УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-аар Орон нутгийн сонгуулийи тухай хуулийн хоёр ч төслийг хэлэлцэж байна. Эдгээр төслүүд ямар ялгаатай юм бэ?

-Хуулийн хоёр төсөл нь хоёр гол зүйлээр ялгагдаж байгаа. Сонгууль явуулах хугацаа болон орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй хүмүүсийн шалгуур гэх хоёр зүйлээрээ зөрүүтэй байгаа юм. Тодруулбал, АН-ын гишүүдийн өргөн барьсан хууль нь одоогийн орон нутгийн сонгуулийн хуульд байгаа хоёр сонгууль зэрэг явах ёстой гэдэг заалтыг хөндөөгүй. Тиймээс уг төслийг батлах юм бол хоёр сонгууль нэг өдөр явах хууль хэвээрээ үйлчилнэ гэсэн үг.

Харин МАН-ын гишүүдийн өргөн барьсан хууль бол зохицуулалтын хувьд бидний өргөн барьсантай төстэй боловч сонгуулийг нэг өдөр явуулах тухай өмнөх хуулийн заалтыг өөрчлөх төсөл байгаа юм.

Нөгөө нэг ялгаа нь орон нутгийн сонгууль болохоос нэг жилийн өмнө тухайн орон нутагт шилжиж ирсэн хүн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж МАН-ынхан төсөлдөө тусгасан. Харин бидний өргөн барьсан төсөлд хуучнаараа буюу 180 хоногийн өмнө тухайн орон нутагт суурьшсан байх шаардлагатай гэж үзэж байгаа. Хуучин заалтыг хөндөөгүй гэсэн үг.

Энэ хоёр ялгаанаас бусад нь ерөнхийдөө ижилхэн байгаа. Орон нутгийн сонгуулийн тухай хууль 2007 онд батлагдаж, 2008 онд өөрчлөлт орсон. 2008 оны өөрчлөлт нь сонгуулийн хугацааны тухай байсан юм. Уг нь 2007 онд батлагдахдаа 2004 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн сайн зүйлсүүдийг тусгасан. Тухайлбал, замбараагүй сонгуулийг замбараатай болгох, мөнгө тараах гэх мэт гэмт үйлдэл хийвэл арга хэмжээ авах зэргийг нарийвчлан тусгасан байгаа. Одоогийн төсөлд ч тэр логик хэвээрээ орсон.

Оны өмнө баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч мөнгө болон эд зүйлс тараавал нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах хатуу заалтууд орсон. Тиймээс бидний өргөн барьсан төсөлд эдгээр заалтуудыг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд шууд шилжүүлэн авч хэрэглэхээр тусгасан байгаа юм.

-Сонгуулиудыг хамтад нь явуулснаар ямар ач холбогдолтой юм бэ?

-Ер нь аль ч сонгуулийн процесс нь ижил. УИХ-ын сонгуульд санал өгөх эрхтэй, сонгуулийн насанд хүрсэн нэг сая 900 мянган иргэн ирэх ёстой. Орон нутгийн сонгууль ч мөн ялгаагүй. Нэрсийн жагсаалт нэг байна, Кабинд орж бөглөөд санал Тоолох машинд уншуулна. Энэ бүх ажиллагаа адилхан.

Мөн ямар ч тохиолдолд хоёр сонгуулийн туршид явдаг ухуулга, сурталчилгааны ажил ижил байдаг.

Эдгээр нь тухайн сонгууль ямар байхаасаа хамаарч нэг сая 900 мянган хүнийг ирнэ гэж бүх бэлтгэлээ хийдэг гэсэн үг. Түүнээс бус орон нутгийн сонгуульд 80 хүрэхгүй хувь нь ирдэг гээд саналыг хуудсаа бага хэвлэдэг зүйл байхгүй. Санал авах байр, түүнд ажилладаг хүмүүсийн тоо нь ч хэвээрээ байдаг.

Тиймээс сонгогчдын цаг зав, эдийн засаг талаасаа ч хамтад нь явуулах нь ашигтай юм.

-Тэгвэл тус тусад нь явуулахад ямар бэрхшээл тулгарна гэж үзэж байгаа юм бэ?

-2008 онд хоёр сонгуулийг хамтад нь явуулах өөрчлөлт оруулахдаа дөрвөн жилд дөрвөн удаагийн сонгууль явуулж байна гэдэг үүднээс хандаж байлаа. Өөрөөр хэлбэл, сонгууль болох жил төрийн ажил үндсэндээ зогсдог. Тийм учраас хуулиндаа өөрчлөлт оруулж, дөрвөн жилд болдог байсан сонгуулиудыг хоёр жилд болгосон.

Хэрэв энэ онд МАН-ын санал болгож байгаагаар хоёр сонгууль тусдаа явна гэвэл 2012 он тэр чигтээ сонгууль болж өнгөрнө. УИХ-ын сонгууль дууслаа, хэдэн сарын дараа орон нутгийн сонгууль болно. Үүний дараа баг, хорооны Засаг даргын сонгууль эхэлнэ. Дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болно.

Ингэж жилийн турш сонгууль болоход сонгуульд дэвших гэж байна гэж ажлаасаа гарахаас авахуулаад төрийн ажил маш их цалгардаж таарна. Өнөөдөр үүний нэг илрэл нь УИХ-д аль хэдийнэ эхэлчихсэн байна. Өнөөдөр парламентад ажил ярих биш цалин яаж нэмэх тухай популиэм хийж ард түмэнд хайртай дүр эсгэх вэ гэсэн уралдаан л явагдаж байна шүү дээ.

Нөгөө талаас МАН ийм төсөл оруулж ирснээрээ хамтдаа сууж байгаад баталсан хуулиа үгүйсгэж байна. Тэгж ярих юм бол 1990 оноос өмнө бүх шатны АИХ-ын депутатуудаа нэг л удаа бөөндчихдөг байсан юм шүү.

Ерөөс бусад орнууд ч сонгууль болох цаг хугацааг аль цөөлж, болбол нэг өдөр явуулах зорилго тавьж байгаа юм билээ.

-Ер нь нэг удаагийн сонгууль явуулахад хичнээн төгрөгийн зарлага гардаг юм бэ?

-Нэг сонгууль 5-10 тэрбум төгрөгөөр бүтдэг.

Энэ нь ажиллаж байгаа хүмүүсийн цалин, саналын хуудас хэвлүүлэх гэх мэтэд зарцуулагддаг. Нэгэнт л ийм их зардал гаргаж байгаа юм чинь сонгогч нэг л удаа санал авах байранд ирээд яагаад бүх сонгуулиа зэрэг өгч болохгүй гэж гэдэг үүднээс уг төслийг манай намын гишүүд боловсруулсан. Тиймээс ч АН энэ хуулиа баллуулах байр суурин дээрээ хатуу байгаа.

-МАН яагаад заавал тусад нь хийх гээд байгаа юм бол. Энэ нь цаанаа улс төрийн ямар нэг зорилго байгаа юм болов уу?

-Нэр дэвшиж магадгүй улс төрийн албан хаагч, сайд Т.Ганди нь Элчин сайд болоод явж байна. Тэр ирэх сонгуульд АН ялах юм шиг байна, одоо болье гэж бодож байх шиг байна. Хэрэв МАН УИХ-ын сонгуульд ялагдчихвал Орон нутгийн сонгуульд даагаа нэхээд орон нутагт эрх баригч хэвээрээ үлдэнэ гэж бодоод байх шиг байгаа юм. 1996 онд яг тийм зүйл болсон. Манай сонгогчид намуудыг тэнцүүлчихдэг, сэтгэлгээтэй улсууд. Үүгээрээ 1996 оны сонгуулийг хийсэн. Тухайн үед УИХ-д АН-д өгчихсөн юм чинь Орон нутагт МАХН-д өгчихье гээд тэнцүүлчихсэн. Сонгуулийг тусдаа явуулахын бас нэг алдаа энэ байгаа юм.

-Тэгэхээр сонгуулийг нэг өдөр явуулахад үр дүн нь нэг намдаа давамгай гарч болзошгүй гэсэн үг үү?

-Нэг намд санал төвлөрөөд өгөөд, тэр нь хариуцлагаа хүлээгээд явсан нь дээр гэж бид үзэж байгаа. Магадгүй нэг өдөр явах нь АН-д ашиггүй гарч болох. Гэхдээ манай гишүүд энэ хуулийг өргөн барихдаа намын тухай огт бодоогүй. Энэ улс орныг дээр, дооргүй нэг улс төрийн хүчин удирдаад аваад яваг. Хожигдсон улсууд нь дөрвөн жилийн дараа даагаа нэхдэг л юм байгаа биз. Түүнээс бус хэдхэн сарын дараа өрсөлддөг. Ялчихаараа бусдынхаа ажилд саад хийдэг зүйл баймааргүй байна.

-Сонгуулийг хамтад нь явуулснаар санал өгөх хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ. Үүнийг МАН-ын гишүүд нэлээд ярьж байгаа?

-Өвөрхангай аймгаар жишээ авъя. Хуучин хуулиар бол УИХ-д дөрөв, орон нутгийн сонгуульд 20 гаруй нэр дэвшигч байснаас 12-ыг нь сонгож байсан. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ 20-30 хүнээс 12 хүн сонгох л ажил байгаа юм. Гэтэл СЕХ-ноос гишүүдийг эргэлзүүлсэн саналын хуудас бэлтгэж ирсэн. Ингэхдээ Дээд шүүхэд бүртгэлтэй 18 намаар бодож, маш урт дараалал бүхий дөрвөн хуудас саналын хуудас авчирсан. Яг үнэндээ бол ердөө А4 цаасны ар, өвөр талд нь л нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт байх юм шүү дээ. Ийм хялбархан байж болох зүйлийг хэргээр ийм урт дараалал байхаар хийсэн байгаа юм. Энэ нь цаанаа гишүүдэд буруу ойлголт өгч, хамт явах боломжгүйг харуулах гэсэн оролдлого байсан юм.

Сонгогчдыг санал өгөхөд хугацаа нэлээд хэрэгтэй. Гэхдээ үүнийг зохицуулахын тулд сонгуулийг ажлын өдөр явуулахаар болсон. Энэ нь ажил хийж байгаа гэсэн сэтгэлгээгээр саналаа өгөөсэй гэж байгаа юм.

Машин бол ямар ч саналын хуудсыг уншаад, тоолоод гаргаад ирнэ. Гэхдээ энд нэг зүйл байгаа. Орон нутагт нэр дэвшигчдийн нэрсийг аль болох эрт гаргаж өгөхгүй бол нэг сая 900 мянган саналын хуудсыг хэвлэх үйлдвэр манайд байхгүй. Тиймээс орон нутагт нэр дэвшигчдийн нэрс тодрох хугацааг УИХ-тай ижил болгож байгаа юм. Энэ хугацаа болохгүй бол дахин урагшлуулах замаар асуудлыг шийдэж болно гэж Манай нам үзэж байгаа.

-Сонгуулийн үеэр ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороод дээр л дахин сонгууль явуулахаар та бүхний өргөн барьсан төсөлд тусгасан бил үү?

-Ирц хүрээгүй тухайн сонгууль л дахин явна. Өөрөөр хэлбэл, сумын хурлын сонгуулийн ирц хүрээгүй бол дахин явна гэсэн үг. Гэхдээ ирц хүрээгүй гэдэг ойлголт байж болохгүй байгаа юм. Яагаад гэвэл хүн нэг удаа ирээд бүх сонгуулиа өгнө.” Зун болдог УИХ-ын сонгуульд ирц 80 хувьд хүрдэг. Харин өвлийн буюу орон нутгийн сонгуульд манай иргэд ач холбогдол өгдөггүй учир ирц хүрдэггүй. Нэгэнт ирц хүрээгүй тул байх ёстой сонгогчдын тоог зохиомлоор буулгаж байгаад ирцэндээ хүргэдэг уламжлалтай болсон. Энэ удаа сонгуулийг хамтад нь явуулснаар харин ч орон нутгийн сонгуулийн ирц 80 хувь болж төлөөлөл улам сайжирна гэж үзэж байгаа.

-Намрын чуулган маргааш (өнөөдөр) завсарлах гэж байна. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдаж амжих уу?

-Шүүхийн тухай багц хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Төсвийн тухай хууль батлагдаж байж чуулган завсарлана. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Одоо эцсийн хэлэлцүүлгийг хийхэд дахин нэг өдөр хэрэгтэй.

-МАН-ын зарим гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар батлахгүй. Харин хаврын чуулган эхлэнгүүт батлахаар тохиролцсон. Энэ хугацаанд зэрэг явуулж болох эсэхийг туршина гэж яриад байна лээ…

-Тэр бол цагаан сараар авлигаа өгөх гэж байгаа арга. Энэ хуулийг одоо батлахгүй бол цагаан сараар өгөх 10 мянган төгрөгөө УИХ-ын гишүүн нь орон нутагт нэр дэвшиж байгаа хүнээрээ өгүүлэх гээд байгаа юм. Учир нь УИХ-д нэр дэвшигч өөрөө өгч болохгүй гэдгийг хуульчилчихсан шүү дээ. Тийм учраас энэ хууль одоо л батлагдах ёстой.

-МАН-ынхан өөрийнхөө хуулийг олонхиороо дэмжчих боломжтой шүү дээ?

-Олонхиороо авах юм бол зөвхөн намын эрх ашгийг бодож туйлын хариуцлагагүй, улс орныг бодохоо байснаа л харуулж байгаа хэрэг болох байх даа.

Т.ГЭРЭЛМАА