2011 оны 4 дүгээр сарын 6. Өдрийн сонин

УИХ-ын гишүүн З.Энхболд тойрогтоо ажиллаад ирлээ. Түүний очсон Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт сум цас ихтэй байсан бол Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус сум цасгүй шахам байлаа. Гэхдээ 2009-2010 онд мал их хорогдсон тул малчдын амьдрал сайнгүй байна. Тэдний хувьд малжуулах төсөл хэрэгжүүлээч гэдэг санал ихээр тавьж байлаа. “Уг төслийг хэрэгжүүлж болно. Гэхдээ 2000, 2001 оных шиг өргөн хүрээг хамрах боломж хомс байгаа” хэмээн З.Энхболд гишүүн ярьж явлаа. Энэ жилийн хувьд улсын төсвөөс сум хөгжүүлэх санд хүн амынх нь тоонд харьцуулан мөнгө олгох болжээ. Өвөрхангай аймгийн сумдад 50-200 сая хүртэл төгрөг ногдох юм байна. Сумдад ногдох уг мөнгөнөөс тодорхой хэсгээр нь малчдыг малжуулахад зарцуулж болох талаар сумын удирдлагуудтай санал солилцож байлаа. Тухайн сангаас арван саяыг нь малчдыг малжуулахад зарцуулна гэхэд маш цөөхөн өрх хамрагдах гэнэ. Харин малын чанар чансааны талаар малчид урьдынхаас илүү анхаарч байгаа нь ажиглагдаж байв. Тус аймгийн Тарагт, Гучин-Ус сумдын хонийг барга хониор сайжруулах төслийг энэ жилээс эхлүүлэх талаар УИХ-ын гишүүн З.Энхболд хэлж байлаа. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн түшээ мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдэд ханджээ. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Батсүх уг ажлыг гардан зохион байгуулахаар болсон байна. Эцэг малын хүрэлцээ муу байгаагаас хамаарч малын чанар муудаж байгаа юм байна. Хонины хувьд нэг хуц 50 эм хоньтой нийлүүлэгт орох ёстой байтал түүнээс илүү байгаагаас доройтолд оржээ. Уг төсөл хэрэгжсэнээр дээрх сумдын хонины үүлдэр угсаа сайжирч хүйтэнд тэсвэртэй хоньтой болно.

УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажилласан энэ өдрүүдэд Монгол цэргийн баярыг Батлан хамгаалах яам зохион байгууллаа. Өвөрхангай аймагт Зэвсэгт хүчний 256 дугаар анги байрладаг. Тус ангийн офицер, ахлагч нарын орон сууцны хүрэлцээг дээшлүүлэх үүднээс таван давхар 40 айлын сууцыг Арвайхээр суманд барихаар шавыг нь тавилаа. Батлан хамгаалах яамны барилгын цэрэг тус орон сууцыг энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх юм байна. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, генерал Д.Борбаатар барилгын цэргийнхэнд орон сууцыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг үүрэг болгосон. Тус яамнаас энэ жил орон нутаг дахь анги нэгтгэлд ажиллаж байгаа офицер, ахлагч нарын ахуй нөхцөлийг сайжруулахаар Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд зэрэг хэд хэдэн аймагт ийм орон сууц барьж ашиглалтад оруулах зорилт тавьжээ. Монгол цэргийн баярын өдрөөр Батлан хамгаалах яамны захиалгаар МҮОНТВ-ийн бүтээсэн Тусгай салаа-2″ киноны нээлт боллоо. МҮОНТВ-ийн “Тусгай салаа” хэмээх 60 ангитай кино бүтээсэн нь олны талархлыг хүлээж “Тусгай салаа-2” киног бүтээх болжээ. Тусгай салаа телевизийн олон ангит киноны нэгдүгээр ангийг Өвөрхангай аймагт анх гаргаж олны хүртээл болгож байсан аж. Гэтэл мөн “Тусгай салаа-2” киноны нээлтийг тус аймагт дахин нээсэн нь онцлог үйл явдал гэгдэж байв. Киноны гол дүрд тоглосон Дэндэв очсон нь тэдний магнайг тэнийлгэж байв. Түүнтэй хамт гэрэл зураг авахуулах, гарын үсгийг нь авах гэсэн хүсэлтэй хүүхэд, залуус олон байлаа. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийг ярьж танилцуулахын зэрэгцээ, өнгөрсөн жилүүдэд иргэдэд олгосон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг илүүтэй сонирхож байлаа. Сангаас зээл аваад зориулалтаар ашиглаагүй мэр сэр хүмүүс гарчээ. Тухайлбал Баянгол сумаас үнээний ферм байгуулна гээд 20 сая төгрөгийн зээл авсан Цэрэнбат гэдэг хүн Арвайхээр сумын хүнс барааны зах дотор гурван ломбард ажиллуулж байгаа гэнэ. Түүнтэй уулзахаар очиход уг ломбардууд цоожтой байлаа. Тэндхийн ломбардын хүүний доод хэмжээ найман хувь байдаг байна. Танил талдаа олгосон Жижиг, дунд үйлдвэрийн зээл ийнхүү иргэдийн амьдралд тус болоход биш, харин бусдыг шулах хэрэгсэл болон хувирсан байна. Зориулалтаараа ашиглагдаагүй уг зээлийг тухайн сангийнхан эргүүлэн татах хэрэгтэй болсон юм биш үү. Тэгэхгүй бол бага хүүтэй зээл өндөр хүүтэй ломбард болж хувирсан нь нийгэмд, иргэдэд тус биш ус болж байна.

Г.ЭРДЭНЭБАТ