Улс төрийн тойм 2011 оны 5 дугаар сарын 17

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.

– УИХ Засгийн газарт хяналт тавьж чадахгүй байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хоёр дахь удаагаа хаацайлж үлдсэнээр баталлаа. Харин та юу гэж бодож байна вэ?
– Зүй нь Д.Зоригтыг сайдын суудлаас нь огцруулаад ажил хийдэг хүнийг сайдаар томилох ёстой байсан юм. Гэхдээ тэгж чадсангүй. Д.Зоригтод Ардын намынхан болон манай намын “огцруулахгүй” гэсэн гишүүд өртэй л юм байна л даа. Үнэндээ Д.Зоригтын хариуцсан ажлаас бүтсэн зүйл байхгүйг бүгд л мэдэж байгаа. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ч тэр нь УИХ-ын тогтоолоос зөрж баталсан гэрээ. Тухайлбал, нөхмөгц гэдэг үгийг 30 жил гэж тэд ойлгосон. Нөхмөгц гэдэг үг чинь нөхсөний маргааш гэсэн үг шүү дээ. Үүгээр ч зогсохгүй дулааны V цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр бариагүй байна. Мөн эргэлтэд орох ёстой стратегийн ордуудаас  УИХ-д оруулж ирж, тодорхойлуулсан тохиолдол нэг ч байхгүй шүү дээ. Гэтэл сайдыг томилох эрхтэй УИХ маань ажлаа хийгээгүй сайдыг огцруулах үүргээ биелүүлэхээ больсон гэдгээ хоёр дахь удаагаа нотолчихлоо. Үүргээ биелүүлэх гэхээр “Хамтарсан Засгийн газар уначихна” гэх юм. Хамтарсан Засгийн газар байх нь сонин юм уу, дулааны V цахилгаан станц барих нь чухал юм уу. Миний хувьд ард иргэд, улс орны эрх ашгийн үүднээс  дулааны V цахилгаан станц барьж, стратегийн ордууд хөдөлгөөнд орох нь чухал гэж бодож байгаа. Энэ хоёр намын хувьд Д.Зоригт гэдэг хүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байх нь ард түмний болон улс орны эрх ашгаас чухал байгаа гэдэг нь л үүгээр харагдаж байна.

– Д.Зоригт сайдыг огцруулж хариуцлага тооцох цаг хугацаа байхгүй. Харин үүнийх нь оронд ажлыг нь шахаж хийлгэх ёстой гэсэн байр суурийг олонхи гишүүн баримталж байсан?
– Ямар ч мэдлэггүй, чадваргүй хүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болгосон. Д.Зоригт бол дипломатч хүн юм байна билээ. Гэтэл тийм хүнд эрдэс баялаг, эрчим хүч гэсэн том салбарыг хариуцуулчихсан. Нөгөө нөхөр нь цахилгаан яаж үйлдвэрлэдгийг мэдэхгүй. Дээр нь мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг тоодоггүй. Хүнд сурталтай нэгэн. Тухайлбал, 2008 онд дулааны V цахилгаан станц барих шийдвэр гарсан байхад тухайн ондоо хүнд суртлын ажлаа дуусгаад бэлтгэл ажлуудыг нь хангаж байх ёстой байсан юм. Дулааны цахилгаан станц барина гэдэг дэлгүүрийн лангуунаас ямар нэгэн бараа худалдаж авна гэсэн үг биш шүү дээ.

Хэрэгтэй эд ангийг нь үйлдвэрлэх захиалга өгөөд тэр нь ороод ирчихсэн. Барилгын ажлыг нь эхлүүлж байх цаг хугацааг алдсан. Ердөө л зөвшөөрлийн ажил дээр л гурван жил ноцолдож байгаа байхгүй юу. Эрдэс баялаг гэж явсаар байгаад цахилгаан эрчим хүчний салбарыг үндсэндээ мартсан шүү дээ. “Эдийн засаг сэргэхээр цахилгааны хэрэглээ өсч байгаа. Энэ их хэрэглээг хангах талаар одооноос боддог юм” гэж хоёр жилийн өмнө би хэлж л байсан. Тухайн үед мань хүн ойлгоогүй, одоо ч гэсэн ойлгоогүй л явж байна. Хэл судлаач, дипломатич мэргэжлийн хүн үүнийг ойлгоход хэцүү л дээ. УИХ-д надтай нийлээд  эрчим хүчний салбарын 10 гаруй инженер байгаа. Бид энэ салбарын зовлон, бэрхшээлийг ямар нэгэн хүний үгээр биш өөрсдийнхөө туршлагаар мэдээд хэлээд байгаа байхгүй юу. Тухайлбал, улс орны хөгжил ирээдүйд ямар байх вэ гэдэг тооцооноос цахилгаан эрчим хүчний төлөвлөлт нь үргэлж түрүүлж байх ёстой юм. Гэтэл манайд эрчим хүчний хомсдол Засгийн газрын тооцоолж байгаагаас хурдтайгаар үүсээд өндөр үнээр эрчим хүч импортолж байна. Уг нь УИХ бодлогоо гаргахдаа зөвхөн дулааны V цахилгаан станцын тухай яриагүй. Говийн бүсэд 500-600 мегаваттын хүчин чадалтай станц барина гэж байсан. Гэтэл салбарынх нь сайд одоо болтол зөвшөөрлийг өгдөггүй. Тийм болохоор л Оюутолгой 220-ийн шугам бариад хятадаас нэг киловатт эрчим хүчийг 15 цент буюу дотоодын үнээс хоёр дахин өндөр үнээр импортолж байна шүү дээ. Гэтэл тэнд байгаа эрчим хүчний хэрэгцээг станц бариад, экспортолж болохгүй эрчим хүчний нүүрсийг ашиглан Оюутолгой, Тавантолгойг хангах бүрэн бололцоотой. Түүгээр ч барахгүй илүүдэл эрчим хүчийг нь төвийн эрчим хүчний сүлжээ рүү өгөх шийдвэрийг 2004-2008 оны УИХ-ын үед л гаргачихсан байсан.

– Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг дахиж сөхөх тухай яриа байгаа. Огцрууллаа гэхэд дараа нь ямар хүн Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг хариуцах юм. Энэ богино хугацаанд түүний хийгээгүйг хийж амжих уу?
– Дараагийн хүнийг Д.Зоригтын хэмжүүрээр хэмжиж болохгүй шүү дээ. Наад хүн чинь эрчим хүчний талаар юугаа ч ойлгохгүй байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ хийнэ гэж явахаас хамаагүй өөр ажил байхгүй юу. Ямар сайндаа л УИХ-д байгаа эрчим хүчний инженерүүд нийлж байгаад эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох УИХ-ын тогтоол баталж өглөө шүү дээ. Үүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам хийгээгүй. Гишүүд өөрсдөө санаачилж, боловсруулаад гаргасан. Үүний дагуу хэдэн жилийн дараа цахилгаан эрчим хүч өөрийн өртгөөр борлуулагддаг, ашигтай бизнес болж хувирах ёстой. Энэ мэтээр эрчим хүчний салбарт хийх ёстой маш их ажил байхад Эрдэс баялаг, эрчим хүчний яам эрчим хүчийг бүрмөсөн хаяад байна. Тиймээс энэ салбарыг мэддэг. Мэддэггүй юм аа гэхэд хүний үгийг авдаг хүн энэ салбарын сайдаар томилогдох ёстой. Тэгж байж энэ салбарт гацсан олон асуудлыг шийдэхгүй бол гурван жил хүлээгээд ямар ч үр дүн гарсангүй. Маш олон тогтоол дугаар, дугаараараа шийдэгдээгүй. Улаанбаатарын утааг бууруулах нэг гарц нь цахилгаан. Цахилгаанаар айлуудыг халаах гэхээр хүчин чадал нь хүрэхээ больчихсон л байдалтай байна даа.

– УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хамтарсан Засгийн газарт “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсний дараа Д.Зоригт сайдыг огцруулах тухай дахин ярих болсон. Тухайн үед үүнийг Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах эхний алхмаа хийж байна гэж дүгнэж байсан. Гэтэл Ардчилсан намын бүлгийн хурал дээр энэ асуудлыг дэмжээгүй. Үүнийг цаагуураа намаа хамгаалах үйлдэл ч байж болох юм гэсэн таамаглал бий болоод байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
– Одоо бол Засгийн газрыг хамтарч байгуулсан уу, үгүй юу гэдгээс үл хамаараад УИХ  л үүргээ биелүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Намчирхах, дов жалгын үзэл гаргадаггүй УИХ гэдэг байгууллагын үндсэн ажил үнэхээр үгүйлэгдэж байна. УИХ гэдэг байгууллагын гаргасан бодлогуудаас хэрэгжсэн нь байхгүй байхад энэ сайдыг дахиад ажиллуулъя гэж байгаа нь УИХ-ын алдаа байхгүй юу. Хэрэв хэрэгжсэн байвал яриад байх зүйл байхгүй шүү дээ. Сайд яах гэж сайдын суудалд суудаг вэ гэхээр ажил хийх гэж очдог. Гэтэл УИХ-ын гишүүн сайд байхаар ажил хийхгүй байсан ч хариуцлага тооцохгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн сайд байх нь зохимжгүй. УИХ, Засгийн газар хоёр тусдаа байх ёстой. Тиймээс Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтийг цуцлах хэрэгтэй. Хэрэв тэгж гэмээнэ УИХ бодлогоо гаргадаг, биелэлтэд нь хяналтаа тавьдаг, хариуцлагаа тооцдог үндсэн ажлаа хийж чадна.

– УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хамтарсан Засгийн газарт хангалтгүй үнэлгээ өгсөний дараа ажлын хэсэг байгуулж, таныг даргаар нь томилсон. Танай ажлын хэсгийн дүгнэлт юу болж байна?
– Бүлгийн хурлаар санал хураагаад “хангалтгүй” гэсэн дүн тавьсан учир ажлын хэсэг ч гэсэн дүгнэлтээ тэгж л гаргаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт бүлгийн хурлаар оруулаад баталгаажуулах байх. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, хэлэлцүүлэх журамтай.

– Ардчилсан намын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах сонирхлоо ар араасаа илэрхийлж эхэллээ. Үүний цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ?
– Ашиг гэдэг үг өнөөдрийн нөхцөлд таарах уу гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Засгийн газар ажлаа хийхгүй байгаа өнөөдрийнх шиг тохиолдолд Засгийн газар хамтарсан байна уу, үгүй юу гэдэг нь хоёрдугаар зэргийн асуудал. Тиймээс Ардчилсан нам Засгийн газарт байх уу гэдэг ч чухал биш. Одоо бол бүгд л хамтарсан гэдэг бамбайны ард орчихоод байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд анхнаасаа л зөв явах ёстой байсан гэдгийг би хэлж байсан. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар хоёр тийшээ болох ёстой. Хэдий чинээ хурдан “сална” төдий чинээ түргэн энэ зөрчилдөөд байгаа зүйл арилна. Үүний дараа ажлаа хийхгүй байгаа сайдыг огцруулах их амар болно. Тиймээс хамтарснаар бүх юм сайхан болно гээд байсан хүмүүсийн амыг нь асуух гээд байгаа юм. Оюутолгойн ажил явж байгааг эс тооцвол хийсэн зүйл байхгүй л байгаа биз дээ.  Уг нь хамтарсных нь дараа Засгийн газрыг ажлаа хийхэд саад болсон хэн ч байхгүй шүү дээ. Сөрөг хүчингүй гурван жил болсон ч хийсэн ажил бий болдоггүй гэсэн логик гарч ирээд байна.

– Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөд гишүүд тогтолцоон дээр маргаан үүссэний эцэст холимог тогтолцоон дээр санал нэгдсэн. Одоо бас ямар асуудал байна?
– Холимог дотроо санал зөрөлдөх асуудал гараад байна. Тоо бол хөдөлж болох байх. Харин намын нэрээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг саналын хуудсанд үлдээх үү гэдэг асуудал дээр маргаан үүсээд байна. Үлдээхгүй болохоор Үндсэн хууль зөрчинө гээд байгаа. Манай улсын Үндсэн хууль Германы Үндсэн хуулийг хуулбарласан. Германд бол намын жагсаалтад орсон хүмүүсээ саналын хуудсанд бичдэггүй. Тойрогтоо дээших нэг хүний төлөө саналаа өгнө, намуудын төлөө саналаа өгдөг. Пропорциональ сонгууль гэж үүнийг л хэлдэг. Харин 50 хүний нэрээ саналын хуудсанд биччихээд хэн нэгнийх нь нэрийг дугуйлаад нэрийг нь дугуйлсан хүнийхээ араас нэр нь дугуйлагдаагүй хүмүүс нь чирэгдэж орохыг пропорциональ сонгууль гэдэггүй. Ардын намынхан ийм зүйл хүсээд байгаа. Герман улсын Үндсэн хуулийг ямар ч үг орхилгүйгээр орчуулсан Үндсэн хуультай манай улсад  намын нэр дугуйлахыг зөвшөөрөхгүй бол Үндсэн хуулиа ойлгохгүй байна л гэх байна. Одоо /өчигдөр/ Ардчилсан намын бүлэг сонгуулийн хариуцлага, нарийвчилсан зохицуулалтын талаар хэлэлцэх гэж байна.

– Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл баталсан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг илтгэж байна. Гэхдээ ирэх сонгуулиас өмнө бүрэн өөрчлөлт оруулж амжихгүй гэж байгаа. Таны бодлоор юуг нь амжиж өөрчлөөсэй гэж хүсч байна?
– Бид дөрвөн жилд дөрвөн сонгууль хийдэг. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын гишүүн, баг, хорооны Засаг даргын сонгууль юм.  Дэлхийн жишгээр болж өгвөл энэ дөрвөн сонгуулийг нэг өдөр хийх ёстой. Ингэснээр санхүүжилт хэмнэнэ. Ганцхан жил л сонгуулиар амьсгалж, үлдсэн хугацаанд нь ажлаа хийх болоцоо олгох юм. 2004-2008 оны УИХ-ын, аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуулийг нэг өдөр болгочихсон. Одоо баг, хорооны Засаг даргын сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах хэрэгтэй. Тиймээс энэ сонгуулийг 2012 оны зургадугаар сарын 30-нд явуулья гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн хот тосгоны байдал байна. Сумын Засаг даргыг сумын хурлын 20 хүнээс сонгодог байх нь зөв юм уу. Хэрэв буруу гэвэл өөр зарчмаа Үндсэн хуульд тусгаж, өөрчлөх боломж бий. Энэ өөрчлөлтүүдийг хийж чавдал сонгуулийн үйл явц зардал бага, хялбар болно.

– АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй анхан шатны шүүхээс ял оноосон нь хууль зөрчсөн явдал гэж Хууль зүйн байнгын хорооны дарга хэлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
– Хууль зүйн байнгын хороон дарга хуулиа мэдэхгүй байна. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод  тэр нь нотлогдсон бол эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шүүх шийдвэр гаргаж болно гэсэн хууль бий. Дээр нь хэрэгт холбогдсон хоёр хүн “Эрх түдгэлзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Сайн дураараа байцаалт өгье” гэж хэлснийх нь дагуу л болж буй үйл явц. Хулгайчийг үйлдэл дээр нь барьсантай л ижилхэн зүйл болсон байхгүй юу. Тэгээд “Хэн үүрэг өгсөн. Дарга нар үүрэг өгсөн” гэсэн. Одоо Ч.Сангарагчаагийн эрхийг түдгэлзүүлэх гэсэн асуудлыг ярих ёсгүй. УИХ-аас орных нь хүнийг томилох ёстой. Ийм чухал байгууллага эзгүй байж болохгүй.

– Давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэрээс бүх зүйл шалтгаална гэж байсан?
– Тэр хүний хэрэг хийсэн нь нотлогдчихсон. Орных нь хүнийг томилох ёстой. Энэ нь УИХ томилгооныхоо ажлыг хийхгүй байгааг л бас харуулаад байгаа хэрэг.

– “Эрдэнэс Тавантолгой” ХК “Хүний хөгжил сан”-д төвлөрөх ёстой мөнгөний бараг тал хувийг олох үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл ямар ч санхүүжилтийн эх үүсвэргүй байгаа энэ компани 25 тэрбум төгрөг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлчихсэн. Энэ их мөнгийг хаанаас олсноо УИХ-д тайлагнасан уу?
– “Эрдэнэс Тавантолгой“ ХК банкнаас зээл аваад “Хүний хөгжил сан”-д мөнгө хийсэн гэсэн. Яг аль банкнаас гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Ер нь бол тэдэнд ингэх эрх байхгүй. Энэ бол Засгийн газрын буруу ажиллагааны нэг хэлбэрийн илрэл энэ юм.