Нийгмийн толь 2011.04.02

-Хувьсгалт намын амиа бодсон хэдхэн гишүүнээс болж улсын хөгжил, сонгууль зогсохгүй байхаа гэж найдаж байна-

Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноор юу алдав, сонгуулийн тогтолцоо хэрхэн өөрчлөгдөх талаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын талаар байнгын хороод хэлэлцэж, дүгнэлтээ гаргалаа. Таны хувьд ямар дүн тавив?
-Ардчилсан намын бүлэг хангалтгүй дүн тавьсан. Би ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Ажлын хэсэг ч мөн хангалтгүй дүн тавьсан.

-Хамтарсан Засгийн газрыг анх байгуулагдахад эсэргүүцэж, хурцаар шүүмжилж байсан хүний нэг нь та. Магадгүй ажлын хэсэг хангалтгүй дүн тавих болсон нь ахлагч байсан таниас шалтгаалсан юм биш биз. Хангалтгүй дүн тавих үндэслэл нь юу байв?
-Дүн тавихын тулд дүгнэж үзэх нь зүйтэй. Засгийн газар өөрийгөө дүгнэсэн байдлыг буруу гэж үзсэн. 2008 оны есдүгээр сарын 12-нд хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг хоёр тал үзэглэсэн. Гэрээнд 65 зүйл бүхий зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, жил бүр 65 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно. Мөн цалин тэтгэмжийг нэмнэ. Стратегийн бүх ордуудаа ашиглалтад оруулна. Тухайлбал, Цагаан суварга, Асгат, Оюутолгой, Тавантолгой гэхчилэн ордыг нэр зааж, гэрээнд тусгасан. Энэ 65 зүйл бүхий зорилтыг 2008 оны арванхоёрдугаар сард гаргасан УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан. УИХ-ын тогтоолын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шинэ хуулиар жил бүр тайлагнаж байхаар Засгийн газарт хүргэсэн. Энэ бол эхний тайлан. 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгосноор тайланг Засгийн газар гурав биш хоёр жилээр гаргалаа.


Тэгэхээр сонгуулийн дөрвөн жилийн эхний хоёр жил хагас нь явчихлаа. Энэ хугацаанд үр дүн нь ямар байна гээд үзэхээр, бүтсэн юм байна, Оюутолгойн ажил эхэллээ. Гэхдээ анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа зорьж байсан 65 зорилтоос юу нь хэрэгжсэн, аль нь хэрэгжээгүй вэ гээд эргээд харахад ажил хэрэг болсон нь тун цөөхөн. Үндсэн ажилтай болгох, цалин тэтгэвэрийг нэмэх, өрхийн дундаж орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, том ордуудаа цаасан дээр бус бодитойгоор ашиглалтад оруулах гэхчилэн олон зорилт хэрэгжээгүй. Мөн орон сууцны хөтөлбөр, засмал болон төмөр зам барих ажил, тавдугаар цахилгаан станц барих гэх мэт асуудал байна. 2008 оноос өмнө станц барих шаардлагатай, удахгүй цахилгааны хомсдолд орох нь гэсэн асуудлыг бүгд л мэдэж байсан. 2008 оны УИХ-ын тогтоолоор Засгийн газарт энэ чиглэлээр үүрэг өгсөн. 2009 оны эхний хагас жилд том ордуудынхаа техник эдийн засгийн үндэслэлүүдийг хийж дуусгаад сүүлийн хагас жилд нь ажиллуулах арга хэмжээ ав, гэж. Хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж Оюутолгой дахь ажлаа эхэлснийг эс тооцвол бусад нэр заагдсан ордууд огт хөдөлгөөнд орсонгүй. Ийм шалтгаануудаар хангалтгүй гэж үзээд дүгнэлт гаргасан.

-Хэрэв УИХ-д олонх болсон нам Засгийг дангаараа барьж, цөөнх болсон Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа илэрхийлж байсан бол ажил илүү урагштай байх байсан. Гэтэл хамтарсан гэх нэрийн дор өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хийгдсэн ажил алга гэж шүүмжлэх боллоо. Таны хувьд энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү. Үнэхээр АН Засагт хамтраагүй бол ажил урагшлах боломж байсан уу?

-Тийм боломж байсан. Гэхдээ одоо яваагүй зам болгон сайхан гэдэг байдлаар асуудалд хандмааргүй байна. Хамтарсан учраас тухайн үед мөрийн хөтөлбөрийг жил бүр хэлэлцээд, ажлаа түргэл, чадахгүй бол дараагийн Засгийн газрыг байгуулаад яв гэх шаардлагыг тавих тэр боломжийг хамтарснаараа алдсан нь үнэн.

-Тэгвэл үлдсэн хугацаанд АН Засгийн газраас гарах ёстой гэсэн асуудлыг МАН болон АН-ын хэсэг гишүүн хөндөх боллоо. Үнэхээр өнөөдөр хамтарсан Засгийн газраас гарах цаг нь мөн үү, биш үү?
-Ер нь сонгууль яах гэж явуулдаг юм гэхээр олонх, цөөнх болдог. Олонх нь хариуцлагаа хүлээж, амлалтаа биелүүлдэг. Цөөнх нь хяналтаа тавьдаг ийм л нийгмийг бид 1990 онд сонгосон. 2008 онд стандарт бус гэж нэрлэсэн, Үндсэн хууль зөрчсөн ийм Засгийн газартай болсон. Нэг нэгэндээ шаардлага тавьж чадахаа больсон. Стандарт бус Засгийн газрыг байгуулахад нэг том шалтгаан нь хамтрахгүй бол улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй гэх үг. Одоо хамтарсныхаа гурван жилийн ойд хүрлээ. Шийдвэрлэсэн юм үнэхээр бага. Харин ч эсрэгээрээ хамтарснаас болоод нэгэндээ шаардлага тавьж чадахаа больсны буруугаас алдсан юм нь их болоод байна.

-Тэгвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь зөв гэсэн үг үү?
-Урьд нь ч тийм байсан. Одоо ч энэ байр суурь хэвээр байгаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ МАЖОРИТАР ТОГТОЛЦООНЫ ҮЕД ТУСГАХ БОЛОМЖГҮЙ

-МАН, АН бүлгийн ахлагч нар сонгуулийн холимог хувилбар дээр гишүүд нь нэгдсэн талаар байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл МАН-ын бүлгийн шийдвэр тодорхойгүй боллоо?
-Сонгуулийн хууль хамтарсан Засгийн газрыг байгуулсны үр дүнд жилийн өмнө шийдвэрлэгдэх боломж байсан. Бүр хоёр жилийн өмнө ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжтой байсан. Энэ ажлаа хийлгүй олон жил явсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн долоон хоногийн хуралдаанаар аль нам нь ямар байр суурьтайг монголчууд харлаа. Ардчилсан намын можаритор системээс татгалзаж байгаа үндэслэлүүд аль хоёр, гурван жилийн өмнө ярьсан зүйл байгаа. Бид яг л тэр байр сууриндаа бат зогсож буй. Пропорционалийг бүтнээр нь авч болдоггүй юм бол аль алиных нь сайн талыг багтаасан холимог хувилбарыг сонгох. Хоёр тогтолцоонд аль алинд нь муу тал бий.

Можариторын муу нь дөнгөн, данган 51 хувиар сонгогддог. 49 нь өөрийн төлөөлгүй үлддэг. Харин пропорциональ тогтолцооны сайн тал нь сонгогчид ямар санал өгнө, яг тэр чигээрээ УИХ-ын бүрэлдэхүүнд тусч байдаг. Энэ тогтолцооны муу тал нь тойрогтойгоо ажилладаг, уяатай байдаг гишүүдгүй болно. Улмаар тойрог эзэнгүй болж, сонгогчидтойгоо байнга очиж, уулзах албагүй болно гэсэн үг. Ийм учраас АН 2008 оны сонгуулиас хойш аль аль талынх нь давуу талыг ашигласан холимог хувилбар, Герман улсынх нь шиг сонгуулийн системтэй болох санал гаргасан. Манай улсын Үндсэн хууль Германы Үндсэн хуультай адилхан. Тэгэхээр нэг хэсэг нь нэг мандаттай тойргоос сонгогддог. Нөгөө хэсэг нь улсаа төлөөлсөн байдлаар пропорциональ тогтолцоогоор сонгогдоно. Ийм зүйлийг ярьсан. АН-ын байр суурь өдгөө ч ийм л байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ын байр суурь энэ олон жил болоход өөрчлөгдөөгүй.

-Холимог хувилбараар 50 нь пропорциональ тогтолцоогоор сонгогдоно. Гэхдээ яагаад заавал намын нэрийг дугуйлна гэж?
-Намын нэрээр сонгоход хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 2012 оны сонгууль орон нутгийнхтайгаа хамт явах юм. Тэгэхээр хуучин системээрээ гэвэл нэг намаас нийт 11 мянган хүний нэр дэвшүүлэх болно. Хэрэв нэг хэсгийг нь пропорциональ тогтолцоогоор сонгохоор тэр олон хүнийг таниулах гэж явуулах шаардлагагүй. Улмаар их хэмжээний мөнгө хэмнэгдэнэ. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд зарцуулж байсан мөнгөнийхөө 1/3-ийг л зарцуулна. Дорж, Дулмааг рекламдах шаардлагагүй. Зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг хүмүүст ойлгуулахад л болно. Харин нэг мандаттай тойрог дээр нэр дэвшигчид хуучин шиг сонгуулийн сурталчилгаа явуулах шаардлага гарч байгаа юм.

Үүнтэй адил орон нутгийн бүх шатны сонгууль буюу нийслэл, дүүрэг, аймаг, сумын хурлуудынх УИХ-ын 50:26 адил системээр явуулах юм бол дахин тэр хэмжээний мөнгө хэмнэгдэнэ. Сонгуулийн мөнгөний хэмнэлт талаасаа үүнийг харж байна. Жил ирэх тусам сонгуулийн зардал өсч байгаа учраас үүнийг бууруулах цорын ганц арга бол пропорциональтай холимог хувилбар. Холимог хувилбар нь нэг мандаттайгаасаа хоёр дахин илүү байх энэ зарчмыг баримталж байгаа. Хоёрдугаарт, хилийн чанадад 200 гаруй мянган монголчууд амьдарч байна. Тэр хүмүүсийн саналыг авах цорын ганц арга бол холимог систем. Тэр дундаа намын нэрийг дугуйлах юм.

-Яагаад тэр билээ?
-Учир нь орон нутгийнхтай хамт явж байгаа сонгуульд тухайн иргэн заавал хаяг дээрээ байж санал өгдөг. Тэгэхээр гадаадад байгаа хүн хаяг дээрээ байхгүй учраас сонгуульд саналаа тусгаж чаддаггүй. Иймээс тэр хүмүүс намуудын төлөө санал өгснөөрөө УИХ-ын 76 гишүүний 50-д нь нөлөөлж чадна. Мөн аймаг, сумын хурлын тодорхой хувьд нь нөлөөлнө. Харин багийн Засаг даргад нэр дэвшигчид л оролцож чадахгүй. Энэ нь тухайн газартаа амьдарч байгаа хүмүүсийн ажил болох юм. Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн квотын асуудал байна. Эмэгтэйчүүдийн квотыг можаритор тогтолцооны үед тусгах ямар ч боломжгүй. Хуулиар эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх заалттай боловч нэг нам нь эрэгтэй хүн нэр дэвшүүлчихээр нөгөө нам нь хохирчихоод байдаг. Ийм учраас пропорциональ тогтолцооны үед эмэгтэй хүнийг оруулах боломж анх удаа гарч байгаа юм. Нам болгон жагсаалтын эхний тэд дотор эмэгтэй хүн заавал оруулна гэх заалт байж болох талтай. Ингэвэл шууд УИХ-ын гишүүн болно. Ингэж жендерийн асуудлыг харгалзаж болж байна. Пропорциональ тогтолцоо гэдэг нь улс бүхэлдээ нэг тойрог болно гэсэн үг. УИХ-ын гишүүний 50 хүний хувьд улс нэг тойрог болно. Аймгийн хурлын тухайд 30 хүнтэй гэвэл 20 хүний хувьд аймаг нэг тойрог. Улмаар тэр 20 хүн аймгийнхаа л асуудлыг ярина. Мэдээж, сумаас нэг мандатаар сонгогдсон хүмүүс байна.

Тэд сумынхаа асуудлыг ярина. Сумын түвшинд очихоор яг адилхан. Ингээд 50:26 тогтолцоог проекцоор нь аймаг, сум, нийслэл, дүүргийн түвшинд буулгачихвал дахиад орон нутаг эрүүлжиж байгаа юм. Багийн Засаг даргын сонгуулийг орон нутгийн сонгуулийн дараа явуулдгаа болиулах санал гаргасан. Үндсэн хуульд багийн Засаг даргад иргэд нь санал болгодог, түүнийг дээд шатны Засаг дарга баталдаг. Ийм хуультай учраас багийн нэг хэсэг иргэд цуглаад багийн Засаг даргад нэр дэвшүүлдэг бус нэгэн сонгууль явуулаад бүгдээрээ ярьж байхдаа хүн болгон, баг, хорооныхоо Засаг даргад нэр дэвшүүлнэ. Тэр дэвшүүлсэн хүнийг нь шинээр гарч ирсэн Засаг дарга баталдаг больё. Тэгэхээр УИХ, орон нутаг, баг, хорооны Засаг даргын сонгуулийг нэг дор явуулах юм.

-Хугацааны хувьд гурван шатны сонгууль нэг өдөр явагдана гэсэн үг үү?
-Хугацааны хувьд нэг өдөр явагдана. Их хэмжээний мөнгө хэмнэгдэнэ. Сурталчилгааны ч, зохион байгуулалтын мөнгө ч хэмнэгдэнэ. Энэ бүх сонгуулийг гарын хурууны хээ, иргэний үнэмлэхээр санал өгнө. Нэг хүн олон санал өгөх ямар ч боломжгүй. Бүх хүний хаяг нэг л газар бүртгэгдэнэ. Саналыг нь скайнераар тоолно. Ийм системийг нэвтрүүлж чадвал хувьсгал болно. Сонгууль өөрөө их ойлгомжтой, хялбархан байх ёстой. Сонгогчийн санал нууц байх ёстой. Бусад бүртгэл болон санал өгөх өдрийн саналын хуудас ил тод байх ёстой гэсэн ийм л зарчимтай.

-МАН холимог хувилбар дээр нэгдэж байсан гэдгээ илэрхийлж байсан бол өдгөө хэлснээсээ буцаад байгаа шүү дээ?

-МАН холимог хувилбарыг сонгоно гэдгээ бүлэг болон бага хурал нь шийдчихсэн юм билээ. Тэгэхээр нэгэнт шийдсэн юм бол УИХ-ын албан ёсны шийдвэр болгож гараа өргөөд кнопоо дарж, хууль болгоод явах л үлдэж байх шив.

-Гэхдээ бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа гэж Д.Лүндээжанцан дарга хэлсэн шүү дээ. Тэгэхээр эргэлзээтэй л асуудал юм. Магадгүй эцсийн шийдвэрийг гаргахгүй явсаар он гарчихвал хуучин тогтолцоогоор сонгууль явагдах болно. Тийм биш гэж үү?

-Тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Учир нь нийгмээрээ таван хүний амь хохирсон буруу сонгуулийн хуулиар явахын эсрэг байгаа. Хувьсгалт намын хэдхэн амиа бодсон гишүүнээс болж улсын хөгжил, сонгууль зогсохгүй байхаа гэж найдаж байна. МАН-ын бүлэгт 50:26 хувилбарыг дэмжиж байгаа олон хүн бий. Тэгэхээр эрүүл, саруул хэсэг нь дийлэх байх гэж бодож байна.

-Байнгын хорооны хуралдаанаар тоглоомын дүрмээ батлаагүй байж, жижиг асуудлуудаа хэлэлцээд эхэлж байгаа нь сонирхол татаж байна?
-АН-ын бүлэг тогтолцоо нь 50:26 болно. 50 нь намаар санал авна гэдэг дээр өөрийнхөө хувилбарыг хийж байгаа. Маргаан шийдвэрлэх, сонгуулийн санхүүжилт, санал авах өдрийн процесс, бүртгэл болон санал тоолох дээр компьютер, скайнер хэрэглэх. Энэ бүх зүйлээ хийж байна.

-Тэгвэл байнгын хорооны хуралдаанаар холимог хувилбарын дагуу бүхий л асуудлаа хэлэлцэж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Байнгын хороо ч гэсэн холимог хувилбарын дагуу асуудлыг хэлэлцэж байгаа. Ж.Сүхбаатар завсарлага аваагүй бол санал хураагаад олонх болчихсон.

УХАА ХУДАГ ХЭДХЭН ХҮНИЙ Л ӨМЧ БОЛЧИХЛОО

-Оюутолгойн гэрээг эрдэмтэн, судлаачид цуцлах нь зүйтэй гэх асуудлыг хөндөх боллоо. Таныхаар сайжруулаад явах нь зөв үү, эсвэл гэрээг цуцлах хэрэгтэй юм болов уу?
-Би бол гэрээг сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Юуг, яаж сайжруулах вэ гэдгээ хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын тогтоолыг зөрчиж байгуулагдсан тэр хэсгүүдээ хүчингүй болго гэж.

-Гэрээг цуцлах шаардлагагүй гэсэн үг үү?
-Цуцлах шаардлагагүй.

-Тавантолгой орд хөдөлгөөнд орж эхэллээ. Иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгнө гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдээллээ. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжид хувьцаа олгохыг буруушаах хэсэг байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тавантолгой орд бол нийт монголчуудын өмч. Иймээс хувьцаа тараах нь зөв ажил. Гэхдээ хувьцаа тарааснаар Тавантолгойн ажил эхлэхгүй. Бодитойгоор замаа бариад, нүүрсээ зөөгөөд экспортолж, орлого орж ирж байж хувьцаа амилна. Бид цаасныхаа ажлыг хийгээд байгаа болохоос гол ажлаа хийхгүй байна.

-Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр хувьцаа олгож байхаар Монгол Улсын иргэн бүртээ тэгш хуваарилаад өгчихвөл илүү үр дүнтэй юм биш үү. Тэгэхгүй бол компани байгуулсан нь хожиж, бусад нь хохирох нь гэсэн асуудал байна?
-Баялаг байна, тэр баялгийг ухаж гаргаад зарахад мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг улс өөрөө гаргахгүй. Иргэд ч гаргахгүй. Тэгэхээр аж ахуйн нэгж болон хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байж л мөнгө хийх нь байна. Аж ахуйн нэгжүүдэд хувьцааг үнэгүй өгөөгүй. Тэгэхээр хэн нэгэн хүн мөнгө өгөхгүй бол энэ компани ажиллахгүй шүү дээ.

-1990 оны хувьцаагаар нэг хэсэг нь баяжиж, баялгийг хүртээхээр зорьсон иргэд нь юу ч үгүй хоцорсон. Ийм байдал давтагдахгүй гэх баталгаа бий гэж үү?
-Өнөөдөр үнэгүй өгч байгаа хувьцаа хэзээ нэгэн цагт уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр үнэтэй болно. Тэр үед нь хувьцаагаа арилжихыг зөвшөөрнө. Түүнээс өмнө зарахыг зөвшөөрөхгүй. Урьд нь 1990 онд энэ улсад байсан бүхий л хөрөнгийг нийт хүндээ тэгш байдлаар хуваарилж, хувьцаа олгосон. Ойлгож чадаагүй хэсэг нь архины мөнгөөр өгсөн. Үүний төлөө хувьцаа тараах нь буруу гэж хэлж болохгүй. Бүгдээрээ л ойлгох ёстой.

-Тэгэхээр иргэдийг энэ талаар мэдээлэл, мэдлэгжүүлэх ёстой гэсэн үг үү?

-Мэдээлэлжүүлэх биш тухайн хүн өөрөө мэдээллээ хайж олох ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн ирээд намайг ухуулаад өгнө гэж хүлээж болохгүй.

-“Энержи ресурс”-ийн эзэмшиж байгаа Тавантолгойн эдэлбэр газрын дөрвөн хувьд өрөм нь бий. Ард иргэдэд хуваарилж байгаа энэ хэсэг бол зөвхөн хусам гэж та л хэлж байсан. Нэр бүхий гишүүд ч энэ асуудлыг хөндөж байгаа. Гэтэл судлаачид үүний эсрэг байгаа?
-Тавантолгой бол улсын хөрөнгөөр бүх эрсдэлийг нь хийсэн бэлэн хоол байсан. Доширак гэж бэлэн гоймон байдаг даа. Авлаа, ус буцалгаж хийлээ, идлээ. Тавантолгой бол ус буцалгаж хийгээд идэхээс бусдыг нь бэлдчихсэн. Ямар ч эрсдэл хүлээхээргүй бэлэн орд. Харин Оюутолгой бол мэдэгдээгүй байсан ордыг тухайн компани их хэмжээний мөнгө хаяж байж олсон. Тэгэхээр тийм бэлэн хоолоо нэг хэсгийг нь тасдаад хэсэг хүнд бэлэг болгоод өгчихсөн. Тухайн орд бүтнээрээ байж ашиглагдах ёстой байсан. Гэтэл бэлэн хоолоо хүнд өгчихөөд араас нь харамсаад байдаг. Тийм учраас үүнийгээ хуулийн дагуу л болгох ёстой.

-Тэгэхээр төр эргүүлэн авах ёстой гэж үү?
-Одоо ажиллаж байгаа компанид нь төрийн өмчийн оролцоотой болоход л хангалттай. Хуулийн дагуу стратегийн ордод 50 хувийн улсын хөрөнгө байна гэсэн заалтаа хэрэгжүүлэхэд л болно. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хэн нэгэн үнэгүй авдаг энэ үйлдлээ зогсоохгүй бол байгалийн баялгийг Үндсэн хуульд заасанчлан хүн болгонд хүртээлтэй байх зорилт хэрэгжихгүй. Ухаа-худаг хэдхэн хүний л өмч болчихлоо. Тэр хэдхэн хүн хөрөнгөөрөө хайгуул хийж, эрсдлээ үүрч, ордыг олсон бол хэн ч түүнтэй юу ч ярихгүй байсан. Тэгээгүйдээ л гол учир нь байгаа юм.

Л.Нинжсэмжид