Монголын мэдээ 2010.3.25

Улстөрч ярьж байна

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа.

-МАХН-аас жигүүр “ургасан” шиг Ардчилсан намаас Ардчилсан хүчний холбоо “мэндэллээ”. Энэ холбоо Ардчилсан намын шийдэж чадаагүй асуудлыг зохицуулах зорилготой байгуулагдсан гэдэг?
-Ардчилсан намд нэмж нэг фракц мэндэллээ гэдэг мэдээлэл худлаа. Харин ч ардчилсан үзэлтэй хүмүүсийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд яаж идэвхтэй оролцуулах вэ. Монголын нийгмийн бүхий л салбарт шинэчлэл хэрэгтэй байна. Шинэчлэл хийхийн тулд тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санал, бодлыг сонсож, хэлэлцүүлэг явуулаад гаргасан шийдвэрийг нь төрийн бодлого болгох зорилготой юм.
Ер нь, Ардчилсан хүчний холбоо өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах, Монголын улс төрд байхгүй, шинэ төрийн бус байгууллага. Шинэ гэдэг нь, өнөөдөр улс орны чухал асуудлыг шийдэхэд иргэдийг татан оролцуулдаг механизм манай улсад ажиллахгүй байна.
-Тэгвэл намаа шинэчлэхийн тулд энэ холбоог байгуулсан гэж ойлгож болох уу?
-Нам доторх шинэчлэл бол нийгэмд байгаа олон шинэчлэлийн зөвхөн нэг нь. Бид намын тухай биш нийгмийн шинэчлэлийн тухай ярьж байгаа.
-Холбоо байгуулагдаж байхад “З.Энхболд намын дарга болох гэж байна” гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Та үнэхээр намын дарга болох гээд байгаа юм уу?
-Намын дарга болох гэж төрийн бус байгууллага байгуулах шаардлагагүй. Би хэлсэн, нийгэмд асуудал хуримтлагдаад байна. Үүнийг шийддэг, шийдвэр гаргах процесс дутагдалтай байна. Шийдвэр гаргахдаа олон хүний саналыг тусгая, хэлэлцүүлгийг парламентын танхимд бус клуб, хаана хийх боломж байна тэнд хийе. Тэгээд хамгийн зөв саналаа хуульчилж, бүх нийтээрээ дагаж биелүүлье гэсэн юм.
-Сүүлийн үед Ардчилсан намын ротаци олны анхаарлыг татаж байна. Зарим гишүүн тойргоосоо шахагдаж байгааг танай намын фракцуудын дотоод зөрчилтэй холбож байна?
-Ардчилсан нам дотоод дүрэмтэй. Дүрмээ зөрчвөл маргааныг шийдвэрлэх байгууллагатай. Аль тойргоос хэнийг яагаад гаргав, юу нь болохгүй байна гэдгийг дүрмийнхээ хүрээнд авч үзэх ёстой. УИХ-ын гишүүн байлаа гээд заавал Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байх албагүй. Өөрөө анхан шатны байгууллагатай байнга холбоотой ажилласан бол зарим нэг гишүүн хасагдахгүй байсан.
-Би танаас Х.Тэмүүжин гишүүний тухай асуумаар байна. Энэ хүн анхан шатны байгууллагатай хамтран ажиллаагүйгээс тойргоосоо хасагдсан уу, эсвэл дүүргийнхээ Ардчилсан намын даргад “жийгдсэн” үү гэж. Яагаад гэвэл, ийм мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо?
-Баянгол дүүргийнхэнтэй ярихад, дүүргийнхээ намын хорооныхонтой нэг ч удаа ирж уулзаагүй хүнд ямар дүн тавих юм бэ. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй гэж байсан. Манай намын дүрэмд ямар албан тушаалтай, хэн байх нь хамаагүй, хамгийн гол нь намын гишүүний үүргээ биелүүлэх ёстой байдаг. Намын гишүүнээс гадна Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бол төлөөлдөг аймаг, дүүрэгтэйгээ амьд холбоотой байх ёстой. Өнгөрсөн жил Я.Батсуурь гишүүн Дорноговийн тойргоос хасагдсан. Тэрнээс хойш, аймгийнхаа намын анхан шатны байгууллагатай холбоотой байж байгаад энэ жил нөхөөд орж ирлээ. УИХ-ын гишүүн л бол Үндэсний зөвлөлдөх хороонд автоматаар сонгогдоно гэж ойлгож болохгүй. Ардчилсан намын дүрмийг нэгэнт зөвшөөрч, биелүүлнэ гэж орж ирсэн бол дагаж мөрдөх ёстой. Хэрэв биелүүлж чадахгүй бол болиулчихдаг дүрэм ч байдаг.
-Танай намын дүрэмд нэг дүүргийн анхан шатнаас сонгогдож чадаагүй бол өөр дүүргийн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болно  гэсэн заалт бий юу?
-Байхгүй. Яагаад гэвэл, Үндэсний зөвлөлдөх хорооны сонгуульд оролцохын тулд зөвхөн тухайн дүүргийг зааж бүртгүүлдэг. Нэгнээс унавал нөгөөд нь очно гэдэг ойлголтыг бүртгэлээр хаасан байгаа.
-Тэгвэл Баянгол дүүргийн ротаци намын дүрэм зөрчсөн байна, тийм үү?
-Би мэдэхгүй, энэ асуудлыг дүрмийг хороо шийднэ.
-О.Магнай Сонгинохайрхан дүүрэгт уначхаад Баянголоос Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох гэж арав сая төгрөгийн хахууль өгсөн гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Х.Тэмүүжин гишүүн ч үүнийг үгүйсгэхгүй байгаа. Та энэ талаар сонссон биз дээ?
-Маргааныг дүрмийн хороо шийддэг. Тэнд хандах хэрэгтэй.
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ болох вэ?
-Хурлын товыг намын удирдлага зарлах байх.
-Энэ хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэнэ гээд байгаа?
-Одоогоор надад мэдсэн юм алга. Энэ бол Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн мэдэх асуудал.
-Хаврын чуулган эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байгаа. Гэтэл уг ордыг ашиглалтад оруулахтай зэрэгцэн дэд бүтцийн асуудал яригдаж, нэлээд маргаан үүсгэж байна?
-Би төмөр зам тавьж болохгүй гэж үзэж байгаа.
-Яагаад?
-Жолооч нарыг ажилтай байлгахын тулд ойрын хэдэн жил төмөр зам тавих шаардлагагүй. Нүүрс үнэтэй байгаа дээр монголчууд амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй. Харин стратегийн хувьд зүүн тийш нь төмөр зам тавих нь зөв. Яагаад гэвэл, тэнд ус байна. Тэгэхээр Сайншанд, Чойр гээд усны нөөцтэй газраа боловсруулах үйлдвэр барьж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд Орос, Хятад гээд олон улсад экспортлох боломжтой. Энэ тохиолдолд манай улсын эдийн засаг сэргэж, дээр нь ажлын байр нэмэгдэнэ. Хэрэв Тавантолгойгоос урагшаа төмөр зам тавивал зөвхөн Хятадаас өөр худалдан авагчгүй болно. Ер нь, Монгол алийн болгон түүхий эд нийлүүлэгч улс байх юм бэ.
-Энэ асуудал дээр гишүүдийн байр суурь зөрчилдөж байгаа?
-Зөрчилдөж байгаа гэж би хэлэхгүй. 2008-2012 он хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уул, уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлохгүй, алхам алхмаар боловсруулаад хилээр гаргана гэж тусгасан байгаа. Тэр хөтөлбөрийг УИХ-ын гишүүд баталсан.
-Сүүлийн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал сөхөгдөж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан сайд нар “Айвенхоу Майнз”-аас мөнгө авсан гээд. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мөнгө авсан, өгснийг нь чи бид хоёр хараагүй болохоор тэр талаар ярих зохимжгүй гэж бодож байна. Гэхдээ “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компаниуд манай улсын татварын хуулийг зөрчөөд хамтарсан компаниар татварын өрөө төлүүлэх гэж байсныг
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Та чуулган завсарлах хугацаанд тойрогтоо ажиллав уу?
-Чуулган завсарласны маргааш явах гэтэл цас ороод чадаагүй. Нөгөөдөр нь явж, зуд хүндэрсэн сумдын айлаар орсон. Д.Лүндээжанцан, Д.Зоригт гишүүн хоёр зүүн, Г.Батхүү бид хоёр баруун талын сумдад ажилласан. Малчдад тусламж хэрхэн хүрэв, дараа юу хэрэгтэй байна, цаашид юунд анхаарах вэ гэдэг талаар малчидтай санал солилцлоо. Ер нь, манай аймгийн бэлчээр хоёр сая толгой малын даацтай. Зудын өмнө 3.3 сая толгой мал тоолуулснаас харахад бэлчээрийн даац ямар их хэтэрсэн нь тодорхой байна. Тиймээс цаашид бэлчээртэй таарсан хоёр сая толгой малтай байх уу, эсвэл малаа өсгөөд тэжээл тарих уу гэдэг сонголттой тулгарсан.
-Та аль сонголтыг нь зөв гэж бодож байгаа вэ?
-Хоёр дахь хувилбарыг нь дэмжиж байгаа. Яагаад гэвэл, аймгийнхаа газар нутгийг тэлж чадахгүйгээс хойш хөрс, ус сайтай газартаа тэжээл тарих нь зөв юм. Малгүй болсон иргэдийг газар, тариалангийн бизнест татан оруулахад төрөөс ч дэмжих ёстой гэж боддог.
-Олон улсын байгууллага, хөрш орнууд зудтай аймгуудад тусгамж хүргүүлэхэд зарим нь эзэндээ очоогүй, ченжүүдийн гарт орсон тухай яригдаж байсан. Ер нь тусламж аваагүй айл, өрх олон байна уу?
-Аймгийн зах дээр 10-20 мянган төгрөгөөр зарагдаж байсан тохиолдол гарсан учраас
Хандив өгсөн хүмүүс хэнд, юу өгснөө мэдэх, авсан хүмүүс хэнээс авснаа мэдэх ёстой.