Монголын мэдээ 2009.04.23

-“Урт шар дээлт, богино шар дээлт” гэж ярихдаа тулбал харин ч манай нэр дэвшигчийн дээлэнд даруй хоёр метр даавуу бага орж, улсын төсөвт хэмнэлттэй болж таарна-

С.Сосоржав

УИХ-ын гишүүн З.Энхболдтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хэр шударга явагдаж байгаа гэж та үзэж байна вэ. Сонгуульд нэг тэрбум төгрөг зарцуулахаар дээд хязгаар заасан гэж сонссон. Санхүүгийн албаны даргаар нь ажиллаж буйн тань хувьд энэ талаар сонирхож байна?
-Тийм хязгаар заагаагүй. Нэг компаниас 10 сая, хувь хүнээс таван сая төгрөг авах дээд хязгаарыг л зааж өгсөн. Ардчилсан намынхан бага мөнгөөр сурталчилгаа хийж байгаа.
Сурталчилгааны сониноо өрх бүрт хүрэлцэхээр хэвлэж ч чадахгүй байна. Та бүхэн манай намын сонгуулийн сурталчилгааны нээлтийг эргэн санах хэрэгтэй. Бид Иргэний зориг нам, Ногоон намтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, цагаан тугандаа мөргөөд л дууссан. Энэ ажилд ямар ч зардал гараагүй. Гэтэл Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны нээлт нижгэр болж байна билээ. Хэчнээн ч сая төгрөг зарцуулсан юм, бүү мэд. Томоос том дэлгэц суурилуулчихаад олон хүн цуглуулж, туг, далбаа намируулаад л. Тэр болгон чинь мөнгө шүү дээ. “Амаараа нэгийг хэлдэг, хийхээрээ нэг өөрийг, бас хийсэн юмныхаа эсрэг ярьдаг МАХН боль” гэж хэлмээр байна. “Хаанаас хэдэн төгрөг авснаа ил болго” гэж уриалъя. Бид бол олигархиудаас мөнгө аваагүй. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дараа нэг сая төгрөгөөс дээш мөнгө хандивласан компани, 500 мянган төгрөгөөс дээш хандив өргөсөн хувь хүнийг нийтэд зарлана. Манай намынхан хандив өгч байгаа хүн бүрийг нэг бүрчлэн тэмдэглэж байгаа. Харин нөгөө тал аль ч сонгуульд хэдэн төгрөг зарцуулснаа үнэнээр нь хэлдэггүй юм. Сонгуулийн нээлтээ хэдээр хийснээ ард түмэндээ мэдээлмээр байна. Телевизийн нэвтрүүлгийг шууд дамжуулахад маш өндөр төлбөр төлдөг. Бидэнд телевиз хөлслөх мөнгө байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Монголын үндэсний олон нийтийн телевиз хүртэл манай нэр дэвшигчээс мөнгө нэхэж байна. Нэг минут нь 250 000 төгрөг гэж нэхэж байгаа юм даа. Сонин дээр биднийг их хэмжээний хандив авсан гэж гүтгэсэн байсан. “Хулгайч өөрөө “Хулгайчийг бариарай” гэж орилдог шиг, сая, сая ам.долларын хандив авч байгаатайгаа адилтгаж харуулах гээд байна, тэд. Тэгээгүй гэвэл хэнээс мөнгө авснаа ил тод зарлаач.
-Сонин хэвлэлээр “Урт шар дээлтэй” нэр дэвшигчдийн өндөр, намыг харьцуулсан зураг гарч байна л даа. Интернэтээр ч тийм мэссеж яваад байгааг та юу гэх вэ?
-Өндөр нуруутай хүн л Ерөнхийлөгч болох ёстой юм бол сонгууль гээчийг огт хийлгүйгээр Улсын начин Ж.Оргилболдыг сонгочхож болно шүү дээ. Бас том биетэй нь л Ерөнхийлөгч болох учиртай гэж байгаа бол заан гэдэг амьтныг сонгочихвол яасан юм. Уг нь бол үндсэн асуудлаа л ярьж өрсөлдөх ёстой юм. Гэтэл шударга ёс хаа байна. Хэрэв байгаа бол одоогийн Ерөнхийлөгчийг сонгоход татгалзах зүйл алга. Гэвч энэ нийгэмд шударга ёс гэж алга. Тэр хүн шүүх засаглалыг шударга болгохын төлөө, шүүхээс иргэн бүрт эрх тэгш хандахад чиглэсэн алхмыг Ерөнхийлөгчөөр ажиллахдаа нэг ч удаа хийгээгүй. Тийм болохоор шударга ёсыг нийгэмд бий болгох Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлэхийн тулд манай нэр дэвшигч ажиллах болно. Тэгээд ч “Урт шар дээлт, богино шар дээлт” гэж ярихдаа тулбал харин ч манай нэр дэвшигчийн дээлэнд даруй хоёр метр даавуу бага орж, улсын төсөвт хэмнэлттэй болж таарна. Өндөр, намын тухай яриа бол гол сэдвээс хазайлгах гэсэн арга л гэж үзэж байна. Тиймээс гол сэдэв рүүгээ орцгооё гэж уриалмаар байна.
-Танай намын бүлгээс Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал оруулсан. Гэтэл МАХН-ын бүлгээс “Эх орны хишиг” зэрэг асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Яаж ч  хэлэлцээд юуг ч оруулж болно. Харин шоу хийдгээ болих хэрэгтэй. Цаас үйлдвэрлэж, сонгуулиар оноо авахад л асуудал оршиж байна. Бид ямар ч санаачилгыг дэмжиж болно. Тэд “Эх орны хишиг”-ээ яг хэзээ өгч чадах вэ гэдгээ ард түмэндээ бодитойгоор, нуулгүй  хэлэх хэрэгтэй шүү дээ. “Сонгуулийн маргааш өгнө” гэж худлаа яриад УИХ-ын 2008 оны сонгуульд ялалт байгуулсан. Орон нутгийн сонгуульд ч мөн ялгаагүй. Одоо ч мөн ялгаагүй. “Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш яг өгнө” гэж хэлээд шийдэж байгаа дүр үзүүлэх гээд байгаа юм. Тэгж  ард түмнээ, бие биенээ хуураад яах вэ. Өгч чадахгүй, тийм ч мөнгө байхгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Байхгүй мөнгийг өгөх тухай, байхгүй мөнгийг шахаж өгүүлэх тухай яриа байж болохгүй биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа тийм утгатай юм байна билээ. “Эх орны хишиг” өгүүлнэ” гэхээр юу гэж ойлгох вэ. “Эх орны хишиг”-ийг өгөхгүй байгаа С.Баяр тэргүүтэй Засгийн газар байна аа даа. Бас “Д.Дэмбэрэл гэдэг даргатай өгөхгүй гээд байгаа УИХ байна аа” гэж ойлгуулаад байна, тийм үү. Хэрвээ мөнгө нь байгаа бол өнөөдөр ч  хамаагүй өгөх ёстой. Яагаад гэвэл, 1990 онд малыг малчдад хувьчилсан шиг, 1996 онд орон сууцыг иргэдэд хувьчилсан шиг байгалийн баялгийг хувьчлах, хувь хүртээх ёстой.  Малчин хүн малаас гарсан төл хүлээн авдаг шиг иргэн бүр ашиг хүртэж байхаар тооцож, бид “Эрдэнийн хувь”-ийг санаачилсан юм. Ер нь байгалийн баялгаас хүртэх хувь хэд ч байж болно. “Нэг сумаар хоёр туулай буудна” гэж ярьдаг бол МАХН гурван ч удаа буудаж байна. Сонгуулийн үеэр хоосон ярьдгаа болих хэрэгтэй л дээ. Ашигт малтмалаас олох орлого байвал хувааж өгсөөр байх болно гэж бид “Эрдэнийн хувь”-ийг санаачилсан атал МАХН ганцхан удаагийн 1, 500 мянган төгрөг болгож хувиргасан. Энэ мөнгийг өгөх боломж бий юү гэвэл, байна аа.
Хэзээ гэдэг нь хүн бүхний сонирхлыг татаж байна?
-Манай улс байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт орж байгаа. Баялаг хэзээ мөнгө болж хувирах вэ гэвэл, дэд бүтэцтэй болсон цагт. Баялаг буй газарт тэр шүү дээ. Байгалийн баялгийг олборлох, тээвэрлэх, хүргэх дэд бүтэц бэлэн болсны дараа бодитойгоор өгч болно. Ер нь 1, 500 мянган төгрөгөөр ч тогтохгүй  шүү дээ, Монголын баялаг. Оюутолгой, Тавантолгой дор хаяж 3,4 жилийн дараа дэд бүтэцтэй болно. Тэгэхээр өнөөдрөөс л барьж эхлэх хэрэгтэй. Учир нь дэлхийн зах зээл дээр төмрийн үнэ, түүхий эдийн үнэ буурсан байна. Жилийн өмнө 150 ам.долларын үнэтэй байсан түүхий нефть 80 ам.доллар, 800 ам.долларын үнэд хүрч байсан төмөр 400 ам.доллар болтлоо буурсан байгаа юм. Хямралын үед дэд бүтэц байгуулах ажлаар монголчуудаа хангая. Хэдэн мянган монгол хүн ажилтай, цалинтай болог. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх цаг ирнэ. Тэр үед л түүхий эдээ тээвэрлэх дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станцтай болсон байх юм бол авсан зээлээ төлчихнө. Тэгж байж ашиг, орлоготой, иргэддээ хүртээлтэй болно уу гэхээс биш, сонгууль болгоноор худлаа амладгаа болих цаг болсон. Монголчуудыг мангар гэж бодоод байгаа юм уу. Бодлого бол хэвээрээ, тодорхой байгаа. Ардчилсан нам засгийн эрх барьж байна уу, МАХН барьж байна уу гэдгээс үл хамааран ард түмэнд байгалийн баялгийг тэгш хуваарилах бодлогыг бид зөвшөөрч байгаа. Нэг нь өгнө,  нөгөө нь өгөхгүй гэж гүйгээд байгаа ч юм биш л дээ. Бодитой юу гэдэгтээ л байна.
-Амлалт гэснээс танай намын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт “Одонгийн мөнгийг нэмнэ” гэсэн мөнгөний амлалт бас байгаа юм биш үү, амлалт гэдэг дээр ярих юм бол?
-“Алдарт эх”-ийн одонгийн болзлыг бууруулна гэж байгаа л даа. Энэ бол өнөөдрийн мөнгөний амлалт биш, ирээдүйн урамшуулал юм. Хүн амаа бид яаж өсгөсөн бэ гэвэл, 1960-аад оны үед “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөөр урамшуулдаг болсонд оршино. Эхчүүдэд олгож буй урамшуулал мөнгөний ханшид тохирохгүй, амьдралд нийцэхгүй байна. Тийм учраас болзлыг нь бууруулъя гэж байгаа.
-Оюутолгойн төслийг Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын төслийг нарийвчлан хэлэлцэж, заалт бүрийг нэг бүрчлэн тулгахаар болж байгаа гэсэн. Тулгахгүй бол болохгүй байна уу?
-Хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн хүрээнд хийх ёстой. Хуулиасаа халиад явчихсан хөрөнгө оруулалтын гэрээнд байх шаардлагагүй зүйл, заалт олон байна. Хуулиас хальсан зохицуулалт хийн илүү үүрэг хүлээх нь зохимжгүй л дээ. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ын 1-9-д яаж хийх процедурыг нь тодорхой зааж өгсөн байдаг. Уг асуудлын хүрээнд л гэрээ байгуулах ёстой атал  хуулиасаа хальсан илүү үүрэг бүхий хэсгүүдийг хасах хэрэгтэй гэж гишүүд үзэж байгаа. Яваандаа бүх харилцаа сайжирч, өөрчлөгдөх магадлалтай. Оруулсан өөрчлөлтийн сайныг нь л аваад мууг нь үлдээдэг гэрээг бид хийх гээд байна. Нэг компанитай хуульд тусгаагүй асуудлаар гэрээ байгуулж, царцаах нь буруу. Тухайлбал, усны төлбөр өөрчлөгдөхөд тэр компани хуучин үнээр, бусад нь нэмэгдсэн үнээр төлөөд байдаг асуудал гаргахгүйн тулд хувь хэмжээгээр тогтоосноос бусад төлбөрийг гэрээнд оруулж болохгүй. Тухайлбал, 10 хувийн  татварыг компанийн ашиг, орлого өссөн ч гэсэн аваад байж болно. Гэтэл мөнгөн дүнгээр илэрхийлдэг усны төлбөр мэтийн ийм төлбөрүүдийг танах шаардлага байхгүй.