1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Пратиба Патилын урилгаар 2009 оны 9 сарын 13-наас 16-ны өдрүүдэд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байна.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Раштрапати Бхаван ордонд 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн угтах ёслол болж, тэрээр мөн Энэтхэг Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцав. Монгол Улсын болон Энэтхэг Улсын Ерөнхийлөгч нар хоёр талын харилцааг тоймлон хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцов.
3. Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав.
4. Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгийн Ерөнхий сайдтай төлөөлөгчдийн түвшинд өргөтгөсөн хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээ нь хоёр тал хоорондын харилцаанд шийдвэрлэх хүчин зүйл болж байгаа тухайд Талууд санал нэг байв. 2004 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий Сайдын Энэтхэг Улсад хийсэн айлчлалаас хойших хугацаанд хоёр улсын Хоёр талын харилцааг түншлэлийн шинэ шатанд гаргах талаар тэрхүү айлчлалын үеэр гаргасан шийдвэрийн ачаар харилцаа ихэд өргөжин бэхэжсэн тухайд санал нэгдэв.
5. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тухай хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан улс төрийн харилцаа найрсаг сайн байгааг хоёр тал нотлон тэмдэглэв.
6. Хоёр тал харилцааг иж бүрэн түншлэлийн шатанд гаргахаар тохирч Монгол-Энэтхэгийн харилцааны цаашдын төлвийн талаар өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрэв. Тэд дараахь асуудлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.
(1) Хоёр орны хооронд өндөр хэмжээний айлчлалыг байнга солилцох.
(2)Хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондоо тогтмол зөвлөлдөж байх. Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2010 онд, хоёр талд тааламжтай хугацаанд Энэтхэг Улсад айлчлал хийнэ. Хоёр тал, түүнчлэн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны дараагийн хуралдааныг Шинэ Дели хотноо ойрын хугацаанд зохион байгуулна.
(3) “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тухай” 2001 онд байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр батлан хамгаалах салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энэтхэг Монголын 5 дахь удаагийн хамтарсан хээрийн сургууль энэ сарын сүүлээр Монголд явагдана. Батлан хамгаалахын хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийн 3 дахь уулзалт 2010 онд Улаанбаатар хотноо, хоёр талын тааламжтай гэж тохиролцсон хугацаанд болно.
(4)Энэтхэг Улсын болон Монгол Улсын Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлүүд хоорондын зөвлөлдөөнийг, хоёр талын сонирхсон бүс нутгийн болон олон улсын асуудлаар, үүний дотор терроризмтой хамтран тэмцэхийг оролцуулан тогтмол зохион байгуулж байна.
(5) Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.
(6) Монголын уул уурхайн салбарт Энэтхэгийн компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулахыг дэмжинэ. Эл хамтын ажиллагааны төлвийг хэлэлцэх Энэтхэгийн төлөөлөгчдийг Монгол улсад айлчлахыг урив.
(7) Энэтхэг Улсаас мэргэжилтнүүдийг Монголд илгээж арвин ургацтай таримлуудыг нэвтрүүлэх зэргээр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг судлана.
(8)Энэтхэг Улсын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (ITEC) сургалтад Монгол Улсын Засгийн газрын өгч буй ач холбогдлыг харгалзан сургалтад хүлээн авах хүний тоог хоёр дахин өсгөж 120-д хүргэнэ. Энэтхэгийн Гадаад харилцааны институтээс гадаадын дипломатуудад зориулан зохион байгуулдаг мэргэжлийн дамжаанд 3 суудлыг Энэтхэг Улсын Гадаад хэргийн яам жил бүр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зориулж олгоно.

7. Монголын Засгийн Газар санхүүгийн глобал хямралын уршгийг зөөллөхийн тулд Энэтхэг Улсын Засгийн Газраас эдийн засгийн тусламж хүссэн. Энэтхэгийн Засгийн Газар Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч эдийн засгийн тогтворжилтод зориулан 25 сая ам долларын хөнгөлөлттэй зээл ологохоор болов.
8. Харилцан ойлголцлын 2003 онд байгуулсан Санамж бичгийн үндсэн дээр, хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулна. Энэтхэг улсаас үзүүлж буй багшлах тусламж энэ салбар дахь хамтын ажиллагааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. Энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд Монгол-Энэтхэгийн Хамтарсан дунд сургуульд зориулсан барилгыг Улаанбаатар хотноо барихад санхүүгийн тусламж үзүүлэх тухай Монголын талын хүсэлтийг, Монголын талаас тусгайлан тавих саналыг үндэслэн, Энэтхэг Улсын Засгийн газар судалж үзэхээр болов. Энэтхэгийн багш нарын тоог нэмэгдүүлэх талаар Монгол талаас тавьж буй хүсэлтийг, Энэтхэгиийн Засгийн газар шаардлагатай дэд бүтэц бүрдсэн нөхцөлд, нааштай авч үзэхээ амлав.
9. Хоёр тал мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт бизнесийн байгууллагууд, судалгааны болон сургалтын институт, засгийн газрын агентлагууд болон бусад байгууллагууд хоорондын солилцоогоор дамжуулан хамтран ажиллахаар тохиролцов. Монголын тал Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв, мөн мэдээллийн сүлжээнд халдлах явдлыг илрүүлэх, сэргийлэхэд чиглэсэн үндэсний мониторингийн төвийг тус тус байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Энэтхэг Улсаас хүсэв. Эдгээр саналыг анхааран үзэх, үүний дотор зээл олгох замаар хамтран ажиллах боломжийг ч бодолцон Монгол, Энэтхэгийн хамтарсан хорооны дараагийн хуралдаан дээр хэлэлцээ Энэтхэгийн тал илэрхийлэв.
10. Хоёр тал Монгол, Энэтхэг хоорондын түүх, соёл, болон оюун санааны хэлхээ холбоо чухал болохыг тэмдэглэхийн сацуу аялал жуулчлал мөн соёлын харилцааг өргөтгөхөөр тохиролцов. Соёлын солилцооны 2009- 2012 оны хөтөлбөрт гарын үсэг зурсныг тэд сайшаав. Тэд Бодигаяад Монгол сүм байгуулагдсныг сайшааж, нийтлэг өвийг хадгалан хамгаалах хүрээнд Буддизмын салбар дахь хэлхээ холбоо, үүний дотор Буддизм судалгааг эрчимжүүлэхээр шийдвэрлэв. Энэтхэгт боловсрол эзэмших зорилгоор ирж буй Монгол оюутны тоо өсөж байгаад Энэтхэгийн тал таатай байгааг илэрхийлэв.
11. Хоёр тал бүс нутгийн болон олон талын асуудлаар ижил төсөөтэй үзэл бодолтой байна. Ази Номхон Далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалтай холбоотой асуудлууд, үүний дотор АСЕАН-ы бүсийн форум (ARF), Ази Европын уулзалт (ASEM) зэрэг олон талын бүтцэд хоёр тал хамтач ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа давтан тэмдэглэв.
12. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх үед Энэтхэг Улсыг байнгын гишүүнээр сонгохыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаагаа дахин нотлов. Энэтхэг Улсын Засгийн Газар энэхүү дэмжлэгийг илэрхийсэнд, түүнчлэн 2011-2012 оны байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшигчийн хувьд Энэтхэг Улсыг дэмжсэнд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.
13. Монгол Улс, Энэтхэг Улс олон улсын терроризмын аюул, түүнчлэн ардчилсан нийгэм, цаашилбал хүн төрөлхтний соёл иргэншилд учруулах аймшигт сүйрлийг буруушааж байна. Терроризмыг цагаатгах арга байхгүйг тэд нотолж терроризмийн эсрэг нийтийн зөвшилцөл хийгээд хуулийн горимыг чангатгах, үүний дотор Олон улсын терроризмын цогц конвенцийг аль болох ойрын ирээдүйд эцэслэх төлөө ажиллах шийдвэр төгс байгаагаа батлан илэрхийлэв.
14. Айлчлалын үеэр дараахь гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурав:
(1) Эрүүл Мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр
(2) Тогтворжуулалтын зээлийн тухай хэлэлцээр
(3) Статистикийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг
(4) Цацраг идэвхт болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах Санамж бичиг
5)2009-2012 оны Соёлын солилцооны хөтөлбөр
15. Энэтхэг Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг, хамтач ажиллагааны харилцааг бэхжүүлж, хоёр талын түншлэлийг цаашид хөгжүүлэхэд түлхэц өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд нарыг таатай үедээ Монгол айлчлахыг урьсан бөгөөд БНЭУ-ын Ерөнхий сайдыг урьсан Ерөнхий сайд С.Баярын урилгыг дамжуулав. Урилгуудыг талархан хүлээж авав. Эдгээр айлчлалын хугацааг дипломат шугамаар тохирохоор шийдвэрлэв.