Өдрийн сонин 2010 оны 5 дугаар сарын 10

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх үеэр царигийн асуудал нэлээд маргаан үүсгэж байх шиг байна?

-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газраас оруулж ирсэн хэлбэрээр нь би дэмжиж байгаа. Үүнийг УИХ-аар хэлэлцэх явцад урагшаа нэн даруй нарийн царигтай төмөр зам тавих тухай зарим гишүүн ярьж сайдыг шахаанд оруулж байгаа. Тиймээс хамгаалж хэдэн үг хэлье гэж бодоод байна. Засгийн газар төмөр замын талаар баримтлах бодлогоо боловсруулах гэж жил гаруй явсан. Маш их судалгаа хийж, олон талаас нь харж тунгаасны эцэст оруулж ирсэн. Гэтэл үүнийг хажуугийн саналаар өөрчилбөл бурууд-на. Хэдийгээр УИХ-ын гишүүд санал гаргах эрхтэй ч энэ удаад Засгийн газрын хийсэн төслийг ойлгохыг оролдох хэрэгтэй л дээ.

-Та ямар саналтай байгаа юм бэ?

-Хамгийн түрүүнд Дорнодоос Баян-Өлгий хүрсэн бүдүүн төмөр замаа хурдан тавих хэрэгтэй. Бид гадаад руу гаргах ачаа эргэлтээ бодохын хажуугаар дотоодынхоо эдийн засаг, ачаа эргэлт, бизнесийн боломж, иргэдээ бодох ёстой. Ингэхийн тулд хөндлөн төмөр замаа эхэлж тавих нь зүйтэй. Ингэж байж сая үйлдвэржилтийн тухай ярина шүү дээ. Манай улсын ашигт малтмалын нөөцийн бараг 80-аад хувь нь Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн хөндлөн төмөр замын дагуу байгаа. Ачаа байхгүй газар төмөр зам тавих юм бол улс дампуурна. Хүн амын суурьшил хаана байна тэнд төмөр зам тавих ёстой.

-Олон улсын жишгийг дагая гэвэл нарийн царигтай төмөр зам тавих хэрэгтэй гэж яриад байгаа?

-Зарим гишүүдийн амнаас сонин сонин үг гарч байна лээ. Оросын төмөр зам өргөн царигтай  учраас хоцрогдсон. Хятадын нарийн царигтай төмөр зам бол дэлхийн стандартад нийцэж байгаа гэх яриа гарч байгаа. Гэвч манайд дэлхийн стандартыг дагах шаардлага огтхон ч байхгүй. Хоёр хөршийн тавьсан төмөр замтай холбогдох тухай ярихаас биш Япон, АНУ, Германд байдаг өндөр хурдтай галт тэрэг явдаг төмөр зам манайд ач холбогдолгүй. Манай төмөр замын гол зорилго бол ашигт малтмал тээвэрлэх шүү дээ. Ялангуяа нүүрс, жонс, зэсийн баяжмал, уран, түүхий нефть зэрэг жин ихтэй ашигт малтмал зөөнө. Эдгээр ашигт малтмал байгаа газрын байршлыг харахаар Засгийн газрын боловсруулсан төсөлд зурсан бүс нутгуудад төвлөрсөн байгаа.

-Тиймээс эхлээд хөндлөн төмөр замаа тавих ёстой гэж үү?

-Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, зүүн талын бүх орд газруудыг сайн судлаад ачаа тээвэрлэхэд бэлэн болгочихоод байгаа юм. Таван толгойгоос л гэхэд 100-200 жилдээ тээвэрлэх ашигт малтмалын нөөц-тэй нь тодорхой болсон. Тэгэхээр энд тавьсан төмөр зам яаж ч бодсон ашигтай. Мөн Тамсагт нефть олдсон байгаа. Түүнийг төвийн хэсэг, говь руу зөөдөг төмөр зам хэрэгтэй. Нефтиэрээ зөвхөн нэг улсаас хараат бус байя гэвэл үүнийг тавих ёстой. Хятад руу нүүрс зөөхөд ойрхон учраас хамгийн хялбархан. Гэтэл энэ улс манайхтай нарийн төмөр замаар холбогдчихлоо гэхэд Хятад улс манай цорын ганц худалдан авагч болох гээд байгаа юм. Хэрэв тэгвэл монополь эрхтэй худалдан авагч ганцаараа давуу эрхтэй учраас нөхцөлөө үргэлж тулгана. Өнөөдөр сайн үнэ амлаж магадгүй л дээ. Харин маргааш нь зан нь хувирч болно. Таван доллараар өгвөл өг, байвал бай гэнэ шүү дээ.

-Тэгэхээр Засгийн газрын бодлого ямар байгаа юм?

-Засгийн газрын боловсруулсан төмөр замын бодлогоор бол нүүрсээ хоёр хөрш рүүгээ адилхан гаргана. Тэгэхээр бидэнд хоёр гарц нээгдэнэ гэсэн үг. Нэг худалдан авагчтай үнэ тохиролцож чадахгүй бол нөгөө нь үргэлж нээлттэй байна. Дээр нь дэлхийн томоохон коксын хэрэглэгч болох Япон, Солонгос улс манай Таван толгой-Сайншанд- Чойбалсангийн төмөр замаар түүхий эд дамжуулах хүсэлтэй байгаа. Япон, Со-лонгос улс бол машин үйлдвэрлэгч орнууд.  Гангийн том үйлдвэрүүд тэнд байдаг. Харин тэд Монголын хилээс Хятадын боомт ойрхон учраас тарифын болон тарифын бус хязгаарлалт гарч болзошгүй гэж болгоомжилж буй учраас Орос улсын нутгаар явах хүсэлтэй байгаа. Тийм учраас бид Хятад, Орос руу гардаг замаа “амьд” байлгахын тулд эхлээд зүүн, зүүн хойд талынхаа төмөр замыг барьж дуусгах ёстой. Зүүн тийшээ явсан замаар Халх гол цаашаа Хятадын Чянхундо боомт хүрэхэд хамгийн ойрхон. Тяньжинээс ч ойрхон шүү дээ. Манай ашигт малтмал Хятадын нутгаар их зам туулснаас Монголынхоо нутгаар их зам туулах нь ашигтай. Үүнийг дагаад олон хүн ажилтай болно. Таван толгой -Гашуун сухайтын төмөр замыг барьчих юм бол нүүрс хамгийн богино замаар, хурдан хугацаанд манайхаас гараад явчихаж байгаа юм. Тэгэхээр урагшаа нарийн төмөр тавих гээд зүтгээд байгаа хүмүүст хандаад нэг зүйлийг хэлмээр байна.

-Юу гэж?

-Нарийн төмөр замыг дэмжээд байгаа Н.Ганбямба нарын нэлээд хэдэн хүн бий.  Монголын бүх асуудал ажлын байртай холбогдож байгаа. Ажилгүй учраас ядуу, ядуу учраас дугуйны хамер түлж Улаанбаатарыг хордуулж байх жишээтэй. Тиймээс манай улс сүүлийн 20 жилийн турш ажлын байрны тухай ярилаа. Бүх зүйлийн үндэс болсон ажилгүйдлийг бууруулахын тулд нийгмээрээ хичээж байна. Гэтэл Таван толгойн ор-доос зөөх нүүрс энэ ажлын байрны асуудлыг шийдэхэд нөлөөлж чадна. Ажлын байрны асуудлыг шийдэх сайхан  боломж гарч ирээд байна шүү дээ. Тэгтэл Монголд ажлын байр хэрэггүй. Хятадууд нарийн төмөр замаа тавиад манай нүүрсийг хямд төсөр аргаар бушуухан чирээд гарга гэж МАХН-ын гишүүд хэлээд байна. Н.Ганбямбын зорилго Хятадыг хямдхан нүүрсээр хангах юм уу, монголчуудыг ажилтай байлгах юм уу. Би ойлгохгүй байна. Уг нь УИХ-ын гишүүд монголчуудыг ажилтай болгоё гэж сонгогдсон шүү дээ. Яахав төмөр зам тавьчихлаа гэж бодъё. Тэгвэл нэг цуваа нь  3-4 мянган тонн нүүрс чирнэ. Бусад нь дандаа чиргүүл учраас түүнд хоёрхон машинист ажиллана. Харин засмал зам тавиад машинаар зөөвөл дөрвөн мянган тонн нүүрсийг ачааны 40 машин тээвэрлэнэ. Хоёр ээлжээр явлаа гэхэд 80 жолооч ажилтай болно. Үүнийг дагаад 80 айлын амьдрал дээшилнэ. Ингээд ч  зогсохгүй үүнийг тойроод төрөл бүрийн бизнесүүд ундарна. Адаглаад машины солярк олборлодог, нэрдэг, хүргэж өгдөг бизнес бий болно. Машины дугуй сольдог газрууд байгуулагдана гэх зэргээр шууд бус ажлын байр их гарна. Нүүрсийг төмөр зам, машинаар зөөсний зөрүү мөнгө монголчуудад ирнэ. Гэхмэтчилэн нарийн тооцоонуудыг Засгийн газар боловсруулсан төсөлдөө гаргасан байгаа.

-Хятад улс төмөр замтай боомтуудаар нүүрс авахгүй гэсэн юм уу. Ийм зүйл УИХ-ын чуулган дээр яригдаад байсан?

-Орос, Казахстан, Монголоос төмөр замтай боомтуудаар нүүрс авахгүй. Машинаар ачаад асгасан нүүрсийг авна гэж байгаа. Нэгэнт байдал ийм болсон учраас урагшаа нарийн төмөр зам тавих асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь дээр. Манай жолооч нарт амьдралаа залгуулах боломж олдог л дээ. Уурхайн эзэд монголчуудтай ашгаа хуваалцаж болно. Монголчууд машиныг чинь жолоодоод нүүрс тээвэрлэе. Цалин өгөөч ээ гэхэд л хангалттай. Хамгийн энгийн ашигтай бизнес энэ. Гэтэл манай нүүрсийг хятадууд түүхийгээр нь гаргаад байх юм бол тэднийд нэмүү өртөг үүснэ. Манайд биш тэнд ажлын байр гарна. Монгол Улс бүхэл бүтэн 80 жилийн турш Орост түүхий эд нийлүүлж, оронд нь бэлэн бүтээгдэхүүн авсан. Үүний хариуд Монголд юу үлдсэн юм бэ. Үйлдвэржилт хөгжсөнгүй. Зүгээр л бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Тэгвэл дараагийн 80 жилд Хятадын түүхий эдийн бааз байхаа больё. Өөрсдөө үйлдвэрээ байгуулж, тэндээ ажилладаг байя. Тэгээд ч Таван толгойн ордыг ашиглах тал дээр хамтран ажиллах саналаа өгсөн олон улс бий. Тэдэнтэй жигд хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ.

-Манай талаас тавих шаардлага нь ямар  байх вэ?-Таван толгойн ордын бүх зүйл манай мэдэлд байна. Лиценз, хайгуул хийсэн зардал нь цөм улсын өмч. Таван толгой үүгээрээ Оюу толгойгоос ялгаатай, давуу талтай. Манай улс коксжсон нүүрсээ түүхийгээр нь гаргахгүй. Харин нүүрс авъя гэвэл манайд коксжих үйлдвэр барьж өг гэх ёстой. Жишээ нь Япон улс Сайншандад, Солонгос улс Чойбалсанд, Герман улсаар Ховдод үйлдвэр бариулаад авах хэрэгтэй. Энэ цэгүүдийг Таван толгойтой өргөн төмөр замаар холбох ажлыг нь манайх хийгээд өгөх хэрэгтэй. Тэдэнд үйлдвэрлэсэн коксоо өөрсдөө аваад яв гэх ёстой. Энэ мэтчилэнгээр Зөвлөлтөөс хараат байх үедээ гаргасан алдаа буюу үйлдвэрээ хөгжүүлээгүй дутагдлаа Хятадтай хийх ашигт малтмалын наймаан дээр засъя. Тэгээд ч Таван толгойн бүх нүүрс кокс биш. 60-аад хувь нь эрчим хүчний нүүрс байгаа.