу гэж заасан байна түүнийг биелүүлдэг сайд хэрэгтэй. Түүнээс биш янз бүрийн шалтаг тоочоод, бэлдэц материал нь ирчхээд байхад хэвлэхгүй олон хонож байна. Ингэж л цаг алдаад байгаа юм.

-Ц.Нямдорж сайдыг өөрчилснөөр байдал өөрчлөгдөх үү?

-Ц.Нямдоржийн оронд хууль биелүүлдэг сайд л хэрэгтэй. Энэ хүн биелүүлэхгүй гэдгээ хэлчихсэн. Ийм байхад тэр баривчилгааны үеэр унтаж байсан нь хамаагүй. Уг нь Ц.Нямдорж чаддаг хүн нь ажлаа ав аа гээд өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Хууль хэрэгжүүлэхгүй, тэгсэн мөртлөө ажлаа өгөхгүй зууралдаад байгаа юм.

-Ц.Нямдорж сайдыг огцруулахад танхимын санал хүрэх үү?

– МАН-ын цөөнгүй гишүүн огцруулахаар санал гаргасан шүү дээ. АН-ын бүлэг ч энэ хүнийг огцруулахгүй бол болохгүй нь гэдэг дээр 100 хувь санал нэгдээд байгаа. Асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа нь 14 хоног байдаг.

-Ц.Нямдорж сайдын оронд энэ яамыг хэн сайн удирдах бол?

-Оронд нь хэнийг тавих нь МАН-ын асуудал. Бидэнд хууль хэрэгжүүлдэг хүн л хэрэгтэй байна. Ганц тавигдах шаардлага бол ирэх сонгуулийг хэл амгүй хийгээд өг гэдэг л байгаа.

-Н.Энхбаярыг баривчлагдлаа. Гэтэл яагаад Ерөнхийлөгчид талархаад байгаа юм бол?

-ТББ-уудын нэртэй юм байсан. Үүнийг хэн зохион байгуулсныг мэдэхгүй байна. Уг нь АТГ бол УИХ-ын байгууллага юм л даа. Дарга, орлогчийг нь УИХ томилдог. Гэтэл яагаад үүнийг яагаад Ерөнхийлөгчид хамаатуулаад байгаа юм бол. Цэвэр улс төрийн явуулга гэж бодож байгаа.

-Н.Энхбаярыг баривчлагдсантай холбоотой гарсан бас нэг тайлбар бол түүнийг Засгийн газар байгуулах гэж байсан гэх яриа. Ийм боломж хэр байсан бэ. АН дэмжих байсан болов уу?

-Зарим хэвлэл дээр зурагтай нь гаргасан байсан. Ардын намын удирдлагууд нь тэгж байгаа юм байлгүй. Гэхдээ онолын хувьд боломжтой зүйл л дээ.

 

Л.МӨНХТӨР