2010.11.12 Ардын эрх

УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Сэтгүүлчидтэй хийсэн “зангиагүй уулзалт” тань уг нь “Намын шинэчлэлээс төрийн шинэчлэл руу” сэдэвтэй байсан боловч сэдвээсээ бага зэрэг хазайчих шиг болсон. Та Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ ил зарлаад явж байгаа хүний хувьд шинэчлэлийг юунаас эхлэх ёстой гэж бодож байна. Удахгүй болох ҮЗХ-ны хурлаар жишээ нь юуг ярих вэ?

-Ил зарлаад явж байгаа хүмүүсийн нэг нь л би. Намын үйл амьдралтай холбоотой асуудал, улс орны хөгжилтэй холбоотой асуудал хоёрыг тус тусад нь ярих ёстой. Намын дотоод амьдралтай холбоотой асуудлыг бол бид нам дотроо ярина. Лав л МАХН шиг хурал хийх ёсгүй гэж би үзэж байна. МАХН-ын хувьд нэрээ, эмблемээ л солилоо шүү дээ. МАХН-ын Их хурлаас ард түмэн юу хүлээсэн бэ. Ажилгүй иргэд хэзээ ажилтай болох вэ л гэдэг асуултын хариуг хүлээсэн. Харамсалтай нь энэ тухай сөхөж ярьсан ч үгүй. Түүнээс биш энэ нам нэрнээсээ “Х” үсэг авч хаяна уу байна уу хэнд хамаатай юм. Хөгжлийн бодлого гэж гаргасан бичиг баримтдаа Үндэсний хөгжлийн хөгжлийн цогц бодлогод тодорхойлсон хугацааг хоёр дахин сунгаад л явчихлаа шүү дээ. 2020 онд хэрэгжүүлэхээр зорьсон бодлогыг 2040 он болтол хойшлууллаа. Ардчилсан намын шинэчлэл бол монголчууд хэзээ ажилтай болох вэ гэдгийг л хэлж өгөх ёстой. Нам дотроо хийх зохион байгуулалтын, өрсөлдөөний асуудал бол ёстой мянгадугаар асуудал. Энэ бол бидний зорилгодоо хүрэх хэрэгсэл болохоос зорилго биш. Бидний зорилго иргэддээ малыг нь, орон сууцыг нь, газрыг нь, байгалийн баялгийг нь өгсөн шигээ ажлын байрыг нь өгөх хэрэгтэй. Монгол Улсын бүх баялаг иргэдийн гар дээр очсон. Газрыг өрхөд өгсөн байсныг 2007 оны иргэн бүрт өгөхөөр хуульчилсан, бас л Ардчилсан намын санаачилгаар. Өнгөрсөн оны Хүний хөгжлийн сангийн хуулиар байгалийн баялаг иргэдэд оччихлоо. Энэ олон үргэлжилсэн бодлогуудын дараагийнх нь иргэддээ ажил олгох.

-Ажлын байр гэхээр өнөөдөр бид Тавантолгой, Оюутолгойгоосоо хэтэрч сэтгэхээ байчихаад байгаа шүү дээ?

-Тавантолгой, Оюутолгой бол ажлын баярны зөвхөн эхлэл. Үүнийг дагаад өчнөөн олон бизнес гарч ирнэ. Тээвэр, маркетинг, боловсруулах үйлдвэрүүд байна. Одоо байгаа манай төмөр зам 1000 гаруйхан км-ын урттай. Энэ 1000 км зам дээр 16000 хүн ажиллаж байна. Бид дахиад 3000-4000 км зам барих тухай ярьж байна. Шинэ баригдах төмөр зам дээр одоогийнхоос цөөхөн хүн ажиллах байх л даа, технологи нь илүү дэвшилттэй учраас. Гэхдээ л дор хаяж дахиад 16000 хүн ажилтай болно. Хятад руу гурван компани автозам тавьж байна. Энд дахиад жолооч хэрэгтэй болно. Энэ бүх боломжийг ашиглаж монголчууд бүгдээрээ ажилтай болох ёстой гэдэг л Ардчилсан намын бодлого. Өнөөдөр Тавантолгойгоос Хятад руу нүүрс зөөж байгаа машинууд дээр 1800 хятад жолооч ажиллаж байна. Энд монгол жолооч нар ажиллавал дахиад 1800 өрхийн амьдрал сайжирна.

-Сүүлийн үед Монголд ажлын байрнаас гадна мэргэжилтэй ажиллах хүчин алга гэж ярьдаг болоод байгаа?

-Монголчууд эрхбиш самосвал барьж чадна даа. Дээр үед жолооч нарын бүхэл бүтэн арми байлаа, тавдугаар бааз, нэгдүгээр бааз гээд. Цэргийн хэлээр бол арми гэдэг 100 мянгаас дээш хүнтэй бие бүрэлдэхүүн. Социализмын үед тийм олон мянган жолооч Монгол Улсын тээврийн хэрэгцээг хангаж байсан. Монголчууд муу байлаа байлаа гэхэд самосвал барьж чадах хэмжээнд байгаа, би үүнд эргэлзэхгүй байна.

-Зам, барилгын ажил гэхэд л монголчууд ажиллаж чаддаггүй, цалин голдог гээд авдаггүй, хятад ажилчид л бөөн бөөнөөрөө орж ирж байна. МСҮТ-үүд байгаад ч ажиллах хүчнээ хангалттай бэлтгэж чадахгүй байгаа юм биш үү?

-МСҮТ-ийг дэмжихдээ мөнгө өгч байна. Тэр мөнгө нь өгөх ёстойгоосоо бага байна. Энэ олон чанаргүй дээд сургуулиудын оронд МСҮТ-үүдэд 1-2 жил сургаад, өнөөдөр ажлын байр нь байгаа тэр мэргэжлүүдийг олгох ёстой. Гэтэл өнөөдөр ажлын байрны шаардлага, ажиллах хүчний чадвар хоёр хоорондоо зөрчилдөөд байна. Үүнийг өөрчлөх ёстой биз дээ.

-Гэтэл бас Оюутолгой, Тавантолгойн гэрээн дээрээс харахад энэ хэмжээний төсөл дээр ажиллах, хөрөнгө оруулалт татах чадвартай топ менежерүүд манайд хэрэгтэй юм биш үү? Оюунтолгойн гэрээ байгуулсны дараа л гэхэд хэн хэн нь туршлага дутлаа гэдгээ хүлээсэн шүү дээ?

-Чаддагийг нь хөлслөөд ажиллуулах хэрэгтэй. Манайд угаасаа тийм боловсон хүчин байхгүй. Бүгдийг нь чадах албагүй шүү дээ. Гадаадад сургууль төгссөн, тэнд ажиллаж байсан хүмүүс сүүлийн үед буцаж ирж байна. Гадаадынхныг хөлслөхгүйгээр тэднийгээ л ажилд ав л даа. Ялгаагүй л ажил хийж байгаа шүү дээ.

-Хөгжлийн банкин дээр гаднын багийг хөлслөх гэж байгаа гэсэн. Ер нь тэгээд томоохон төслүүд дээр гадаадын зөвлөх компаниудыг ажиллуулахаар Засгийн газар дээр санал явж байсан…?

-Хөгжлийн банк гэж нэг дампуу юм бий болсон. Монголбанкны дэд ерөнхийлөгч байгаад хөөгдсөн Д.Энхжаргал, Хаан банкны Питтер Морроу гэсэн сонин хүмүүсийг ажилд авсан байна лээ. Би бол тэр банк ийм хүмүүстэй явахгүй л гэж бодож байна. Хөгжлийн банк бол жижиглэнгийн банк биш. Монголбанкны ажлыг унагаасан Д.Энхжаргалыг тэнд хавьтуулах ч ёсгүй. Гэх мэтээр МАХН-ын ярьж байгаа, хийж байгаа хоёр нь зөрөөд л байгаа байхгүй юу.

-Намын асуудал руугаа эргээд орьё. Удирдлагын түвшинд ямар шинэчлэл хийх ёстой вэ? Жишээ нь танай намын Гүйцэтгэх зөвлөл гэхэд МАХН-ын Удирдах зөвлөл шиг шийдвэр гаргах чадваргүй, хуучин МҮАН-д байсан Ерөнхий зөвлөл шиг бодлого тодорхойлдоггүй хүмүүс дүүргэсэн гэж шүүмжлэгддэг. Уг нь бол ҮЗХ-ны хурлуудын хооронд намын өдөр тутмын ажил, асуудлыг хийх ёстой хүмүүс биз дээ?

-Гүйцэтгэх зөвлөл бол аймаг, дүүргийнхээ намыг төлөөлж, аймаг дүүргийн намын хороод юу бодож байна, түүнийг дамжуулдаг үүрэгтэй. Тэр нь эргээд намын бодлого болдог дүрэмтэй. МАХН бол өөр. УИХ-ын гишүүдээ намынх нь удирдлагууд загнаад явдаг. Нам болгоны явах зам өөр. Танай нам заавал МАХН шиг явах алба байхгүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг биз дээ. Бид аймаг, дүүргийн намаас гарсан бодлогыг зөв гэж үзэж байхад тэд дарга нарын бодлого зөв гэж үзэж байна.

-Аймаг дүүрэг намуудын хувьд ч бас л тэнд хэн их мөнгө төлсөн, хэн олон хүнээ гаргасан нь бодлогоо захиалдаг гэж харагдаад байгаа. Хэн зөв бодсон, ярьсан нь биш?

-Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Аймаг дүүргийн нам, ҮЗХ болон намын Их хурал дээрх мөнгөний нөлөөллийг багасах ёстой. Тэгэхээр нам өөрөө санхүүжилттэй байх ёстой гэсэн үг. МАХН-ын Их хурал дээр нэг зүйл яригдсан байна лээ. УИХ-д суудалтай намууд улсын төсвөөс санхүүжиж байя гэж. Би бол түүнийг зөв гэж бодож байна. Одоо бол саналын мянган төгрөг л авдаг. Ардчилсан нам УИХ-ын сонгуульд 600 мянган санал авсан, түүнийг нь мянган төгрөгөөр үржүүлээд өгч байгаа, дөрвөн жилд нэг удаа. УИХ дахь суудлын мөнгийг бол жил бүр авдаг. 27 гишүүнтэй Ардчилсан нам 270 сая төгрөгийг улсын төсвөөс авдаг. Тэгж байж төрийн эрхийг барьж байгаа намууд мөнгөнөөс хол байх ёстой юм.

-МАХН жишээ нь компаниудаас, бизнесмэнүүдээс маш их хандив, санхүүжилт авдаг. Тэр нь жишээ нь “гаалийн” Х.Баатарын хэрэг дээр л нэг удаа ил гарсан л даа, 100 сая төгрөг намдаа хандивласан гэж…?

-Хамгийн гол нь санхүүжилт нь ил байх ёстой. Хуулийн шаардлага бүх хүнд адилхан. Манай намын санхүүжилт үндсэндээ гишүүдийн татвараас бүрддэг. Сонгуульт гишүүн, жирийн гишүүн хоёр ялгаатай. Сумын намын хорооны гишүүн жилдээ 12 мянган төгрөг, аймгийн намын хорооны гишүүн 50 мянга, ҮЗХ-ны гишүүн сая төгрөгийн татвар жил бүр төлдөг төлнө. Тиймээс Ардчилсан намын санхүү эрүүл яваа. Манай намын ҮЗХ-нд төрийн өмчийн компанийн нэг ч захирал байхгүй. Бид санхүүгээ маш цэвэрхэн авч яваа. Гэтэл МАХН-ын Бага хуралд шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг хараарай. Төрийн өмчийн бүх компанийн захирлуудыг бүгдийг нь хамаад оруулчихсан байна лээ. Тэгэхээр энэ намын хаанаас санхүүжих нь их тодорхой болж байна л даа. Би бол үүнийг буруу гэж үзэж байна. Төрийн өмчийн компани нэг намын түрийвч болох ёсгүй.

-МАХН сая Их хурлаараа “Бид өнгөрсөн 20 жил юу хийв, шилжилт дууссан уу” энэ тэр гээд аймаар “пиар” хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ардчилсан өөрчлөлтийг МАХН л хийсэн болж байна. Гэтэл танайхан “Манай нам болохгүй байна, буруу байна” гээд нам дотроо л бие биенээ хараагаад байдаг. Нийгэмд шал хоёр өөр имидж бүрдүүлээд байгаа юм биш үү?

-МАХН өөртөө байхгүй гавьяаг авах гэж үзэж байна л даа. Ер нь ардчиллыг ч бид хийсэн юм гэж. Үнэндээ бол ардчилалд яаж саад болох вэ гэдгийг л хийсэн байх. Малыг малчдад өгье гэхэд яаж эсэргүүцэж байлаа, орон сууцыг хувьчилья гэхэд юу ярьж байлаа. Газрыг иргэн бүрт өгнө гэхэд ч эсэргүүцэж л байсан. Эцэст нь зөвшөөрч л дууссан. Тэр үеийн сонинуудыг хараарай. Мал хувьчилахыг хэн санаачилсан, аль нам юу гэж эсэргүүцээд хурал хаяж байсан нь бүгд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Хэлэх нэг өөр, хийх нэг өөр. Аргагүй ардчилал гэдэг юмыг ард түмэн хүлээж аваад байгаа учраас санал л авахын тулд юу ч хамаагүй ярьж байна.

-МАХН-ын энэ их “пиар”-ыг даван туулахын тулд Ардчилсан нам юу хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт Их хурлаа хийж, бодлогоо гаргах ёстой. Хоёрдугаарт түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. 47 суудалтай МАХН бодлогоо гаргачихлаа. 27 суудалтай Ардчилсан нам одоо бодлогоо гаргах ёстой.  МАХН бол маш хүчтэй “пиар” хийж байна л даа. Гэвч хүмүүс “пиар”-аар амьдардаггүй, гэдсээ тэжээдэггүй юм. Нэг өдөр сайхан үг сонсоод сайхан байна биз. Орой очиход гэр нь хүйтэн, хүүхэд нь хоолгүй угтана. Тэгээд У.Хүрэлсүхийн хоосон “пиар”-ыг дэмжих үү, ажилтай болгох Ардчилсан намын бодлогыг дэмжих үү.

-Та намын “зангиагүй уулзалт” дээр намын дарга болох гэсэн хүн манай намд маш олон байна. Гантөмөр ч байна, Гүндалай ч хэлж байна гэсэн. Тэд таныг өрсөлдөөнд дуудаж байгаад нь эмзэглэсэн үү?

-Үгүй, яалаа гэж. Л.Гантөмөр бол сонингоор зарласан. Л.Гүндалай бол манай өрөөнд орж ирээд “Их хурал болбол би нэрээ дэвшүүлнэ шүү” гэсэн. Энэ бол эрүүл үзэгдэл. Чи ажлаа хийж чадахгүй байна, намын бодлого буруу яваад байна. Бид чамаас илүү хийж чадна л гэсэн үг шүү дээ. Ийм өрсөлдөөн байхгүй бол нам амьдрахгүй ээ. С.Батболдыг ганц үг хэлэнгүүт намынхаа нэрийг аваад хаячихдаг нам манайх биш.

-ҮЗХ-ны хурал хүртэл дахиад арав гаруй хоног байна, өрсөлдөгчдийн тоо ч нэмэгдэх болов уу?

-Үүнийг хэлэх боломж байхгүй. Намын удирдлагын энэ алдааг засья гэж бодож байгаа хүний тоо маш олон байна. Бүгдээрээ л өрсөлдөг. Н.Алтанхуяг ч гэсэн өөрөө бодлогоо гаргаад өрсөлдөж болно шүү дээ. Энэ байдлаас яаж гарах вэ гэдэг бодлогоо л гарга.

-Ардчилсан нам амьд байхын тулд хамгийн түрүүнд Засгийн газраас гарах ёстой юм биш үү?

-Түүнийг бас л намын Их хурал шийднэ.

-Гэтэл гарах шалтгаан маань юу байх вэ, одоогийнх шигээ “Алтангадас урвагч, Алтанхуяг еэ еэ бөө бөө” гээд гарвал лав амжилт олохгүй байх?

-2008 оны сонгуулиар ард түмэн Ардчилсан намд мундаг эрх өгсөн юм шүү дээ. Лав гүйцэтгэх засаглалыг авч явах эрх өгөөгүй. Ард түмэн Ардчилсан намд ямар “роль” өгсөн, түүнд нь таарч ажиллахын төлөө л явах ёстой. Би ялагдчихлаа, гэхдээ сайд болмоор байна гэж ярьж болохгүй биз дээ.

-Тэгвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон үүргээ биелүүлсэн үү, нэгэнт л орж чадсан юм чинь?

-Биелүүлсэн. Бид “эрдэний хувь“-иа Хүний хөгжлийн сангийн хуулиар иргэддээ хувьцаа олгохоор баталчихсан. Хувьцааны ноогдол ашгийг ч өгч байгаа. Хүмүүсийн гар дээр “хувьцаа” гэдэг цаас нь л очоогүй байгаа болохоос. Бид 1990 онд малыг өгсөн, 1996 онд орон сууц өгсөн, 2007 онд иргэн бүртээ газар өгсөн, 2009 онд байгалийн баялгийн хувьчлалыг хийлээ. Ардчилсан намын бодлого тууштай, зорилготой явагдаж байгаа.

-Тэгээд…?

Ардчилсан нам Засгийн газраас түрүүлж гарвал өөрсдөд нь л муу даа гэсэн мессежийг бас нөгөө намаас хаяад байгаа?

-Түрүүлж гарах уу, сүүлдэж гарах уу гэдэг бол ёстой сонин биш. Монгол Улсаар дүүрэн ажилгүй хүмүүс байна. Тэд би хэзээ ажилтай болох вэ гэдэг нэг л зүйл бодож байгаа болохоос аль нам засгийн эрх барьж байна, хэн нь хэнтэйгээ нийлж, салж байна гэдгийг сонирхохгүй.

-ҮЗХ-ны хурлаар хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг дүгнэх асуудал орох уу? Ардчилсан нам Засгийн газраас гарах бас нэг шалтгаан…

-Орж байгаа. Хамтраад явлаа, хамтарсан Засгийн газар байгуулах шалтгаан болсон гэрээ маань хэрэгжсэнгүй, эсвэл хэрэгжих боломжгүй юм байна гэж үзвэл асуудал ярина шүү дээ.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлт юу болсон бэ?

-Мартагдсан. Хамтарсан Засгийн газрын гэрээний нэг заалт нь бүх шатны сонгуулийн хуулийг өөрчлөх байсан. Тэр заалт лав биелэхгүй юм байна.

-Х.Баттулга сайдыг бас намын даргад өрсөлдөх боломжтой хүн гэж хэвлэлээр бичээд байгаа, бүр хамгийн шанстай нь ч гэх шиг?

-Чөлөөтэй шүү дээ. Даргын асуудал бол үнэхээр жижиг асуудал, ёстой мянгадугаар асуудал. Намын даргын сайн муугаас илүү намын ажил болохгүй байна, үзэл баримтлалаа мэдэхээ байлаа гэдэг шүүмжлэлд нам бүхэлдээ өртөөд байна. Гэтэл ерэн оноос хойш бидний барьж явсан бодлого, ярьсан ганц тодорхой зүйл нь иргэдээ хөрөнгөжүүлэх, хувийн өмчид тулгуурласан зах зээлийн нийгмийг бий болгох либертари үзэл шүү дээ. Хэн намын дарга байхаас үл хамаараад ард иргэдээ ажилтай болгох л Ардчилсан намын бодлого,  номер нэг асуудал байхгүй юу. МАХН бол үүнийг ярихгүй юм байна.

-Та Н.Алтанхуяг даргатай нэг удаа өрсөлдөөд ялагдсан. Тэгээд Н.Алтанхуяг намын дарга болж намаа Засгийн газарт оруулсан. Одоо юу өөрчлөгдсөн юм бэ?

-Н.Алтанхуяг “ Хамтарсан Засгийн газарт ороод та нарыг ажилтай болгоно” гэж амласан. Манай ҮЗХ дотор чинь ажилгүй хүмүүс маш олон байгаа шүү дээ. Би бол “хамтарсан Засгийн газарт орвол айлын халаасны өрөөнд байгаа юм шиг л амьдарна шүү. Ажилтай болдог ч бас худлаа байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд би 10 хүнээр ялагдсан. Хоёр жилийн дараа манайхан ажилтай болж амжаагүй л байна. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд ажилтай болох чухал биш ээ. Н.Алтанхуяг бол чухал гэж бодож байна, би бол чухал биш гэж бодсон.  Ардчилсан намд өөр том зорилт байгаа.

-Тэр үед Засгийн газарт орсон 60:40-ийн харьцаа доошоо бүх шатанд хадгалагдана гэж найдсан байх тийм үү? Гэтэл МАХН агентлагийн дарга нарыг ч танайд өгөөгүй…

-Тэр үед хамртарсан Засгийн газрыг дэмжсэн ҮЗХ-ны гишүүдээс асуу. Та яагаад ажилгүй байгаа юм бэ гэж.

-МАХН нэрээ сольсноос гадна “Нийгмийн ардчилал” гэж аян өрнүүлээд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагаа хүртэл ингэж нэрлээд явж байгаа. Ардчилсан намд тэгэхээр орон зай үлдсэн үү?

-Ардчиллыг МАХН хийсэн гэж МАХН-ын дарга С.Батболд намынхаа Их хурал дээр мэдэгдэж байна лээ. Тийм юм байхгүй. Хэрвээ 1989-1990 оны өлсгөлөн, ард түмний хөдөлгөөн байгаагүй бол МАХН байдгаараа л байна. Өрсөлдөгч байхгүй юм чинь өөрчлөгдөж яах юм. Өрсөлдөгч гарч ирээд, өөр зам байна гэж харуулсан учраас Монгол Улс хөгжиж байна. Ардчиллын 20 жилийн түүхийг МАХН бүтэн жилжингээ тэмдэглэлээ. Ардчилсан нам энэ 20 жилийг өмчлөхгүй, МАХН-ын оруулсан хувь нэмэр байгаа. Гэхдээ МАХН дангаараа хийчихсэн юм биш шүү. Тэгж хэлбэл манай намын 100 мянган гишүүн “Яг ш дээ” гэнэ. МАХН өнгөрсөн 20 жилд яаж ажилласныг бүгд мэдэж байгаа. Одоо ч гэсэн Ардчилсан намын гишүүнийг үг дуугүй ажлаас халж байна. Ийм байж “Бид ардчиллыг хийсэн” гэж яаж хэлж чадаж байна аа. Түүхийг бүтээсэн хүмүүс нь амьд байхад ядаж түүхийг өөрчилж болдоггүй юм. Үхсэн хойно нь бол өөрчилж магадгүй. МАХН бид ардчиллыг хийсэн гэж хичнээн ч их сурталчлаад хүн үнэмшихгүй. Тэд байсан уу, байсан. Гэхдээ үргэлж “тоормоз” л болж байснаас дэмжсэн нь цөөхөн шүү.

-Гэтэл Ардчилсан нам үүнийг дуугүй хараад суухаар ядаж гишүүд чинь хүртэл бухимдаад байна шүү дээ?

-Уг нь МАХН-ын дарга тийм мэдэгдэл хийнгүүт манай намын дарга хариу мэдэгдэл хийх ёстой байтал тэгсэнгүй. Намын удирдлага намынхаа гишүүдийн эрх ашгийг хамгаалдаг байсан бол дуугарч л байх газар шүү дээ. Гэтэл тэр хүнийхээ цэрэг нь болчихсон юм чинь яаж дуугарах вэ дээ.

-Ардчилсан нам Засгийн газарт орсон ч намын дарга нь ядаж ороогүй бол байдал арай дээр байх байсан болов уу?

-Яваагүй зам болгон сайхан байдаг юм. Тэр үед засагт орсон нөхцөл байдлыг тэр үед нь л авч үзэхээс биш, тэгсэн ингэсэн бол алаад өгөх байсан юм гэж ярьдаггүй.

-Н.Алтанхуяг дарга эрх биш өөрөө “би сайд болъё” гэж гуйгаагүй юм байгаа биз дээ?

-Гэрээ байгуулсан нөгөө тал нь “Намын дарга нь өөрөө ор” гэж шахсан юм байна лээ.

-Тэгэхээр танай намд улс төрийн том бодлоготон хэрэгтэй юм байна, ядахдаа С.Баярын ард гарч харах тоглогч. Та үүнийг чадах уу, одоо хүртэл улстөрд түүний тоглолт үргэлжилсээр байна?

-Би бол чадна. Чадна гэж итгэсэн учраас “Чадахгүй байгаа нь больё оо” гэдгийг их тодорхой хэлж байгаа шүү дээ.

-Тэгвэл танд амжилт хүсье.

-Баярлалаа
Б.СЭМҮҮН