Ардын эрх 2011 оны 1 дүгээр сарын 10

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа. Тэр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгөөд өрөөнөөсөө нүүж байхтай таарав.

-Байнгын хорооныхоо даргын ажлыг өгчихлөө. Гэвч яагаад заавал Я.Батсуурь гишүүнд гэж?

-Хамгийн гол нь би эрх чөлөөтэй болж байна. Байнгын хорооны дарга байхад зөвхөн албан ёсны байр суурийг барих ёстой, гишүүдтэй адил хувийнхаа байр суурийг илэрхийлэх боломж байдаггүй. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар 2008 онд сонгогдоод хоёр жил ажиллалаа, оноороо бол гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Яагаад заавал Я.Батсуурийг сонгосон бэ гэдэг бол Ардчилсан намын бүлгээс гаргасан олонхийн шийдвэр. Д.Одхүү гишүүнтэй өрсөлдөж гарч ирсэн. Гадаад яаманд ажиллаж байсан ажлын тушлагыг нь ч харж үзсэн байх. Дээр нь Д.Одхүү гишүүн манай байнгын хороонд орж амжаагүй байсан нь нөлөөлсөн байх л даа.

-АБГББХ-н дээр одоо хэр олон асуудал байгаа вэ?

-Байнгын хороод дундаа хамгийн асуудалгүй байнгын хороо нь манайх. Сая би Я.Батсуурь гишүүнд ажлаа хүлээлгэж өгөхдөө шийдэж амжаагүй асуудлуудынхаа жагсаалтыг өгсөн, гуравхан асуудал байна лээ. Гурван хуулийн төсөл. Тэсэрч дэлбэрэх бодисын жагсаалт батлах тухай гишүүдийн өргөн барьсан хоёр хууль байгаа. Тагнуулын байгууллагын тухай хууль дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Тагнуулын байгууллагын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилно гэдэг дээр манай намын бүлэг санал нэгдээгүй. УИХ-ын гишүүдийг сонгодог хугацаа дөрвөн жил байхад Засгийн газрын нэг агентлагийн даргыг томилдог хугацаа зургаан жил яагаад байдаг юм бэ. Ямар шүүх, прокурор биш, УИХ-аас томилдог байгууллага биш. Тийм учраас Ардчилсан намын бүлэг энэ хууль дээр завсарлага авсан. Ердийн агентлагийн даргыг яаж томилдог, яаж огцруулдаг вэ, тэр журмаараа л явах ёстой. Ийм гурван л асуудал байна. Бусад байнгын хорооны асуудал бол дуусахгүй шүү дээ. АБГББХ-ны эрхлэх асуудлын хүрээ өөрөө хумигдмал юм л даа. Асуудал их багатай, орж ирсэн асуудлыг хурдан шуурхай шийдээд явдаг.

-Асуудал нь цөөн ч гэлээ агуулга, ач холбогдлын хувьд илүү том биш үү? Оюутолгой, Тавантолгойн гэрээний асуудал жишээ нь танайхаар орсон биз дээ?

-Эдийн засгийн байнгын хороогоор орсон. Манайхаар Төмөр замын бодлогын асуудлыг л оруулсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг утгаараа.

-Оюутолгойн гэрээ ч гэсэн аюулгүй байдалтай холбоотой биш үү? Та өөрөө ч үүн дээр хамгийн их дуугарч байсан хүний нэг…

-Хэрвээ тэр хоёр гэрээ олон улсын гэрээ байсан бол манай байнгын хороогоор орох байсан. Тийм биш, Монголд бүртгэлтэй “Оюутолгой” гэдэг компанийн татварын орчинг тогтворжуулах гэрээ учраас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн.

-Оны өмнө Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж шинээр гарч ирээд, түүнээс болж Монголын талын 34 хувь буурах дээрээ хүрч, гэрээнд засвар хийхээр болсон. УИХ яагаад үүнийг мэдээгүй юм бэ?

-Тэр бол УИХ дээр орж ирээгүй гэрээ. УИХ хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ бол Засгийн газар өөрөө мэдэж хийдэг гэрээ. Гэтэл тэр гэрээнд УИХ дээр яригдаад зөвшөөрөгдөөгүй, эсвэл УИХ дээр огт яригдаагүй олон асуудлыг оруулсан учраас одоо өөрчлөлт оруулж байх шиг байна.

-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол 34 хувийг ямар ч тохиолдполд бууруулахгүй гэж байгаа биз дээ?

-Байгаа. Хуулинд байдаг гэрээ бол хөрөнгө оруулатын гэрээ шүү дээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээ Ашигт малтмалын хуулинд байхгүй. Ердийн компанийн хуулийн дагуу байгуулагдсан компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын харилцааг зохицуулдаг гэрээ. Тэр гэрээн дээрээ 34 хувийг бууруулж болох заалт оруулчихсан байсныг Засгийн газар одоо өөрчлөх гээд явж байна.

-УИХ дээр нэг үеэ бодвол Нээлттэй сонсгол гэдэг зүйл хэвшил болчихлоо. Энэ гэрээнүүдтэй холбоотой маш их хардлага, шүүмжлэл олон нийтийн дунд байгаа ийм үед энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос Нээлттэй сонсгол хийж болдоггүй юм уу?

-Би Эдийн засгийн байнгын хорооны гишүүн биш л дээ. АБГББХ, Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Нэг гишүүн хоёр байнгын хорооны гишүүн байхыг л зөвшөөрдөг. Нээлттэй сонсгол хийж бололгүй яах вэ. Түүнээс гадна УИХ-д Засгийн газрыг хянах олон механизм байдгийн нэг нь өөрийнхөө гаргасан тогтооллыг биелэлтийг шалгаж, байнгын хяналтад байлгах ёстой. УИХ тогтоол гаргахдаа одоогийн явж байгаа шиг Тавантолгойг Зүүн цанхи, Баруун цанхи гэж хэсэгчилж хуваагаад, түүн дээр нь тендер зарла гээгүй. УИХ-ын тогтоолыг та нар хараарай. Засгийн газар ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь УИХ-ын тогтоолыг зөрчиж байна л гэсэн үг. УИХ-ын тогтоол бол хууль тогтоомжийн нэг хэсэг. Гэтэл хууль зөрчиж олборлолтын тендер зарлаж байна. “Эрдэнэт Тавантолгой” компанийн захирлыг гадаадын иргэнээр тавьж байна, дахиж тендер зарлаад. Нөгөөх нь 400-500 сая ам.долларын цалин нэхэж байна. Сонин алдаж бичсэн байж магадгүй, бодоход 400-500 мянган ам.долларын цалин байх л даа. Цалиндаа гол нь биш. Ямар ч гадаадын хүнээс илүү гадаадын компанид 10 жил ажиллачихсан, тэнд сургуулийг нь төгсчихсөн монгол залуучууд маш олноороо эргэж ирж байна. Тэр хүмүүсээс шалгаруулаад ажилд авахын оронд “гадаадын хүн л илүү” гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь буруу. Та нар санаж байгаа бол Тавантолгойн тогтоол гарах гэж байхад монголчуудаа, монгол инженерүүдээ басаад гадаадын компанид өгөх тухай ярьж байсныг УИХ зогсоосон шүү дээ. Монголчууд чадна, 70-80 жил энэ улс чинь хөгжихдөө ядаж нүүрсний ил уурхайг ашиглах хэмжээний боловсон хүчинтэй болчихсон. Гэтэл өөрсдийгөө басамжилдаг үзлээ энэ Засгийн газар тавихгүй нь л дээ. Тогтоол гаргаж өгсөөр байтал өөрийнхөөрөө зүтгээд хийж байна.

-Яагаад ийм байр суурь гаргаад байгаа юм бэ? Үнэхээр гадныхнаас авлига аваад, тэдний сонирхлыг дээгүүр тавиад байна уу, үгүй юу гэдгийг нь шалгаж тогтоох ёстой юм биш үү?

-Үгүй л дээ. Өөрийнхөө хүчинд итгэх ёстой. Монголыг монголчууд л хөгжүүлэхээс биш гадаадын иргэнээр “Эрдэнэт Тавантолгой”-н захирлыг тавиад Монгол Улс хөгжихгүй. Тэр хүн цалингаа аваад л явна. Энд амьдрахгүй, нүүрс олборлосны дараа юу болохыг хариуцахгүй, тэр хүний үүрэг биш байхгүй юу. Монгол хүн ажилд аваад, монгол инженерүүд нүүрсээ ухаад, бид өөрсдөө ажил хийж сурмаар байна. Тэгж бодохгүй л байна л даа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд “Монголоо шинэчилье” нэвтрүүлгээр ороод бас л “Засгийн газар авлигад өртсөн байна, гадаадынхны сонирхлыг хамгаалаад байна” гэж ярьсан. Түүнийгээ шалгаад тогтоо л доо…

-УИХ-ын гишүүд ингэж ярьсан. УИХ “А” гэдэг тогтоол гаргасан. “Тавантолгойг дэлхийн хэмжээний том нүүрсний компани болго, тэдэн хувийг нь бирж дээр гарга, тэдэн хувийг нь ард түмэндээ өг. Наад уурхай чинь нэг төлөвлөлтөөр явах ёстой. Энд тэндээс нь өм цөм аваад зарчихаж болохгүй. Монгол улс дэлхийн хэмжээний том хувьцаат компанитай болох ёстой” гэсэн. Гэтэл Засгийн газар “Б” гэж яваад байна. Хувийн компани болохоор хийж болоод байдаг, улс өөрөө хийж чаддаггүй. Тийм удаан байгааг нь л бид шүүмжлээд байгаа юм.

-Шүүмжлэхээсээ гадна тэр хяналт шалгалтаа хийдэг юм уу, ямар нэг байдлаар нэг мөр ойлголтод хүрэхгүй бол нэг нь хийх гээд байгаа юм шиг, нөгөө нь хийлгэхгүй гээд байгаа юм шиг л хоёрдмол байдал бий болчихоод, хүмүүсийг төөрөлдүүлээд байна шүү дээ?

-Одоо энэ ажил хийгдэнэ. Яагаад гэвэл Засгийн газар буруу явж байгааг нь бид хэвлэл мэдээллээс л олж үзлээ шүү дээ. Даргын тендер зарлаж байна, олборлогчийн тендер зарлаж байна. Ийм зүйлүүд өнгөрсөн онд УИХ-аасгаргасан тогтоолд байхгүй. Зүгээр л хэн юу яриад, хэн юу хийгээд байна гэдгийг та нар тэр тогтоолыг гаргаж ирж байгаад харьцуулаад тавьчих л даа. Маш ойлгомжтой харагдана.

-Та энэ асуудлыг хамгийн их ярьдаг хүн. Тэгээд өөрөө яагаад Эдийн засгийн байнгын хороонд ороогүй юм?

-Би МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Манай бүлгээс хуульч мэргэжилтэй гишүүдээ Хууль зүйн байнгын хороо луу бодлогоор оруулдаг юм.

-Тэгэхгүй бол МАХН-ын олон, архаг хуульчдад чирэгдэх гээд байна гэж үү?

-Олон хуульчтайгаараа болдог бол энэ улсын амьдрал арай л өөр байх байлаа. Олноороо болдоггүй л юм байна.

-Та байнгын хорооны даргын ажлыг 2-3 жил хийлээ. Сая Дэгийн хууль дээр өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын гишүүд камер харахаараа худлаа ярьдаг” гээд Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгочихлоо. Үнэхээр гишүүд хувийн “пиар”-аа хийгээд асуудлаа шийдэхгүй байна уу? Хэрвээ тийм бол тэр нь хэвлэлийнхэн гэхээсээ илүү гишүүдийн ёс суртахуунтай холбоотой юм биш үү?

-Би бол тэр өөрчлөлтийг дэмжсэн. Яагаад дэмжиж кноп дарсан бэ гэвэл Монголын нийгэм хэтэрхий их улс төржиж байна. Сэтгүүлч та нарын хийдэг ажлын 80 хувь нь энэ цагаан ордонд байна. Монгол Улсын амьдрал бол энэ цаган ордон биш. Гадуур маш сайхан олон зүйл болж байна, болохгүй байгаа ч юм байна. Гадуур явж сурвалжлах хэрэгтэй. Долоо хоногийн таван өдөр энд суугаад байвал яаж нийгмээ мэдрэх юм бэ. Хамгийн амархан, зардал багатай мэдээллийг эндээс авдаг нь үнэн. Гэхдээ гадуур явж, зардал гаргаж мэдээлэл хийх ёстой байхгүй юу. Тэртэй тэргүй чуулган нээлттэй байна, байнгын хорооны протокол тэр өдөртөө интернэт дээр тавигдаж байна. Долоо хоногийн хоёр өдөрт нь чуулганд суугаад, бусад өдөрт нь ирэхгүй байж болно шүү дээ.

-Би үүнийг хэвлэл мэдээллийнхэнтэй холбож биш, улстөрчидтэй өөрсөдтэй нь холбож асууж байна л даа?

-Би бол нөгөө өнцгөөс нь харж байна. Монголын нийгмийг хэт их улс төржсөн байдалд байлгаж байгаа нь хэвлэл мэдээлэл болчихоод байна. Гээндээ ч, гоондоо ч гэгчээр бас камер харахаараа шал өөр юм ярьдаг гишүүд бас олон бий. Олон нийтэд таалагдах гээд. Гэтэл энд ярьж байгаа бүх бодлого бүх хүнд таалагдах албагүй шүү дээ.

-Тэгээд камергүй болчихоор бүгд бодлогоо ярьдаг болчих уу?

-Тэр бол УИХ-ын удирдлагаас хамаарна. Би бол удирдлага биш.

-Даргын зөвлөл хуралдаад юу гэж шийдсэн бэ? Дэгийн хуульд өөрчлөлт оруулах уу?

-Бууж өгөхөөр боллоо л гэж сая сонслоо. УИХ гаргасан шийдвэрээ хамгаалж чадахгүй л байна л даа. Байнгын хорооны шинэ дарга суусан учраас тодорхой мэдэхгүй байна. Хуульд өөрчлөлт оруулах юм шиг байна.

-Тавантолгойн гэрээн дээр Засгийн газарт хугацаа заасан уу?

-Хугацаа бол хангалттай өгсөн. Одоо болтол өгсөн үүрэг биелэгдээгүй л байна. Хэлбэрээ олж байгаад асуудал босгоно доо. Ажил яагаад УИХ-ын тогтоолд зааснаас өөрөөр яваад байна вэ гэдгийг. Ямар ч байсан Ерөнхий сайд Арабаас хүрээд ирэг.

-Ерөнхий сайдыг хүлээгээд бас нэг асуудал зогсчихлоо. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах асуудал чуулганд орсонгүй. Танай намын бүлэг яагаад дуугүй суугаад байгаа юм бэ, хуулийн хугацаа дууслаа шүү дээ?

-Намын бүлгээр ярих шаардлагагүй, гишүүд өөрсдөө шийд гэсэн. Намын бүлгээр асуудал яригдахгүй бол гишүүд чөлөөтэй кнопдож болно гэсэн үг.

-Тэгвэл ядаж байнгын хороогоор орох ёстой шүү дээ. Хэнд хууль үйлчилдэг, хэнд үйлчилдэггүй юм бэ?

-МАХН-ын Удирдах зөвлөл бол асуудлыг хэлэлцээд огцруулахгүй гээд шийдчихсэн юм билээ. Бид бол огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хуулийн хугацаа арай дуусаагүй байна. Ерөнхий сайд “Намайг иртэл хүлээж байгаач” гэсэн, асуудал тавьсан гишүүд нь өөрсдөө хүлээсэн ч яах вэ гээд шийдчихсэн юм билээ.

-Тэгвэл Д.Зоригтын асуудал дээр улс төрийн шийдвэр хэдийн гарсан гэсэн үг үү?

-МАХН-ын Удирдах зөвлөл тэгж шийдээд, намын бүлгийн гишүүддээ үүрэг өгсөн бол улс төрийн шийдвэр гарч болох нь л дээ. Уг нь бол УИХ-ын шийдэх асуудал, УИХ Засгийн газраа хянах ажлаа л хийж байгаа хэлбэр шүү дээ.

-Огцруулах үндэслэлээ ингэхэд гишүүдэд танилцуулсан юм уу?

-Гишүүдэд тарааж өгөөгүй байна лээ. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй жил болсон, лиценз олголт дээр хориг тавьсаар байтал 192 лицензийг шинээр олгосон гэсэн нэлээд хэдэн зүйлийн л үндэслэл байсан.

-Ингэхэд “урт нэртэй” хууль ч өөрөө маш их шүүмжлэл дагуулаад байгаа. УИХ хуулиа гаргахдаа ямар  ч тооцоо, судалгаагүй гаргачихсан юм биш үү
?

-УИХ-аас баталсан хуулийн зөв, бурууг Засгийн газар шийдэхгүй. Сонгогчид л зөв бурууг хэлнэ үү гэхээс биш. Алтны компаниас очоод асуувал “буруу” л гэнэ. Бид олонхийн эрх ашгийг хамгаалж энэ хуулийг гаргасан. Байгаль орчин олон хүний эрх ашгийг хөндөж байгаа.

-Хуулинд нөхөн төлбөрийг өгсний дараа компаниудын лицензийг хураана гэсэн байгаа. Гэтэл тэр нөхөн төлбөрийг нь өгөх мөнгө төсөвт байна уу?

-Нөхөн төлбөр ярихаасаа өмнө байгаль орчны нөхөн сэргээлтийг ярих ёстой. Зардал гэдэг бодитой байх ёстой. Тэр компани үнэхээр геологи хайгуулын ажил хийсэн, тэр мөнгө нь данснаас нь төлөгдсөн байна уу, түүнээсээ татвар төлсөн үү, тэр болгоныг шалгах ёстой. Тэр ажлаа хийхгүй, УИХ-аас нэг хууль гарахаар “мөнгө идэх боломж” гэж хараад, ямар ч хайгуул хийгээгүй байж хоосон баримт бүрдүүлээд явдаг улс байгаа шүү дээ. Тэрийг нь нягтлах ажлыг яам хийх ёстой.

-Оны өмнө Ардчилсан намын ҮЗХ-ны хурал болсон. Та тэр хурал дээр намын даргад нэр дэвших ёстой байтал тэгээгүй, Н.Алтанхуягийг огруулах асуудлыг ч оруулж ирээгүй. Ямар тохироо явчихсан юм бэ?

-Н.Алтанхуяг өргөдлөө өгөхгүй бол би нэр дэвших боломжгүй юм билээ, манай намын дүрмээр.

-Огцруулах асуудлыг яагаад оруулж ирээгүй юм?

-Огцруулах асуудлыг намын их хурал шийддэг. Намын дарга намын их хурлаар томилогдож, чөлөөлөгддөг.

-Н.Алтанхуяг ҮЗХ-ны хурлаар томилогдсон шүү дээ?

-Яагаад гэвэл Ц.Элбэгдорж хугацаанаасаа өмнө өргөдлөө өгсөн учраас дараагийн хүнийг ҮЗХ-ноос томилж болдог өөрчлөлт хийсэн юм билээ. Би бол “даргын асуудал яригдах юм бол би нэрээ дэвшүүлнэ” гэсэн нөхцөлтэй байсныг бас хэвлэлийнхэн санах хэрэгтэй.

-Онц их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг бас хэсэг залуучууд байгуулаад явсан. З.Энхболд тэдний ард байна гэж…

-Ардчилсан нам болохгүй байна гэдгийг ганц би яриагүй. Тэр залуучуудыг би танилгүй яах вэ. Манай намын ҮЗХ-д байсан, байгаа л залуучууд байна лээ. Харин тэдний ард би байсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.

-Тэд чинь өнгөрсөн долоо хоногт намын даргадаа цэцэг бэлэглээд, 2012 онд их хурлыг хуралдуулахаар болчихлоо. Юу болчихов оо?

-Харин тийм л юм болсон байна лээ. /инээв/

-Яагаад гэж асуусан уу?

-Үгүй, асуугаагүй. Намын даргадаа цэцэг өгөхөөс илүү намын дарга нь өөрөө бууж өгөөд их хурлыг хуралдуулахаар болсон юм биш үү. Би NEWS.mn-ээс тэгж л уншсан. Мэдээж их хурал бол хуралдаж л таарна шүү дээ. Хугацааны хувьд л асуудал байгаа болохоос биш. Би бол манай нам хамтарсан засгаас аль болох хурдан гарах хэрэгтэй л гэж бодож байна. Үндсэн хууль зөрчөөд байгаа учраас энэ алдаагаа хурдан засах хэрэгтэй.

-Намын дүрэмд намын их хурлын хугацааг, намын даргын сонгуульт хугацааг дөрвөн жилээр заасан байж болно л доо. Гэхдээ намаа хэрвээ бодсон бол дүрмэнд захирагдахаасаа илүү улс төрийн эр зориг гаргаад их хурлаа хуралдуулах хэрэгтэй юм биш үү?

-ҮЗХ-ны олонхи нь тэгж бодохгүй л байна. Олонхи нь хэзээ хариуцлагаа ухамсарлах нь уу, түүнийг харж л байя.

-Юу тэднийг бариад байгаа юм бэ?

-Олонхи нь Ардчилсан нам Засгийн газарт байж бүтээн байгуулалтад оролцоно гэж яриад байна. Х.Баттулга бол төмөр замаа барих тухай ярьж байна, хүн болгонд шалтаг байх шиг байна. Би бол хоёр жил баригдсангүй л гэж байна, гурав дахь жилдээ баригдах юм уу, үгүй юу. Баригддаг бол сайн л байна.

-Энэ жил сонгуулийн өмнөх жил. Засгийн газар иймэрхүү хурдтайгаар энэ бүтээн байгуулалтыг эхлүүлж чадах уу? 

-Эхлүүлэх л ёстой шүү дээ, манай Ардчилсан намын олонхийн бодож байгаагаар энэ жил гол ажлууд явах ёстой. Тэр нь явах юм уу, үгүй юу. Тэрийг хариуцаж байгаа, хамгаалж байгаа манай таван сайд байна.

-Нөгөө талд нь Ардчилсан хүчни холбоо суугаад Засгийн газрыг эсэргүүцэж байхад ажил явах уу?

-АХХ бол намын доторх фракци биш, төрийн бус байгууллага. Гэхдээ бид онцлогтой. Ашиг сонирхлын бүлгүүд, клубууд Монголоо шинэчлэх талаар санаачлага гаргая. Нэг удаагийн биш, байнгын. Багш нарын холбоо, Эмч нарын холбоо гэх мэтчиэн үгээ хэлэх хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд би “Мэдлэгийн эдийн засаг” клубын хуралд суулаа. Дандаа гадаадад сургуульд төгссөн, Монголоо шинэчлэе гэсэн хүсэлтэй залуучууд байна, МАХН-ын гишүүн хүртэл сууж байна. “Би энэ улс төрийн чинь надгүйгээр болоод байх юм байх гэсэн чинь үгүй юм байна. Энэ чигээрээ явбал улс орон болохоо байх нь, ийм зүйл чинь болохгүй байна” гээд ярьж байна. Тэр ярьж байгаа хүмүүсийн санаа зовниж байгаа асуудлыг л төрийн бодлого болгох нь бидний гол зорилго.

-Гэхдээ тэр бодлого чинь миний харж байгаагаар бол 2012 оны сонгуулиар л гарч ирэх нь л дээ. Гэтэл АХХ-ны тэргүүлэгчид дандаа УИХ-ын гишүүд, ард түмнээс мандат авсан хүмүүс байгаа. Одоо УИХ дээрээ үүнийгээ бодлого болгоод оруулж яагаад болдоггүй юм?

-Одоо УИХ дээр яригдаж байгаа Эмийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд Эмч нарын клубын санал маш их туссан. Түүн шиг хууль болгон дээр клубуудынхаа саналыг тусгаж яваа.

-Тавантолгой дээр?

-Тавантолгой дээр бид хоёр ч удаа хэлэлцүүлэг явуулсан. “Монгол 999”-ийнхэн ирж байсан, Үнэт цаасны хороонд ажиллаж байсан н.Аюуш гэж эмэгтэй ирсэн. Тэгж байж УИХ-ын тэр тогтоол гарсан юм. Монголчууддаа итгэх ёстой, яагаад Монголын компани хийж болдоггүй, яагаад хувьцаа босгоод эксковатор авч болдоггүй юм гэдгийг ярьж байж гаргасан тогтоолыг одоо Засгийн газар гуйвуулаад эхэллээ шүү дээ. Бид Монголоо шинэчлэх тал дээр хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг бодлого болгож хувиргасаар л яваа. “ТМ” телевизээр лхагва гариг бүр “Монголоо шинэчлэе” сэдэвтэй нэвтрүүлэг явж байна. Тэр нэвтрүүлэг дээр яригдсан зүйлүүд дахиад л ажил хэрэг болоод явна. Бид бол зүгээр ярьдаг хүмүүс биш. Сонгогдсон хариуцлагатай учраас асуудлыг өөрчлөх, шинэчлэх үүрэгтэй. Тийм хууль, тогтоол санаачлах эрх нь бидэнд байгаа юм. Түүгээрээ гал тогооныхоо өрөөнд ярьдаг, бүр их уур нь хүрвэл хэвлэлийн бага хурал зарлаад явдаг хүмүүсээс өөр. Яагаад гэвэл мандаттай учраас. Олонхи байна уу, цөөнх байна уу гэдгээс үл хамаараад бидний хийх ажил маш тодорхой.

-Ц.Батбаяр гишүүн бас “Монголоо шинэчлэе” нэвтрүүлэгт ороод сууж байсан…

-Аргаа ядаад л бидэн дээр ирж байна шүү дээ. Манай намын удирдлагын зүгээс бол сайд огцруулах асуудал дээр гишүүдтэйгээ уулзах, нөлөөлөх ямар нэг зүйл хийхгүй, гишүүдийн бүрэн эрхийн асуудал гэдгийг хэлж байгаа. МАН-ын удирдах зөвлөл огцруулахгүй гэдэг шийдвэр гаргадаг бол буруу. Д.Зоригтыг огцруулна гэж кнопдох МАН-ын гишүүд зөндөө олон бий. Болохгүй байгаа учраас л сануулга аваад байна шүү дээ, тэр хүн чинь. Гэтэл намын шийдвэрээр хамгаалах гээд байна. Хамгаалаад үлдлээ гэхэд урт нэртэй хуулийг жил гаруй хэрэгжүүлээгүй, лиценз өгсөн энэ тэр чинь МАН-ын асуудал болж хувирна, ганц Д.Зоригтынх биш. Манай намын хувьд бүлгийн хурлаар хэлэлцэхгүй, дарга нар нь оролцохгүй байгаа нь тэр ирж болох сөрөг “пиар”-ыг өөрөөсөө зайлуулж байгаа юм.

-МАН-ын Удирдах зөвлөл тэгж шийдэх нь хамаагүй. УИХ-ын дарга гэтэл яагаад байнгын хороог “энэ асуудлаар битгий шийдвэр гарга, Ерөнхий сайдыг иртэл хүлээ” гэдэг юм бэ. Харин ч хамгийн түрүүнд “Хуулиа мөрд” гэж шахах ёстой хүн нь биз дээ?

-Тэр бол УИХ-ын даргын л буруу. Өөрөөс нь асуу.

-Ингэсээр байтал нөгөө 14 хоног нь дуусчихвал яах вэ, хэлэлцэхгүй буцаах уу?

-Хэлэлцэх үүрэгтэй. Хоног хугацандаа багтдаггүй өчнөөн жишээ бий шүү дээ. Жишээ нь Ч.Сангарагчаагийн асуудал.

-Сонирхлын зөрчлийн хууль гэж нэг хууль УИХ дээр орж ирсэн. Тэр ямар хууль вэ, УИХ энэ хуулийг гаргаж чадах уу?

-Байдаг л хууль, гарах л ёстой. Олонхи нь зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Манай гишүүдийн санаачилсан хуулийг намын бүлэг дэмжээд явж байгаа. Хууль санаачлахаасаа өмнө санаачлах гэж байгаа хуулийнхаа үзэл баримтлал, бодлогыг бүлэгтээ танилцуулдаг юм. Тэр хуулийг бүлэг дэмжсэн.

-Тэгвэл УИХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийг яагаад унагачихсан юм, оны өмнө?

-Унагаагүй, тусад нь хэлэлцүүлэхээр авч үлдсэн гэж би ойлгосон.

-Тавантолгойг Засгийн газар яагаад ингэж хэсэгчилж зарах гээд байна вэ?

-Улсын төсвийг батлахдаа байхгүй мөнгөө тараана гээд баталчихсан шүү дээ. Одоо байхгүй мөнгөө олох гэж ингэж хэсэгчилж байгаа юм. Би энэ төсвийг батлахын эсрэг байсан. Байхгүй мөнгө батлах биш, байгаа мөнгөө 10 мянгаар нь тараая. Тэгээд уурхайгаа олборлоод  ирэхээрээ мөнгөө нэмж өгье гэсэн. Байхгүй мөнгөө баталчихаар олборлож байгаа компанийн аманд уначихаад байна. Мөнгөө амлачихсан учраас тэр компанийн тулгасан ямар ч нөхцлийг хүлээн зөвшөөрөх болж байгаа юм. Би хэрвээ Сангийн сайд байсан бол гартаа хүлээсгүйгээр хэлэлцээрт орох байсан. “Чи өгвөл өг, байвал бай. Чиний мөнгийг чинь бид төсөвтөө суулгаагүй ш дээ” гэж хэлнэ. Уг нь  нэг тонн нүүрсийг бид 70 доллараар зармаар байдаг, одоогийн үнэ нь тийм. Гэтэл нөгөө компани мөнгөө урьдчилж өгч байгаа учраас тонныг нь 10 доллараар авья гэхэд “за за, 20-иор ав даа” гээд л дуусах болж байна. Мөнгөө батлаагүй байсан бол 70-аараа зүтгүүлээд байхад авна. Тийм аюул байгаа учраас би эсэргүүцсэн.Одоо байхгүй мөнгөө баталчихсан учраас мөнгөө олохын тулд Зүүн цанхи, Баруун цанхи гээд хэсэгчлээд эхэллээ л дээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гээд явчихлаа.

-2012 онд дахиад хэдийг амлах вэ?

-МАХН-ын амласан 1,5 саяын хэд нь бүрдэж, хэд нь бүрдээгүй байна гэдгээс л шалтгаалах байх даа. Бас л нөгөө байхгүй мөнгөө зээлж өгдөг байдал үргэлжилнэ.

-Нөөцийн татварын хууль яасан бэ, хэр эсэргүүцэлтэй тулгарч байна?

-Хууль нь гарчихсан. Шаталсан байдлаар, үнэ их байх тусам өсөөд явна. Одоогоор том гэрээ хийх гэсэн хүн байхгүй учраас эсэргүүцэлтэй тулгараагүй байна.

-Нөөцийн татварыг Оюутолгой руу оруулж чадах юм уу?

-Сангийн сайд оруулна гэдэг үүрэг авсан. Ирэх 7 хоногт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор биелэлтийг нь хэлэлцэх Ш.Сайхансамбуу гишүүний ажлын хэсгийн тогтоол дотор “оруул” гэдэг үүрэг нь байгаа.

-Тэндээс хэдий хэр орлого олох вэ, 68 хувийн татварыг нөхөх үү?

-Аймаар их. Нөхөж чадахгүй, гэхдээ дөхнө.

-Түүнийг юунд зарцуулах вэ?

-Дахиад л нөгөө эрдэнийн хувь, хишигтээ зарцуулна шүү дээ. Ер нь бол ашигт малтмалаас олсон орлого ард түмний гар дээр очдог хуулийг хийчихсэн шүү дээ.

-Сангийн сайд өнгөрсөн онд Төсвийн тогтворжилтын тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Жишээ энэ оны төсвөөс эхлээд зэсийн үнийг тогтмолоор авдаг болсон, энэ хууль хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Илүү гарсан нь Тогтворжилтын сан руу ордог.

-Илүү гарахааргүй өндөр тогтоосон юм биш үү, 8000 ам.доллараар?

-Үгүй л дээ, 5000 гарантай байгаа. Заавал илүү гарна.

-Төсвийн эрх мэдлийг орон нутагт өгөх асуудал хэзээ хэрэгжих юм?

-2013 оноос. Дараагийн парламент сумын сургуулийн дээвэр засах асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг. Улс орны хэмжээни том бүтээн байгуулалт, том асуудлыг л хэлэлцэнэ. Асуудал бол зөндөө байгаа шүү дээ.

-Сонгуулийн хуулийг юу болгож байна аа. МАН лав жижиг мажоритари луугаа явж байх шиг байна?

-МАХН нэрээ солисноос хойш намын нэрээр санал авахыг эсэргүүцээд эхэлсэн. Хэрвээ пропоциональ сонгууль гэж байдаг бол зайлшгүй намын нэрээр санал авдаг. Хувь тэнцүүлсэн сонгуулийг хүний нэрээр авдаг хууль энэ дэлхий дээр байхгүй. Намын нэрээр санал авахгүй л бол хувь тэнцүүлсэн сонгууль гэж байхгүй.

-Хүний нэрээр хувь тэнцүүлсэн сонгууль явуулна гэж юу гэсэн үг юм?

-Тавин хүний дотроос нэг хүний нэрийг дугуйлдаг, тэр дугуйлсан хүний саналыг санал аваагүй бусдад нь нялзаахыг хэлээд байгаа юм. Тийм мангар юм байж болохгүй шүү дээ. Холимог дээр бол нэг мандаттай тойрог дээрээс сонгогддог 26 гишүүн, бусад 50 нь намын нэрээр сонгогдох хувилбар байгаа шүү дээ. Манай байр суурь маш тодорхой, аль жилийн өмнө гаргаад МАХН-д өгчихсөн. Асуудал тэдэнд байгаа болохоос биш бидэнд байхгүй. Одоогийн 26 тойрогт нэг мандаттайгаар нам болгон нэг нэг хүн гаргая, үлдэж байгаа 50 мандатаа намын нэр дээр санал авья л гэж байгаа шүү дээ. Бүгдийг нь намын нэрээр авчихаар тойрогтойгоо ажилладаг гишүүн олдохоо байчихдаг. Хоёрдугаарт намын нэрээр санал авахгүй бол гадаадад байгаа монголчуудын саналыг авч боломжгүй болно. Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн квот гэж ярьдаг. Хэрвээ квотын тухай ярьж байгаа бол зайлшгүй хувь тэнцүүлсэн сонгууль явуулах ёстой.

-Нэрэн дээрээ МАН яг юунаас болгоомжлоод байгаа юм бэ?

-Тэдний болгоомжлол бас үндэстэй. МАХН гэдэг нэр танигдсан, МАН гэдэг нэрийг үлдэж байгаа хоёр жилд таниулахад хүндрэлтэй гэж бодоод байх шиг байна. Хэрвээ тийм бол яах гэж нэрээ сольсон юм. МАХН-ын нэрээ сольсон нь сонгуулийг зөв шударгаар явуулахад саад болж болохгүй биз дээ.

-Сонгуульд ялагдвал би хариуцлагыг хүлээнэ гээд амлачихсан дарга нар ч байгаа шүү дээ?

-Тэр бол тэдний дотоод асуудал.

Б.СЭМҮҮН