Өдрийн сонин 2011-10-28

ИХ-ын гишүүн эрхэм гишүүн З.Энхболд тойрогтоо Монголдоо анхны гэсэн тодотголтой нэгэн төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Энэ төсөл нь “Өвөрхангай аймгийн малын ашиг шим, удмын чанарыг сайжруулах” гэсэн нэртэй юм байна. Өнөөдөр энэхүү төслийн талаар Өвөрхангай аймгийн малчидад танилцуулах, уулзалтыг Төрийн ордноо зохион байгууллаа. Төслийн талаар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас малчид, тариаланчдыг сүүлийн үед дэмжих болсон. Таны санаачилсан төслийг нэрнээс нь харсан ч энэ салбартаа илүүтэй мал руугаа хандсан төсөл юм?

-Тиймээ. Учир нь сүүлийн үед манай улс малын өвчтэй улс гэдэг нэр зүүсэн.Махаа экспортлоход мал чинь өвчтэй юу гэдэг асуудал нэн түрүүнд тавигддаг. Манай улс1990- д оноос өмнө малын хээлтүүлэг үржил шим цус холдуулах ажлуудыг хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд буюу 1990- д оноос хойш мал хувьд очсоноос хойш үүнийг бүрэн зогсоосон байгаа юм.Үүнээс хойш мал хувьд очиж, малын бие давжаарах үржил сайжруулах ажил үндсэндээ хаягдсан. Энэ нь Хүнсний аюулгүй байдалд нөлөөлсөн. Мөн экспортлох боломжгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл өвчтэй болчихсон. Ингээд маш олон асуудлууд гарч ирсэн. Тиймээс л энэ төслийг хэрэгжүүлж малынхаа үржил шимийг сайжруулья гэсэн бодлого барьж ажиллаж байна. Төсөлт хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд сайн үүлдрийн 270 хуц, 50 сарлагийн бухыг иргэдэд олгоод байгаа. Төслийн гол зорилго нь малын гарал үүсэл, ашиг шимийн чанарыг сайжруулах зорилт тавьж, сайн үүлдрийн эцэг малыг малчдад олгох бодлогыг барьж байгаа.

-Төслийн малчдад танилцуулах үйл ажиллагаа явагдлаа. Ер нь малчдын хувьд хэр хүлээж авч байна?

-Малчдын хувьд нааштайгаар хүлээн авсан. Энэ жил анх удаа Өвөрхангай аймагт гурван жилийн хугацаатай Инновацийн төсөл гэж энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна. Өнгөрсөн хоёр өдөр малчид маань Мал аж ахуйн хүрээлэн дээр төслийн талаар сургалтанд хамрагдлаа. Өнөөдөр би энэ малчдынхаа санал сэтгэгдлийг сонсох гэж хүлээн авч уулзаж байгаа юм.

-Мал аж ахуйн салбарыг дэмжиж байгаа энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явбал хэдий хэр хугацаанд энэ салбар хөл дээрээ босох боломжтой бол?

– Манай бүх мал хувийн өмчийнх болсон. Ахиж улсын өмчийн гэсэн мал байхгүй. Инновацийн төсөл хэрэгжих оббект нь малчин айлын гэр байгаа. Тэгэхлээр Газар тариалангийн салбарт өнгөрсөн хугацаанд 98 сая төгрөгөөр сүүлийн 5 жилд дэмжлээ. Одоо мал аж ахуйн салбарт үүнээс дутахгүй мөнгийг мөн хугацаанд өгчихвөл цаашид хөл дээрээ зогсох боломжтой юм. Газар тариаланг дэмжсэний хүчинд энэ жил өөрсдийн хэрэгцээнээс илүү тариа хураасан. Тэгвэл мал аж ахуйн салбар бүр л илүү нарийн салбар.

Тодруулбал?

Малчид өнөөдөр зүгээр нэг малаа маллаад, ченж ирвэл хонио өгчихөөд байх бол биш. Бүгдээрээ хамтраад шууд зах зээл дээр гардаг больё. Гадаадын зах зээл дээр гардаг больё гэж үзэж байгаа юм.

Гадаадын зах зээл дээр гарья гэхлээр өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал танай мал өвчтэй юу үгүй юу гэдэг. Нөгөөтэйгүүр Улаанбаатарын хэрэглэгчид ямар мах хүсч байна. Түүнийг л үйлдвэрлэж өгөхгүй бол өрсөлдөөн ялагдах юмаа гэдгийг л харуулж байна.

Тиймээс Өвөрхангай аймгийн зорилго бол эхний ээлжинд малын өвчингүй аймаг гэдэг статус авахад оршиж байгаа юм.

Одооэнэ төсөл хэрэгжсэнээр бүх малчин малын ургын дэвтэр хөтөлдөг болж байгаа юм. Аль хуцнаас хэзээ хээл авсан гээд энэ бүгдийг тэмдэглэж илүү мэргэжлийн болгож байна.

Яагаад Засгийн газраас газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжээд байдаг гэвэл энэ бол өөрөө хамгийн олон ажилчинтай салбар шүү дээ.

-Сая малчдын зүгээс ч ярьж байсан. Залуу малчид ховордлоо гэж. Яг энэ салбаруудад өнөөдрийн байдлаар хэчнээн хүн ажлын байраар хангагдаж байна?

– Малчид тариаланчид гэж авч үзвэл 500 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг салбар байгаа.

Г. Туяа