Ардын эрх 2011.05.30

УИХ-ын гишүүн З.Энхболдтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Сүүлийн үед авсан мэдээллээр намын бүл­гүүд сонгуулийн холимог тогтолцоог 24:52 гэдэг хувилбараар явуулахаар санал нэгдээд байгаа бололтой. Пропорциональ давамгайлсан байд­лаар анх оруулж ирсэн хуулийн төсөл яагаад ингэж ухрахад хүрэв ээ?

-Үгүй. Өчигдөр /өнгөрөгч пүрэв гаригт/ МҮОНТВ-ээр Сонгуулийн хуулийн шууд ярилцлага болсон. Түүн дээр манай намын байр суурийг УИХ-ын дарга Г.Батхүү их тодорхой хэлсэн шүү дээ, ямар ч 24:52 байхгүй гэж. Арай гэж томсгосон 26 тойргоос татгалзаж байхад түүнийг жижиглэх тухай яриа байж болохгүй шүү дээ. Тиймээс бид 26 мажоритари, 50 пропорциональ гэдэг анхныхаа байр суурин дээр байгаа. Хэдэн жилийн өмнө ч тийм л байсан.

-Намын бүлгээрээ нэг байр суурьтай байж чадаж байгаа юу?

-Чадаж байгаа.

-Түүнийг юугаар нотлох юм бэ? Гишүүд чинь санал хураагаад л шийдчихье, наана нь ярих шаардлагагүй гээд байна шүү дээ?

-Сонгуулийг шударга явуулна гэдэг систем болоод бусад олон зүйлээс хамаарна л даа. Яагаад 26:50 гэж байгаа нь ч бас учиртай, зүгээр нэг тэнгэрээс авчихсан тоо биш. Түрүүчийн сонгуулиар 26 тойрогт хуваасан, түүнээс болж өгвөл жижиглэхгүй томруулж, мажоритариа багасгаж, пропорционалиа ихэсгэхийг бол дэмжинэ.

-Гишүүн болгонд өөрийн эрх ашиг байна. Тийм учраас чуулган дээр орж ирээд кнопоороо шийдэхгүй бол бүлгийн юм уу, ажлын хэсгийн төвшинд байр сууриа нэгтгэж чадахгүй байна гэдгийг ажлын хэсгийн гишүүд яриад эхэлсэн шүү дээ?

-Манайх бол нэгдэж чадаж байгаа. Нөгөө намын хувьд бол хэцүү л байх шиг. Би сонгогдож чадах уу, үгүй юу гэдгээсээ илүү монголчуудад ямар сонгууль хэрэгтэй вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй л дээ. Тэгж харах юм бол 26:50 хамгийн зөв шийдвэр.

Д.Лүндээжанцан дарга бүлгийн хурал дээр ч юм уу, байнгын хороон дээр “МАН-ын 45 гишүүн бүрт нэг тойрог өгөхгүй бол холимог хувилбар чинь явахгүй шүү” гээд хэлчихсэн юм биш үү?

-Ажлын хэсгийн хамгийн сүүлчийн хуралдаан дээр лав тийм яриа болоогүй. Лүндээ өөрөө ирээ ч үгүй.

-Хэзээ?

-Байнгын хороо хуралдсан лхагва гаригийн үдээс өмнө ажлын хэсэг хуралдсан.

-Тоо руугаа хэзээ орох вэ, 24:52 уу, 50:26 уу гэдэг?

-Ирэх долоо хоногоос /энэ долоо хоног/ орно доо. Наадмаар баталчихна гэж үзээд тэр хугацаандаа л баригдаж ажиллаж байгаа.

-Ардчилсан нам нэг байр суурьтай байх ондоо. УИХ дахь олонхид 24:52, эсвэл 38:38 биш шүү гэдгийг итгүүлэхийн тулд ямар шахалт хийж байгаа юм бэ?

-Манай бүлэг цөөхөн гишүүнтэй учраас хувилбар бол илүү амар байгаа л даа. 27 гишүүн­тэй, 26 мажоритарийг дэмжиж байгаа. Нөгөө олон гишүүнтэй намд хэцүү байх шиг байна. Заавал мажоритари тойрогтой байж сонгогдоно, пропорциональ болохоор сонгогдохгүй гэсэн теорем байхгүй шүү дээ, энэ дэлхий дээр. Хүн өөрөө олон түмэнд эерэгээр танигдсан бол пропорциональ ч байна уу, мажоритари ч байна уу хамаагүй, гараад л ирнэ. Жижиг тойрогт мөнгө тараагаад, түүнийхээ хүчинд гарч ирнэ гэж буруу тооцоод байх юм. Мөнгө тараахыг хаах олон заалтыг шинэ хуулинд оруулж өгч байгаа. Өмнөх хуулиар мөнгө тараахыг зөвхөн сонгуулийн өмнөх нэг сарын хугацаанд хорьдог байсан бол байнгын хорооны сүүлийн хуралдаанаар “сонгуулиас өмнөх зургаан сард ямарваа нэг хэлбэ­рээр мөнгө тараасан хүнийг СЕХ бүртгэж авахгүй” гэдэг заалт оруулсан.

-Гарын бэлэг?

-Тэр болгоныг хориглож байгаа. 2008 оны сонгуулийг явуулсан хуучин хуулинд “Мөнгө эд бараа тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт, тааварт, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага цайллага зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах”-ыг сонгуулийн сурталчилгааны нэг сарын хугацаанд хориглосон байсан. Нэг сар нэг хоногийн өмнө бол болохоор байсан байхгүй юу. Одоо үүнийг ажлын хэсэг “Сонгуулийн жил эхэлснээс хойш буюу зургаан сарын хугацаанд хориглох”-оор өөрчилсөн. Би бол бүтэн жилийн хугацаанд хориглох саналтай байсан юм, хууль хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд ийм зүйл гарах юм бол нэр дэвшигчээр бүртгэж авахгүй гэж. Нэр дэвшье гэж бодож байгаа хүн бол аймаг, суманд очоод морь, бөхийн бай өгөөд явдаг. Тэр нь сонгуулийн өмнөх жил бага. Мотоциклоор байлж байсан уралдааныг машинаар байлаад л явчих юм бол тэр хүн нэр дэвших гэж байна гэж бодож болно. Тийм зүйл гаргахгүйн тулд их хэмжээний бэлэг сэлт авч өгөлцөж болдог биеийн тамирын уралдаан тэмцээн ивээн тэтгэдэг зүйлүүдийг хаахын тулд би “нэг жилийн өмнөөс хориглох” санал оруулсан. Байнгын хороо дэмжихгүй цөөнх болчихсон л доо. Гэхдээ чуулган дээр дахиж оруулж ирнэ.

-Дэмжигдэх болов уу?

-Жилийн өмнө морины бай өгнө л биз гэж хүмүүс бодоод байгаа юм. Түүнийг нь бүгдийг нь баримтжуулж аваад тэр хүн нэр дэвшихгүй бол ямар ч асуудал үүсэхгүй. Нэр дэвших гээд СЕХ-нд ороод ирэх юм бол “Та 2011 наадамд Өвөрхангай аймагт түрүүлсэн морийг машинаар байлсан нь Сонгуулийн хууль зөрчсөн байна” гээд бүртгэж авахгүй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм. Урьд нь цагаан сараар мөнгө тараасаар байгаад гарч ирж болдог байлаа шүү дээ, одоо бол хориглосон. Энэ нэг мөнгө гэдэг юмнаас сонгуулийг холуур байлгахгүй бол хүмүүс үзэл бодол, бодлогоо уралдуулж өрсөлдөхийн оронд хэн илүү мөнгөтэй нь ялдаг жишиг тогтчих гээд байна.

-Тэгээд сурталчилгааны ямар хэлбэрийг зөвшөөрөх вэ?

-Зөвшөөрөгдсөн хэлбэр бол хуулинд байгаа шүү дээ. Тэдэн хэвлэлийн хуудас танилцуулга, суртал­чилгаа тараах, тэдэн минутын радио, теле­визийн нэвтрүүлэг явуулах, сонгогчидтой биеэр хийх уулзалт гээд уламжлалт сурталчилгааны хэлбэрүүд бол бүгд зөвшөөрөгдсөн байгаа. Мөнгө­тэй нэр дэвшигч, мөнгөгүй нэр дэвшигч хоёрын шансыг адилхан болгохын тулд сурталчилгааны хэлбэр, хэмжээнүүдийг бүгдийг нормлож өгч байгаа. Мөнгөтэй байлаа гээд арав дахин их хэв­лэ­­мэл бүтээгдэхүүн тараах юм бол бас нэрийг нь татна, сонгуулийн жагсаалтаас нэрийг нь хасна.

-Тойргийн сонгогч юм уу, нутгийн иргэдээс “Миний хүүхэд ийм тийм хүнд өвчтэй, туслаач” гээд, түүнд нь зуучлаад гадагш эмчилгээ онош­ло­гоонд явуулах ч юм уу, эсвэл зардал мөнгийг нь хувиасаа гаргах тохиолдол байдаг шүү дээ. Түү­нийг бас хууль бус сурталчилгаа гэж үзэх үү?

-Нэг хүнд үзүүлэх тусламжийг бол тооцохүй л дээ. Олон нийтэд нөлөөлөхүйц, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, түрүүлсэн бөхөд “Ланд круйзер” авч өгөх бол тэр чинь сурталчилгаа болно л доо. Түүнээс биш ядарсан зүдэрсэн нэг хүнд туслахыг бол ойлгож болохоор.

-Та тийм туслалцаа үзүүлж байсан уу?

-Би ер нь эмнэлгийн туслалцаа үзүүлж байсан тохиолдол байхгүй дээ. Тийм гуйлт бол маш их ирдэг. Маш үнэтэй байдаг учраас үзүүлэх боломж­гүй л дээ. Эрүүл мэндийн яам руу бичиг хийж өгч байсан, тэр нь тус болсон эсэхийг мэдэхгүй.

-Гишүүдтэй уулзаж байхад “50:26-г бол дэмжих аргагүй ээ. Нэг хэсэг хүмүүс, намын удирдлагад ойрхон, нэр нөлөөтэй хэсэг нь зүгээр сууж байгаад намын нэрээр гараад ирдэг, нөгөө хэсэг нь торгуулийн суман гэдэг шиг танихгүй тойрог дээр очиж шатна гэж юу байсан юм” гэх хүн байна лээ…?

-Угаасаа жагсаалтыг өөд нь татаж санал авчрах бодитой улсууд бол тойрогт нэр дэвших хүмүүс байгаа. Тэр хүмүүс сайн байж нам илүү санал авна. Угаасаа холимог юм уу хувь тэнцүүлсэн сонгууль явуулдаг улс болгонд тийм яриа гардаг. Тэгэхээр намын жагсаалтад орсон хүмүүст ямар шаардлага тавих вэ гэдэг нь намын дотоод асуудал болчихож байгаа юм. Намын жагсаалтад орсон гээд тойрог руугаа очихгүй байхгүй шүү дээ, бас л тойргуудаа хувааж өгөөд явуулна, тэнд ажилласан ажил үнэлэгдэх ёстой. Нэр дэвшигчидтэйгээ адилхан зүтгэнэ. 50-д орсон, 26-д орсон ялгаагүй нэр дэвшигч. Саналын хуудсанд 50 хүний нэр бичнэ, гэхдээ хүнд санал өгөхгүй намд өгнө. Намд санал өгөхийн тулд тэр 50 хүний нэрийг харж байж өгнө. Тэгэхээр ялгаагүй нэр дэвшигч болгонд хүлээсэн үүрэг хариуцлага байгаа. Намын жагсаалтад орсон хүн зүгээр сууж байгаад гарч ирнэ гэсэн ойлголтыг алга болгох нь намын өөрийнх нь ажил.

-Тэгээд тойрогт нэр дэвшсэн, на­мын листэнд бичигдсэн хоёрын аль нь намаа чирж явна гэсэн үг вэ?

-Тойрогт нэр дэвшсэн хүн бол мэдээж илүү ачаалал үүрнэ. Нэр дэвшигч ч сайн бол намыг нь дагуулаад зурна, муу байх юм бол нөгөө намыг нь зурна. Гер­манд бол тэгдэг л юм билээ. Хүн, нам хоёрыг заавал адилхан зура­хыг шаарддаггүй. Германы Бун­дестаг чинь 300, 300-гаараа нэг нь жаг­саалтаар, нөгөө нь нэг мандаттай тойргоос сонгогддог. Нэг мандаттай тойргоос гарч ирсэн нь ам нь хала­хаараа “Би чамайг бодох юм бол өөрийнхөө хүчээр гарч ирсэн, чи бол намын жагсаалтад нуугдаж гарч ирсэн” л гэж ярьдаг. Гэхдээ хууль зүйн хувьд бол тэр хоёр гишүүний бүрэн эрх ав адилхан. Тэглээ гээд холимог тогтолцооноос татгалзах үндэслэл байхгүй л дээ.

-Би махаа идэж, мөнгөө ша­тааж байж гарч ирсэн одоогийн тойр­гийнхоо төлөө кноп дарна гэж байгаа гишүүд холимгийг ч гэ­сэн унагаачих юм биш үү?

-Харин тэгээд хуучин тойр­гийнхоо л төлөө ажиллаг. Тэгэхээр нь нөгөө 26 мажоритари чинь үлд­чихнэ шүү дээ. Тийм учраас ма­най бүлэг дээр 26 мажоритари, 50 пропорциональ дэмжлэг авсан. Гэтэл манай 27 гишүүн улс даяар нэг нэг тойргоос гараагүй шүү дээ, Ардчилсан намын гишүүнгүй тойрог бас байгаа. Түүнийг яах вэ гэдэг ахиад манай намын хувьд асуудал болж байна. Тэглээ гээд бид сонгуулийн шинэчлэлээс татгал­захгүй. Яагаад гэвэл сонгуулийн реформ хийх нь улс оронд хэрэгтэй, зөвхөнд Ардчилсан намд биш. Ардчилсан намын эрх ашиг улс орон, сонгогчдын эрх ашгийн дараа хамгийн сүүлд л явж байгаа шүү дээ. Тэгэхгүй манай нам яах вэ, би яах вэ гэж бодоод байх юм бол сонгуулийн реформыг хийж чадахгүй. Ирээдүйн их хуралд ард түмэн илүү итгэдэг, сонгууль болсны маргааш сонгогчид хараад “Нээрээ, миний сонгосон хүн тэнд явж байна даа” гэж боддог байх нь бидний нэг номерийн зорилт. Мажоритари системийн хам­гийн муу тал нь дөнгөж 51 ху­вийн санал авсан хүн 100 хувь төлөө­лөөд явчихдаг, үлдсэн 49 хувь нь төлөөлөлгүй үлддэг. Тийм учраас цэвэр мажоритариас тат­галзья, манайх шиг хөгжлийн төв­шинтэй улс заавал холимог, эс­вэл пропорциональ сонгуультай байх ёстой гэдэг дүгнэлтэд гурван жилийн өмнө хүрсэн шүү дээ.

-Тэгвэл 24:52 гэдэг чинь зөв­хөн МАН-ын төвшинд гарч бай­гаа санал гэсэн үг үү?

-Тийм. ИЗНН бол аль болох олон суудлыг хувь тэнцүүлж оруу­лах сонирхолтой байгаа юм билээ.

-Тэгвэл УИХ-д олонхи байгаа МАН-тай яаж хэл амаа ололцох юм бэ? Цаадуул чинь кнопны тоогоор асуудлаа шийдчих гээд байгаа юм биш үү. Намын удирд­лага, бүлгийн төвшинд хийж байгаа яриа хэлцэл байна уу?

-Намын бүлэг гэж байгаа бол ямар нэг бодлоготой л байх ёстой шүү дээ. Тэр бодлого нь ямар байх вэ гэдэг дараагийн асуудал. Ямар ч нэгдмэл бодлогогүй, 45 инди­видуаль гишүүн байна гэх юм бол намын бүлэг гэж нэрлэгдэхээ болих хэрэгтэй. Бодлогоо гаргаж, түүнийхээ төлөө цуглаж хуралддаг, олонхи цөөнхөөрөө шийддэг л ардчилсан зарчим байгаа шүү дээ.

-Тэгвэл энэ тоон дээрээ цуг­лаж ярьсан удаа байна уу?

-Тоог ярих цаг нь бол болчихоод байгаа юм. Тооноос бусад зүйл дээ­рээ санал хураагаад яваад байгаа. Бид бол ажлын хэсгийнхээ төвшинд ярина. Ажлын хэсэгт байгаа хүмүүс цаашаа бүлэг дээрээ очиж ярих ёстой. Бүлэг нь цаашаа Удирдах зөвлөл дээрээ ч юм уу.

-Ажлын хэсэг тэгээд ямар са­налтай байгаа юм бэ? Анх оруулж ирсэн 50:26 чинь хэвээрээ юу, эсвэл намын бүлгүүдээс шахалт ороод өөрчлөгдөөд байна уу?

-Тэрийг бол Төрийн байгуулал­тын байнгын хороон дээр санал ху­раах үед л харахаас биш, түүнээс наана ярьсан зүйлүүд ажил биш болно.

-Намын дарга нар байр суу­риа хэлэхгүй байна, хэлчихвэл ажил явлаа гэж Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн шүү дээ?

-Манайх бол тодорхой байгаа. Систем чухал, гэхдээ системээс илүү чухал маш олон шинэлэг санаа­нуудыг хуулинд оруулж бай­гаа. Бусад улс орнуудын олон жил зовж байж тэр зовлонгоосоо анги­жирсан арга технологиудыг хуу­линд оруулж ирсэн. Хамгийн наад зах нь саналын хуудсыг яаж хэс­гийн хороонд хүргэх вэ гэдэг бай­на. Одоо манайд нэг нэгээр нь салгачихсан хуудсууд бай­гаа. Шинэ хуулиар дэвтэрлэсэн хуудастай болно. Нэг нэгээр нь урж авна. Санал тоолохдоо үлдсэн хэс­гийг нь хараад, тэдээс тэд дугаар­тай хуудас тэр хэсэг дээр байгаа гээд гаргаад ирэхэд яг таарч байх ёстой. Энэ мэтийн инновацийг /ши­нэчлэл/ зөндөө хийж байна. Мөн­­гө тараах дээр ч гэсэн хуулийн ха­риуцлагуудыг нь маш ойлгомжтой бол­гож байна. Захиргааны хариуц­лага уу, эрүүгийн хариуцлага уу, нэр­сийн жагсаалтаас хасах уу, хариуц­лагыг хэн хэзээ оногдуулах юм гэх мэтчилэн. Сонгуулийн явцад гаргасан зөрчлүүдэд улаан, шар карт өгнө, хоёр шар карт авбал улаан болно, хөлбөмбөгийн дүрэм шиг. Мөнгө тараасан байхад үнэхээр өөрөө тараасан уу, өрсөлдөгч нь хорлох гээд тараасан уу гэдэг дээр мөрдөн байцаалт явуулахад цаг ордог учраас олон улс оронд картыг бодож олсон байна. Улаан карт авсан хүн сонгуулиар сонгогдсон ч гэсэн тангаргыг нь өргүүлэхгүй байж байгаад мөрдөн байцаалтыг шуурхай явуулаад тог­тоох ёстой.

-Хэрвээ тогтоогдвол арынх нь хүн орж ирнэ гэсэн үг үү?

-Намын жагсаалтаар орж ирсэн хүн бол арынх нь хүнийг оруулна. Тойрог дээр нэр дэвшсэн бол дахин сонгууль явуулахаас өөр аргагүй.

-Сонгууль өгөхгүй бол эрх орны хишиг өгөхгүй гэж танай на­маас санал гаргаад байгаа гэ­сэн, энэ нь хэр зөв юм? Уг нь ир­гэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэдэг чинь сонгохгүй байх ч гэсэн эрхтэй гэсэн үг биз дээ?

-Сонгууль өгөх нь иргэний үүрэг. Үүргээ биелүүлэхгүй бол да­раа­гийн сонгууль хүртэл эх орны хи­шиг авахгүй гэсэн үг. Австрали, Тай­ланд улсад бол торгож байна. Бид торгож хүндрүүлээд яах вэ, байгалийн баялагт оролцох оролцоог нь дараагийн сонгууль хүртэл хаая гэдэг дээр санал нэгдсэн. Хүмүүс “миний сонгох гэсэн хүн байх­гүй учраас би сонгохгүй” гэ­дэг. Түүнд нь зориулаад бүх нэр дэв­шигчдийн хамгийн ард “дээр дурд­сан дэвшигчдээс хэнийг нь ч дэмжихгүй” гэдэг нэг сонголт үл­дээе. Өөрөө заавал ирж төр улсаа бай­гуулахад оролцох нь иргэний үүрэг. Энэ үүргээ биелүүлэхэд чинь саад болоод байгаа хэн нэг нэр дэв­шигчийг намын нэрийн өмнөөс тулгаж байгаа бол түүнийг болъё гэсэн үг. Орост саналын хуудсан дээр “Против всех” гэж байдаг, түүнийг шинээр оруулж байна. Энэ нь сонгуулийн талаар маргаан гаргахыг хааж байгаа, “Чи нэгэнт оролцоогүй юм бол ямар маргаан байдаг юм” гэсэн үг. Дээр нь сонгуульд оролцоогүй хүмүүсийг төрийн албанд авахгүй гэж байгаа. Ингэж байж ирцээ сайжруулахгүй бол сонгууль олон дахих аюул байна.

-“Против всех” гэдэг заалт чинь тэгээд байнгын хорооноос дэмж­лэг авсан уу?

-Санал хураалтад бэлтгэчихсэн байгаа. Ажлын хэсэг дэмжинэ байх гэж найдаж байна, манай бүлэг дээр бол дэмжлэг авсан. Сонгох, сонгогдох нь хүний эрх. Гэхдээ төр­тэй байх, төрөө байгуулах нь бас тэр хүний үүрэг байхгүй юу. Шинэ хуулиар нэг өдөр, нэг зэрэг бүх шатны сонгуулийг явуулна. Тийм учраас дөрвөн жилдээ нэг л удаа ирж УИХ, аймаг, сумын ИТХ-аа сонгочихно. Үндсэн хуулиа өөрчилж чадах юм бол багийн Засаг даргаа сонгочих юм. Маш их мөнгө хэм­нэсэн сонгууль болно. Д.Энхбат ги­шүүн бас нэг санал хэлсэн, би түүнийг дэмжиж байгаа. Мөнгөтэй, мөн­гөгүй хоёр нэр дэвшигчийн хооронд ялгаа гараад байна шүү дээ. Үүнийг жигдлэхийн тулд нэг намаас УИХ, аймаг, сумын ИТХ, багийн Засаг даргад нэр дэвшиж байгаа дөрвөн хүнийхээ намтрыг нэг ижил өнгө, хэмжээтэйгээр брошюр болгож хэв­лээд саналын хуудас яаж бөглөх заавартайгаар нэг дор өгчих юм бол нэр дэвшигчээс гарах зардал буурна. Түүнийг нь улсын зардлаар хэвлээд өрх бүрт тараачих хэрэгтэй гэх мэтээр сонгуулийн зардлыг буу­руу­лаад нэр дэвшигчид жинхэнэ бод­лого, үйл ажиллагаа, үзэл бод­лоороо өрсөлдөх боломжтой болгох нь энэ хуулийн бас нэг зорилт юм.

-Сонгуулийн зардлыг яг боди­тойгоор тооцсон тооцоо, су­дал­гаа байна уу? Өнгөрсөн удаа намуудаас гаргаж өгсөн тайлан­гаас арай өөр, илүү бодитой тоо­цоо гэсэн үг л дээ?

-Намуудын тайлан чинь нэр дэв­шиг­чийн тайланг нэгтгэсэн нийл­бэр байхгүй юу. Манай на­мынх бол зөв гарсан, МАХН-ынх худ­лаа гарсан. Нэг нэр дэвшигчид оногдох зардал арван хэдхэн сая төгрөг гарсан байх жишээтэй. Уг нь СЕХ манай Өвөрхангай аймагт гэхэд нэг нэр дэвшигчийн гаргаж бо­лох зардлын дээд хэмжээг 110 сая төгрөгөөр тогтоож өгч байсан. Той­рог томорсон учраас 18 сум 100 гаруй багаар орно гэж тооцоход зөв­хөн бензинд гэхэд хангалттай их мөн­гө гардаг юм билээ. Зардлыг тай­лагнах, хандив цуглуулах энэ бүх зүй­лийг дахиад л бас нарийвчилж өгч байна л даа.

-Орон нутаг УИХ-ын сонгуу­лийг нэг дор явуулах нь үнэн үү, 2012 онд хэрэглэх зарим заалтыг ух­раах санал МАН-аас гараад бай­гаа гэсэн биш үү?

-Хууль нь батлагдчихсан шүү дээ, 2007 онд. Манай намын бүл­гийн бууж өгч болохгүй бас нэг зүйл энэ. Бид дөрвөн жилдээ нэг л удаа саяын миний хэлсэн гурван сон­гуулийг нэг зэрэг явуулж чадах юм бол маш их ач холбогдолтой. УИХ, аймаг, сум, тэгээд багийн дар­гын сонгууль.

-Тэгвэл нэг сонгогч нэлээн хэ­дэн цаг сонгууль өгөх болох нь дээ?

-Ямар ч хүндрэл байхгүй. УИХ-ын төвшинд санал болгож бай­гаа 50:26 гэдэг хувилбараа яг тэр хэ­вээр нь аймаг суманд проекцоор нь буулгаад тавьчихаж байгаа юм. Багийн Засаг даргад нэр дэвшүүлнэ гэвэл Үндсэн хуулинд өөрчлөлт хийх болж байгаа. Үндсэн хуулинд багийн иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлнэ гэж байгаа. Багийн иргэдийн нийтийн хурал гэдэг нийт сонгогчид биш гэж хүмүүс маргадаг. Багийн даргад нийт сонгогчдоосоо нэр дэвшдэг байх нь өөрөө их чухал, улс төрийн намууд нэр дэвшүлэхгүй ч байсан болно. Үндсэн хуулинд ч заавал нам дэвшүүлнэ гэсэн заалт байхгүй. Үндсэн хуулинд өөрчлөлт хийсний дараа багийн дарга, сум, аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн гэсэн дөрвөн хүнийг л нэг сонгогч сонгох ёстой. Сонгууль өөрөө их хял­бархан болж байгаа.

Гадаадад байгаа хүмүүсийн са­налыг авья. Пропорциональ суу­дал 50 байгаа учраас гадаадад бай­гаа сонгогчид УИХ-ын 1/3-д нь нөлөөлөх боломжтой гэсэн үг. Яагаад пропорционалийг 2/3, мажо­ритарийг ½ байлгая гээд бай­гаагийн учир их олон зүйлд бай­на. 50 дотроо нөгөө жендерээ оруу­лья, эмэгтэйчүүдийн тоог УИХ-д нэммээр байна. Улс нэг той­рог болсон тохиолдолд намууд бод­логоор жагсаалтын дээгүүр эмэг­тэйчүүдээ оруулж өгөх юм бол тэр чи­гээрээ орно. Нам болгонд эхний аравтаа тэдэн эмэгтэй оруул гэдэг үүрэг өгч болно шүү дээ, эхний арав зайлшгүй УИХ-д орох учраас. Ард­чилсан намын пропорциональ нь 2/3 байг гэдэг бодлогын цаана олон юм байгаа. Бид зүгээр нэг тоо тэнгэрээс аваагүй, өмнөх сон­гуулиудад технологийн хувьд хийж болдоггүй байсан олон зүйлийг хийх боломжтой болно. МАН-ын яриад байгаа 24:52 гэдэг чинь 1/3-ээс ч бага болох гээд байна шүү дээ.

-Гадаадад байгаа хүмүүсийн саналыг яаж авах юм бэ?

-Интернэтээр юм уу, утсаар са­нал авна гэж байхгүй. Монголд сон­гууль яаж явдаг вэ тэр л хэлбэрээр явна. ЭСЯ дээрээ очиж сонгуулиа өгнө. Тийм учраас одоо гадаадад бай­гаа хүмүүсийн бүртгэл, хурууны хээг аваад эхэлчихсэн гэх мэтчилэн жи­жиг юм шиг боловч маш олон шинэч­лэлийг хуулинд хийж байгаа. Саналын хуудсыг дэвтэрлэнэ гэхэд л их жижиг асуудал мэт хэрнээ сонгогч өөрөө санал хураалтын яв­цыг хянах боломжтой болчихож бай­гаа юм. Машинаар тоолно, ма­шины санал эцсийнх байна гэд­гийг байнгын хороо дэмжчихсэн. Са­нал хураах поцоесс 20 цаг гэ­хэд автоматаар зогсоно, 20 цаг 05 минут гэхэд санал хураалтын дүн гарчихна. Сонгуулийн ажил өөрөө их ил тод болно гэсэн үг. Хурууны хээтэй иргэний үнэмлэх, санал тоолох машин, бүртгэлийн компьютер гурав нийлээд өмнөх сонгуулиар гарч байсан олон будилаан алга болно. Сонгогчийн нэрсийн бүртгэлийг зөвхөн иргэний бүртгэлийн байгууллага хариуцаж хийнэ. Улс төрийн албан тушаалтан Засаг дарга нар өмнө нь хийж, өөрийнхөө намын хүнийг оруулдаг, хүний намын хүнийг оруулдаггүй жагсаалт үйлддэг байсан бол одоо хүн болгон өөрийнхөө хая­ган дээр хурууны хээтэй үнэм­лэхээрээ сонгуульд орно. Нэрсийн жагсаалтын задгай гэдэг ойлголт байхгүй. Компьютер дотор өөрийн­хөө хаягийн дагуу орсон бол сонгууль өгнө, ороогүй бол өгөхгүй. Бүргэлийн ажил энэ жил хийгдэж дуусах ёстой. Хүн амын бүртгэлээс сонгогчийн нэрсийн жагсаалтыг автоматаар салгаж авна. Санал авах өдөр сонгуулийн жилийн сүүлчийн долоо хоногийн лхагва гариг байна. Ажлын өдрийг амралтын өдөр болгоод бүх захуудыг хаана. Зөвхөн энэ өдөр ирж саналаа л өгцгөөнө.

-20 цагт амжих уу?

-Амжихаар бодож санал авах хэсгийн тоог нэмсэн. Нэг хэсэг дээр 6000 сонгогч санал өгдөг байсныг 1200 болгож бууруулсан.

-26 тойргоо бас хүн амын тоогоор тэнцүүлэх үү?

-Тэнцүүлэхгүй. Яагаад гэвэл 26 чинь орон нутгийн төлөөлөл, хуучин тойргоороо явна. Хүн амын тооны олон цөөнийг тохируулдаг зүйл чинь өөрөө пропорциональ сон­гууль. Олон хүнтэй хотынхон 50-ийн жагсаалтад илүү нөлөөлнө гэсэн үг.

-МАН-ынхан одоо хүртэл 24:52-ийг зүтгүүлж байгаа шалт­гаанаа “иргэдийн шууд сонгох эрхэд халдахгүй байх”-аар шал­таг­лаж байгааг та мэдэх үү?

-Шууд гэдэг нь сонгогч миний өгсөн саналын дүнд УИХ бүрэлдэх ёстой гэсэн үг. Шууд бус гэдэг нь би саналаа өгнө, тэр саналыг өөр хүн төлөөлж цаашаа санал өгдөг хэлбэрийг хэлж байгаа юм. Би ИТХ-ыг сонгоод, ИТХ миний өмнөөс Засаг даргыг сонгодог тэр хэлбэр. Германы Үндсэн хуулийг үзээрэй, яг манайх шиг шууд сонгох заалттай. Гэхдээ 50 хувь пропорциональ, 50 мажоритариар сонгоод яваад болоод л байна.

-Тэгээд үүнийгээ ядаж УИХ-ынхаа төвшинд нэг мөр ойлголттой болж, нэг үгээр ярьж яагаад болдоггүй юм уу?

-Гишүүд бүгд нэг үгээр ярьж, ойлгож байгаа. Ганцхан улс төрийн зорилгоор гадагшаа өөр өөрөөр тайл­барлаад байгаа болохоос биш.

-Ардчилсан намыг Засгийн газ­раас гаргах эсэх асуудал юу бол­сон бэ? Мөрийн хөтөлбөрийн хэ­рэгжилтийг яагаад одоо болтол хэ­лэлцэхгүй, дүгнэхгүй байгаа юм?

-Мөрийн хөтөлбөрийн биелэл­тийг УИХ-аар хэлэлцэх хугацааг УИХ-ын удирдлага хойшлуулаад бай­­на л даа. Гэхдээ манай намын бүл­гийн хэлэлцэх асуудлыг жаг­саалтад орсон байгаа. Ирэх даваа га­ригт/өнөөдөр/ хэлэлцүүлэхээр ху­ваарьт оруулсан байна лээ.

-Ажлын хэсэг тэгээд ямар дүг­нэлт өгсөн юм бэ?

-Хангалтгүй дүн тавиад өг­чихсөн. Мөрийн хөтөлбөрийн бие­лэлт муу, зарим зүйл нь тасарсан.

-Хангалтгүй ажилласан Зас­гийн газрыг тэгээд яах ёстой юм, толгойг нь илээд явуулаад байх уу?

-Хангалтгүй ажилласан Зас­гийн газрыг яах вэ гэдгээ одоо бүл­гийн хурал дээр ярих гээд хүлээж байна. Э.Бат-Үүл жишээ нь ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлээд Засгийн газ­раас гарья гэсэн санал хэлж байна лээ.

-Хэрвээ Ардчилсан нам зас­гаас гарвал 2012 онд үсгүй ялаг­дана даа гэж МАН-ын нэг сайд ярьсан байна лээ?

-Ч.Хүрэлбаатар уу? /инээгээд/ Ар­гаа барсан хүний л яриа байна. Гар­лаа гээд тэд яах юм.

-Гэрээгээ зөрчсөн, замын дун­даас буцсан гээд л араас нь баахан чулуу шиднэ биз. Зүгээр ч нэг явуулчихгүй байх аа?

-Яршиг л байна.

-Танай сайд нар ямархуу байр суурьтай байна?

-Гарна аа л гэж байна лээ, ажил нь явахгүй байгаа юм чинь. Бүтэж байгаа юм алга шүү дээ.

-Нийслэлийн давж заалдах шат­ны шүүх Ч.Сангарагчаагийн ялыг хэвээр баталлаа. Гэвч УИХ-ын удирдлага түүний орны хү­нийг дахиад л томилохгүй бо­лолтой. Шүүхийн эцсийн шийд­вэрийг хүлээх гэнэ?

-Яаж байгаа юм, тийм зүйл байх­гүй шүү дээ. Дураараа юм бо­лох нь л дээ. Шүүхийн шийдвэр гэ­дэг хязгааргүй үргэлжлээд байдаг юм биш шүү дээ. Аль ч шүүгчээс очоод асуугаарай. Шүүхийн шийд­вэр эцэслэн гарсан гэдгийг хэ­зээнээс тооцдог юм бэ гэж.

-Шүүхийн тогтоол бичгээр гарс­ны дараа буюу шүүх хурлаас хойш 7-14 хоногийн дараа юм биш үү?

-Үгүй. Давж заалдах шийдвэр гар­сан өдрөөс тооцож байгаа. Дава­хаас хойшоо бол хууль буруу хэ­рэглэж үү, шүүгчийн алдаа гарч уу гэдгийг л хянадаг юм. Түүнээс биш Сангарагчаа буруутай, буруу­гүйн тухай ярьдаггүй. Тэр этап нь дууссан, одоо бол баяртай д байх­гүй юу.

-АТГ-ын даргыг шинээр то­ми­лох хугацаа тэгвэл яг одоо юм уу?

-Тийм, яг одоо. Анхан шатны шийдвэрийн дараа би юм ярихгүй байсан нь тийм учиртай. Хянуулах хүсэлт бол бүтэн жил үргэлжилж болно, тэр нь сонин биш. Томилгоо хийчихсэний дараа ч хянаж бол­но. Гэхдээ шүүхийн шийдвэр өөрч­лөгдөхгүй. МАН-ынхан бол бүтэн жил хүлээх нь л дээ. Их л айж байгаа юм байна.

-Тэгээд үүнийг одоо хэн шаар­дах ёстой юм бэ, УИХ-ын удирдлагууд дуугарахгүй байхад?

-Бид ирэх долоо хоногт /энэ долоо хоногт/ бүлэг дээр ярина, тэ­гээд саналаа УИХ-ын даргад хүр­гүүлнэ дээ. УИХ бодвол Ерөн­хийлөгчийг хүнээ оруулж ир л гэнэ биз.

 

Б.СЭМҮҮН