УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Хоёр намын бүлэг буулт хийхгүй шинжтэй. Энэ байдлаараа бол Сонгуулийн тухай хууль батлагдахгүй нь ээ?

-АН-ын бүлэг 50:26-гаас буулт хийгээд 50 хувь нь мажоритар, 50 хувь пропорциональ байх 38:38 гэсэн хувилбарыг санал болгож байна. Үүнээс цааш бууж өгөх боломжгүй л дээ. Сүүлийн үед АН-ын байр суурийг янз бүрээр мушгиад байгаа учир тайлбар өгье гэж бодож байна. АН санал асуулгаас татгалзлаа, айж байна, байр сууриасаа ухарч байна гээд гуйвуулж эхэллээ. МАН мөнгийг мөнгө гэж боддоггүй. Одоо барьж байгаа намынх нь байшин арав гаруй тэрбум төгрөгөөр босч байгаа юм гэсэн. Зургаан тэрбум төгрөгөөр зөвхөн 50:26 юу, 52:24 үү гэсэн тоог асуухад зарцуулахад хайран байна гэж бид үзсэн юм.

-АН-ын бүлэг МАН-аас санал болгож байгаа санал асуулга явуулахыг эхэндээ зөвшөөрч байна гээд байсан биз дээ?

-МАН-аас санал асуулга явуулъя гэхэд АН-ын бүлэг сонгуулийн тогтолцооноос гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хамтад нь асууж болох юм гэсэн. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлт, хот тосгоны асуудал зэрэг олон асуултын дунд сонгуультай холбоотой тоогоо асууж болох юм гэсэн байр суурийг барьж байсан. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал асуулга явуулахад хугацаа их орох юм байна. Цаг хугацааны хувьд он дуусахаас өмнө амжихааргүй юм билээ. Тэгэхээр сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй болчихно. Хуулиараа сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болдог. Тэгээд ч зөвхөн сонгуулийн, тогтолцооны талаар хоёрхон тоо асуух нь жижиг асуудал шүү дээ. Тиймээс АН-ын зүгээс ард нийтийн санал асуулга гэж хугацаа алдахаа больё, парламентын түвшинд яриад сонгуулийн тухай хуулиа баталъя гэсэн. Гэтэл МАН-ынхан зөвхөн хоёр тоогоороо л санал асуулга явуулна гэж зүтгээд байгаа.

-АН-ын бүлгээс санал асуулга явуулахад 6-10 тэрбум төгрөгийн зардал гаргана гээд байгаа. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Ө.Энх-түвшин гурван тэрбум төгрөг л зарлагадах юм билээ гэж мэдэгдсэн. Аль нь бодитой юм бэ?

-Багаар бодоход зургаа, ихээр бодоход арван тэрбум төгрөг шаардлагатай болно. Санал асуулга гэдэг сонгуультай л адил зардал гарна. 2008 оны УИХ-ын сонгуулиар 11 тэрбум төгрөг улсаас зарцуулсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар зургаан тэрбум төгрөг зарлагадсан. СЕХ-ныхноос ард нийтийн санал асуулга явуулахад хэр хэмжээний зардал гарахыг тооцсон уу гэж лавлахад 6.1 тэрбум төгрөгийн төсөв хийгээд бэлдсэн гэж байна лээ. Мэргэжлийн байгууллага нь зургаан тэрбум гэж байхад МАН-ынхан гурван тэрбум гэж худлаа л ярьж байхгүй юу даа. АН-ын бүлэг Үндсэн хуулийн асуудлаар санал асуулга явуулахыг бол дэмжиж байгаа. Ингэж арваад тэрбум төгрөг зарлагадаж биш үнэгүй санал асуулга явуулъя гэсэн санал гаргаж байгаа юм.

-Яагаад үнэгүй гэж?

-2012 онд болох ээлжит УИХ-ын сонгуулийн саналын хуудсан дотор нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар асуулт бичиж оруулаад давхар бөглүүлээд ард иргэдээсээ асуучихвал илүү зардал гарахгүй ээ. Нэгч төгрөг улсаас гарахгүйгээр ард түмнээсээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг чухал асуудлаа шийдүүлж болж байгаа юм.

-Олон түмэн дөрвөн жилийн хугацаанд бид нийг төлөөлөөд ажилла гээд УИХ-ын 76 гишүүнийг сонгоод эрх олгосон. Гэтэл одоо тоон дээрээ тохирч чадахгүй, ард түмнээсээ асууя гэж байна. Энэ нь УИХ ажлаа хийж чадахаа больсны илрэл биш үү?

-Зөвхөн хоёр тоо асуувал УИХ тарах хэрэгтэй. Ажлаа хийж, асуудлаа шийдэж чадахгүй бол УИХ тараад дараагийн УИХ бүрдүүлье.

-Мажоритар, пропорциональ гэдгийг хүмүүс ч сайн ойлгохгүй, ямар ялгаатай юм гэцгээж байна. Харин МАН-ын зүгээс манайх хүнийг дугуйлдгийг нь давамгайлуулах гээд, АН-ынхан намыг л дугуйлахыг дийлэнх болгох гээд байгаа юм гэж тайлбарлах болж. Тэгээд асуухаар иргэд хүнээ дугуйлахыг илүүд үзэх байлгүй дээ?

-МАН-ын зүгээс бодлоготойгоор явуулж байгаа пиар л даа. 2000 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 72 суудал авсан. МАН-ын авсан гишүүдийн нийт саналыг тоолбол сонгуульд оролцсон нийт хүн амын 52 хувийн саналыг авсан байдаг. Бусад хүчин 48 хувийн санал авсан ч төлөөлөл нь УИХ-д сонгогдоогүй. Санал гээгдэнэ гэдэг нь энэ. Хүнийг дугуйлах нь буюу мажоратори системийн гажиг юу вэ гэхээр жаахан хэлбийлэхэд нэг талдаа гарчихдаг, хэт савладаг, санал их гээгддэг. Ийм мажоритар хэлбэрээр манай улс сүүлийн хориод жил сонгуулиа явуулж ирлээ. Тиймээс 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа намууд ярилцаж энэ санал их гээдэг тогтолцоогоо өөрчилье, сонгуулийн шинэчлэл хийе гээд наймдугаар сарын 18-нд хоёр намын бүлэг бүх шатны сонгуульдаа өөрчлөлт оруулна гээд гарын үсэг зурсан юм. Гэвч энэ гэрээ, амлалт хэрэгжихгүй байсаар гурван жил болж байна. Дараагийн сонгууль ч болох нь. Намыг сонгоё гэж АН хэлээд байгаагийн цаана сонгогчдын саналыг гээхээ больё, танай нам 52 хувийн санал авсан бол 52 хувийн суудалтай бай, 48 хувийн санал авсан бол 48 хувийн суудлаа л авдаг байя гэж байгаа хэрэг. Энэ нь шударга биз дээ. Хэрэв пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад хүн дугуйлдаггүй, нам дугуйлдаг. Тэгэхээр 20 жил мажоритараар сонгууль явуулж ирсэн учраас хүнээсээ холдчихно гээд иргэд хүлээж авахгүй нь зүйн хэрэг. Тиймээс энэ хоёрыг хослуулж холимог хэлбэрийг сонгохоор болсон юм. АН болохоор сонгогчдын саналыг бүрэн биш юмаа гэхэд түрүүчийн сонгуулиудаас хамаагүй илүү тусгадаг системийг илүү давамгайлуулах ёстой гэсэн байр суурь барьж 26:50 гэсэн хувилбарыг л санал болгож байгаа. АН сайндаа бодож олоод зүтгүүлээд ч байгаа юм биш. Намаа бодвол жижиг тойрогтой байх нь хамаагүй амар. Гэвч АН өөрийгөө биш улс орны хөгжлийг бодож хувь тэнцүүлсэн хувилбарыг түлхүү оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Харин МАН өөрийнхөө хэдэн гишүүнийг яаж суудалтай болгох вэ гэж харж, жалга довны депутат гэдэг зүйл рүүгээ буцахыг л зүтгээд байна. Өмнөх УИХ нэг том гавьяа байгуулсан. 76 тойргийг 26 болгож тойргийг томруулсан. Гэтэл МАН-ынхан 26 тойргийг 52 болгох гээд байгаа нь дэвшил биш ухралт. Мажоритар тогтолцооны хамгийн сул тал нь сонгогчдын саналыг гэдэгт байгаа юм. Дэлхийн улс орнууд ч сонгогчдын саналын талыг нь гээгдүүлдэг, сонгогчдын тал УИХ-д төлөөлөлгүй болдог системийн гажгаас татгалзаж байна шүү дээ.

 

Д.ДОРЖПАГМА