УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ-ыг хууль зөрчсөн тухай мэдэгдэж байсан. Энэ талаар болон бусад асуудлаар түүнээс тодруулав.

-АТГ, сонгуулийн хуулийн асуу­дал яагаад чимээгүй болов?

-АТГ-т гэмт хэрэг үйлдэгдсэн. УИХ 14 хоногт шийдвэр гаргах хуультай. Түүнийгээ хэрэгжүү­лээ­гүй.

-АТГ-аас хийсэн судал­гаа­гаар маш их авлига байгаа тухай гарсан байсан.

-АТГ бол судалгаа хийдэг газар биш. Авлигатай тэмцэх ёстой газар. Авлига байгаа тухай хангалттай судалгаа бий. Манай улс авлигын хэмжээгээр өмнөхөөсөө дордож хэд хэдэн орны дараа орсон. Гэтэл энэ байгууллага ажлаа хийхийн оронд өөрийн хүмүүсээ тагнаж чагнаж, төсвийн мөнгөөр орон сууц худалдаж аваад явж байна.

-Тэгээд яагаад өөрчлөхгүй байна?

-МАХН-д ажлаа хийдэггүй АТГ-ын дарга хэрэгтэй байна. Тэр дарга ажлаа хийчихвэл болохгүй болчих гээд байна. Тэрний оронд нэг сонин юм яриад хугацаа хожиж байна. Яагаад хуулинд хугацаа зааж өгдөг вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулшгүй арга хэмжээ авдаг­тай байгаа юм. Хамсаатнуудаараа хамгаалуулаад хэдэн сар, жил болдог ийм дампуу юм байж болох­гүй. Сонгуулийн хуулийн хувьд мажоритар тойргийн бүх хэлбэрийг туршиж үзсэн. Энэ нь амьдралд нийцэхгүй гэдэг нь бүх талаараа батлагдсан. Сонгуулийн мажори­тар систем нь УИХ-ын гишүүнийг улс орныг бүхэлд нь харах боломж олгодоггүй. Эдийн засгийн томоо­хон асуудал шийдэхийн оронд тойрог харсан бодлого болж эдийн засгийг тарамдуулдаг.

-Намууд одоо ямар асуудал дээр гацчихаад байна?

-Бүлгүүдийн уур амьсгалыг ха­ра­хад 26 гишүүн том тойрогт мажоритароор, 50 гишүүн намын нэрээр сонгогдохыг зөвшөөрч байгаа юм. Энэ холимог хувилбар дээр үнд­сэн­дээ тохирсон гэсэн үг. Гэхдээ дараа 50 хүнээ яаж сонгох вэ гэдэг дээр л зөрүү гараад байна. Үндсэн хуулинд хүн санал өгнө гэсэн заалт байгаа гэж үзэж байгаа бол нэг хүнд өгсөн саналыг нөгөө хүнд өгүүлэх нь ялгаагүй хууль зөрчсөн хэрэг болно гэж би үзэж байгаа.

-Энэ чуулганаар сонгуулийн хуулийг баталж чадах болов уу?

-Шинэ оноос өмнө батлах шаардлагатай. Бодоод удаагаад байх шаардлага байхгүй. Мажо­ритар системийн муу талыг бид мэднэ. Пропорциональ системийн муу тал ч гэж байдаг. Тэр нь орон нутгийн төлөөлөл алга болдог. Тиймээс бид орон нутгийн төлөө­лөл болгож 26 тойргоо нэг ман­даттай болгож орон нутгийн тө­лөөллөө оруулж байна. Германы сонгуулийн системийг авна гэсэн үг. Тэр нь намын болон бүс нутгийн жагсаалтаар санал авдаг систем л дээ.

-Эдийн засаг сэргэх тухай ярьж байна.

-Эдийн засаг өсдөгөөрөө өснө. Гол нь хэн ямар хэмжээний юм хүртэх вэ гэдэг асуудал. Хэдэн уурхайн эзэд баяжаад, ард түмэн ядуураад байвал энэ нэг их сонир­хол татах асуудал биш. Хүн болгон өрсөлдөх чадвараа дээшлүүлж, улс орноо­роо эдийн засгийн өсөл­төөс хүрт­дэг болох ёстой. Оюу толгойн зарлаж байгаа ажлын байранд тэнцэх ёстой. УИХ-ын толгодын талаар гаргасан олон шийдвэр ажлын байр нэмэгдүү­лэхэд чиглэ­сэн. Гэтэл ажлын байр нь байдаг, иргэд тэнд очоод шаардлага хан­гах­гүй бол хэцүү болно. Техник мэргэжлийн боловс­ролыг улсаас үнэгүй олгож байгаа. Ажлын бай­ранд тэнцүүлэхийн тулд шүү дээ. Оюу толгой, Таван толгойд гарах ажлын байр шинэ ажлын байр. Шинэ ажлын байр шинэ ур чадвар, шинэ мэдлэг шаарддаг. УИХ аргаа бараад гадны компа­ниудыг ажилч­дын арван хувийг гаднаас оруу­лахыг зөвшөөрсөн. Илүү гарвал торгоно. Одоо хүн бүр өөрс­дийн­хөө өрсөлдөх чадварт л анхаарал тавих үлдсэн.

-Залуучууд эрчимтэй суралц гэсэн үг үү?

-Зөвхөн залуучууд биш нийт монголчууд. Бид өрсөлдөх чадвар­гүй бол эдийн засаг яаж ч томорсон ашиг нь гадагшаа гараад явчихна.

-Төрийн мэдлийн өмч огцом нэмэгдэж байгаа тухай эдийн засагчид шүүмжилдэг.

-Оюу толгойн 34 хувь байнга улсын мэдэлд байна гэж бодохгүй байна. Таван толгойн 50 хувь нь улсын мэдэлд байгаа. Нэг бол бүгдийг хувьчлах эсвэл бүгдийг төрд гэж туйлширч болохгүй л дээ. Уурхайнууд жигдрээд, монголчууд ажилтай болоод, ашиг, орлого олоод ирсний дараа хэн эзэн байх вэ гэдгийг шийдэж болно л доо. Одоо бол ойрын хэдэн жил төрд байх нь зөв гэсэн сэтгэлгээ давам­гайлж байна. Яваандаа ард түмний олонхи төр данхайж байна, хувьч­лах хэрэгтэй гэж үзвэл шийдэж болно.

-Том төслүүд хэрэгжинэ. Сан­хүүгийн баталгаа бий юу?

-10 тэрбум ам.доллар Засгийн газарт зөвшөөрсөн. Таван толгой­гоос мөнгө босгоно. Дэд бүтцийг Таван толгойгоос санхүүжүүлээд, төмөр замаараа өдөр шөнөгүй урагшаа хойшоо зөөгөөд байхад тасралтгүй мөнгөний их урсгалтай болно.

-1.5 сая төгрөгөө хэзээ өгөх вэ?

-МАХН сонгуулийн маргааш бэлнээр өгөхөөр амласан. АН байгалийн ашиг малтмалаас хувьцаа хэлбэрээр хувь хүртээнэ гэж амласан. Хувьцааны ашиг 2012 оноос өмнө багаар бодоход сая төгрөг байх тооцоо хийсэн. Энэ бүхний хууль эрх зүйн орчин бүрдсэн хэрэгжээд явж байна.

-Сая АНУ явсан гэсэн ямар ажлаар явав?

-АНУ-ын Хавайн арлын Хоно­лүлү хотын Ази, номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд Мальдив, Монгол Филиппин, Шри Ланкийн төлөөгчид оролцож Аюул­гүй байдлын хөгжлийн тухай уул­залт болсон. Азийн аюулгүй бай­дал, хөгжлийн чиг хандлагын та­лаар ярилцсан.

-Энэтхэгт хэдэн зуун сая залуус программ хангамжаар мөнгө хийж байна. Манайд хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Хууль эрх зүйн орчин гэхээсээ илүү энэ салбарт мөнгө хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн Энэтхэгт хийсэн айлч­лалын үр дүнд 20 сая ам.доллар энэ салбарт зарцуулахаар болсон. Түүгээр Энэтхэгийн залууст олго­догтой ижил түвшний сургууль Монголд байгуулна.

-Хэзээ байгуулагдах бол?

-Зээлийн хэлэлцээр хийгдсэн. Хэрэгжүүлэх хэлэлцээр явагдаж байна.

-Энэ сургуульд орох хүүх­дүүд юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Мэдээлэл технологийн зах зээлд үйл ажиллагаа явуулах мэргэжилтэн бэлтгэх дээд сургууль англи хэл дээр сургалт явуулах нь зүйтэй. Тиймээс англи хэлэндээ сайн анхаарах хэрэгтэй.

Х. Баттөгс