p1010034.JPG

Улаанбаатарын утааг багасгах зорилго бүхий хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Тухайлбал АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар”, ”Канадын модон карказан барилгын технологийг нэвтрүүлэх” нэртэй  ЗТБХБЯ, ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн хамтарсан төсөл гэх зэрэг. “Цэвэр агаар” төслийн хувьд нийслэлийн утааг үйлдвэрлэдэг гол цэг гэр хорооллын утааг багасгах эрчим хүч хэмнэх, тодруулбал гэр хорооллыг орон сууцжуулах зорилготой. Тэгвэл канад модон барилгын технологийг Монголд нэвтрүүлдэхдээ дулаан алдагдлыг багасгах чиглэлийг баримталдаг байна. Гэхдээ эдгээр төслүүд Улаанбаатарыг утаагүй болгох нэг зорилготой ч өнөөдрийг хүртэл бодлогын хувьд зангидагдаж чадаагүй явна. Түүн дээр гэр хорооллынхныг орон сууцжуулах том хөтөлбөр бий. Гэр хорооллыг орон сууцжуулахдаа төвийн нэгдсэн халаалт бохир, цэвэр усанд холбогдох зайлшгүй шаардлагатай. Тэгвэл төвийн дээрх дэд бүтцийг бий болгох хөрөнгө төсвөөс гаргах боломж өнөөдөртөө байхгүй гэдгийг хаа, хаанаа мэддэг байна.Тэгвэл төвийн дэд бүтцэд холбогдох боломжгүй  шинээр баригдах хороолол, хотхоны халаалт, бохир, цэвэр усны хангамжийг  гэр хорооллын  20 айлаар багцлан хэрхэн хангах техникийн нөхцөлийг  “Монгол дайван” компани боловсруулжээ. Энэхүү техникийн нөхцөлийг дулааны алдагдал багатай Канад таун хаусаас бүрдсэн хотхон дээр загварчлан гаргажээ.

ХАЛААЛТ

Нийт 20 айлын халаах талбай дунджаар 1500 м2 нэг айл 75 м2 байна. Түүнийг өөрийн компанийн үйлдвэрлэдэг утаагүй Атмор түлшний 150 квт-ын нэг автомат TITAN зуух суурилуулна. Нэг айлын халаалтын зардал сард дунджаар 50 мянган төгрөг болно. Бүрэн автоматжсан, утаа болон хорт хаяг-далгүй. Дээр нь байгальд хор нөлөөгүй давуу талтай.

ЦЭВЭР УС

Гэр хороолол руу цэвэр усны шугам татагдсан тул ойролцоох худгаас шугам татна.

БОХИРЫН СИСТЕМ

Нэг өрх таван ам бүлтэй. Өрхийн нэг хүн 100 литр бохир гаргадаг гэж үзвэл тэндээс 500 литр, нийт  20 айлаас дээд тал нь 20 тн бохир гарна. Түүнийг тийм багтаамжтай септик системээр тунгааж , мембран биоректороор шүүж цэвэршүүлнэ. Шүүгдэж цэвэршсэн усыг уухаас бусад ахуйн хэрэгцээнд хэрэглэх боломжтой. Тэдгээр тоног төхөөрөмжийг гаднаас авахгүй өөрсдөө үйлдвэрлэдэг онцлогтой. Нэг үгээр хэлбэл гадны хүний гар харахгүй.

Энэ технологийн дагуу 20 айл газраа нэгтгээд тухайн хотхоныг бий болгосноор илүүдэл газар нь иргэдийн  ая тухтай, амралтын газар, цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой болно.

Гэр хорооллыг орон сууцтай болгох талаар тал талд нийслэлийн замын түгжрэл шиг бөглөрч байгаа эдгээр төсөл хөтөлбөр, бизнесийг хооронд нь уялдуулж Улаанбаатарыг утаагүй болгох, гэр хорооллынхныг орон сууцтай болгох ажлыг урагшлуулах санаачилгыг УИХ-ын гишүүн З.Энхболд гаргаж  холбогдох хүмүүсийг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн хашаанд баригдаж сурталчилгаа хийж байгаа байшинд дөрөвдүгээр сарын 19-нд уулзуулж санал солилцлоо. Энэхүү уулзалтад оролцогсод холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн  ажлын хэсгийг ЗТБХБ-ын сайдын тушаалаар байгуулах шаардлагатай болжээ гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрлээ. Нийслэлийн гэр хорооллын  20 айл газраараа нэгдэж барьцаалан хямд орон сууцтай болох боломж нээлттэй байна. Энхүү бодлогыг төрөөс дэмжиж хотхон дундах  засмал, эрчим хүчийг төсвөөс оруулж өгөх аж. Түүнээс гадна Засгийн газар орон сууцны моргейжийн эхлээд 30 хувийг төлсөн нөхцөлд 30 жилийн хугацаатай жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж танд бүрэн нээгдэнэ. Амьдрах орчноо тав тухтай болгож, гэрээ саруулхан орон сууцаар солиход гэр хорооллын иргэн танаас газраараа нэгдэх, зээл төлөх ажлын байртай байхыг л шаардана. Түүнээс гадна Канад модон байшин иргэд өөрсдөө гар нийлж сургалтад сууж  давхар мэргэжилтэй болоод барина. Мэргэжил олоод өөрөө барьж байгаа болохоор ажлын хөлс бусдад төлөхгүй өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэх сайн талтай. Гэр хорооллын газар танд байна. Засагт зээл олгох боломж байна. Тэр бүхний эцэст  иргэн та хямд  орон сууцтай болно.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2.4.4-т “Хот, суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг дэмжин хэрэгжүүлнэ” гэсэн заалт байна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жилийн хугацаа үлдлээ. УИХ-ын гишүүн З.Энхолдын  утаагүй Улаанбаатарын төлөө, гэр хорооллынхныг орон сууцтай болгох, моргейжийн зээлд өргөнөөр хамруулах санаачилгыг Засгийн газар анхааралдаа авч дэмжвэл  мөрийн хөтөлбөрийнх нь  нэг заалт ч гэсэн хэрэгжиж эхлэх сайн талтай.

Г.ЭРДЭНЭБАТ