УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Одхүү, З.Алтай, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Зоригт, нарын санаачилсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн  албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төсөл 2009 оны 7-р сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.

Батлагдсан хуулийг доор нийтлэв.

ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН

 ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИУДЫН

ТӨСЛИЙН ТАЛААРХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

           

Нэг. Хуулиудын төсөл боловсруулах болсон үндэслэл шаардлага

 

1.1.Хууль зүйн үндэслэл:

 

Монгол Улсын Их Хурал 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох бүрэн эрх нь Улсын Их Хуралд байдаг.

 

Монгол Улсын Их Хурлаас 2003 баталсан Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод малчид, тариаланчдын хоршоо, фермерийн аж ахуйг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, Монгол  улсын Засгийн газраас баталсан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-т жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай импортоор оруулах техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр заасан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.  

 

1.2.Практик шаардлага:

 

Дэлхий улс орнуудад санхүү, эдийн засгийн хямрал нүүрэлсэн энэ цаг үед манай улсад ч мөн адил хямралын нөлөө ажиглагдаж улмаар эдийн засгийн бууралт 2008 оны 10 дугаар сараас эхлэн мэдрэгдэж ирсэн. Санхүү, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор  Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит бус чуулганаар Засгийн газраас санаачлан боловсруулсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлан гаргасан билээ. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан.

 

Жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэхэд юуны өмнө техник, технологийн дэвшилтэт  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэвтрүүлэх шаардлагатай. Үүний тулд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн  импортыг урамшуулах нь  дээрх зорилтын хэрэгжилтийг хангахад бодитой дэмжлэг болох юм.

 

Нийт ЖДҮ-лэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 60 хувь буюу 21,0 мянга орчим аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай байна.

 

Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд  үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж улмаар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг  гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна.  

 

            Хоёр. Хуулиудын зохицуулалтын хамрах хүрээ, зохицуулах харилцаа, хуулиудын ерөнхий бүтэц

 

Энэхүү  хуулиудын төслийн зорилго нь импортоор оруулж ирэх жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөх харилцааг зохицуулахад орших бөгөөд харин Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад /том/ үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл энэ хуульд хамаарахгүй болно.

 

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төсөл нь тус бүр 3 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр, 2 дугаар зүйлээр жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг  Барааг тодорхойлох,  кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар, 3 дугаар зүйлээр тус хуулийг дагаж мөрдөх хугацааг заахаар төсөлд тусгаад байна.  Дэлхийн гаалийн байгууллагаас боловсруулан баталсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцид Монгол Улс 1991 онд нэгдэн орж, 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү систем нь гаалийн тариф, экспорт, импортын барааны статистик мэдээ гаргах зориулалттай, 21 хэсэг, 96 бүлэг, 1221 зүйл, 5052 мөрөөс бүрдсэн барааны ангилалын жагсаалт, тайлбар дүрмээс бүрдсэн. Одоогийн байдлаар уг конвенцийн 121 хэлэлцэн тохирогч талыг оруулаад дэлхийн 200 гаруй улс орон, мөн эдийн засгийн  болоод гаалийн холбоод гаалийн тариф, гадаад худалдааны статистик мэдээний зориулалтаар хэрэглэж байгаа нь дэлхийн худалдааны эргэлт дэх барааны 98% нь энэ  системийн дагуу ангилагдаж байна. Барааг гаалийн тарифын болон  тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээ гаргах зорилгоор  манай улс БТКУС-ийг хэрэглэж байна.

 

Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж гэдэгт зөвхөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмж хамаарах бөгөөд туслах чанарын тухайлбал тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэх авто машин, эсхүл түүнийг хадгалахад зориулагдсан хөлдөөгч хөргөгч гэх мэт зүйлс хамаарахгүй юм. 

 

Гурав. Хуулиудын төсөл батлагдсаны  дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, гарах үр дүнгийн талаар

 

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд батлагдсанаар:

 

Шинээр олон жижиг, дунд үйлдвэр байгуулах боломж нэмэгдэх;

Хуучин үйлдвэрүүд сэргэж хэвийн ажиллах;

Өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бүрдэх бөгөөд ингэснээрээ ажлын байрыг хадгалж улмаар нэмэгдүүлэн иргэдийн бодит орлого өсөх;

Импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж валютын нөөцийг нэмэгдүүлэх;

“Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60,0 мянгаас дээш ажлын байр бий болгоно.” зэрэг өрх бүр үйлдвэрлэгч байх, ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн зорилтууд хэрэгжихэд томоохон ахиц дэвшил гарах;

Хямралын үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн чадавх сайжирч техник технологи, тоног төхөөрөмжөө сайжруулж улмаар үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна. 

 

Сөрөг үр дагавар

 

Гааль, татварын байгууллагын  ажилтнууд зөвхөн нэр заасан код бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг татвараас чөлөөлөхийн тулд барааны ангилал кодын талаар өргөн мэдлэгтэй байхгүй бол ижил төстэй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл /бараа/-ийг татвараас чөлөөлүүлэх оролдлого  гарч болох боловч кодоор ялгарах учир түүнээс сэргийлэх боломжтой.

 

            Дөрөв. Хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

 

Уг хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулахтай холбогдон нэмэлт, өөрчлөлт орох хууль тогтоомж байхгүй болно.

 

 

Хууль санаачлагчид



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2009 оны 07 дугаар                                                                   Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                               хот  

 

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН

ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

 

            2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

 

 

Гарын үсэг

 

 



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

2009 оны 07 дугаар                                                                   Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                               хот

 

 

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС

ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

 

            2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

 

 

Гарын үсэг