УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Одхүү, З.Алтай, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Зоригт, нарын санаачилсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл 2009 оны 7-р сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.

Батлагдсан хуулийг доор нийтлэв.

 

ӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,

АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН

УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙН ТАЛААРХИ

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

            Нэг. Хуулиудын төсөл боловсруулах болсон үндэслэл шаардлага

           

            Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед төрийн зүгээс үндэсний үйлдвэрлэлийг бодитой дэмжиж, тэдэнд чиглэсэн зөв бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна. Бид гагцхүү дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж, иргэн бүрийг ажилтай байлгаснаар санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулж чадна. Энэ нь  дан ганц санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээ төдийгүй манай улсын хөгжлийн цаашдын чиг хандлагад ч эерэгээр нөлөөлөх юм.

 

2009 оны эхний 3 сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 35.6 мянга болж  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 3828 хүнээр  буюу 12.1 пунктээр,  ажилгүйдлийн түвшин  3.4 хувь болж 0.4 пунктээр тус тус нэмэгдсэн байна.

 

Ажилгүйчүүдийн хөдөлгөөнийг 2009 оны 03 сарын байдлаар авч үзвэл нийт 15383  ажилгүй иргэд шинээр бүртгүүлж, бүртгэлээс 10504 хасагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн  тоо 4403 хүнээр,  бүртгэлээс хасагдсан ажилгүй иргэдийн тоо 571 хүнээр тус тус нэмэгдсэн байна.

2009 оны 4 дүгээр сарын 01-ний  байдлаар Монгол Улсад нийт 84 орны 25082 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс 20059 нь буюу 80.0 хувь нь Хятад Улсын иргэд, 4.7 хувь буюу 1187 нь ОХУ-ын иргэд, 612 буюу 2.4 хувь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд эзэлж байна. Эдгээр ажилтны 7893 буюу 31.5 хувь нь уул, уурхай олборлох салбарт, 9541 буюу 38.0 хувь барилгын салбарт, 1261 буюу 5.0 хувь нь боловсруулах үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж  буй гадаад иргэдийг боловсролын ангиллаар авч үзвэл:

17361  буюу 69.7 хувь нь мэргэжлийн анхан шатны,

2568 буюу 10.6 хувь нь дээд, 

4696 буюу 18.7 хувь нь мэргэжлийн  дунд,

359 буюу 1.5 хувь нь бүрэн дунд,

8  нь  суурь  боловсролтой  иргэд тус тус эзэлж  байна.

 

Hийт хөдөлмөр эрхэлж буй 25082 гадаадын иргэдийн  29.3 хувь буюу 7354 нь төрийн өмчит ААН-д, 4.0 хувь буюу 993 нь төсөвт байгууллагад, 57.4 хувь буюу 14412 нь нөхөрлөл компанид, 9.3 хувь буюу 2322 нь бусад байгууллагуудад ажиллаж  байна. Төсөвт байгууллагад хөдөлмөр эрхэлж  буй 993 гадаадын иргэдийн 88.3 хувь буюу 877 нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт, 6.6 хувь буюу 65 нь эрүүл мэндийн салбарт, 5.1 хувь буюу  51 нь бусад салбарт хөдөлмөр эрхэлж байна.

Судалгаанаас үзэхэд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд манай улсын ажилгүй иргэдийн тоотой дүйж байна. Манай улсын ажилгүй иргэдийн 84 орчим хувь нь мэргэжлийн анхан, дунд шатны болон бүрэн дунд, бага боловсролтой иргэд байна. Эндээс үзэхэд мэргэжлийн анхан шатны хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн ажлын байранд манай улсын иргэд ажиллах боломжтой гэж үзэж байна. Гагцхүү энэ чиглэл рүү шахах хууль эрх зүйн орчин дутмаг байна. Энэ шаардлагын үүднээс дээрх хуулиудын төслийг боловсрууллаа.

           

Хоёр.Хуулиудын төслийн зохицуулалтын хамрах хүрээ, зохицуулах харилцаа, хуулиудын ерөнхий бүтэц

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлээр  тус хуулийн 10 дугаар зүйлд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын 90-ээс доошгүй хувьд монгол ажилчид ажиллахаар шинэ заалт нэмэхээр, 2 дугаар зүйлээр тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-ын “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах эсэхийг захиалагч шийдвэрлэх бөгөөд оролцуулахгүй тохиолдолд тендерийн баримт бичиг, урилгад энэ тухай заана.” гэсэн хэсгийг “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад  гадаадын этгээдийг оролцуулж үл болно.” гэж өөрчилнө.

           

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нэг зүйлтэй бөгөөд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын 90-ээс доошгүй хувьд монгол ажилчид ажиллахаар тус хуулийн 24 дүгээр зүйлд шинэ хэсэг нэмэхээр төсөл боловсруулаад байна.

 

Гурав.Хуулиудын төсөл батлагдсаны  дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаварын талаар

 

Хуулиудын төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэх ажилд дотоодын аж ахуй нэгжийн оролцоо нэмэгдэх, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг гадаадын иргэд эзлэх явдлыг багасгаж үндэсний мэргэжилтэй ажилтнуудаа ажлын байраар хангах, ажилгүйдлийн улмаас үүссэн ядуурал буурах ач холбогдолтой гэж үзлээ.     

  

Дөрөв.Хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

 

            Хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байхгүй болно.

 

 

Хууль санаачлагчид

 

 

 

 

 2009 оны 07 дугаар                                                                   Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                               хот   

    

 

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

            1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай  10.1.5  дахь заалт нэмсүгэй:

 

                        “10.1.5.хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.”

 

            2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“9.3.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад  гадаадын этгээдийг оролцуулж үл болно.”

 

Гарын үсэг

 

 

 


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

            2009 оны 07 дугаар                                                                   Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                               хот    

 

 

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА,

САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 24.2 дахь хэсэг нэмсүгэй:

 

                        “24.2.Төсвийн байгууллагын эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогч Монгол Улсын хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.”

 

           

 

Гарын үсэг