Өдрийн сонин 2010.11.18

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой Ардчилсан намын шинэчлэлийг тойрсон асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ удахгүй хуралдах гэж байна. Хэлэлцэх асуудлын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг хэлэлцэхээр тохирсон байгаа. Намын шинэчлэлээ ярья. Юу нь болохгүй байна, дүрэм, журмаа өөрчлөх үү, яах уу, Хамтарсан Засгийн газрыг яах юм, ирээдүйд Ардчилсан нам яаж ажиллах юм, Монгол Улсын хөгжилд манлайлагч байхын тулд юу хийх юм гэдгээ ярина. Хувьсгалт нам бодлогоо тодорхойлчихлоо. Монгол Улсыг хөгжлөөрөө 2050 он гэхэд дэлхийн эхний тавин улсын тоонд багтаана гэлээ. Энэ бол дэндүү хол хугацаа. УИХ-аас баталсан Үндэсний хөгжлийн хөтөлбөрийг хоёр дахин бууруулсан зорилт дэвшүүлж байна л даа.

-Тэгвэл Ардчилсан нам үүнээс богино хугацаанд хөгжүүлж чадна гэж үү?

-Үүнээс хамаагүй богино хугацаанд монголчуудаа ажилтай болгох боломж байна. Нэг удаа өгөөд өнгөрчих эх орны хишиг гэх зэргийн мөнгөөр ард түмний амьдрал дээшлэхгүй. Иргэд ажилтай, орлоготой байж л сайхан амьдарна. Тэгэхээр монголчуудыг ажилтай болгох боломж бий. Үүнийг Ардчилсан нам хийх ёстой. Ингэх арга замаа ярих ёстой. Нөлөө бүхий улс төрийн хүчний хувьд шүү дээ. Зөвхөн нэг сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргах биш нэлээд олон жилийн төлөвлөгөөгөө тодорхой болгох хэрэгтэй. Үүний тулд намын их хурлыг хуралдуулах хэрэгтэй.

-Ээлжит бус их хурлыг хуралдуулахыг шаардсан олон хөдөлгөөн танай намд бий болсон. Гэвч намын дарга, хамтарсан засгийн асуудал хөндөгдөх вий гэснээс айсандаа удирдлагууд Их хурлаас зугтаад байна уу гэсэн хар байгаа?

-Жирийн гишүүд хүсч байгаа ч бол их хурлаа хуралдуулах ёстой. Намын их хурлыг хийхээс айж болохгүй шүү дээ. Асуудлаа нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Намын даргын асуудлыг ярих ёстой бол ярина. Тэгээд хэн нэгэн дарга болбол болж л таарна. Хамтарсан засгаас гарах үгүйгээ шийдэхээ олонхийн саналаар шийднэ.

-Их хурлыг хуралдуулахыг шаардсан олон хөдөлгөөний заримынх нь ард таныг байгаа гэх юм. Нам доторх бүлэг, фракцуудын тохироо ч нэлээд явагдаж байгаа юм уу даа?

-Би намын их хурлыг хуралдуулъя гэж энэ хөдөлгөөнүүдээс түрүүлж дуугарсан юм. Ардчилсан намд үүсээд байгаа хуримтлагдсан асуудлаа ярья гэсэн юм. Гэвч яагаад их хурлаас айгаад байгаа юм. Ардчилсан нам бол гишүүд нь бие биетэйгээ мэндлэхээ больчихсон хүмүүсийн нэгдэл биш шүү дээ. Бид хоорондоо уулзаад ажлаа яриад явж байгаа. Бүлэг фракцаараа тохироо хийсэн ч зүйл байхгүй. Ардчилсан нам сайхан байна, юу ч өөрчлөх гэсний хэрэггүй гэж ярих хүнтэй би таараагүй. Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байна. Тиймээс бид уулзаж, ярилцаж байгаа. Дөнгөж саяхан намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа. Бид ажлаа ярьсан. Н.Алтанхуяг, З.Энхболд нар муудалцаад нэг нь намын дарга болох гээд байна зүйл сонин хэвлэлээр гарч байна. Гэхдээ би өчигдөрхөн Н.Алтанхуяг даргатай уулзсан. Намын ажил болохгүй байна, яавал зохих тухай ярилцсан. Их хурлаа хийе. Намынхаа талаа санаа зовоод байгаа тэр жирийн гишүүдээ цуглуулаад ярья гэсэн. Үнэндээ Ардчилсан нам нам шиг байвал монголчууд л хожно биз дээ. Тэртээ 20 жилийн өмнө монголчуудын сонгож авсан зам зөв байсан. Харин үүнээсээ ухрах дээрээ тулчихаад байна. Бүр сонгууль явуулахаа больё, том намууд нь ялсан ч, ялагдсан ч хамаагүй хамтарсан засаг байгуулъя гэсэн. Тэгээд ч байгуулсан шүү дээ. Энэ бол 20 жилийн өмнө монголчуудын сонгосон зөв замыг баллаж байна. Баабар хүртэл хэдэн төгрөгийн төлөө энэ талд орчихсон байгаа шүү дээ.

-Тэгэхээр намын их хурал хуралдахаар болсон гэсэн үг үү?

-Уг нь намын дарга өөрөө их хурлыг зарлачихвал дээр. Үгүй гэвэл ҮЗХ-ны гишүүдийн 23-оор шийднэ дээ.

-ҮЗХ-оор дэмжихгүй бол яах вэ?

-Тэгвэл Их хурал хуралдуулахыг шаардаж байгаа энэ олон хүн зогсохгүй шүү дээ. Үргэлжлүүлэх шаардлага тавих байх. ..

-Та ч гэсэн үү?

-ҮЗХ асуудалд яаж хандахыг харъя. Ямар мэргэн санаанууд гаргахыг нь сонсьё, Манай нам хурлаа хийлгүй удлаа. Энэ хооронд их зүйл өөрчлөгдлөө. Манай гол өрсөлдөгч болох МАХН ч алга боллоо.

-Гэхдээ таныг намын даргатай тохиролцсон. Н.Алтанхуяг дарга их хурлыг хуралдуулж, ажлаа өгнө гэсэн яриа гарсан байна лээ?

-Н.Алтанхуяг бид хоёр тэгж тохиролцож болохгүй шүү дээ. Их хурал хуралдаад намын даргын сонгууль болбол ганц Н.Энхболд нэрээ дэвшүүлэхгүй. Намын даргад өрсөлдөх олон хүн бий. Өрсөлдөх л хэрэгтэй. Тэгээд Н.Энхболд гэдэг хүн Ардчилсан намыг ингэж авч явна, ирэх 20 жилийн Монголын хөгжлийн ийм нүдээр харж байна гэдгээ танилцуулах ёстой. Тэгтэл өөр хэн нэг нь босоод намын даргад нэрээ дэвшүүлж болно. Тэгээд надтай санал нийлэхгүй байгаа хэлээд улс орныг хөгжүүлэх хөгжлийн шатыг ингэж харж байна гэдгээ ярих ёстой. Нөгөө талаас дахиад өөр нэгэн босч болно. Эндээс намын гишүүд сонголтоо хийх учиртай. Сонгууль гэдэг чинь үүнийг хэлдэг юм шүү дээ. Түүнээс биш Н.Алтанхуяг, З.Энхболд хоёр тохиролцоод нэгийгээ Ардчилсан намын дарга болгож болохгүй. Ийм үе өнгөрсөн.

-Намын их хурал хугацаа ёсоороо бол хэзээ хуралдах билээ?

-2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө их хурал болсон. Тэгэхээр дараагийн их хурал хугацаагаараа бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болох учиртай.

-Үүнээс өмнө их хурлаа хуралдуулж Хамтарсан Засгийн газрын асуудлыг шийдэхгүй бол АН сонгуульд хэцүүдэх биз?

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө УИХ-ын сонгууль байгаа шүү дээ. Орон нутгийн сонгууль байна. Сонгуульд ажилладаггүй Ардчилсан нам орж болохгүй. Хамтарсан Засгийн газраас гарахгүй бол Ардчилсан нам сонгуульд ялагдана гэдэг бол санаа зовох гол асуудал биш л дээ. Ардчилсан нам өөрийнхөө байранд байж чадахгүй байгаа учраас Монголын ардчиллыг гажуу дуулаад байна. МАХН-ын дарга байсан С.Баяр гэж хүн стандарт бус Засгийн газарт ялагдсан, ялсан хоёр намыг хамтрахыг уриалсан. Үүнийг нь манай намын ҮЗХ дэмжээд явчихсан л даа. Үнэндээ стандарт бус биш, хууль бус Засгийн газар шүү дээ. Ардчилсан нам сонгуулиар ямар эрх мандат олж авсан түүнийгээ биелүүлэх ёстой. Түүнээс биш хууль бус Засгийн газар байгуулахад нь давхиж очоод сайд болох учиргүй.

-Заавал Их хурал гэлтгүйгээр ҮЗХ хамтарсан засгийн асуудлыг шийдэж чадахгүй гэж үү?

-Хэлэлцэх олон асуудлын заримыг нь ҮЗХ шийдэж чадна. Заримыг нь шийдэж чадахгүй. Тийм учраас ирэх оны эхээр намын их хурлыг хуралдуулах нь зүйтэй. Ардчилсан нам Хамтарсан засагт орох шийдвэрийг ҮЗХ өмнө нь гаргасан шүү дээ. Тэгвэл одоо Хамтарсан засгаас гарах шийдвэрийг ҮЗХ хороо гаргаж болно гэж бодож байгаа. Угаасаа Ардчилсан намыг хамтарсан Засгийн газарт бай гэж ард түмэн сонгоогүй. Монголын ард түмэн 2008 оны сонгуулиар Ардчилсан намд хувьсгалт намыг хянаад суу гэсэн үүрэг ролийг өгсөн. Үндсэн хуулиар бол парламентад хамгийн олон буюу 39-өөс дээш суудал авсан хүчин Засгийн газраа байгуулах үүрэгтэй Энэ үүргээ өөр хэн нэгэн сөрөг хүчинтэй хуваалцах тухай заалт хуульд байхгүй шүү дээ. Ийм байтал стандарт бус хэмээн Засгийн газар байгуулах нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Тийм учраас Ардчилсан нам Засгийн газарт байх ёсгүй гэж үзэж байгаа. Хамтарсан засаг хоёр жил ажиллалаа. Бүтсэн юм алга. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр 65 зүйлтэй. Үүнээс биелсэн нь ердөө гарын арван хуруунд багтаж байна шүү дээ. Зарим биелэлт нь инээдтэй. Тухайлбал, гол мөрний урсац, ойн сан бүхий газарт алт олборлох хориглох арга хэмжээ авна гэсэн. Үүнийгээ Засгийн газар биелсэн гэж зарлаж байгаа. Хууль гарснаар ашигт малтмалын олборлолт зогсоогүй. Хууль хэрэгжихгүй байвал үүнийг биелсэн зорилт гэх үү, биелээгүй гэх үү. Уг нь тэр гэрээгээр бол бүх зүйл сайхан болсон байх ёстой. Айл өрх бүр сая төгрөгийн орлоготой, 60-аас дээш мянган ажлын байр бий болох байсан. Ингэж ярихаар хоёр жил дутуу байна гэх байх. Гэлээ үлдсэн хоёр жилд энэ зорилтууд хэрэгжих гэрэл гэгээ харагдахгүй байна. Ийм учраас яриад байх юм алга.

-Тэгвэл та Ардчилсан намын дарга боллоо гэхэд ямар шинэчлэл хийх юм?

-Н.Алтанхуяг гэдэг муу даргыг З.Энхболдоор солибол бүх зүйл болно гэж болохгүй л дээ. Ардчилсан намын ажил болохгүй байна. Би Н.Алтанхуягаас илүү ажиллаж чадна гэж хэлж байгаа. Би зөвхөн намын дарга болохын төлөө яваад байгаа юм биш. Ардчилсан намын бодлогыг шүүмжилж байгаа олон зуун мянган гишүүний нэг нь би. Ардчилсан нам унтдаг биш ажилладаг нам болмоор байна. Ардчилсан намын шинэчлэл өөрөө Монгол Улсад хэрэгтэй. Манай нам төрийн эрх барилцаж байгаа УИХ-д 27 суудалтай нам. Бид монгол хүн болж төрснийхөө төлөө байгалийн баялгаасаа жил бүр хувь хүртдэг, ажилтай, орлоготой баймаар байна. Баян хоосны ялгаагүй амьдармаар байгаа шүү дээ. Үүнийг бий болгохын төлөө Ардчилсан нам шинэчлэгдэх, ажлаа хийх хэрэгтэй. Шинэчлэх шаардлагатай намын дотоод асуудлууд бий л дээ. ҮЗХ-ны суудлыг мөнгө төгрөгөөр авдаг зэргээс эхлээд өчнөөн дутагдал бий. Энэ бүхнийг засах хэрэгтэй байгаа.

-Ардчилсан намын үзэл баримтлал бүдгэрээд байна гэсэн шүүмжлэл байгаа л даа?

-Ардчилсан нам нэг команд өгөхөөр “өө тийм үү” гээд дагаад явчихдаг нам биш л дээ. Хувьсгалт намаас үүгээрээ ялгаатай. Мэдээж үзэл баримтлалгүй бол нам байхгүй. Энгийн жишээгээр намынхаа үзэл баримтлалын ялгааг тайлбарлая. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам байгалийн баялгаас орж ирэх орлогыг ард түмэн тэгш хүртээх ёстой. Иргэдэд Эрдэнийн хувь гэдэг хувьцаа тарааж, эхний дөрвөн жилд үйлдвэрүүд байгуулагдаад ажилд ортол ногдол ашгийнх нь хэмжээ сая төгрөг байна гэсэн мөрийн хөтөлбөр гаргасан. Байгалийн баялгаас насан туршдаа хувь хүртэх хувьцаа өгнө гэсэн үг. Харин Хувьсгалт нам нэг удаа 1,5 сая төгрөг өгнө. Гэхдээ бүр сонгуулийн дараа өгнө гэж амласан шүү дээ. Тэгээд өгч чадаагүй л дээ. Тэгтэл Эрдэнийн хувийн зорилтууд Хүний хөгжил сангийн тухай хуульд тусгалаа олсон. Тэр сангаас иргэдэд мөнгө өгч байна. АН-ын сонгуулийн амлалт биелсэн. Тэгэхээр Ардчилсан намын дүрэм, үзэл баримтлалаар бол монголчууд бүгдээрээ боломжийн амьдралтай, эрх чөлөөтэй, төр засгаас хамааралгүй амьдардаг байх ёстой. Хувьсгалт намын үзэл баримтлал нь төр хүчтэй байх ёстой. Төр баян байхаас бүх зүйл эхэлнэ гэдэг. Тэд иргэдээ баян болгохыг хүсэхгүй байна. Тэгвэл бид иргэн баян байж улс хөгжинө гэж эсрэгээр нь ярьж байгаа. Манай хоёр намын үзэл баримтлалын ялгаа ердөө л энэ.

-Ардчилсан нам залуучуудаа дэмждэггүй, дээш нь гаргадаггүй гэсэн шүүмжлэл бий. Үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол манай алдаа, МАХН-ын ололттой тал болчихоод байж магадгүй. Ардчилсан нам залуучуудаа дэмжих ёстой. Хувьсгалт нам командаар ажилладаг учраас намын удирдлагаа 60 оныхноос бүрдэнэ. 70 оныхон дотор нь ажиллаад явна. 80 оныхон залуучуудын байгууллагаа аваад явна гээд зохион байгуулчихаад байна. Харин манай намд чадалтай бол гараад ир гэсэн зарчим үйлчилдэг. Гэвч энэ нь намын дүрэм журмаар бараг боломжгүй зүйл болчихоод байгаа юм. Үүнийгээ өөрчлөх замаар залуу хүмүүст илүү боломж олгох ёстой.

-Дүрэмд юу гэж заасан байдаг гэж?

-Тэдэн настай хүнийг дарга болгож болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ дүрэм, журмыг бүхэлд нь аваад үзэхээр залуу хүн гарч ирээд өсч дэвжээд явах зам хаалттай харагддаг.
Я.Мөнгөнцэцэг