Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Ард нийтийн санал асуулга явуулах байр сууриасаа Ардчилсан намын бүлэг яагаад татгалзав?

-Ардчилсан нам татгалзаагүй ээ. Манай нам ард түмний мөнгийг үрэхгүй л гэж шийдсэн хэрэг. Энэ санал асуулгыг ирэх сонгуультай хамт явуулъя. Нэг удаа санал асуулга явуулахад 6-10 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. 2008 оны УИХ-ын сонгууль 11, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль зургаан тэрбумаар бүтсэн. Тэгэхээр тэр дайны зардал гарах нь. Тиймээс МАН-ын санал болгоод байгаа 50:26 юу, 52:24 гэдэг тоог асуухын тулд 10 тэрбум төгрөг зарцуулна гэдэг хайран байна гэж үзсэн юм. Ардын намынхан баян, өндөр үнэтэй байшин барьдаг учраас тэдний хувьд мөнгө юу ч биш юм шиг байна. Бид бол мөнгөний үнэ цэнийг мэддэг учраас ийм зүйл хийх нь утгагүй гэдгийг ойлгож байгаа. Тийм ч учраас ээлжит сонгуультай хамт явуулах дээр тогтсон.

-Тэгэхээр санал асуулгыг сонгуулийн хуудсан дээр давхар бичнэ гэсэн үг үү?

-Тийм. Сонгуулийн санал хураах хуудас дээр нэмж хэвлээд л болно гэсэн үг. Санал асуулга явуулах гол арга нь сонгуультай давхцуулах юм. Тэртээ тэргүй иргэд саналаа өгөх гээд ирнэ шүү дээ. Сонгуулиа өгөхдөө санал асуулгынх нь хуудсыг давхар бөглөхөд нэг их цаг хугацаа орохгүй. Тэгэхээр бид есөн сард биш ирэх жил л явуулъя гэж байгаа юм. Харин сонгуулийн санал зөрөлдөөнтэй тоог УИХ-д байгаа намын бүлгүүд хоорондоо тохиролцох ёстой. Ийм жижиг юманд 10 тэрбум төгрөг үрнэ гэдэг хайран шүү дээ.

-Тэгэхээр санал зөрөлдөөнтэй асуудлыг УИХ шийдэх бүрэн боломжтой юу?

-Боломжтой. Ардын намын Удирдах зөвлөлийн шийдвэр албан бичгээр сонгуулийн ажлын хэсэгт орж ирэхээс өмнө бүх юм болоод байсан. Тэр бичиг ирснээр бүх зүйл болохоо байчихсан.

-Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо тохиромжтой юм бэ. Яг тийм тогтолцоо хөрсөнд бууна гэж хэлбэл юуг онцлох вэ?

-МАН-ынхан мэдээлэл муутай хүмүүсийн толгойг эргүүлээд эхэллээ л дээ. “Хүнээ сонгох уу, намаа сонгох уу” гэхээр “хүнээ сонгоё” гэж хэлж байна хэмээн МАН-ынхан ярьж байна. Хүнээ сонгодгийн маш том дутагдал байна. Сонгууль гэдэг бол төлөөлөл. Монгол Улс бол төлөөллийн ардчилалтай. 2.7 сая хүн нийлж сууж байгаад улс орноо удирдаж болохгүйгээс хойш биднийг төлөөлөөд дөрвөн жилдээ удирдаж бай гэж мандат өгсөн. УИХ 76 гишүүн, аймгийн ИТХ-д 35, НИТХ-д 45, сумын ИТХ-д 21-25 гээд янз бүрийн тоотой хэдэн зуун хурал байгуулагдаж байгаа. Энэ хурлууд шат шатныхаа даргыг томилдог. Сонгуулиас үл хамаардаг төрийн албан хаагчид байна. “Төлөөллөөр дамжуулж өөрсдийнхөө сонгосон төлөөлөгчөөр дамжуулан төр засгийн ажилд оролцоно” гэсэн Үндсэн хуулийн заалт ингэж хэрэгждэг.

Бидний 20 жил явсан сонгуулийн мажоритар гэдэг тогтолцоо бол маш том гажуудалтай. 2000 онд тухайн үеийн МАХН нийт сонгогчдын дөнгөн данган 52 хувийн саналаар УИХ-ын 97 хувь буюу 76 суудлын 72-ийг нь авч байсан. Шударга ёсоор бол 52 хувийн санал авсан бол УИХ-д 40 суудалтай байх ёстой. Ийм л гажигтай тогтолцоо. Жаахан илүү нь сонгогчдын 52 хувийн саналаар парламентын суудлаа бүгдийг нь авч, үлдсэн санал нь хаягддаг. Сонгогчдын саналыг тусгах талаасаа хамгийн муу нь мажоритар. Гэхдээ мэдээж давуу тал ч бий. Олон улс орон цэвэр мажоритараас холимог, холимгоосоо пропорциональ руу шилжиж байна. Хэрэв 2000 онд пропорциональ тогтолцоогоор санал хураасан бол УИХ-ын суудлын харьцаа МАХН-ынх /тухайн үеийн / 40 үлдсэн 36 нь бусад намд хуваарилагдах байсан. Тэгэхээр тогтолцооны гажгаас болоод МАХН 2000-2004 оны хооронд сөрөг хүчингүйгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн. Тэр үед нэг ч сайн зүйл Монгол Улсад авчраагүй. Авлига хээль, хахууль цэцэглэсэн, ХЗХ дампуурсан гээд болохгүй юм зөндөө болсон.

-2008 оны сонгуулийн дараа сонгогчдын саналыг тусгасан тогтолцоог сонгоё гэж хоёр нам гэрээ байгуулсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ийн санал зөрөлдөж байгаагийн учир юунд байна вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа МАН, АН хоёр гэрээ хийгээд бүх шатныхаа сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж шударга болгоно, төлөөллийг сайжруулна, санал гээгдэггүй сонгуулийн тогтолцоотой болгоно гэж тохиролцсон. УИХ-аас санал хураагаад холимог систем манай өнөөгийн нөхцөлд таарсан, санал гээдэггүй, мажоритарын сул талыг алга болгосон тогтолцоо гэж ярьсан. Хуулийн хэлэлцүүлгийн дараа 76 суудлын хэдэн хувь нь нэг мандаттай тойргоос мажоритараар сонгогдох вэ, хэдэн хувь нь пропорциональ буюу хувь тэнцүүлэн сонгогдох вэ гэдэгт гацчихлаа. АН 26-г нэг мандаттай тойргоос сонгоё, 50 нь улс даяар намын нэр дугуйлсаны үр дүнд орж ирдэг байхыг шаардаж байгаа.

-Танай намын тавьж байгаа саналын давуу тал нь юу байна вэ?

-Тойрог жижигрэх тусам мөнгөөр сонгогддог хүмүүсийн тоо УИХ-д олширно. Тойрог жижгэрүүлээд өг, тэрбум төгрөг хаяад гараад ирнэ гэдэг шаардлагыг тавьж Уул уурхайгаар баяжсан МАН-ын хүмүүсийн хүүхэд олноороо орж ирэх төлөвтэй байна л даа. Тэр бол боломжтой, МАН-ынхны тогтолцоогоор. Одоогийн 76-г янз бүрээр л хочлоод байна. Харин ирэх 76 бол хэн нь хэдэн төгрөгтэйгөөрөө өрсөлддөг тэрбумтнуудын клуб болох гээд байна.

Монгол Улс ийм сонголт хийж болохгүй. Монголын хүн амын төлөөлөл, нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл УИХ-д жигд орж байж улсыг төлөөлөх чадвартай болно. 76 тэрбумтан, уул уурхайн баячууд орж ирчихээд улс орны асуудлыг зөв шийдэх үү. Би л зөв шийднэ гэж харахгүй байгаа. Нэг тэрбумаа хоёр тэрбум болгох уу, 10-аа 20 болгох уу л гэдэг ажил хийнэ. Энэ том ордуудыг ард түмэнд биш өөрсдөдөө хуваарилах болно.

-Жижиг тойргоор сонгууль явууллаа гэхэд орон нутаг болон Улаанбаатар хотын тойргийн сонгогчид, сонгогдох гишүүдийн тоо харьцангуй байдаг. Энэ тухайд?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байгаа бас нэг шалтгаан бол одоогийн бүх тойрог хуваарилалт 1989 оны хүн амын тооллогоор явж байгаа. Тэр үед хүн амын байршил одоогийнх шиг байгаагүй. Улаанбаатар хотод 400 мянган хүн амьдарч байсан. Одоо нэг сая 250 мянган хүн амьдарч байна. МАН-ын санал болгож буйгаар явбал тэр үеийн хүн амын тооллого хэвээр хадгалагдах гээд байна. УИХ-д Улаанбаатараас 20 гишүүн сонгож байгаа нь нийт гишүүдийн 26.3 хувь нь. Гэтэл Улаанбаатарт Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч байгаа. Тэгэхээр УИХ дахь Улаанбаатараас сонгогдох гишүүдийн тоо 34, 35 байх ёстой. Ингэж байж л харьцаа тэнцэнэ гэсэн үг. МАН-ын 52:24-ийг зөвшөөрөхгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ л дээ.

-АН анхныхаа баримталж байсан тооноосоо буулт хийгээд 38:38 гэдэгт санал нэгдсэн гэсэн. Буулт хийх шалтгаан юу байв?

-Тойрог тэнцүү хуваахаас гадна нэг мандаттай жижиг тойргийн тоо УИХ-д гуравны нэг байх нь зөв бодлого юм. Одоогийн 26 тойргоос нэг, нэг хүн сонгогдож орж ирээд УИХ-д сууж байхад болно. Үлдсэнийг нь улс нэг тойрог болгож хувь тэнцүүлснээр явуулъя гэдэг бодлогыг хүлээж авахгүй бол тойргоор сонгодгийг нь 38, улс нэг тойргоор сонгохыг нь 38 болгосон. Гэтэл үүнийг хүлээж авахгүй гэсэн. Буулт хийсний учир энэ. Хоёрхон тоогоор 10 тэрбум төгрөг зарцуулж асуулга явуулаад яах вэ, харин бид 38:38 болгоё гэсэн. Тэгэхээр нөгөө тал бас л үгүй гэж байна. Тэгвэл хоёрхон тоо шийдэж чаддаггүй УИХ тарсан л дээр. Чаддаг нь гарч ирж ажлаа хийх хэрэгтэй.

-Э.Бат-Үүл гишүүн сонгуулийн хуулиа шийдэж чадахгүй Засгийн газрын тэргүүн огцрох хэрэгтэй гэж байсан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайд огцрох бол жижиг асуудал. Би УИХ-аа тараа гэж үзэж байгаа. Шийдвэр гаргаж чаддаггүй МАН, зөвхөн хувиа боддог, жижиг 52 тойргоос өөрсдийнхөө гишүүдийг гаргахыг хүсдэг. Ард түмэн ингэж бодохгүй байгаа. Аль ч шатанд төлөөлөл нь жигд байгаасай, сонгогчдын саналыг гээхгүй систем бодож олооч гэдэг шаардлага тавьсан шүү дээ. Хамгийн их гээдэг нь мажоритар, гээдэггүй нь пропорциональ систем. Ард түмний 50 хувийн саналыг авбал УИХ-ын 50 суудлыг л авна гэсэн үг шүү дээ. Манай улсын нэг онцлог байна л даа. Хол явдаг, тархай бутархай тэрэнд нь тааруулаад 26 мажоритар системийг АН зөвшөөрч байна шүү дээ.

-Хэрэв ирэх оны сонгууль хуучин тогтолцоогоор явбал ямар үр дүн гарах вэ. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг сонгуулийн тогтолцооноос л болсон гэж үздэг шүү дээ?

-2012 оны сонгууль хуучнаар явахгүй. Хуучнаар явбал түүнээс гарах үр дүнг төсөөлөх аргагүй. Тэгэхээр цахим иргэний үнэмлэхээ хурдан тараах хэрэгтэй, санал тоолдог машин нэн даруй худалдаж авах ёстой. Үүнийг ав гэж СЕХ, УБЕГ-т 35 тэрбум төгрөг өгсөн. Өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Дээрх хоёр байгууллага энэ төхөөрөмжийг худалдаж авахгүй байх даалгавар авсан байна. Долоон сарын хугацаа өнгөрч байхад ядаж тендер нь зарлагдаад явж байх ёстой. Энэ ажлаа хийдэггүй хүмүүсээс салахгүй бол саналыг хуудсыг дахиад гараар тоолдог, хуучин иргэний үнэмлэхээр нэг хүн хэдэн ч удаа санал өгдөг алдаатай явдал давтагдах гээд байна. УИХ-ын томилсон дээрх байгууллагынхан ажлаа хийдэггүй, Засгийн газар нь ч ажлаа хийхгүй байна.

Г.ДАВАА