Ардын эрх 2009.9.14

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд өнгөрөгч бямба гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү уулзалтын эхэнд эрхэм гишүүн “Адагт үлдсэн тэрбум” хэмээх номонд анхаарлаа хандуулахыг сэтгүүлчдээс хүсэв. Энэ номд уул уурхайгаар “амьдардаг” орнуудын бараг 80 хувь нь хөгжөөгүй тухай бичжээ. Уг  номын тухай www.wikipedia.com сайт дээр бичихдээ ашигт малтмалаар хөгжихдөө “адагт үлдэх” эрсдэлтэй гэх 60 орны дотор манай улсын нэрийг оруулсан байна. Тиймээс энэ жагсаалтаас гарахын тулд манай орон сайн засаглал буюу хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагууд, шүүх, чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх шаардлагатай гэнэ. Үүний тод жишээ нь Норвеги улс. Норвеги ашигт малтмалаар “амьдардаг” орон мөртлөө хөгжиж чадаж байгаагийн шалтгаан нь уул уурхайн салбараа хөгжүүлэх, байгалийн баялгаа ашиглахаас урьтаж тус улсын ардчиллын институцууд бүгд “байрандаа” оччихсон байсан явдал гэнэ. Харин манай орны хувьд дээрх институцууд бэхжээгүй байхад байгалийн баялгаа ашиглах гэж байгааг эрхэм гишүүн дурьдаад “Муу засаглал дээр байгалийн баялгийг нэмбэл дампуурал гэсэн хариу гардаг аксиом бий. Аксиом бол нотлох шаардлагагүй теором” гэсэн тодорхойлолтыг өгсөн юм. Мөн тэрбээр “Монгол Улс салаа замын уулзвар дээр байна. Гэвч бидэнд цаг алга. Тиймээс уурхайнуудыг баригдах хооронд ардчиллынхаа үндсэн институцуудыг Үндсэн хуульд заасны дагуу хөгжүүлэх нь чухал байна. Үүнд саад болж байгаа зүйлүүдийг засаж залруулъя, хууль дүрэмдээ өөрчлөлт оруулъя, байхгүй институцуудыг нь хурдан бий болгоё” гээд төр засагт хяналт тавих, сонгогчдыг мэдээллээр хангах нь хэвлэлийнхний хийх ажил тул сэтгүүлчид мөн үүргээ гүйцэтгэхийг хүслээ.
“Зөвхөн төсвийн зарлагыг харахад манай төр дампуурах магадлал их байна. Арван таван жилийн өмнөх төсвийн зарлага нь өнөөгийн зарлагын гуравны нэгтэй тэнцүү байсан. Уул уурхайгаар хөгжиж чадаагүй орнуудыг харахад мөнгө олохын хэрээр зарлага их гаргасан байдаг. Тэр шинжийг нь манай улс хэдийн хангасан тул дээрх жагсаалтад орсон. Яам, байгууллагууд маш үрэлгэн төслүүд бичиж өгдөг, шаардлагагүй зүйлд хөрөнгө зарах хандлага бий болж. Сайн засаглалыг маш яаралтай бий болгохгүй бол байгалийн баялгийн хараал, хавх, занга нь манай улсад бодитойгоор оршиж байна” гэдгийг эрхэм гишүүн онцоллоо. Мөн уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулахын чухлыг ч сануулсан. Оюутолгойн нөөц 100 жилийн дараа дуусна гэж үзвэл Монгол Улс цаашид хэрхэн хөгжих тухай өнөөдрөөс л бодох хэрэгтэй. Сайн жишээнд тухайлбал Чили улс ордог байна. Зэсээр “амьдардаг” энэ орон бусад салбараа хөгжүүлэх бодлогоороо хувийн хэвшлийнхнийг дэмжжээ. Үүний ачаар өнөөдөр энэ орон дэлхийн томоохон вино үйлдвэрлэгчдийн нэг, улаан загасны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог байна. Тэгвэл монголчууд ноолуураар дэлхийд хоёрт орох боломжтойг мөн онцоллоо.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн З.Энхболд БНСУ-ын парламентын урилгаар тус улсад зочилсон. Ингэхдээ Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудтай уулзаж тэднийг одоо эрхэлж байгаа ажлаа эх орондоо бие даан хийх хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болж байгаад олзуурхжээ. Түндэмүнд монголын олон сонин худалдаалагддаг. Тиймээс тэрбээр хэвлэлийнхнээр дамжуулан “Солонгост гахайн аж ахуйд ажиллаж байгаа монголчууд эх орондоо ирсний дараа Монгол Улс Хятадаас гахайн өөх авах шаардлагагүй болно. Солонгосын хүлэмжийн байгууллагад ажиллаж байгаа иргэд Монголдоо хүлэмж барих бүрэн боломж байна. Хүлэмжийн технологийг нь сурчихсан тэр хүмүүсийн ачаар монголчууд гадаадаас хүнсний ногоо авах шаардлагагүй болно. Та бүхэн тус улсад ямар ажил эрхэлж байна. Түүнийгээ эх орондоо хийх нөхцөл байна. Дөрвөн жилийн хугацаатай, сарын нэг хувийн хүүтэй зээлийг Монголын банкуудаас аваад Солонгосоос хүлэмжүүд ачуулаад ир. Монгол Улс импортоор маш олон төрлийн хүнс авч байна. Үүнийг багасгахад та бүхний оролцоо маш чухал байна” хэмээн уриалсан. Үүний дараа тэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Манай улс уул уурхайгаас олсон орлогоороо Тогтвортой хөгжлийн сан байгуулахаар төлөвлөж байгаа. Чили улс тухайлбал, энэ сангийн хөрөнгийг ямар байдлаар төвлөрүүлдэг вэ?
-Сүүлийн арван таван жилд тус улсын хууль тогтоомж маш хурдан өөрчлөгдөж байгаа. Гэхдээ манай Гэнэтийн ашгийн албан татварын тухай хуультай төстэй хууль тогтоомжтой. Уг хуулиар зэсийн үнийг тогтмол болгосон байдаг. Тэгээд тооцсон үнээс илүү гарсан бүх татваруудыг нь Чили улс Тогтворжилтын сандаа хурааж аваад дотоодын мөнгөний ханшинд нөлөөлөхгүйн тулд Америкт байршуулдаг. Дээр миний хэлсэн вино, улаан загасны үйлдвэрлэлийн хөрөнгөө Америкаас оруулж ирдэг. Уул уурхайгаас бусад салбаруудыг ийм замаар дэмждэг. Манайх ч энэ загварыг нь авъя гэж ярьж байгаа. Би хоёр жилийн өмнө очиж үзсэн. Чили бол манайх шиг цөөнтэй, тархай бутархай суурьшсан, эдийн засаг нь 50-60 хувиар уул уурхайгаас хамааралтай орон. Уул уурхайн ганц хоёрхон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнууд адилхан загвараар явахад болохгүй юмгүй гэж бид үзсэн.
-Оюутолгойн гэрээ ирэх долоо хоногт батлагдана гэж ярьж байна. Таны бодлоор гэрээнд орхигдсон зүйл бий юу?
-Хоёр хүн хамтарч бизнес хийж байгаа тохиолдолд маргаан хэзээд гарна. Үүнийг эв зүйгээр зохицуулж чадахгүй бол шүүхэд очдог. Тэгвэл манай хөрөнгө оруулагч тал ямарваа маргаан үүсвэл түүнийгээ хэрхэн зохицуулах тал дээр маш сайн хамгаалалт хийсэн байна. Гэрээг нь уншихад тэдний хүлээсэн хариуцлага тов тодорхой тусгагдсан байх жишээтэй. Харин манай тал шүүхэд дуудагдахад  ашиггүйгээр шийдэгдэх магадлалтай заалтууд бас байна. Үүний тулд манайх гадаадын хуулийн компани хөлсөлж аваад гэрээний англи хувилбарыг нь уншуулах хэрэгтэй гэсэн санааг Засгийн газарт хэлмээр байна. Цаашдаа шүүхийн өмнө уг компани манай улсыг төлөөлөх үүрэг хүлээх тул хариуцлагатай хандах байх. Яагаад гэвэл, хөрөнгө оруулагч талд хуулийн хэд хэдэн фирмүүд ажиллаж байна. 30 жилийн дотор эсвэл 30 жилийн дараа шүүхэдвэл бид яах вэ, аль заалтыг нь зөрчвөл ямар замаар шийдэх вэ гэдгээ маш тодорхой оруулж өгсөн байна лээ. Гэтэл манай тал бүх юм сайхан болж байна, цаашдаа маргаангүй явна гэж бодоод байх шиг. Юу ч тохиолдож болно шүү дээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар эдийн засгийн талыг нь илүү хэлэлцсэн. Хууль зүйн талын асуудлуудыг хэдхэн гишүүн л хөндсөн. Тэгэхээр энэ тал дээр дутуу байж магадгүй гэж бодож байна.
-Монгол Улс Оюутолгойн орд дээр 34 хувийн хөрөнгийг бүрдүүлэхдээ хөрөнгө оруулагч талаас хүүтэй зээл авахаар гэрээнд тусгасан. Тэр хөрөнгийг өөр эх үүсвэрээс авч болохгүй юм уу?
-Бид УИХ-ын ээлжит бус чуулганаар зөвхөн хөрөнгө оруулагч талаас зээл авах байсныг болиулсан. Тэдний нөхцөлөөс илүү сайн нөхцөлтэй зээл олдвол авна.
-Уул уурхайн салбарт гэрээ хийхээс өмнө Концессын тухай хууль гарах ёстой. Гэтэл энэ хуулийг ирэх намрын чуулганаар дөнгөж хэлэлцэх гэж байна?
-Намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Концессын тухай хууль бол уул уурхайгаас илүү дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль. Улс өөрөө зуун хувь дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй байгаа нөхцөлд хүний мөнгөөр бариулаад гэрээний хугацаа дуусахаар нь өөрийн болгоно гэсэн санааг агуулсан. Уул уурхайн салбарт  Концессын хуультай төстэйгөөр үйлчилж байгаа хууль бол Ашигт малтмалын тухай хууль. Гол агуулга нь “бид улсынхаа газар доор юу байгааг мэдэхгүй байна, та нар өөрсдөө эрсдэлээ үүрээд олбол та нарт ашиглах эрх өгье” гэсэн утгатай.
-Гэрээ байгуулах явцад Засгийн газар авлига авсан нь хэзээ нэгэн цагт тогтоогдвол уг гэрээг шууд хүчингүй болгоно гэсэн заалт оруулахыг иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс байнга шаардаж байгаа. Ийм эрсдэл байгаа юу?
-Энэ хамгийн зөв заалт байгаа юм. Африкийн Заир улсаар жишээ авъя. Тус улс жилдээ хоёр тэрбум ам.долларын зэс экспортлодог. Гэтэл улсын төсөвт нь жилдээ албан ёсоор дөнгөж 86 мянган ам.доллар ордог гэнэ. Ийм жишгээр гэрээ байгуулаад байвал байгалийн баялгийн “хараал” хүрдэг. Гэтэл Заирын дэргэд манай улс илүү ардчилсан, ил тод байдалтай орон. Бид тэрбум орчим ам.долларын зэс борлуулах гэж байна. Үүнээс 600-700 саяыг нь татвар хэлбэрээр улсынхаа төсөвт татаад авчихна. Тэгэхээр манай улсыг Заиртай яагаад ч зүйрлэж болохгүй. Ардчиллын ил тод байдал биднийг Африкийн орнуудын хэмжээнд хүргэчилгүй бариад байгаа. Томоохон хөрөнгө оруулагчид хээл хахуулийн замаар Заирт хамгаалалтын бүрхүүл үүсгэж болох ч Монголд ингэх нөхцөл нь байхгүй. Хүн ам нь 100 хувь бичиг үсэг тайлагдсан, хэвлэл мэдээллээс мэдээллээ чөлөөтэй авдаг, УИХ-ын гишүүдийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаг гээд олон давуу талтай. Үүгээрээ ашигт малтмалаар хөгжихдөө “адагт үлдэх” эрсдэлтэй гэх орнуудаас ялгардаг.
-Оюутолгойн дараа Тавантолгой, Мардай гээд олон ордуудыг зэрэг ашиглах нь. Ийм олон ордыг нэгэн зэрэг ашиглах шаардлага байна уу?
-Ард түмний амьдралыг маш хурдан өөр шатанд хүргэх хэрэгтэй байна. Үүний тулд их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Энэ хөрөнгийг бид эхний ээлжинд Оюутолгой, Тавантолгойн ордуудаас олно. Оюутолгойн гэрээ хийж байгаа нэг сайн тал нь “Монгол Улс 30 жилийн дотор багаар бодоход хорин тэрбум ам.доллартай болох нь. Энэ улсад зээл өгвөл эргэж төлөгдөх юм байна” гэсэн чухал мессэж дэлхий дахинд, ялангуяа томоохон банк, санхүүгийн байгууллагуудад тарсан явдал. Бид хамгийн наад зах нь Улаанбаатарынхаа утаанаас тав биш нэг жилийн дотор салах тулгамдсан шаардлагатай. Бизнесийн чөдөр болсон дэд бүтцийг шийдэх, төмөр зам, усан хангамж, цэвэрлэх байгууламж, орон сууцанд их хэмжээний мөнгө зарах шаардлагатай. Энэ бүхнийг шийдэхэд гарын арван хуруунд багтах хэмжээний ордуудыг ашиглах ёстой. Түүнээс биш сая 500 мянган км газраа тэр чигээр нь ухаад байж болохгүй. Манай улсын хөрөнгө байгалийн баялагтаа байна.
-Саяхан та УИХ-ын бусад гишүүдтэй ураны ордууд дээр нь очиж танилцсан. Монгол Улс ураныг хэрхэн ашиглах вэ?
-Манай улсад атомын цахилгаан станц байхгүй учраас ураны хэрэгцээ одоохондоо байхгүй. Хүдрээр нь гаргахгүй, баяжуулах үйлдвэр байгуулан шар нунтаг хэлбэрээр гаргана гэж тооцоолж байгаа. Хамгийн түрүүнд ашиглагдах ордууд нь Мардай, Дорнод, Гурванбулаг ордууд. Тэнд одоо ажиллаж байгаа компаниуд 400 орчим сая ам.доллараар баяжуулах үйлдвэр байгуулах төсөл хийчихсэн, гурван ордын хүдрийг боловсруулж шар нунтаг гэдэг бодис гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Шар нунтаг гэдэг нь 80 хувийн уран агуулсан, баяжуулагдсан, анхан шатны боловсруулалт хийгдсэн үнэт бараа. Энэ нунтгийг хэрэглээ ихтэй дэлхийн томоохон улсууд авч нэмж боловсруулна. Бидний хувьд шар нунтгаа дэлхийн зах зээлийн үнээр зарах нь л чухал. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг килограмм ураны үнэ 144 ам.доллар байна. Хэрэв дээрх төсөл хэрэгжвэл үйлдвэр 1-2 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоотой болох юм. Цаашид атомын цахилгаан станц заавал барина гэж төлөвлөж байгаа. Харин энэ төсөл хэрэгжвэл тэр үед түлш нь бас бэлэн болсон байх ёстой. Атомын цахилгаан станцын давуу тал нь нүүрснээс хямд түлшээр ажилладаг. Мөн  дуртай газраа барьчих боломжтойгоороо онцлог.
-Оюутолгойн гэрээ батлагдвал ажлын байртай болж, амьдрал нь сайхан болно гэж бодож байгаа олон хүн байна.  Энэ төсөл тийм хурдан үр дүнгээ өгч чадах уу?
-Тийм юм байхгүй. Ажлын байр бий болох нь болно. Гэхдээ хэдэн мянгаар биш. Ер нь Оюутолгойгоос мөнгө орж ирнэ. Гэхдээ өнөөдөр биш, маргааш биш зургаан жилийн дараа. Тэр болтол маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Барилгын янз бүрийн шатанд хэчнээн ажилчин ажиллах вэ гэдэг дээр ялгавартай тоо гарна. Ажлын байрны тухайд ийм байна. Харин энэ ордын үйл ажиллагааг дагалдсан бизнес их гарна. Тухайлбал, ажилчдынх нь хоол хүнсийг хангах. Манай иргэдэд энэ тал дээр боломж байна. Гэхдээ хүнсний зүйлийг нь Хятадаас бус, дотоодоосоо хангах хэрэгтэй.
-Засгийн газрыг удахгүй огцруулна гэсэн шуугиан нэлээд эртнээс явж байгаа. Таны бодлоор Засгийн газар ямар ажиллаж байна вэ?
-Эхлээд “Засгийн газрыг огцруулахын тулд огцруулах уу” гэсэн асуулт гарч ирнэ. Хэрвээ Засгийн газар ажлаа сайн хийгээд явбал УИХ-ын зүгээс огцруулах талаар яриа үүсгэхгүй. Оны өмнөөс өгч болох байсан жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгийг наадам өнгөрөөж өгснөөс авахуулаад одоогийн  Засгийн газрын хийж байгаа ажлуудаас таалагдахгүй асуудал зөндөө байгаа. Гэхдээ огцруулчхаар том шалтгийг би хувьдаа олж харахгүй байна. Огцруулахын тулд дор хаяж 39 хүн дэмжих ёстой. Тийм олон хүн дэмжих үү гэдэг чинь бас асуудал. Энэ тоо Ардчилсан намд байхгүй, МАХН-д бол байгаа.
Б.СЭМҮҮН