2011.10.28 www.medee.mn

УИХ-ын гишүүн З.Энхболд тойрогтоо нэгэн төсөлт, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Энэ төсөл нь “Өвөрхангай аймгийн малын ашиг шим, удмын чанарыг сайжруулах” гэсэн нэртэй аж. Уг төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хооронд малын гарал үүсэл, ашиг шимийн чанарыг сайжруулах зорилт тавьжээ. Ингэхдээ сайн үүлдрийн эцэг малыг малчдад олгох бодлогыг барьж буй гэнэ. Төсөлт хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд сайн үүлдрийн 270 хуц, 50 сарлагийн бухыг иргэдэд олгосон байна. Цаашид тоог олшруулж, таван хошуу малын үүлдэр гарлыг сайжруулах аж.

УИХ-ын гишүүн З.Энхболд өчигдөр Өвөрхангай аймгийн малчидтай уулзаж уг хөтөлбөрөө танилцуулсан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон тус аймгийн 19 сумын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэхдээ “Өвөрхангай аймаг бол арван жилийн өмнө малын ашиг шим, үүлдэр угсаагаараа улсдаа нэгдүгээрт ордог байсан. Харин өнөөдөр энэ байр ихээхэн хойшилжээ. Малын бие давжаарч, сааль сүү, үс ноосны гарц ихээхэн муудсан байна. Энэ нь малыг малчдад олгосонтой холбоотой. Учир нь малчид өөрийн гэсэн малтай болсноор ашиг шимийн төлөө бус тооны хойноос хөөцөлдөх болсон. Энэ нь малын ашиг шимийг бууруулах гол түлхэц нь болсон байдаг. Иймээс малыг сайжруулах зорилгоор уг төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн” хэмээсэн юм.

Түүнчлэн энэ өдөр ХХААХҮ-ийн сайдын олгодог жуух бичгийг малыг олон жил үр ашигтайгаар малласан малчдад олгов. Тэрээр жуух бичгийг гардуулахдаа “Мянгат малчинд л энэ шагналыг олгодог. Уг нь мал аж ахуй, түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулахаар ажилласан малчдад олгох учиртай юм” хэмээж байлаа.

Л.ТӨР