Өдрийн сонин 2009 оны 10 дугаар сарын 26

УИХ-ын гишүүд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярилцаж, ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж ярилцлаа.
-Ажлын хэсэг ямархуу шатандаа явж байгаа вэ?
-УИХ-аас нэг жилийн өмнө энэ тухай ажлын хэсэг байгуулсан байгаа. Д.Лүндээжанцан дарга ахалж байгаа. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар бол дараагийн сонгуулиас аль болох хол, хугацаа их байхаар батлах ёстой юм. Гэтэл манай ажлын хэсэг нэг жил алдчихлаа. Сонгууль ойртох тусам гишүүд би яаж сонгогдох бол гэдэг юмаа бодож эхэлж байгаа юм. Сонгууль хол байвал бодох зүйл нь арай бага. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг энэ чуулганаар батлахгүй бол цаашид улам хүндэрнэ. Хүн болгон өөртөө сонгуулийн хуулийг тааруулж үзэх гээд оролдоно шүү дээ. Тиймээс хугацааны хувьд одоо батлах ёстой гэж бодож байна. 76 жижиг тойрог, 26 томсгосон тойргийн аль аль нь явцгүй юм гэдгийг бид өнгөрсөн хугацаанд ойлголоо. Аль ч системд сайн муу аль аль нь байгаа. Цэвэр мажоритар системд ч, цэвэр пропорциональ системд ч аль аль нь байна. Миний хувийн бодлоор холимог байх ёстой гэж үзэж байгаа. Холимог дотроо76-гийн дийлэнх нь пропорционалиар сонгогдох уу гэдгээ бодох ёстой. Холимог байвал тойргоос хүн сонгогддог байна, дээр нь тойрогтоо авсан намын санал үргэлж тооцогддог байх юм. Ийм хоёр шалгуурыг зэрэг хангаж байгаа учир би холимог системийн төлөө байгаа. Холимгийг батлах гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. Үндсэн хуулийн “шууд сонгоно” гэдэг үгийг солих ёстой.
-Холимог системийн давуу тал нь юу юм бэ?
-Бидний одоо болтол сонгууль хийж ирсэн, олон сонгуулийн дүнд туршигдсан хүнээ сонгодог систем байдгаараа байна. Хүнээ сонгочихоод тоологдохгүй үлддэг намуудын авсан санал пропорцоороо УИХ-д тусдаг тэр боломж байгаа учир би хувьдаа холимгийг дэмжээд байгаа юм.
-Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Өмнөх долоо хоногт ажлын хэсэг хуралдахад би байгаагүй. Тэд цэвэр пропорциональ гэдгээр оруулсан юм билээ.
-Одоо тэгээд алин дээр нь тогтох бол?
-Үүнийг УИХ шийдэхээс биш ажлын хэсэг шийдэхгүй.
-Таны санал болгож байгаа энэ холимог систем гишүүдийн саналыг хэр авна гэж бодож байна вэ?
-Хэлэлцүүлгээс л хамаарна, Холимог систем нь аль алиных нь давуу талыг авчхаад сул талыг арилгаж байгаа хэрэг юм шүү дээ.
Эмэгтэй гишүүдийн квотыг эргүүлж оруулахаар болж байгаа гэсэн?
-Би үүний эсрэг байгаа.
-Яагаад?
-Эмэгтэй гэдгээр давуу эрх эдлэх ёсгүй л гэж боддог. Бусдын адил ороод явах ёстой.
-2012 оны сонгууль ямар системээр болох бол?
-2012 онд УИХ болон орон нутгийн сонгууль цуг явна. Энэ тухай хууль гарчихсан байгаа. Холимгоор явбал их сайн. Яагаад гэвэл санал нь тооцогдох хувь хэмжээ нь хамаагүй илүү юм. Миний санал өгсөн хүн УИХ-д орж суух нь сонгуулийн системийн хамгийн гол зорилго шүү дээ. Гэтэл цэвэр мажоритар системийн сул тал гэвэл 51 хувийн санал авсан хүн УИХ-ын 76-г бүгдийг нь дэмжсэн болж байгаа юм. 49 хувь нь ямар ч төлөөлөлгүй хоцорч байгаа. Үүнийг арилгахын тулд төлвөлөлгүй хоцорч байгаа гэр 49 хувийн саналыг суудал болгож хувиарлаад, УИХ-руу оруулах ийм л арга юм л даа.
-Холимог системийг гишүүд хэр дэмжиж байгаа вэ?
-Дахиад хүндрэл гарч байгаа нь энэ хууль нийгэмд хэрэгтэй гэхээсээ илүү энэ хуулиар би сонгогдож болох уу гэдэг зүйл нь түрүүлээд явчихвал хэцүү. Гишүүн болгоны байдал өөр шүү дээ.
-Холимог системийг гаргахын тулд та ямар алхам хийх вэ?
-Намынхаа нөхдийг ухуулна даа.