Ардын эрх 2009 оны 7 дугаар сарын 20

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Оюутолгойн ордын 34 хувь, дээрээс нь бусад татвараа оролцуулахгүйгээр гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авах үүргийн УИХ Засгийн газарт өгсөн. Энэ тэгээд цаад талын хувьд баярлахаар санал гэж та бодож байна уу?

-Бид 34 хувийг зүгээр авах гэж байгаа юм биш шүү дээ. Мөнгөө төлж авах гэж байна. Цаад компани хөрөнгөө босгож чадахгүй байна, бид түүнийг нь мөнгөө төлөөд авья гэж байна. Харин ч тус болж байгаа байхгүй юу, 34 хувийг авснаараа.

-Гэвч манайх энэ 34 хувьтай зууралдсанаараа ойрын 15-16 жил ямар ч ашиг авахгүй гэж байгаа биз дээ?

-Тэдний хувьд ч ялгаагүй, ямар ч ашиг авахгүй. Эхний хоёр жилдээ мөнгө хайна гэж байгаа. “Айвенхоу майнз” чинь маньтайгаа адилхан ядарсан амьтан шүү дээ. Том компанийн хувьд ч ялгаагүй, “Рио Тинто” өөрөө алдаа гаргачихсан л даа. Дэлхий дээр зэс, төмөр, нүүрс бүх юмны үнэ нэмэгдэж байх үед хязгааргүй нэмэгдэх юм шиг л бодсон л доо. Тэр үед маш олон газар маш олон орд газар худалдаж авсан байгаа юм. Тэгээд 1-2 жилийн дараа бүх юмны үнэ унахаар нэгэнт мөнгөө төлөөд авчихсан юмыг хаялтай биш, өрөнд орчихсон компани л даа. Тийм компани өнөөдөр Оюутолгойд хөрөнгө оруулна гэдэг хүнд. Тиймээс хоёр жил хүлээе, дэлхийн зах зээл сайжрахыг хүлээе, татвараа урьдчилж төлье гээд байгаа шүү дээ.

-225 сая ам.доллар уу?

-Тийм. Хоёр жилийн дараачаас үйлдвэр барьж эхэлнэ, таван жил барина гэж байгаа. Тэгэхээр эхний долоон жил мөнгөний тухай ойлголт байхгүй. Энэ долоон жилд авч болдог татваруудаа авахгүй гэсэн үг. Нэгэнт алдагдалтай ажиллаж байгаа учраас ашгийн татвар байхгүй, бүтээгдэхүүн ачигдахгүй учраас нөөцийн төлбөр байхгүй. Долоон жилийн дараа энэ үйлдвэр ажиллаж эхлээд барьсан өртгөө нөхөх хүртэл ноогдол ашиг хуваарилах тухай ойлголт байхгүй. Долоон жил таван жил, янз бүрээр ярьж байгаа л даа. Хамгийн багаар бодоход 13 жилдээ олигтой юм орж ирэхгүй. Гэхдээ 50-60 сая ам.доллар бол орж ирэх л байх л даа. Тэгэхээр Оюутолгой бол удаан хугацаанд Монгол улсад хэрэгтэй болохоос биш өнөө маргаашгүй мөнгө болчихоор эд биш.

-Тэгэхээр энэ гэрээ намуудын амласан нэг сая, 1,5 саяын төлөө ч биш, хямралыг гэтэлгэх хөшүүрэг ч биш байх нь ээ?

-Биш биш. Хамгийн ойрхон тус болох  юм нь тэнд эдийн засгийн үйл ажиллагаа эхлээд, машин тэрэг явж, байшин барилга баригдаад эхэлбэл ядаж хүмүүс ажилтай болох юм л даа. Мөнгө олсноос хойш үйлдвэр баригдах таван жилийн дотор 10 мянга орчим хүн ажлын байраар хангагдана гэж байгаа. Үйлдвэр ашиглалтад ороогүй учраас цалинг бас л хангалттай өгч чадахгүй байх л даа.

-Тэгэхээр хэдийнээс Монгол улс мөнгөтэй болж, үр шимийг нь хүртэх юм бэ?

-2022 оноос бодитой мөнгөн урсгалын тухай бодож болж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт энэ үйлдвэрийг хурдан ашиглалтад оруулах хүнийг л бид хайх ёстой л доо. Зүгээр А лицензээ “Айвенхоу”-д өгчихсөн, бүх юмыг “Айвенхоу” мэднэ гээд хаяж болохгүй, монголчууд бас оролцох ёстой. Тэдний олж чадахгүй мөнгийг бид бас олж болно шүү дээ, улс гэдэг нэрээ ашиглаад.

-Тэр 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг хийх гэж л монголчууд сөхөрчих юм яриад байгаа шүү дээ?

-Үгүй. Хэрвээ “Айвенхоу”-гаас 1,7 тэрбум ам.доллараа зээлээд тэднийг хүүг нь төлөх юм бол магадгүй. Жилийн 12,15 хувь байгаа шүү дээ. Дэндүү өндөр хүүтэй зээл, манайд дотоодын банкууд хүртэл ийм хүүтэй зээл өгөхгүй байгаа. “Айвенхоу”-гийн хэлсэн үг болгоныг нь дагаад байвал бид дампуурна. Тийм учраас бид өөрсдөө толгойтой байж, өөрсдөдөө ноогдох хөрөнгөө өөрсдөө санхүүжүүлэх эрхээ авч үлдэх нь чухал л даа.

-Манайх 34 хувиа авахын тулд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?

-Гадаадын хэвлэлүүдээр гарч байгаагаар бол гурван тэрбум ам.доллараар л босох үйлдвэр. Хэдэн жилийн өмнө байсан, одоо ч байгаа. Монголд орж ирээд хэлэхээрээ таван тэрбум болгож өсгөж хэлээд байгаа. Тийм учраас би энэ компаниад итгэхгүй байгаа юм. Гадаадад нэг юм ярьдаг, бидэнд ирээд өөр юм ярьдаг сонин нөхөр байна л гэж харж байгаа. Энэ төслийн бодитой өртөг л гурван тэрбум ам.доллар л юм байна л даа. Одоо энэ манай Д.Зоригт сайдын шахаад байгаа таван тэрбум ам.доллар худлаа гэдэг нь харагдлаа шүү дээ. Өчигдөр Bloomberg-ийн мэдээгээр ярьж байна лээ. “Монголын парламент Айвенхоу, Рио Тинтой хоёртой гэрээ байгуулахыг Засгийн газартаа зөвшөөрлөө. Энэ бол дэлхийн хамгийн том ашиглагдаагүй байгаа гурван тэрбум ам.долларын уурхай юм” гэж. Та нар өөрсдөө ороод үзэхгүй юу.

-Асуудал шийдэгдчихлээ, гэрээ байгуулахаар болчихлоо гэж гишүүд яриад байдаг. Гэтэл татварын хөнгөлөлт байхгүй, 68 хувиар татвар авна аа гэхээр энэ компани аль хэдийнэ гараад явчихна гэж бас зарим нь болгоомжилдог?

-“Айвенхоу” яах бол, “Рио Тинто”-д яаж таалагдах вэ гэж буруу яриад байгаа юм. Бидэнд ямар зарчим байна, бид энэ ордоо ямар нөхцлөөр ашиглуулах вэ гэдгээ эхэлж бодох ёстой. Ялангуяа Д.Зоригт сайд бол тэгж бодохгүй байна л даа. Тийм учраас зарим хатуу үгтэй гишүүд “Чи ер нь хаанахын хүн юм, “Айвенхоу”-гийн хүн үү, Монголын Засгийн газрын сайд уу” гэж асуугаад байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн том, ашиглагдаагүй байгаа уурхайгаа ямар нөхцлөөр ашиглуулах вэ гэдгээ бид шийднэ. Татвараа авахгүйгээр, гуйж байгаад өгдөг уурхай биш учраас бид зохих байрандаа л байх ёстой. Бид зүгээр л зарчмаа тодорхойлсон шүү дээ. Ямар ч татварын хөнгөлөлт байхгүй, энэ нөхцлөөр ашиглах хүн байвал ирээд ашигла аа л гэсэн.

-Чуулган дээр асуудал хэлэлцэж байх үед “Төрийн мэдлйн хувийг хуульчилсан ийм улс орон дэлхий дээр байна уу” гэж Д.Зоригт сайдаас асуухад тэр “Нигерид 15 хувь байдаг юм, хөгжингүй оронд бол байхгүй” гээд мушилзаж суусан. Тэгэхээр энэ 34 хувь хэр оновчтой юм?

-Төрийн үүрэг бол татвараа л авах шүү дээ. Гэвч гишүүдийн олонхи нь хувьтай байна гэж шийдэж байгаа бол түүгээр л явна. Уг нь бол бизнес , засаг хоёр тусдаа байх ёстой. Хэрвээ зэсийн үнэ доош унавал зээлж авсан 1,7 тэрбум, хүүд нь төлөх гэж байгаа 1,3 тэрбум нийлээд гурван тэрбум ам.доллар эрсдэлд орох нь байна. Тийм учраас хэрвээ татварын хөнгөлөлт үзүүлдэг бол 34 хувийг тэр хөнгөлөлтдөө тооцож үнэгүй авах хэрэгтэй. Янз бүрийн хувилбар байна гэдэг нь тэр л дээ. Эсвэл алтан хувьцаатай болох вариант байна, үнэ өсөх үед дагаж өсдөг нөөцийн төлбөр байна. Энэ боломжийн хэмжээний мөнгөтэй үлдэхийн тулд. “Бороо гоулд” дээр бол тэгж чадаагүй л дээ.

-1,5 саяаа авахаа больё оо, ордтойгоо үлдье гэж хүмүүс талбай дээр жагссан, яг УИХ-аар хэлэлцэж эхлэх өдөр. Тэр яагаад намжчихсан бэ?

-Миний бодлоор хүмүүсийн хамгийн их дургүйцсэн зүйл нь татварын хөнгөлөлт гэж бодож байна. 34 хувь мөнгөтэй хүнд бол авдаг л газар л даа. Мөнгөгүй учраас л бид янз бүрийн арга сүвэгчлээд байна. Татварын хөнгөлөлт өгч болохгүйн хамгийн гол шалтгаан нь Монгол улс бүх хөрөнгө оруулагчид адилхан хандах үүрэгтэй. Оростой хамтарсан “Эрдэнэт”-ээс 68 хувийн татвар авч болдог, Канадтай хамтарсан үйлдвэрээс авч болдоггүй байж болохгүй. Нэг бол бүгдээс нь авна, үгүй бол 68 хувийн татварыг авдаг хэмжээ болоод арга хэлбэрийг өөрчлөх ёстой. Үнэхээр энэ татвараас болоод шинэ үйлдвэр байгуулагдахгүй байна гэж үзвэл нөөцийн төлбөрөө нэмэх, НӨАТ-ыг экспортын бүтээгдэхүүн гаргадаг уул уурхайн компаниудаас авахгүй байх гэх мэт илүү боловсронгуй хувилбаруудаар орлуулах арга байж болно. 68 хувийн татвар хоёр зорилготой шүү дээ. Нэгд дотоодод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол төлөхгүй байж болно, хоёрдугаарт үнэ өсөх тусам татвар нь нэмэгддэг. Байгалиас заясан бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь чиний ур чадвараас хамаарахгүй байна аа, үүнээс баялгийн эзэн илүү хувь авах нь зүйтэй гэж л энэ татварыг бий болгосон шүү дээ. Тийм учраас 68 хувийн татварыг цуцлах тухай биш, орлуулах тухай л ярьж болно.

-Засгийн газарт УИХ-аас өгсөн үүрэг даалгаварт 68 хувиас гадна өөр ямар задгай саналууд байгаа вэ, шинээр оруулсан?

-Үйлдвэр өртгөө нөхсөн тохиолдолд Монголын талын хувь хэмжээг 51 хувьд хүргэх санал байгаа. Бид хувьцаагаа нэмье гэхээр нөгөө тал бас “Тэгвэл бид ингэе” гээд нэг санал тавина шүү дээ. Гэхмэтчилэн яриа эхлүүлэх төдий. Одоогийн хуулиар төрийн өмчид байж болох хувь 34 л байгаа, түүнийг авахаар тогтоол гаргасан.

-“Айвенхоу майнз”-ын гаргаж өгсөн тооцоогоор Монголын талын хамгийн доод ашиг 56 хувь, зэсийн үнэ өсвөл 76 хувьд хүрэх юм гээд байгаа. 34 хувийн ноогдол ашиг, дээрээс нь 68 хувийн татварыг оролцуулалгүйгээр бусад татвараа авсан тохиолдолд. Энэ хэр бодитой тоо юм?

-Үүнийг бид өөрсдийнхөөрөө тооцож үзэх ёстой. Ажлын хэсгийнхний ярьсан зүйлд би итгэхгүй байгаа. Эхлээд 68 хувийн татварыг хөнгөлөх юм бол үйлдвэр ажиллах нийт 50 жилийн хугацаанд гурван тэрбум ам.доллараас чөлөөлөгдөх юм гэж ярьсан. Тэгээд биднийг шахаад эхлэнгүүт сүлдээ 18 сая ам.доллар болсон шүү дээ. Шахаад байхаар цаанаасаа үнэнээ гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэдний үгэнд итгэх хэрэггүй юм шиг байгаа юм. Уг нь арифметик мэддэг хүнд их хялбархан тооцоо шү дээ. Зэсийн үнэ нэг фунт нь хоёр ам.доллар. Цаашдаа энэ хэвээрээ байна гэж үзэх юм бол тоннод хувиргахаар 4400 ам.доллар болж байгаа. 4400-г 32 сая тонн зэсээрээ үржүүлээд зардлаа хасаад татвараа бодоод үзэхээр тийм тоо гарч байгаа байхгүй юу.

-Тэгэхээр Засгийн газар ч гэсэн өөрсдийн тооцоог гаргаагүй, зөвхөн “Айвенхоу майнз”-ын үгээр явж байна гэсэн үг үү?

-Техник эдийн засгийн үндэслэл гэдэг юмаа сая л өглөө, түүнтэй нь  олигтой танилцаж амжилгүй л УИХ-д өргөн барьчихсан нөхдүүд л дээ. А лицензээ авахын өмнө бүх нөөцөө батлуулж, техник эдийн засгийн үндэслэлээ өгөөд тогтвортой байдлын гэрээ рүүгээ орох ёстой. Энэ дарааллаа бүгдийг нь зөрччихсөн нөхдүүд шүү дээ. Эхлээд ямар ч болзолгүйгээр А лицензээ өгчихсөн.

-Яг үнэндээ сая УИХ-аас өгсөн нөхцлөөр гэрээ байгуулагдах болов уу? Эсвэл хаяад явбал ч яваг гэдэг байдлаар хандаж байна уу?

-Их хурал өөрийнхөө зарчмыг л хэлж байгаа юм. Хэрвээ нөгөө талын хүсэлтээр байгуулья гэвэл 50 жилийн дотор татварын хөнгөлөлтөөр 18 сая доллар алдах болчихоод байна. Манай улсын татварын орчин ийм байна, та нар үүн дээр зохицоод ажиллавал ажилла аа л гэсэн үг.

-68 хувийн татварыг төл гэдгийг яагаад УИХ сая дөнгөж оруулж байгаа юм бэ?

-Хоёр удаагийн хэлэлцээр дээр хоёулан дээр нь цаад тал 68 хувийн татварыг төлөхгүй гэж орж ирсэн. Төлөхгүй байхыг Монгол улс зөвшөөрнө. Хэрвээ цэвэр зэс, металл болоод хувирчихвал 68 хувийг төлөхгүй, энэ бол зэсийн баяжмалд л тавьсан татвар. Зэсийн үйлдвэрээ уурхайнуудтайгаа цуг бариад, газар дээрээ баяжмал болоод, түүнйгээ хайлуулаад л металл болгочихно шүү дээ. Чилийн уурхайнууд бол тийм юм байна лээ.

-Оюутолгойн ордын ашгийг Монголчууд 13 жилийн дараачаас хүртэж магадгүй, энэ үг олон хүнд хатуу сонсогдох байх. Нөгөө хоёр намын амласан нэг саяын хувьцаа, 1,5 сая төгрөг, Засгийн газрын хямралаас гарах төлөвлөгөө тэгвэл яасан бэ?

-Би тойргийнхондоо хэлдэг юм. Тийм мөнгө байхгүй. Сонгуулийн үеэр ч тэгж ярьж явсан. Тэр тусмаа өнөө маргаашгүй өгнө гэдэг МАХН-ынхны үгэнд битгий үнэмшээрэй гэж. Өвөрхангайхан үнэмшээгүй л дээ. Тийм учраас өнөө маргаашгүй өрөнд орж байгаа хүн бол лав л Г.Батхүү, Д.Зоригт бид гурав биш. Тийм мөнгө бий болгож болох уу гэвэл болно. Байгалийн баялаг үнэд хүрэх ёстой, төмөр зам барих ёстой. Тэгж байж энэ мөнгө чинь гарч ирнэ. Удаан хугацаандаа бол энэ мөнгө байх ёстой, байгалийн баялгаас хүртэж байгаа мөнгийг ард түмэндээ өгөх ёстой. Гэхдээ компанийн хувьцаа маягаар өгөөд компаниасаа ноогдол ашиг авах ёстой. Тэрнээс биш зүв зүгээр сууж байхад нь “май” гээд 1,5 сая төгрөг өгөөд байх юм бол ажил хийх дургүй болно. Зөвхөн Оюутолгойн 34 хувь биш, Тавантолгой, стратегийн бүх ордууд дээр энэ хувьцаа яригдана.

-Оюутолгойн ордын ашгийн 13 жилээс наашлуулах боломж байсан уу, өөр хувилбар?

-Байгаа л даа. Үе шаттай ашиглах хувилбар байна. Үүнийг хэн ч ярихгүй байна. Оюутолгойг ашиглуулчихья л гэхээс өөр зүйл алга. Манай Засгийн газрын л урагшгүйнх.

Б.СЭМҮҮН