Өглөөний сонин 2009.5.15
Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрон дахь асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын сонгуулийн штабын санхүүгийн албаны дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Сонгууль болоход арваадхан хоног үлдлээ. Хоёр нам нэгнийхээ үгийн өө хайх, хар PR хийх хандлага их байна?

-Бид харин ч хар PR хийхгүй, өө хайхгүй байгаа. Харин “Үнэгүй юм” гэдэг дээр бид хариу хэлсэн. Тийм балай юм байж болохгүй. Мөн “Хамт зүтгэж байсан нөхрөө алчхаад” гэж Ц.Элбэгдоржийг хүн алсан хэрэгт гүтгэснийг нь залруул гэсэн. Түүнээс биш бохь хаяж байгаа, хашгируулсан хошгируулсан гэх мэтээр яриагүй.

-Та АН-ын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байна. Үйл явдлын дунд яваагийн хувьд МАХН, АН-ын сурталчилгаа хэр тэнцвэртэй явж байна гэж үзэж байгаа вэ?

-“Глоб интернейшнл” судалгаа хийсэн байна лээ. Ц.Элбэгдоржийг муулсан хар сурталчилгаа 38 удаа, Н.Энхбаярыг муулсан нь есөн удаа гарсан байсан. Эндээс хэмжээ хэр байгаа нь харагдаж байна. Бид сурталчилгааныхаа хажуугаар гүтгэлгэд хариу өгөх гэж, хуулийн байгууллагаар шалгуулах гэж маш их цаг алдаж байна.

-Хар PR их байгаа болохоор сонгуулийн сурталчилгааны ажилд багагүй хүндрэл гарч байгаа байх аа?

-Тийм. Гол асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулаад байх юм. Ард иргэд үнэн бодит мэдээллийг хүлээн авч, харьцуулах боломжийг хааж байна. Боловсрол, ажилгүйдэл, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, шударга ёс зэрэг олон асуудлаар нэр дэвшигч нарын бодол ямар байгааг харьцуулах хэрэгтэй. Өнөөгийн энэ шударга бус байдал гэнэтхэн бий болчихоогүй. Өрсөлдөгч тал эдгээр асуудлуудаар ярих юмгүй болчихсон учраас ийм юм хийгээд байна.

-МАХН-ын хэвлэлийн төлөөлөгч “Гуравдугаар сард Н.Энхбаярын хийсэн ажлыг хараар будсан товхимлуудыг хэвлэж гаргасан” гэж мэдээлж байсан. Танайхаас хар PR эхэлсэн юм биш үү?

-Баабарын ярилцлага, Ц.Элбэгдоржийн ярилцлага хоёр л байсан. Тэнд ямар ч хараар будсан зүйл байгаагүй. Гүтгэсэн гэж байвал шүүх цагдаад өгч болно.

-Танай нам гаднаас 11 тэрбум төгрөг авсан тухай мэдээлэл гарч, та бүхэн үүнийг үгүйсгэж байгаа. Хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Үүнийг шалгуулж байгаа. Одоогоор эзэн нь олдохгүй байна. Хуулийн байгууллага хэн зохиосныг нь олох байх. Ер нь гүтгүүлсэн хүн биш, гүтгэсэн хүн нь тухайн гүтгэлгээ үнэн зөв гэдгийг нотлох үүрэгтэй байдаг. Нөгөөтэйгүүр АН-ын санхүү нээлттэй байгаа. Бид хэнээс, хэдийг авч, хаана, юунд зарцуулж байгаагаа хэлж байна. Харин МАХН-ын санхүү тэр чигтээ харанхуй байна. Тэдэнд тэгж нуух үндэслэл ч байгаа. Тухайлбал Гаалийн Баатар гаалиар гарч байгаа 100 сая төгрөгийг намдаа хандивлаад, ял шийтгүүлсэн удаатай. Одоо Баатар нь Говь-Алтайд сонгууль хийгээд явж байна.

-Ц.Элбэгдорж БНСУ-аас 1.5 сая вон авсан гэдэг мэдээлэл гарсан. Танайх ч, “Шударга сонгууль” ТББ-ынхан ч үүнийг үгүйсгэсээр байна?

-Ц.Элбэгдоржийн Солонгост гуравдугаар сард очиж хуралд оролцсон бичлэгийг нь интернэтээс олж аваад, дөрөвдүгээр сард очоод уулзалт болсон сонины газрын үүдэнд гурван хүн зогсоож байгаад “Ц.Элбэгдоржид мөнгө өглөө” гээд хэлүүлчихсэн байгаа юм. Мэргэжлийн хүмүүс бичлэгийг үзэхэд монтаж нь хоёр өөр системийн монтаж байсан. Гурван хүнийг нь өчигдөр (уржигдар) олсон байна. Тэр гурав нь пастор биш, кино зурганд массын дүрд оролцон, мөнгө авдаг хүн юм байна. Гүтгэлэг зохиохдоо жаахан бодмоор юм. Ц.Элбэгдоржийг их ядуу, солонгосоос мөнгө гуйж яваа мэт бодогдуулж байна шүү дээ. Бид удахгүй энэ талаар тодорхой мэдээлнэ.

-Шударга өрсөлдөх, шударга сонгууль явуулахаар танайхтай гэрээ байгуулах саналыг МАХН тавьж байсан. Гэрээ яагаад байгуулаагүй юм бэ?

-Сонгуулийг шударга явуулна гэдэг бол зөвхөн хар PR-аар хязгаарлагдахгүй. Сонгуулийн бүх хуулийг биелүүлж, бүх тойрог, хэсгийн хороод шударга ажиллаж, хүний өгсөн санал тэр чигтээ тоологддог, нэг хүн нэг санал өгдөг байхыг хэлнэ гэдэг тайлбар явуулсан чинь тэд таг болчихсон. Дахиж тайлбар ирээгүй.

-Ер нь сонгуулийн үеэр хар PR байдаг л зүйл. Харин энэ удаагийн сонгуулиар үндэстэн дамжиж улстөржөөд байгаа нь иргэдэд үнэхээр харамсалтай санагдаж байгаа. Та УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд энэ талаар юу бодож байна?

-Улс дамжиж гүтгэлэг явуулна гэдэг үнэхээр байж боломгүй хэрэг. Хоёр улсын харилцаанд ч муу. Солонгосуудыг хүн гүтгэдэг гэж ойлгуулж байна. Энэ бол буруу жишиг. Ийм юм хэзээ ч хийж болохгүй. Цагдаагийн байгууллага ч үүнийг таслан зогсоож, хариуг нь өгч байх ёстой.

Ийм гүтгэлэг гараад ирмэгц манай нам санхүүгээ дэлгэсэн. Бид хөгжсөн орнуудын сонгууль явуулдаг санхүүгийн зарчмыг нэвтрүүлж, энэ бүхнийг хийж байна. Гэхдээ “Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно” гэгчээр МАХН биднийг яаж ч гүтгээд юм гарахгүй. Харин МАХН өөрсдөө санхүүгээ ил гаргах хэрэгтэй.

-Хуульд заасны дагуу сонгуулиас хойш 15 хоногийн дотор санхүүгийн тайлангаа гаргадаг. МАХН үүнийг баримталж байж болох юм?

-Сонгууль дуустал мөнгө авчихаад, 15 хоногт бүх юмаа янзалчхаад тайлагнах гэж байна л даа.

-Тэгвэл танайх одоогоор хэчнээн төгрөг цуглуулж, зарцуулаад байна вэ?

-Нэг сонгогчид 1000 төгрөгийн сурталчилгааны зардал орно гэж тооцоолоод 1.6 тэрбум төгрөг гаргана гэж тооцсон. Одоогоор 40 хувийг нь аймаг, дүүргүүдэд шилжүүлээд өгчихсөн байгаа. 328 сая төгрөгөөр хоёр удаа шилжүүлэг хийсэн. Одоо үлдэж байгаа долоо хоногт 60 хувийг нь зарцуулахаар төлөвлөөд хандив цуглуулж байна.

Ц.Элбэгдоржийг худалч гэдэгтэй санал нийлэхгүй

-Сурталчилгааны хувьд ийм байж. Хоёулаа яриагаа нэр дэвшигч, сонгогч руу хандуулъя. Та намынхаа нэр дэвшигчээс юу хүлээж байна вэ. Ямар шалтгааны улмаас энэ хүнийг сонгох нь зүйтэй гэж хэлэх вэ?

-Манай нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгчийн хийж буй бүхнийг хийж чадна. Мөн ерөнхийлөгч Н.Энхбаярын хийж чадахгүй байгаа хэд хэдэн зүйлийг хийж чадна. Тухайлбал шударга ёсыг тогтоох. Бүх шүүгчийг томилдог хүний хувьд Ерөнхийлөгч бол шударга ёсыг тогтоогч байх ёстой. Ц.Элбэгдорж авлигатай тэмцэж чадна. Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Оюутолгойн орд, ашигт малтмалтай холбоотой бүлэг асуудлыг шийдэж чадна. 2006 онд Эрдэнийн хувь гэдэг зүйлийг гаргаж ирсэн хүн. Одоогийн Ерөнхийлөгч Оюутолгойг маш муу төсөлтэй байхад нь хурдан батал гэж байна. Харин Ц.Элбэгдорж шал өөр юм ярьж байгаа. Ашигт малтмалыг хэдэн дарга нар мэддэгээ больё, ашигт малтмалаа малаа, орон сууцаа хувьчилсан шиг бүх ард түмэндээ хувьцаагаар тарааж, шударгаар хандъя гэж байгаа.

-“Бороо Гоулд”, Төмөртэйн ордын гэрээг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа байгуулсан. Энэ нь хор хохирол дагуулсан гэдэг?

-Тогтвортой байдлын гэрээ бол маш хялбар ойлголт. Үүнийг хүндрүүлж тайлбарлаад байна. Тогтвортой байдлын гэрээ бол гэрээ хийгдэх үеийн хууль тогтоомжийг гэрээний хугацаанд хадгалах үүргийг Засгийн газар хүлээхийг хэлдэг. “Бороо Гоулд”, “Цайрт минерал” гэх мэт орд газрууд дээр уг гэрээг Баабар, Алтанхуяг хоёр байгуулсан. Тэр гэрээнд муу юм байгаагүй. Харин муу юм хэзээнээс гарч эхэлсэн гэхээр 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс. Тэр өдөр Улсын төсвийн тухай хуулийг өргөн барихдаа аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэггүй байсан алтны ордууд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг болсон байна. Энэ өөрчлөлтийг Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Бороо Гоулд” компанид зориулж хийсэн байгаа юм. УИХ-аар ямар ч хэлэлцүүлэг явуулахгүй, танилцуулгад ч бичихгүй луйврын аргаар хийсэн байсан. Ингээд тогтвортой байдлын гэрээнд татварын өөрчлөлт өөрт нь ашигтай байвал тусгана гээд заачихсан учраас 40 тонн алт алдсан. Цайрт минералыг Хятадын хөнгөлөлттэй зээлээр барих байсан боловч Сангийн сайд Ч.Улаан хувийн компанид шилжүүлж өгсөн. Ингээд л буруу замаар явчихсан. Асуудал жинхэнэдээ бол ийм.

-Та түрүүн шүүх засаглалыг эрүүлжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр одоогийн Ерөнхийлөгч юм хийгээгүй гэж хэллээ. Гэтэл нэр дэвшигч Н.Энхбаяр намынхаа бага хурал дээр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй шүүгчийг дээрх шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлсөн, АТГ байгуулсан. Тодорхой хэмжээний ахиц гарсан” гэж хэлж байсныг сонссон. Үнэхээр шат ахисан юм биш үү?

-АТГ-ыг УИХ байгуулсан. Гэхдээ энэ байгууллага ажиллаж чадахгүй байгаа талаар ганцхан жишээ хэлье. Жил бүр 270 өндөр албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонин дээр гаргадаг. Тэнд эхнэр, нөхөргүй хүний гэр бүлийн орлого дээр зураас бий. Өөрөөр хэлбэл гэр бүлийн орлогогүйг илэрхийлж байгаа. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаярынх бүгд зураас байгаа юм. Энэ нь нэг бол Ерөнхийлөгч эхнэргүй, нөгөө бол эхнэрийнхээ орлогыг нуусан гэсэн үг. Уг нь хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөөгүй, буруу бөглөсөн нь тогтоогдвол ажлаас халагддаг. Гэтэл Ерөнхийлөгч гурван жилийн турш гэр бүлийн орлогоо нуусан. Огт орлогогүй байна гэж би бодохгүй байна. Түүнийг АТГ хараагүй гурван жил өнгөрчээ. Би АТГ-т бичиг явуулсан, хариу ирээгүй байгаа.

Шүүх засаглал сайжирлаа гээд Баатараас өөр хэн шоронд орсныг санахгүй байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхаа болиод л авлигатай тэмцэх ажил зогссон шүү дээ.

-Жаахан эвгүй сонсогдох байх. Гэхдээ гадуур “Худалч, хулгайч хоёрыг сонгохгүй” гэдэг үг гарсан байна лээ. Худалч нь танай нэр дэвшигчийг онилж байгаа сурагтай?

-Бид ардчилсан улс. Хүмүүсийг яаж сонголт хийхийг мэдэхгүй. Би Ц.Элбэгдоржийн худалч гэдэгтэй санал нийлэхгүй. Түүний хэлээгүйг хэлсэн болгодог. Солонгос бичлэг дээр гэхэд өөрийнхөө түүхийг ярьсан байхад хэлсэн үгнээс нь тасалж аваад, утгагүй зүйл хийчихсэн. Хашгируулаад гэснийг хошгируулаад болгож монтаж хийсэн хүн нь шоронд орсон шүү дээ. Тэр шоронд орж гарч ирээд, өөрөө уурандаа “Би хийсэн” гээд хэлчихсэн байна лээ.

-Гэхдээ л Ц.Элбэгдорж “Бохио газар тавиад” гээд худлаа хэлсэн. Жижиг зүйл боловч хаясан зүйлийг тавьсан болгож худлаа хэлсэн болохоор л?

-Ц.Элбэгдорж хүн л юм чинь алдаа гаргана шүү дээ (инээв). Түүнийг худалч гэдэг нь дандаа зохиомол байдаг юм. Яах вэ, худалч гэдэг үе байсан л даа. Тухайлбал 1990-ээд онд малыг хувьчлах тухай ярихад “Энэ бол нэгдлийн өмч. Нэгдэлдээ байх ёстой” гэсэн бодолтой малчид их байлаа. 1996 онд байр хувьчлах тухай ярихад нь “Хятадууд орж ирээд суучихна. Улсдаа байх ёстой” гэдэг байсан. Хэдэн жилийн дараа эргэж харахад энэ бүхэн буруу байгаагүй. Ер нь манай хүн эхэн үедээ үнэмшихэд бэрх юм ярьдаг хүн л дээ. Гэхдээ улс орон тэр бодлогыг хэрэгжүүлээд, бүгдээрээ үр шимийг нь хүртэж байна. Малчид малаа авсан, орон сууцныхан орон сууцаа авсан, гэр хорооллынхон газраа авсан, 18-аас доош насныхан хүүхдийн мөнгө авсан. Одоо дараагийн зүйл нь “Эрдэнийн хувь”. Үүнийг таван жилийн дараа авчхаад “Үнэн хэлжээ” гэж хэлнэ. Ийм хүмүүсийн үг тухайн үеийнхэндээ тэр бүр ойлгогддоггүй юм билээ л дээ. Олон жилийн өндөрлөгөөс үнэхээр зөв нь харагддаг. Ц.Элбэгдорж энэ бүхнийг яриагүй бол хэн ч шаардахгүй л байсан.

-Ц.Элбэгдоржийг хэтэрхий олон үгтэй, их ярьдаг гэдэг шүүмжлэл дагаж явдаг?

-Ярихгүй бол яаж шаардах юм бэ?Дуугүй суугаад байвал юу ч бүтэхгүй. Бүх хүнд таалагдах албагүй. Энэ улсын бодлого зөв явах нь чухал. Бүгдээрээ ярьдаггүй чимээгүй нийгэм 1990 оноос өмнө Монголд байсан. Тэгээд улс орон хөгжилгүй л байсан. Ярих гэдэг хийхийн тал гэдэг.

 МАХН СЕХ-г дарамталчихлаа

-Ингэхэд танай нэр дэвшигчийн рейтинг хэр байна вэ?

-Хоёр долоо хоногийн өмнөөс эхлээд манай нэр дэвшигч түрүүлж явна. Харин өрсөлдөгчийн рейтинг өндрөөс бууж байгаа. Манай хүн доороос дээшилж байна. PR-ын онолоор хоцорч яваа нь хар сурталчилгаа хийж, өндөр рейтингтэй хүний саналыг багасгах арга хэмжээ авдаг. Өндөр рейтингтэй хүн хэзээ ч гүтгэдэггүй. Гүтгэдэг, шүүмжилдэг хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл танай намынхан Ц.Элбэгдоржийг сонгогдоно гэдэгт итгэлтэй байх нь?

-Одоо хүмүүсийн өгч байгаа судалгаанаас харахад сонгогдоно. Харин сонгуулийг зөв зохион байгуулах асуудал байна. 85 мянган оюутан гэрээсээ өөр газар сурч байгаа. Тэдний сонгох эрхийг СЕХ хаслаа. Эхлээд тэднийг оролцуулах шийдвэр гаргаж байх үед өрсөлдөгч талын үнэгүй дээд боловсрол их хүчтэй дэмжигдэж, оюутнууд ч их хошуурч байсан. Гэтэл үнэгүй дээд боловсролын талаарх манай сонгуулийн штабын үнэн зөв мэдээлэл оюутнуудад хүрч эхлэхэд МАХН СЕХ-г дарамтлаад шийдвэрийг нь буцаачихлаа.

-СЕХ таны хэлж байгааг няцаах байх?

-Хууль энэ тэр яриад буцаах байх.

-Сонгогчдын ирцийн талаар судалгаа хийгдэж байгаа байх?

-Сонгогчдын 80 хувь нь өгөх судалгаа байна. Бас сонгогчид нэг зүйлд их санаа зовж байна. Өнгөрсөн сонгуулиар саналаа АН-д өгсөн ч МАХН гараад байсан гэж байна. Харин энэ сонгуулийн хоёр нэр дэвшигчийг хоёр тал руу тавьж байгаад тоолчих учраас луйвар хийх боломж багасна гэж бодож байна.

-Хоёр намын нэр дэвшигчийн халз мэтгэлцээн хэдийд болох вэ?

-Халз мэтгэлцээнд бэлдэх ажлын хэсгийн дарга нь би. Нөгөө талынх Ц.Мөнх-Оргил. Бид гурван долоо хоногийн өмнө урилгаа явуулсан. Түүнээс хойш тэдний ажлын хэсэг ажлаа их удаан хийж байна. Хариу ирүүлээгүй байгаа. Бид хотод байх хугацаандаа аль ч телевизээр хэдэн цаг ч хамаагүй халз мэтгэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар ярина гэдгээ хэлсэн, хариу хүлээж байна. Одоо хоёр талд тусдаа уулзалт хийх хугацаа дууслаа. Үлдсэн хугацаанд зэрэгцэн сууж, байр сууриа тодорхойлох хэрэгтэй.

М.Уранчимэг