Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомт болон Эрээн хотод ажиллаад иржээ. Ямар зорилготой дээрх газруудад ажиллав?

-УИХ-аар хилийн боомтын талаар баримтлах бодлого хэлэлцэгдэж байгаа. Энэхүү бодлого гараад хэрэгжих газар нь зориуд очиж үзэхээр Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан юм. Ц.Батбаяр гишүүн ахлаад, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь бид нар яваад ирлээ. Ингэхдээ хилийн боомт дээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаа, сумын ажилтай танилцлаа. Түүнчлэн хил гарч Эрээний боомтын үйл ажиллагааг ч үзэж сонирхлоо.

-Замын-Үүдийн боомтын байдал газар дээрээ ямар байна вэ?

-Жил бүр манайд ажил эхлэхээр тэнд гацаа үүсдэг. Гацаа үүсээд ачаа бараа хүлээгдэхээр энд юмны үнэ өсдөг. Инфляцид хүртэл нөлөөлдөг цэг байгаа юм. Эрээнээс маш их ачаа ирж Замын-Үүд дээр бөөгнөрдөг. Биднийг очих үед хараахан тийм их бөөгнөрөл байхгүй байна. Барилгын ажил эхлэх үед гэх мэт улирлын чанартай хүндрэлүүд гардаг гэнэ. Боомтоо өргөтгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийж, нэвтрэх чадварыг нь нэмэгдүүлэхгүй бол манай бензинээс бусад бараа Замын-Үүдээр орж ирж байна. Гол экспорт зэсч үүгээр гарч байна.

Энэ их ачааллыг одоогийн байгаа Замын-Үүдийн дэд бүтэц даах чадваргүй гэдэг нь харагдлаа. Үүнийг өргөтгөх талаар УИХ-аас хэд хэдэн тогтоол шийдвэр гарчихсан. Харин хэрэгжиж эхлээгүй байна.

Өөр нэг зүйл бол Чойроос эхлээд Замын-Үүд орох засмал зам байхгүй байна. Барьж байгаа нэртэй хэдэн жил байгаад л байна. Энэ болгон нь улс орны хөгжилд саад болоод эхэлчихжээ.

-Тэгвэл Эрээн хотод очиход байдал ямар байна вэ?

-Тэнд очиж манайд ирдэг жимс, хүнсний ногооны хөргөгчтэй зориулалтын агуулах үзлээ. Хятадын Мэргэжлийн хяналтын газрын хяналтын дор манай руу ачигддаг жимс ногоо цуглардаг юм байна. Манайд орж ирээд хил дээр гурав хоног, Замын-Үүд дээр вагоноо хүлээгээд дөрөв хоног, Улаанбаатар руу ирэх гэсээр байтал нийт арав хоногийн дотор муудах эрсдэл байна. Муудуулахгүйн тулд дулаалах гэх мэт элдэв янзын арга хэрэглэдэг гэнэ. Манайд Хятадын талд байгаа шиг хүнсний аюулгүй байдлыг хангаж чадах зориулалтын агуулах алга, зөөдөг машин, хөргөгчтэй вагон байхгүй байна. Тэгэхээр дээр хэлсэн Чойроос Замын-Үүд орох засмал зам хурдан ашиглалтад орох нь маш их ач холбогдолтой байна. Зөвхөн төмөр зам дээр ачаалал үүсгээд байхгүй, машин замаар хурдан мууддаг жимс, хүнсний ногоогоо зөөдөг болмоор байна.

Манай уул уурхайн экспорт нэмэгджээ. Замын Үүдээр нүүрс гарч байна, хуучин гаргаж байсан зэсийн баяжмалаас гадна гранзит ачаанууд явж байна.

Хятадын тал өөртөө дөрвөн машин зэрэг орж гарах нийт найман замтай том ачааг шалгаж гаргадаг боомтын барилга байгууламж ашиглалтад оруулчихаж. Түүнтэй адил байгууламжийг Монголын талд хийчих юм бол одоогийн том оврын ачаа болох нүүрс, бусад байгалийн баялгийг ачааныхаа замаар явуулж тусгаарлаж болохоор байна.

-Тийм болохоор ачааны нэгдсэн стандарт гаргах тухай ажлын хэсгийнхэн санал нэгдсэн гэлүү?

-Ачааны нэгдсэн стандарт гаргахгүй бол хүнс, цемент хоёрыг нэг дор аччихаар яаж хүнсний аюулгүй байдал хангагдах билээ. Тэгэхээр ачаа гаргадаг, оруулдаг компаниуд төрөлжих ёстой. Нүүрс гаргадаг бол нүүрсээ, цемент оруулдаг бол цементээ л оруул. Холимог ачаа ачихгүй гэж. Хэрэв холимог ачаа ачихаар бол түүнд зориулсан явган зорчигчийн боомт бол тусдаа байх хэрэгтэй. Тэнд холимог ачааг оруулж, гаргадаг хүмүүс, шалгадаг улсууд нь тусдаа байдаг тийм мэргэжлийн тал руу нь л худалдаа наймааг оруулах гээд байгаа юм шүү дээ.

-Тэндхийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав уу?

-Чөлөөт бүс бол дампуурсан байна. Анх чөлөөт бүс байгуулах тухай хуулийг гаргаж байхад казино байгуулаад Хятадын иргэд орж ирж тоглоод Замын-Үүд хөгжчихнө гэж бодсон. Харамсалтай нь, тэр худлаа болсон. Хятад улсын хил дээр байгуулсан хоёр ч улсын казино дампуурсан. Нэг нь Хойд Солонгос, нөгөө нь Вьетнам улс байгаа. Тэгэхээр бид казино байгуулж бусад улсын алдааг давтахгүйгээр хэрэв чөлөөт бүс гэж байлгамаар байгаа бол өөр юм бодож олох хэрэгтэй.

Би 21 жилийн өмнө ганзагын наймаа хийж явахдаа нэг л удаа Эрээн хот орж үзсэн. Түүнээс хойш Эрээн ч тэр, Замын-Үүд ч тэр танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна. Эрээнд очиход том том дэлгүүрүүдийг үзүүлж байна. Ихэвчлэн манайхны очдог дэлгүүр гэнэ. 160 мянган хүн амтай хот болжээ. Тэдний ихэнх ажлын байр монголчуудаас хамаарч байна. Манайхан тэнд очиж юм авахаар авсан мөнгөнийх нь тодорхой хувиар худалдагч нь цалинжиж байна. Хэдэн километр үргэлжилсэн захууд барьчхаж. Уг нь бид ч гэсэн чөлөөт бүсийг ингэж ашиглаж болно. Чөлөөт бүс рүү Эрээнд байгаа бараа татваргүй орж ирдэг. Эрээн чөлөөт бүс хоёрын хооронд ямар нэг гааль байхгүй. Чөлөөт бүс гэдэг бол татвар авахгүй л гэсэн үг шүү дээ. Харин бүсээс гарахдаа татвар хураамжаа төл гэсэн байдлаар чөлөөт бүсийг ашиглаж болох боломж харагдаж байна. Тэгэхийн тулд мэдээж тэнд зах, ресторан, дэлгүүр байгуулах, дэд бүтэц, зам тавих гээд хөрөнгө хэрэгтэй. Энэ талаар тооцоо хийж үзээд болохоор байвал тэр тал руу нь чөлөөт бүсийн хөгжлийг хандуулж болно. Өөрөөр бол чөлөөт бүсийг хөгжүүлэх хандлага харагдахгүй байна.

-Өөрөөр хэлбэл, төлөвлөж байсан хөрөнгө оруулалт орж ирээгүйн улмаас чөлөөт бүсийн үйл ажиллагаа зогсчээ?

-Анх чөлөөт бүсийн тухай хуулийг батлахдаа судалгаа муу хийсэн л байгаа байхгүй юу. Казино гэдэг үлгэрт итгээд.

-Тэгвэл одоо цаашид хэрхвэл Замын-Үүд боомт хөгжих хандлага байна вэ?

-Мөнгө хэрэгтэй. Замын-Үүд хөгжөөгүй, бүр дампуурчихсан зүйл бол байхгүй байна. Хуучин Замын-Үүд сумаас хамаагүй сайжирсан байна. Хятад улсын төв Засгийн газар нь Эрээнийг улсын чанартай боомт гээд хөрөнгө мөнгөөр дутаагаагүй байна. Тийм учраас тохижилт илт өөр байна л даа. Манай улсын хувьд Замын-Үүд бол байдаг л 340 сумын нэг. Тийм утгаараа хүртээсэн хөрөнгө оруулалтыг л авахаас бус хилийн боомт гэдэг онцгойлсон хөрөнгө оруулалт өгдөггүй. Тэр нь манай алдаа.

Одоо Замын-Үүдэд эхний ээлжинд ядаж нэг сургууль барих хэрэгтэй. 800 хүүхдийн сургуульд 2400 хүүхэд сурч байна. Сургууль байхгүй болохоор тэнд хүмүүс суурьшиж, ажилладаггүй. Дэд бүтэц, уурын зуух, ногоон байгууламж тэр болгонд нь хөрөнгө оруулах хэрэгтэй.

Хувийн компаниуд байшин барьчихсан шинэ үйлчилгээнүүд орсон байна. Бараа бүтээгдэхүүнийх нь үнэ хотоос дутахааргүй үнэтэй юм. Энэ бүгдээс харахад Замын-Үүдийг боомт гэдгээр нь сумаас өөр статустай болгох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

-Замын-Үүдэд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, сумын Засаг дарга гэсэн хоёр дарга удирдлагын эрхээ булаацалдаад байдаг гэлүү?

-Зөвхөн тэр хоёр биш. Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэргийн гэсэн дарга нар байна. Энэ олон босоо удирдлагатай байгууллагуудыг яаж ажиллуулах талаар ажлын хэсэг нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн гэж бодож болно. Угаасаа хилийн боомтын бодлого дээр Засгийн газар боомтын захиргаа гэдэг шинэ байгууллага байгуулахаар, түүнийгээ дээрх байгууллага ээлж дараалан удирдахаар оруулж ирсэн юм. Тэр бол үл бүтэх санаа гэж гишүүд үзээд, боомт нэгдсэн захиргаатай байж болно. Гэхдээ түүний удирдлагыг Засгийн газраас томилдог, босоо удирдлагатай бусад байгууллага түүндээ захирагдаж ажилладаг байхаар хилийн боомтын бодлогодоо тусгах ёстой. Ийм байгууллага байгуулах нь зүйтэй гэж боомтын тухай бодлого дотор бичиж өгөхөөр ажлын хэсгийнхэн төлөвлөж байгаа.

-Энэ хаврын турш шуугисан АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай асуудлаарх таны байр суурийг сонсмоор байна. Уг нь энэ талаар Ардчилсан хүчний холбоо нэлээд хүчтэй дуугардаг байсан ч сүүлийн үед нам гүм болчихсон мэт санагдаад байна?

-Бусад хүмүүс дуугарч эхлээд байгаа учраас. Бид олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн дээ. Ялсан нь ялсан шиг, ялагдсан нь ялагдсан шиг байя гэж. Энэ үзэл бодлыг дэмжиж байгаа хүмүүс олшроод байгаа нь сайн байна.

-АН-ын нэр бүхий гурван гишүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг хоёр ч удаа тавиад УИХ аваад үлдчихлээ. Үүнийг та юу гэж харж байв?

-Д.Зоригтыг явуулчихаад өөр хүнийг томилох ёстой л доо. Бу руу ажил хийсэн хүнийг өмгөөлж хамгаалаад байгаа нь буруу ажилтай нь Засгийн газар, хамгаалж кнопдсон гишүүд санал нэгдээд байгаа юм шиг харагдаад байгаа юм. “ТЭЦ-5”-ыг барья, говьд станц байгуулъя гэхээр ажлыг нь эхлүүлдэггүй саад болдог сайдтай байна шүү дээ.

-Д.Зоригт сайдыг огцруулах нэг гол үндэслэл нь Оюу толгойн гэрээ буруу хийсэн гэдэг?

-Оюу толгойн гэрээг буруу хийсэн гэж буруутгаж байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоол бол маш ойлгомжтой томъёолсон байдаг. Хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын хувь 50 болох ёстой гэж заасан байхад нөхмөгц гэдэг үгийг 30 жилээр гэрээ хийчихсэн улсууд шүү дээ. Монгол хүн нөхмөгц гэдэг үгийг нөхсөн даруйд нь гэж ойлгоно. Харамсалтай нь, гэрээ хийсэн хүмүүс тэгж ойлгоогүй. Тэр бол Засгийн газрын алдаа.

-Тэгэхээр гэрээ хийхэд оролцсон Л.Гансүх.С.Баярцогт сайдуудын ч буруу байгаа байх нь?

-Энэ хоёр бас цуг яригдах ёстой.

-Энэ талаар МАН-ын зарим гишүүд хөндөж байсан л даа. АН-ын хоёр сайд ч огцрох ёстой гэж?

-Тэд бас асуудлыг тавина л биз дээ. Тэдний ярихыг хэн ч хориглоогүй шүү дээ.

-Та Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч. Сонгуулиас өмнө намын дүрэмд өөрчлөлт оруулах, онц их хурал зарлана гэж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Дүрмийг бол ҮЗХ оруулчхаж болно. Одоо ҮЗХ хуралдвал тэр асуудлыг оруулна. Ер нь аймаг, нийслэл, дүүргээр хэлэлцүүлэг хийгдээд, гишүүд саналаа илэрхийлж байна. Дэмжлэг сайн байгаа.

-ҮЗХ хэдийгээр хуралдах вэ?

-Ярьж байгаад л болно доо.

-Сүүлийн үед Сонгуулийн тухай хууль хэрхэн батлагдах нь анхаарлын төвд байна. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан намын бүлэг, байнгын хороодын хуралдаан дээр сонгуулийн 38:38 гэсэн системийг сонгох талаар нэлээд хүчтэй яригдсан гэсэн. Та үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?

Би бол одоогийн байгаа 26 тойргийг өөрчлөх хэрэггүй гэж үзэж байгаа. 26-г нэг мандаттай, нэг аймаг, нэг дүүргээс нэг хүн гардаг байхаар, үлдсэнийг нь хувь тэнцүүлснээр сонгоё гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхгүйгээр одоо тойргийг дахин өөрчилбөл тойрог жижгэрнэ. Арай хийж томруулсан 26 тойрог шүү дээ.

-Энэ 38:38 гэсэн хувилбар нь МАН-ынханд л ашигтай гэж зарим хүмүүс ярих юм?

-Сонгуулийн хууль хоёр намын хоёулангийнх нь зөвшөөрснөөр л гарна. Ийм хууль байвал манайх ялна, тэр нь байвал танайх ялна гэдэг тийм тооцооноос хандвал энэ хууль гарахгүй. Сонгуулийн хуулийг гаргах нь өөрөө чухал. 50:26 юу, 38:38 уу гэдгээсээ илүүтэйгээр сонгууль нь мөнгө төгрөгнөөс хол шударга байх ёстой. Сонгуулийн явцад мөнгө тараасан хүн нэрсийн жагсаалтаас хасагддаг байх, шийтгэл хүлээдэг байх гэх мэт олон зүйл байх ёстой. Ийм л зорилгоор хууль шинэчилж байгаа болохоос зөвхөн 50:26-г шийдэх гэж хууль шинэчлээгүй.

-Тэгвэл Ардчилсан нам, УИХ дахь АН-ын бүлэг сонгуулийн ямар системийг дэмжиж байгаа вэ?

-Манайх 26:50 гэдэг хувилбараа дэмжээд, гар өргөчихсөн.

-Өнгөрөгч долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Сонгуулийн тухай хууль ярих үеэр улс төрийн албан хаагч сонгуульд оролцохгүй байх гэдэг зүйл дээр таны байр суурь бусад гишүүдийнхээс нэлээд өөр байсан?

-Төрийн албан хаагч нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж явдаг түгээмэл алдаа байгаа. Тийм алдаа гаргасан хүнийг нэг жил төрийн албанд орох эрхгүйгээр ажлаас нь халах шийтгэл дэмжигдсэн. Би болохоор дөрвөн жил төрийн албанд авах ёсгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулийг өнгөртөл. Ер нь төрийн албан хаагчийг намаас тусгаарлаж байгаа бол тусгаарласан шиг л тусгаарлах ёстой. Аймгийн Засаг дарга нь нэр дэвшвэл Тамгын газрын даргаасаа авахуулаад дагаад давхичихдаг. Энэ бол маш түгээмэл үзэгдэл. Үүнийг таслан зогсоохын тулд ийм шийтгэлүүдийг бодож олох хэрэгтэй.

-Санал тоолох явцад автоматаар тоолчихоод, дараа нь дахин гараар тоолох ёстой гэж зарим гишүүд үзэж байсныг та юу гэж бодож байна?

-Дахин гараар тоолох нь утгагүй. Миний хэлсэн хэд хэдэн саналын заримыг дэмжсэн, заримыг нь дахин хэлэлцэхээр болсон. Тухайлбал, санал тоолохын хамгийн найдвартай аргыг бид сонгож авсан. Сонгогч саналаа өгөхдөө тоолуулчихаад гарчихна. Хэн нэгэн хүн саналыг тоолохгүй. Саналын хуудсыг скайнер руу хийхээр тоологдоод доош уначихаж байгаа юм.

Байнгын хорооны хуралдаанаас 20 цагт санал хаадаг санал дэмжигдсэн. Тэгэхээр 20:05 гэхэд сонгуулийн дүн гарчихна гэсэн үг. Гараар тоолох шаардлага байхгүй. Дээр хэлсэн саналын хуудас доош унахдаа зураг болж хувираад тэр зураг нь флашинд үлдчихнэ. Үүнийг бүх нэр дэвшигч, намд өгч болно. Хэрэв эргэлзэж байгаа бол өөрийнхөө компьютерт тоолоод үзэг л дээ. Тухайн иргэний хэний төлөө саналаа өгсөн нь хуулиар нууц. Харин тойргийн нийт хүн амын хэний төлөө санал өгсөн нь нууц биш.

Энэ шинэ технологийн ач холбогдол бол туйлын их. Үүнийг олон оронд ашигладаг. Харин анх удаа машин хэрэглэсэн Филлипин гэх мэт хэргээр машинаа эвдэлсэн тохиолдол байдаг.

-Булхайцах гэж үү?

-Эвдэлчихвэл гараар тоолно гэсэн заалт хуулинд нь байсан учир албаар эвдэлсэн байгаа юм.

-Магадгүй манайд тийм зүйл гарч болзошгүй?

-Тийм учраас машины тоолсон тооллого эцсийнх байна. Машинаар тоолсон бүх саналыг хүссэн хүн бүр авч болно гэж хуулиндаа оруулах гээд байгаа юм.

-Мөн тэр удаагийн хуралдаан дээр та цөөнх болно гэдгээ хэлж байсан. Ямар асуудал дээр цөөнх болох юм бэ?

-Сонгуульд нэр дэвшигчийг сонгууль болохоос нэг жилийн өмнөөс эхлэн ямар нэг үйл ажиллагааг ивээн тэтгэхийг хориглох тухай асуудал дээр цөөнх болсон. Манай бусад гишүүд хагас жилийн өмнөөс хориглох хэрэгтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс гэсэн үг. Энэ санал байнгын хороон дээр дэмжигдэж, би цөөнх болсон. Миний нэг жил гэдэг саналыг УИХ-ын чуулганаар дэмжчихвэл энэ жилийн наадмаар тийм асуудал гарахгүй байх нөхцөл бүрэлдэнэ. Тийм учраас чуулган дээр гишүүдийг ухуулна гэж бодож байгаа. Одоо наадам болохоор нэр дэвших гэж байгаа аймгийнхаа морь, бөхийг ивээн тэтгээд эхэлдэг. Сонгуулийн өмнөх жилийн наадмын шагнал замбараагаа алддаг шүү дээ.  Намар болохоор түлээ нүүрс үнэгүй өгдөг. Энэ заалт анх удаа манай Сонгуулын хуульд орох гэж байгаа юм.

Хэрэв энэ нь баталгаажчих юм бол иргэн Дорж энэ жилийн наадмыг ивээн тэтгэчихээд ирэх жил сонгуульд нэр дэвших гээд ирвэл нэрийг нь бүртгэж авахгүй байх эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд өгч байгаа юм.

-Сүүлийн үед бензиний хомсдлын асуудал нэлээд яригдах боллоо. Уг нь өөрсдөө нефть боловсруулах үйлдвэр барьчихсан бол ийм асуудал гарахгүй байх байсан гэж зарим хүмүүс ярих юм. Үнэхээр тийм боломж байсан болов уу?

-Бензиний асуудал бидний арчаагүйгээс л болж байгаа л даа. 2007 онд Дорнодод нефть гараад эхэлчихсэн. Үйлдвэр байгуулахад 5-6 сая ам.доллар л орох байсан болов уу. Тэгээд Зүүн гурван аймгийн хангачихаар жижиг үйлдвэр барьчихаж болох байсан. Гэтэл одоо болтол Монголын талд оногдож байгаа түүхий нефтийг гэрээ хийж, үйлдвэр байгуулах зөвшөөрлийг нь яам өгөөгүй байна. Монгол нефтийн үйлдвэртэй байхыг ЭБЭХЯ хориглож байна. Энэ барих гээд байгаа үйлдвэр нь олон сая тонн нефть боловсруулдаг том үйлдвэр биш Манай нөхцөлд бол нефть хаана байна түүнд нь таарсан жижиг үйлдвэрүүд байх нь тохиромжтой. Ингээд зохицоод яваад байж болох зүйлийг олон юм яриад одоо болтол зөвшөөрлийг нь өгөхгүй байна. Энэ зөвшөөрлийг нь өгдөггүй Д.Зоригт сайдыг огцруулъя гээд хоёр ч удаа санал оруулахад УИХ үгүй гэлээ. Тэгэхээр УИХ ЭБЭХЯ-ны явуулж байгаа монголд нефтийн үйлдвэр барихгүй гэсэн бодлогыг дэмжээд байна гэсэн үг. Тэгсэн учраас Засгийн газар ажлаа хийдэггүй сайдтай, түүний дүнд бид бензингүй  болсон хэвээр байна.

-Одоо тэгэхээр яах ёстой вэ?

-Зөвшөөрөл өгдөггүй сайдыг хөөж явуулах хэрэгтэй. Уг нь Монголд Нефтийн үйлдвэр барих шийдвэр гурван жилийн өмнө УИХ аас гарсан. Түүнийг биелүүлэх засаг л хэрэгтэй байна. Чадахгүй сайд нар нь зайлж байна биз. Чаддаг нь хийг л дээ. Тэгэхгүй хамтарсан Засгийн газар гэдэг бамбайгаар “ТЭЦ-5”-гүй байх хохирлыг бид амссан, одоо бензингүй гэдэг хохирлыг амсч эхэлж байна.

Т.ГЭРЭЛМАА