МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2010 оны 07 сарын 07 өдөр                              Дугаар 39                               Төрийн ордон

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх;

2/Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх:

а/Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;

б/хувьцааны 10 хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн  үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;

в/хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах;

3/“Эрдэнэс–Таван толгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах;

4/Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг  барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх;

5/дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ