Өдрийн сонин 2011.10.26
УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Өнөөдөр (өчигдөр) хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч Үндсэн хууль зөрчинө гэсэн шалтгаанаар хэлэлцсэнгүй. Бичиг өргөн барьсан гишүүд одоо хэрхэх вэ?

-Хэлэлцэхгүй байх нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал болох юм. Учир нь Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлд энэ талаар нарийвчлан заачихсан байдаг. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах нь УИХ-ын бүрэн эрх. УИХ-ын гишүүд УИХ-ын шийдвэрийн төслийг санаачилдаг. Түүний дагуу явсан. Асуудлыг хэлэлцэхгүй байх юм бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчинө гэсэн үг.

-Асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хуультай. Тэгэхээр маргааш (өнөөдөр) л шийдэхгүй бол УИХ өөрөө хууль зөрчсөн болох нь?

-Маргааш (өнөөдөр) байнгын хороод хуралдаж болно.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар асуудлыг хэлэлцэх ёсгүй гэсэн тайлбар хийснээр өнөөдөр хэлэлцсэнгүй. Тэгэхээр маргааш хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй юу?

-Байнгын хорооны дарга шийдвэр гаргах эрхгүй. УИХ өөрөө шийдвэрлэнэ. Байнгын хороо хэлэлцэхгүй гэвэл Үндсэн хууль зөрчсөн асуудал болж, Цэц рүүгээ явна.

-УИХ-ын дарга байнгын хороодыг хэлэлц гэсэн үүрэг өгсөн учир хэлэлцэх ёстой гэж зарим гишүүд үзэж байсан?

-Харин хэн буруутан болох вэ гэдэг л байна. Д.Дэмбэрэл дарга болохоор “Асуудлыг хэлэлц” гээд өөрөөсөө зайлуулчихсан. Тэгэхээр тэр буруутай, арга хэмжээ авагдах хүн нь хэн юм гэдэгт л асуудал байна.

Ер нь хэлэлцэхээс айгаад байх зүйл байхгүй шүү дээ. УИХ-ын олонхи нь Ерөнхий сайдыг сайн ажиллаж байна гэвэл үлдээх байх, есөн гишүүний өргөн барьсан бичигт дурдсан зүйл үнэн бол огцруулаад л явна ш дээ. Зөв, буруугаа ялгуулчих хэрэгтэй.

Нөгөө талаас есөн гишүүний өргөн барьсан бичиг бол манай Ерөнхий сайд ямар нэгэн дархлаа байхгүй. Нэг гишүүн өргөн барьж огцруулж болдог юм гэдгийг үндсэн хуулийн шинжлэх ухаанд нээж өгч байгаа юм. Тиймээс Ерөнхий сайдыг кабинеттай адилхан дархлаатай болгох асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой гэдгийг харуулж өгч байгаа. С.Батболд гэдэг муу хүнийг огцруулах гээд байгаа нь нэг зорилго. Гэхдээ энэ нь Ерөнхий сайд өөрөө ямар нэг хамгаалалтгүй байна гэдгийг харуулж байна. Ерөнхий сайд Засгийн газрын тал нь юм бол бас Засгийн газрыг огцруулах хэмжээний буюу 19 гишүүний саналаар явдаг байх нь зүйтэй юм гэдэг дүгнэлт гарч ирж байна. Үүнийг манай өнөөдрийн Үндсэн хуульд тооцолгүй, ердийн томилолт, чөлөөлөлтөөр явж болдгоор шийдсэн байгаа нь бодоогүй бодлого байна л даа.

-УИХ Үндсэн хуулиа зөрчихөөр хэн, ямар хариуцлага хүлээдэг юм бэ?

-УИХ нь хуульд нийцүүлж ажиллах, гаргасан тогтоол нь заавал ямар нэгэн бичиг цаасаар гарсан байх тухай Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг Цэцээс гаргаж өгнө. Тэгж заваарч байхаар ороод санал хураачих хэрэгтэй.

-Тиймээс есөн гишүүн шууд л Үндсэн хуулийн Цэцэд хандчихаж болохгүй юм уу?

-Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх зүйн үр дагавар үүсээгүй байна. Байнгын хорооны хэлэлцэхгүй гэж буцаасан бичиг, эсвэл УИХ-ын даргын хэлэлцэх боломжгүй гэсэн ямар нэг материаллаг зүйл гарч байж Үндсэн хуулийн Цэц хүлээж авна. Түүнээс бус Сүхбаатар тэгж бодож байна гэдгээр Цэц хүлээж авахгүй.

-Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах тухай эрх зүйн зохицуулалт Үндсэн хуулиас өөр ямар хуулиудад байдаг юм бэ?

-Үндсэн хуульд байгаа л бол түүнээс цааш салбарлан гарсан хуулиудад бүгдэд нь байгаа. Тэр дагуу л өргөн барьсан.

-Өмнө нь долоон Ерөнхий сайд огцорч байсан. Тухай бүрт Үндсэн хуулийн дээрх зүйлийн дагуу огцорч байсан уу?

-Долуулаа өөрөө өргөдлөө өгсөн, эсвэл Засгийн газар нь огцорсонтой холбоотойгоор огцорч байсан. Ерөнхий сайдыг сугалж авч огцруулах асуудал энэ удаа анхных. Анхных учраас хүмүүс мэдэн будилаад байх шиг байна.

-Практикт байхгүй болохоор хэрэглэхгүй байна гэж Ц.Шинэбаяр гишүүн хэлсэн байна лээ?

-Хуулинд бичсэн л бол практикт байхгүй нь хамаагүй.

-Ерөнхий сайд энэ долоо хоногт АНУ, Францад хийх айлчлалаа гэнэт хойшлуулсан. Энэ нь огцруулах асуудалтай холбоотой байсан юм болов уу?

-Холбоотой л байлгүй дээ. Явах гээд байгаа юм нь ач холбогдолтой арга хэмжээ бус “ЮНЕСКО”-гийн л хурал байна лээ ш дээ. Ё.Отгонбаяр сайдын л оролцдог хурал байхгүй юу. Ерөнхий сайдын хэмжээний ажил биш л юм билээ.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор эхэлсэн. Харин уг асуудлыг Төрийн гурван өндөрлөг, намын дарга нар хэлэлцээд мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэл нь та бүхний шаардсанаас эсрэгээр гарчихсан?

-Тэр их буруу хурал болсон. Гурван дарга цуглаад асуудлыг шийдчихдэг бол УИХ ч, Засгийн газар ч хэрэггүй. Гурван дарга нь л ажлаа хийгээд явж байхад болно. Тиймээс би түүнийг буруу гэж үзэж байгаа. Төрийн бүх байгууллагуудад хуулиар олгогдсон үүрэгтэй, УИХ хууль гаргана, Засгийн газар биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхийлөгч нь яадаг ч юм. Энэ ажлуудаа л хийх. ёстой болохоос бус гурвуулаа нийлж суугаад ярилцлага өгчихөөр тэр нь төрийн бодлого болдог тохиолдол байхгүй. Гурвуулаа нийлж суугаад хуралдаад шийдвэр гаргах юм бол ҮАБЗ-ийн шийдвэр гэж үзэн, төрийн байгууллага түүнийг нь үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой байдаг. Ийм хурал болоогүй учраас тэр үйл явцыг цуглаж суугаад ярьсан яриа л гэж” хэлээд байгаа юм. Энэ бол сонин биш, хуульзүйн үр дагавар авчрахгүй. Харин ямар зүйл хуульзүйн үр дагавар авчраад, есөн гишүүн огцруулах санал бичсэн гэхээр УИХ-ын 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад түүнийг биелүүлээгүй байж гадаадын компаниудтай хамтарч биелэгдсэн гэж мэдэгдэл хийсэн. Тэр нь Засгийн газрын хуралдаанаар ороогүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн асуудлаар л бидний есөн гишүүн хандсан. Тийм учраас ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Түүнээс бус гурван том дарга нь цуглаж сууж байгаад хэвлэлийн бага хурал хийчихээр энэ улсын шийдвэр нь гарч байдаг хууль Монгол Улсад байхгүй.

-Есөн гишүүн дээр өөр гишүүд нэмэгдсэн үү?

-Хэлэлцүүлгийн явцад, та бүхэн харж байгаа байлгүй дээ, хэн дэмжиж, хэн эсэргүүцэж байгааг.

-19 гишүүн болчих юм бол асуудлыг хэлэлцэнэ гээд байгаа?

-19-дөө гол нь биш гэдгийг Үндсэн хууль бидэнд хэлээд байгаа шүү дээ. 19 гишүүн бол Засгийн газрыг огцруулах гишүүдийн тоо. Түүнээс бус Ерөнхий сайдыг огцруулахад тоо ямар ч хамаагүй. Бид ийм л хуультай улс.

-Энэ долоо хоногт намын бүлгүүдийн хурлаар хэлэлцсэн нь мөн л тохиролцоонд хүрч чадсангүй. Ер нь УИХ энэ хуулиа батлах нь уу?

-Манай бүлэг 48 тойргоос 28 нь намын нэрийн жагсаалтаар явуулахыг зөвшөөрье. Гэхдээ 48 нь 26 тойрогт хуваагдах ёстой. Нэг тойрог нэгээс илүү мандаттай байх ёстой. Түүнээс гадна 2010 оны хүн амын тооллогоор хот, хөдөөгөө хуваана. 10 жил тутам явагддаг энэ тооллогоор тойргоо дахин хуваарилах үүрэгтэй, УИХ. Энэ үүргээ биелүүлэх юм бол 48 мандатын 28 нь хөдөө, 20 нь хотод юм байна. Ийм зүйлийг зөвшөөрвөл 38:38-аасаа бууж 48:28 гэдэг тоог зөвшөөрье гэсэн. Үүнийгээ МАН-ын хурал руу оруулсан чинь 26 тойргоо 48 болгож жижигсгэнэ гэдэг зүйлийг ярьсан. Үүнийг нь манай бүлгийн хурал дахин авч хэлэлцээгүй байгаа. Гэхдээ манай бүлэг дээр ер нь зөвшөөрөгдөхгүй. Бид тойргийг томруулж, сонгуулийг мөнгө, төгрөгийн барьцаанаас гаргамаар байна.

-Тойрог томрох нь ямар ашигтай юм бэ?

-Ер нь тойрог томрох тусам улс орны хөгжилд хэрэгтэй. Тойргийнхоо хөгжилд ч хэрэгтэй. Түүнээс бус гурван сум нийлүүлчихээд тойрог гэж нэрлээд байх юм бол энэ нь ажил биш юм гэж үзсэн. Түрүүчийн УИХ-ын шийдвэртэй АН санал нэгтэй байгаа. Арай хийж томруулсан” энэ 26 тойргоо дахин жижиглэчихгүй юмсан гэсэн бодлогыг л барьж байгаа.

-МАН-д тойргийн жижиглэх нь ашигтай болоод хүлээж авахгүй байгаа юм болов уу?

-Яагаад заавал 48 жижиг тойрогтой болно гээд байгаа юм гэдгийг МАН-ынхнаас асуу л даа. Юу бодож, тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна.

-Тойргийг томруулах нь иргэдэд ямар ашигтай вэ?

-Улс орон хөгжих талаасаа ашигтай. Харин нэр дэвшиж байгаа хүмүүс тойрог жижиг байх тусмаа хэрэгтэй. Би нэр дэвших гэж байгаа хүн. Гэхдээ АН ялах, Энхболд сонгогдох нь яах вэ улс орны хөгжилд илүү хэрэгтэй систем нь том тойрог юм л гэж үзэж байна.

Т.ГЭРЭЛМАА