Өдрийн сонин 2011.09.21

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө УИХ-ын 20 гишүүн гарын үсгээ зурж, Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах бичгийг Ерөнхий сайдад илгээсэн. Тэдгээр гишүүдийн дунд таны нэр ч байсан?

-УИХ гаргасан тогтоолоо хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлэхгүйгээр гаргаад хаячихдаг бол УИХ гэж байгаад ч хэрэг байхгүй. Тогтоол гаргаад ч хэрэггүй. 2009 онд Оюу толгойн гэрээг батлах үед УИХ-ын гишүүдийн ойлголт ямар байсан гэхээр хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын хувь эзэмшил 34-50 хувь болж хувирах юм байна гэдэг үндсэн дээр тогтоолыг баталсан.
Гэтэл Засгийн газар гэрээ хийхдээ хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэдэг нөхцөлийг 30 жил гэж тодорхой хатуу тоо тавьсан. 30 жилийн дотор хөрөнгө “оруулалтыг хэзээ ч хамаагүй нөхөж болно. Үнэ нь өнөөдрийнх шиг сайн байвал ердөө тавхан жилийн асуудал байгаа юм. Тиймээс УИХ-аас өгсөн үүргийг Засгийн газар хэтрүүлсэн.
УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад бичиг хүргүүлэхэд Рио Тинтогийн Монголд байдаг захирал нь “Монголын УИХ-ын гишүүд битгий шунаад бай” гэдэг зүйлийг хэлсэн байна лээ. Монголын УИХ-ын гишүүд шунаагүй. Бид 2009 онд гарсан тогтоолоо хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардсан. Рио Тинтод ч хандсан зүйл байхгүй. УИХ ажлаа л хийж байна.
УИХ-ын бүх гишүүд нэг бодол, ойлголттойгоор гаргаж өгсөн атлаа гэрээг нь 30 жилээр сунгаж байгуулсан байхад дуугүй суугаад байж болохгүй.
Бид анх удаа ингэж байгаа юм биш. Гэрээг байгуулах тухай ярьж эхлэхэд 57 дугаар тогтоолоо биелүүлэх тухай үүрэг өгч байсан. Батлагдахад буюу 2010 дөрөвдүгээр сард Ерөнхий сайдад бичиг явуулж л байсан. Түүний дараа 2011 оны нэгдүгээр сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол хүртэл гарч байсан.
Бидний бичиг өгсөн явдал нь хоёр төрлийн гишүүд УИХ-д сууж байна гэдгийг харуулж байгаа юм. Тогтоолоо биелүүлье гэж үзэж байгаа хэсэг нь нөхмөгц гэдэг үгийг нөхсөний маргааш гэж ойлгож байна. Харин энэ гэрээг хэвийн, сайхан байна гэж ярьдаг гишүүд нөхмөгц гэдэг үгийг 30 жил гэж ойлгож байна.
Бидний шаардлага бол хууль ёсных. Харин Рио Тинтогийн захирлыг хэлсэн нь хууль бус, даварсан хүний үг. Баялаг хаана байна, тэр улсын хуулиар явах ёстой.

-Шаардлагын хариуг аравдугаар сарын 1-ний дотор өгөх ёстой. Энэ хугацаандаа амжих болов уу?

-Засгийн газраас л хамаарна. УИХ өөрийнхөө гаргасан тогтоолыг биелүүлэхийн төлөө явж байна. Засгийн газар түүнтэй санал нийлээд, хэлэлцээрт ороод эхлэх юм бол болж байна. Харин хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэдэг нь 30 жил юм гэсэн байр суурьтай байх юм бол огцруулах тухай л ярина даа. Нөхмөгц гэдэг үгэнд л их учир байна. Монгол хэл мэддэг хүн бол нөхмөгц гэдэг үг нь нөхсөний маргааш, нөхөнгүүт л гэсэн үг гэж ойлгож чадна. Хэрэв энэ үгийг буруугаар ойлгож байвал зайлах л хэрэгтэй л дээ.

-Засгийн газар огцрох ёстой гэсэн үг үү?

-Засгийн газрыг заавал огцруулах гээд байгаа юм биш. УИХ-аас өгсөн үүргийг биелүүлээгүй учраас л ингэж байгаа юм. Засгийн газар бол УИХ-ын хувьд ажлаа хийлгэх гэж хөлсөлсөн хэсэг бүлэг хүмүүс.
Нөгөө талаас хөрөнгийн эзэн нь УИХ. Засгийн газар гэдэг бол УИХ-ын байгуулсан бүрэлдэхүүн. Энэ удаа бид Засгийн газарт алдаагаа засах боломж өгч байгаа юм. Хэрэв залруулж чадахгүй бол УИХ-ын 57 дугаар тогтоолыг яг номоор нь хэрэгжүүлж чадах Засгийн газрыг сонгоё л гэж байгаа юм.

-Гэрээнд өөрчлөлт оруулах эсэх нь хоёр талын асуудал. Мэдээж Рио Тинтод ашигтай учир өөрчлөлт оруулах эсэхэд хойрго хандаж болзошгүй…

-Гэрээ байгуулсан хоёр талын нэг нь эзнийхээ өгсөн үүргийг биелүүлээгүй байна. Баялгийн эзэн нь ард түмэн. Ард түмнийг төлөөлж байгаа нь УИХ-ын 76 гишүүн. Тиймээс УИХ-ын шийдвэр бол эцсийнх.

-Аравдугаар сарын 1-ний дотор шаардлагын хариуг өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авах тухай гишүүд мэдэгдэж байсан. Энэ талаар ярилцсан зүйл бий юу?

-Засгийн газар алдаагаа засах л хэрэгтэй. Хэдийгээр энэ гэрээг хийхэд С.Батболд байгаагүй ч гэсэн С.Баярын Засгийн газрын бүх сайдууд хэвээрээ байгаа. С.Баярын алдааг С.Батболд засах л ёстой.

-Та Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлыг хэсэгт багтсан. Сонгуулийн тогтолцоог сонгох талаар хоёр намын байр суурьт ахиц гарсан уу?

-Ардчилсан нам бууж болох хамгийн доод хэмжээгээрээ буугаад өгчихсөн. Одоо бүх зүйл МАН-аас л хамаарна. Бид дэлхий дээр байдаггүй сонин зүйл санал болгоогүй. Ерөнхий сайд өөрөө Европын стандартыг авна гээд байгаа. Бид болохоор Европын хамгийн хүчирхэг гүрэн болох Герман улсын сонгуулийн тогтолцоог авъя гэж байгаа. Шинээр дугуй зохиохоо больё гэж. 2008 онд дугуй зохиож, нэг тойргийг олон мандаттай болгоод үр дүн ямар гарахыг хэлж мэдэхгүй байсан. Харин тэр үр дүн таван хүнийг  буудсанаар, харамсалтайгаар дууссан. Үүнээс бид Сонгуулийн хууль шударга байхгүй бол болохгүй юм байна гэсэн ойлголттойгоор дууслаа. Нэгэнт Европын стандартыг авч байгаа юм чинь Сонгуулийн хуулиндаа ч гэсэн Европын системийг нэвтрүүлье.
Герман улсын парламентын 600 гишүүдийн 50 хувь нь нэг мандаттай 300 орчим тойргоос, 50 хувь нь намын нэрээр гарч, ирдэг. Хүн сонгодог ч бай, намын нэр дугуйлдаг ч бай аль аль нь бүх шатны хуралд хүн л оруулж байгаа. УИХ-д Ардчилсан нам гэдэг нэг хүн орж ирэхгүй, тус намыг төлөөлж суух хүмүүсийг оруулж байгаа. Нэг нь болохоор аймаг бүр өөрийнхөө төлөөлөгчийг УИХ-д явуулдаг тогтолцоог сонгоё гээд байгаа юм.

-МАН-ын удирдлагуудаас мажоритар давамгайлсан холимог тогтолцоог сонгох байр суурь хэвээр байгаа гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр тус намын байр суурь өөрчлөгдөхгүй юм биш үү?

-Өөрчлөлт гарах байлгүй дээ. Бид бол тэдэнд найдаад өөдрөг л байгаа. 10 жил тутам хүн амын тооллого явагддаг. Энэ тооллогын дараа сонгуулийн тойргийг дахин хуваарилах тухай хуульд заасан байдаг. Тэр хуулийнхаа дагуу одоо тойргийг дахин хуваарилна. АН-ын эхлээд санал болгосон 50:26 тогтолцоо нь одоогийн байгаа 26 тойргийг хөндөхгүй байя гэдэг санаа.
Тойргийг дахин хуваарилна гэдэг бол маш их цаг авсан ажил. Аль аймаг, сумыг хаана нь оруулах вэ гэдэг нь өөрөө маргаантай асуудал. Тийм учраас 50:26 бол хамгийн зовлон багатай зам байсан. Тэр замыг МАН эсэргүүцсэн учраас бид бууж өгөөд 38:38 буюу одоогийн 26 тойргийг өсгөх зөвшөөрөл өгсөн. Ингэж 12 тойрог нэмэхдээ хамгийн сүүлчийн хүн амын тооллогыг үндэслэх ёстой, угаас хууль нь тийм учраас. Тэгэхээр ихэнх тойргийн нэмэлт нь нийслэлд болж таарч байгаа юм. Арван жилийн өмнөх хүн амын тооллогоор Улаанбаатар нэг сая хүнтэй байгаагүй. Харин өнгөрсөн жилийн тооллогоор сая 200 мянган хүнтэй болчихсон. Тэгэхээр хүн амын тоог тойргийг дахин хуваарилахдаа заавал авч үзэх ёстой.
МАН-ын хэлж буйгаар аймаг, дүүрэг тус бүр хоёр гишүүн сонгохоор байгаа. 30 мянган хүнтэй Дундговь хоёр гишүүн гаргаад, 260 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг хоёр гишүүн гаргаж болохгүй шүү дээ. Энэ тоонууд харьцангүй жигд болох ёстой.
Сонгуулийг шударга явуулна гэвэл нэгдүгээрт, тойрог зохион байгуулахдаа хүн амын тоог харгалзах, хот хөдөөгийн төлөөллийг тэнцүү оруулах ёстой.

-Намын нэрээр хууль бус этгээд шургалах вий гэсэн болгоомжлол бий?

-Нам хэн ч хамаагүй хүнийг оруулах боломжгүй. 76 хүний нэрээ СЕХ-нд өгнө. Сонгогч тухайн намын нэр дэвшигчдээс өөрийг нь төлөөлөх хүн байхгүй байна гэж үзвэл дугуйлахгүй байж болно. Энэ нь намд хохиролтой болно. Тэгэхээр нам өөрийгөө төлөөлж чадах, сайн хүнээ л нэр дэвшүүлж таарна.

-Ардчилсан намын хэлэлцэхээр төлөвлөсөн олон асуудал бий. Гэтэл нам гүмхэн л байгаад байх шиг…

-Энэ зунжин зөвхөн Ардчилсан нам төдийгүй нийт монголчууд амарлаа. Удахгүй ажлаа эхэлнэ дээ.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын тов гарсан уу?

-Одоогоор гараагүй байна.

-Намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудал ч мөн “түр амраад” байна уу?

-Үүнийг ерөнхийдөө дэмжиж байгаа. Гагцхүү хэзээнээс мөрдөх вэ гэдэгт л асуудал байгаа юм. Зарим хүмүүс 2012 оны сонгуулийн маргаашнаас мөрдье гэж байна. Би бол өмнө нь мөрдье гэж байгаа. Энэ нь Сонгуулийн хууль ямраар ч өөрчлөгдсөн гэсэн 10 орчим мянган хүнийг ирэх жилийн зургадугаар сарын сонгуульд бүх нам сойх шаардлагатай болж байгаа юм. Багийн Засаг дарга, сумын иргэдийн хурал, дүүрэг, аймаг, УИХ гэх мэт бүх шатны сонгуульд оролцдог нэр дэвшигчдийн тоо 10 орчим мянга юм билээ. Тэгэхээр эдгээр 10 мянган хүний тоонд Ардчилсан намыг хамгийн сайн төлөөлж чадах, ард түмний итгэлийг даах хүнийг оруулахад шинэ дүрэм хэрэгтэй. Зөвхөн Сонгуулийн дараа Ардчилсан намын удирдлагад хэн байх вэ гэдгийг шийдэж байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ түүний өмнө 2012 оны бүх сонгууль нэг өдөр болох гээд байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан нь хамгийн том дэвшил байсан. Энэ нь хяналт, мөнгө, сонгогч олондоо чирэгдэл багатай байх талаасаа ахиц гарсан гэж үзэж байгаа.
Т.ГЭРЭЛМАА