2009/05/19 Монголын мэдээ,

– ЭНЭ ХУУЛИАР “ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ” БУЮУ НЭГ ХҮН ХОЁР БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ САНАЛ ӨГӨХ ЯВДЛЫГ ЗОГСООНО-

-Ардчилсан намаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг УИХ дахь бүлгийн гишүүн Р.Амаржаргал, З.Энхболд нарт өгчээ. Учир нь, сонгуулийн үеэр гардаг нийтлэг зөрчлийг гаргахгүй байх. Хэрэв хууль зерчсөн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах аж. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн З.Энхболдоос тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход цөөн хоног үлдсэн байхад танай намаас Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилсан гэх юм. Энэ талаар тодруулаач?
-УИХ-ын сонгууль 26 тойрогт явагддаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нэг тойрогт болдог. Өөрөөр хэлбэл, улс даяараа нэг тойрог болно гэсэн үг. Энэ үед гардаг хамгийн том зөрчил бол “царцааны нүүдэл”. “Царцааны нүүдэл” гэдэг нь нэг хүн хоёр, түүнээс дээш санал өгөхийг хэлдэг. УИХ-ын сонгуулийн үеэр тойрогтоо байгаа хүн Өвөрхангайгаас Улаанбаатарт ирж санал өгөх боломжгүй. Харин одоо бол өөр. Улс нэг тойрог болохоор “Царцааны нүүдэл” гарах боломжтой болж байгаа юм. Гэвч үүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт Монгол Улсын Эрүүгийн хуульд байдаггүй. Тиймээс нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа.
-Нэмэлт, өөрчлөлтөөр ямар зүйл, заалт оруулж байгаа юм бэ?
-”Ерөнхийлөгч болон УИХ, нийслэл, дүүрэг, аймаг, сумдын ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үед нэгээс илүү санал өгсөн, эсвэл бусдыг нэгээс олон удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан, дэмжсэн бол 3-6 сар хүртэл баривчлах ял онооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Өмнө нь дээрх будилааныг үүсгэсэн хүнд ямар ч хариуцлага тооцдоггүй байсан Тиймээс энэ заалтыг оруулж өгснөөр хаа хаанаа хариуцлагатай сонгууль зохион байгуулах, мөн сонгогчдын хувьд хариуцлагатай сонголт хийх үүрэг хүлээнэ гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь заалтын “зэрэг аргаар үйлдсэн бол”, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтын “хууль бусаар нөлөөлсөн бол” гэсний дараа “төрийн албан тушаал эрхлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч,” гэж тус тус нэмэхээр уг хуулийн төсөлд оруулсан байгаа.
-Хэрэв нэгээс дээш санал өгсөн бол яаж мэдэх юм бэ?
-Үүнийг мэдэх хамгийн амархан. Тухайлбал, сонгуульд санал өгөхөд нэрсийн жагсаалтад таныг ирсэн тухай бүртгэж, гарын үсэг зуруулдаг. Улс даяар нэг тойрог болсон учраас санал авах байрны тэмдэглэгээ СЕХ-нд хуулийн дагуу очдог. Тэгэхээр тэр хуулийн дагуу бүртгэсэн бүртгэлийг компьютерт оруулахад нэг хүн хэдэн удаа санал өгсөн нь тодорхой болно.
Хэрэв тухайн иргэн өөрөө гарын үсэг зурж, нэгээс олон удаа санал өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд нэмэлтээр орж байгаа зүйл ангиар шийтгүүлнэ.
-Үлдсэн хугацаанд хуулийн төслийг хэлэлцэж амжих уу?
-Аль болох хурдан хэлэлцэхийг бодно. Энэ хууль сонгуулийн дараа гарлаа гэхэд нэрсийн жагсаалтыг шалгаад буцааж хэрэгжүүлэх тухай ярьж байгаа.
-Хэзээнээс мөрдөж эхлэх вэ?
-Энэ хуулийг зөвхөн сонгуулийн үед хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, ердийн үед байнга хэрэглэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд мөрдөөд зогсохгүй дараа, дараагийн шатны сонгуульд ч хэрэглэх болно. Харин энэ хуулийн гол зорилго нь сонгуулийн “царцааны нүүдэл” буюу нэг хүн хоёр болон түүнээс дээш санал өгөх явдлыг зогсооход оршино.

Ц.Хатнаа