Өдрийн сонин 2009.04.10

УИХ-ын гишүүн З.Энхболдтой Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар уулзаж ярилцлаа.
-Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.  Хоёр намын нэр дэвшигчдээ тодруулж байгаа байдлаас харахад зөрүү их харагдлаа. Тухайлбал Ардчилсан намаас зургаан хүн өрсөлдөж байхад  МАХН нэг хүн дээр санал хураах жишээтэй.Танай намын гол шалгуур нь юу байсан юм бэ?
-Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуулийг эс тооцвол анх удаа ардчиллын төлөөх УИХ-д суудалтай намууд МАХН-аас бусад нь  хамтарч нэг хүний нэр дэвшигчтэй болж байна. Энэ бол маш сайшаалтай хэрэг л дээ. Яах  вэ дээ МАХН-ын үзэл бодлыг зөв гэж үздэг хэсэг бүлэг хүн цөөн ч гэсэн байна л даа. Гэтэл 1990 оноос хойш МАХН-ын бодсоноос өөрийг боддог  нь монголын нийгмийн талаас илүү хувийг эзлэх болжээ. Өөрөө  хувийн өмчтэй,  шашин шүтлэгтэй ,гадаадад чөлөөтэй зорчдог энэ бүх эрх чөлөөг эрхэмлэдэг  хүмүүс гараад ирлээ. Эдүүгээ  Ерөнхийлөгчийн сонгууль тав дахиа явах гэж байна. Бүх сонгуульд МАХН нэг нэр дэвшигчтэй. Харин ардчилсан хүчнийхэн хоёроос дээш нэр дэвшигчтэй байж ихэнх тохиолдолд ялагдаж байсан. Тэр бүх алдаандаа   дүгнэлт хийж энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай хүнээ  нэр дэвшүүлж хамтран ажиллах боллоо. Бидний хувьд ардчилалтай гэдгээ харууллаа нэр дэвшсэн хүмүүс нь хамтран ажиллана гэдгээ хэллээ. Өрсөлддөг, өрсөлдөгчид нь гарч ирсэн нэгийгээ дэмжиж ажилладаг нь ардчиллын гол зарчим нь. Л.Гүндалай гишүүний хэлснээр манай цуваа зургаа сонгуульд ороход бэлэн болоод байна. Мэдээжийн хэрэг нэр дэвшигчдээс нийгэмд хамгийн өндөр үнэлгээтэй нь гарч ирнэ. Ер нь ардчиллыг дэмждэг хүмүүс анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болох том зорилт дээр нэгдсэн юм. Түүнээс биш хэн нэг хүнд тал засаж нэр дэвшүүлэх санаа угаасаа байгаагүй. Бид Ц.Элбэгдоржийг   өрсөлдөж чадна гэж үзэж байгаа.
-УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж Үндэсний зөвлөлдөх хороон дээрээ 65.6 хувийн санал авлаа. Бусад нэр дэвшигчдээсээ ямар онцлогтойгоороо ийм өндөр санал авлаа гэж  санал хураалтад оролцсон хүний хувьд үзэж байна вэ?
– Үндэсний зөвлөлдөх хороон (ҮЗХ) дээр ийм санал авсан ч Их хурал дээр 99.6 хувийн санал авсан шүү дээ. ҮЗХ 228 гишүүнтэй төлөөллийн байгууллага. Манай намын Их хуралд бүх сумаас төлөөлөгч ирсэн. Том сумаас хоёр төлөөлөгч ирсэн байх жишээтэй. ҮЗХ орон нутгийн  төлөөлөлтэй байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэний нэрийг  дэвшүүлсэн нь дээр  байгаа талаар хүмүүстэй уулзаж ярилцаж үзсэн Түүн дээр үндэслэн гарсан  шийдвэр л дээ. Ардчилсан нам  хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдгийг нэг өдөр бодоод гаргачихаагүй. Бид энэ талаар УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дараагаас л бодож эхэлсэн юм. Түүнээс гадна, намын гишүүд, ардчиллыг дэмждэг нам  бусчууд гэх зэрэг  маш олон хүний  санал авсан л даа. Сонгуульд оролцох гэж байгаа сонгогчид ардчилсан хүчнээс хэнийг гаргаасай гэж хүсэв гэдэг дээр түшиглэн гарч байгаа шийдвэр.
– Хоёр нам хамтраад Засгийн газар байгуулаад явж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа нэг нь зургаан хүн өрсөлдүүлэн байж гаргалаа. Гэтэл нөгөө нь ганхан хүн дээр ярьж шийдвэрлэлээ. Яагаад ийм том ялгаа гарч ирэв гэж үзэж байна вэ?
–  Хуулиар 45 нас хүрсэн хүн  Ерөнхийлөгчид нэр дэвших учиртай. Тэгэхээр Ардчилсан нам насанд хүрсэн бүх гишүүддээ ижил   боломж олгохын төлөө ажилласан . Ардчилсан нам дүрмийнхээ дагуу тусгай маягт бөглүүлж авсан. Тэрхүү маягтыг бөглөсөн хүмүүс л өрсөлдсөн байна.  Анхны нэр дэвшилтэд  зургаан хүн байсан. Тэд явсаар байгаад нэг нь гарч ирлээ. Ардчилсан нам гэдэг нэрэндээ манай хурлын үйл ажиллагаа нийцсэн л дээ. Урьд нь ч ийм байсан, сая ч ийм байлаа, цаашдаа ч ийм байна. МАХН –ын дүрэмд ч Бага хуралд хэд хэдэн хүний нэр оруулах тухай боломжийн заалт   байдаг юм билээ. Гэтэл энэ удаа МАХН дүрмийнхээ заалтыг ашиглах алхам хийсэнгүй , гишүүдээс нь “Би Монгол Улсын ерөнхийлөгч болно” гэж хэлэх хүн гарсангүй. Хуучин социализмын үеийг санагдуулсан хэдэн хүн уйтгартай үг хэлээд нэг хүн зуу хувийн саналаар гараад ирж байна. Магадгүй Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэн нэг нь хэлчихвэл халгаатай юм байдаг юм болов уу гэсэн зүйл харагдаад байгаа юм. МАХН-ын хувьд үзэл бодлын чөлөөт өрсөлдөөн явах талбаргүй  болжээ.
– МАХН нэр дэвшигчийнхээ сурталчилгааны нээлтэд ач холбогдол өгч сүртэй хийлээ. Танай сурталчилгааны нээлт даруухан боллоо?
– Манайх хамтран ажиллах бусад намтайгаа гэрээнд гарын үсэг зураад, Төрийн сонгууль тул есөн хөлт цагаан тугандаа мөргөж , Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлт маш даруухан болсон. Хүмүүс маш том юм хүлээгээд байгаа юм байна.
МАХН шиг талбайд видео  дэлгэц байрлуулаад телевизүүдээр зэрэг зэрэг шууд дамжуулж нээлт хийх мөнгө бидэнд байхгүй. Ерөнхийлөгч Н. Энхбаяр УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэмнэлттэй сонгууль хийнэ гэж хэлсэн. Гэвч маргааш нь МАХН –ынхан тэр амлалтыг нь үгүйсгэж  хэдэн зуун саяын өртөгтэй арга хэмжээ зохиож сонгуулийн сурталчилгааны нээлт хийлээ. Ийнхүү тэд амлалтаасаа буцаж эхэллээ. Бид эрээн цаас тараахгүй хямгатай ажиллана. Гол төлөв яагаад заавал ардчилсан ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй болсон юм бэ гэдэг ээ тайлбарлаж явна.
– Өрсөлдөгч чинь том сурталчилгааны нээлт хийж байхад та бүхэн яагаад ийм даруухан нээлт хийх болсон юм бэ?
– Урьд урьдын сонгуулиудад иргэд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Үнэхээр нэг айлд хэдэн ч өнгийн цаас оруулж байв. Тэр сонгуулиудад хүнээ таниулах хэрэгтэй байсан байх. Энэ удаагийн сонгуульд ийм юм хэрэггүй. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж гэдэг хүнийг танилцуулах хэрэггүй. Яагаад вэ гэхээр монголчууд бүгд таньдаг.. Тийм учраас олныг хамруулсан арга хэмжээ шаардлагагүй. Бид хийх ажлаа  хийх зүйлээ яриад явъя улс орон хэцүү байна гэж үзэж байгаа. Мөн нөгөө тал ч гэсэн нэр дэвшигчээ танилцуулна гэж явах хэрэггүй л дээ. Тэнд нь олимпийн аварга зогслоо гээд гүйж очоод санал өгөх хүн цөөрсөн. Хүмүүс өөрийнхөөрөө санал өгч сураад байна .Ийм нөхцөлд өндөр зардал гаргах хэрэггүй. Даруухан явахад буруу байхгүй.
– МАХН-ын нэр дэвшигч, Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин явсан  тухай сонинууд мэдээлсэн. Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдэд  өвчтэй ээжийгээ эргээд ирсэн гэдэг тайлбар хийсэн . Та УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга хүн. Ерөнхийлөгчийн энэ мэт үйлдэл нь хуулиар яаж зохицуулагдсан байдаг юм бэ?
-Төрийн тэргүүний айлчлал урьдчилан бэлтгэгдэж төлөвлөлтийн дагуу явж байх ёстой гэдгийг хүн бүр мэддэг байх. Хэвлэлүүдийн мэдээлж байгаа байдлыг харахад чимээгүй явчихсан явдал байгаа юм шиг байгаа юм. Энэ талаар ямар нэг асуулга тавиагүй. Хэвлэл мэдээллийн байгууллага, ард түмэн Ерөнхийлөгчөө хаана явж байгааг мэдэх эрхтэй. Тэр дагуу мэдээлэгдсэн  байх. Харин сонин хэвлэлээр гарсан бүхнийг өрсөлдөгч нь  зохион байгуулсан юм шиг мэдэгдэл гаргаж сүржигнэдгээ болих хэрэгтэй юм л даа. Хэвлэл мэдээллийн байгууллага, радио телевиз дөрөвдөх  засаглал. Тэднийг ажлаа хийсний төлөө Ардчилсан намын сонгуулийн штабыг хардах хэрэггүй. Сонинд юу хэвлэгдэхийг бид мэдэх ямар ч боломжгүй. Чөлөөт хэвлэл  мэдлийн мэдээллийн хэрэгслэлтэй  болоод арван жил боллоо.
– Ерөнхийлөгч дахин нэр дэвшсэн тохиолдолд эрх баригчид сонгуульд төрийн машиныг ашиглаад сонгогчдын сонголтыг өөрчлөх явдал гардаг гэж үздэг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг та яаж харж байна вэ?
– Ер нь улсын хэмжээнд шүүгчид буюу сонгуулийн нутаг дэвсгэр тойрог хэсгийн хороог зөв зохион байгуулах ёстой. Энэ зохион байгуулалт өнөөдөр дуусах учиртай. Гурван аймгаас бусад газарт хуулийн дагуу талууд тохиролцон байгуулж чадсан. Хуулиар нутаг дэвсгэр, тойрог  хэсгийн хороодод нэг нам давамгайлж болохгүй гээд заачихсан. Энэ хуулийн заалтыг баримтлан ажиллах шаардлагатай. Сонгуульд төрийн албан хаагчид оролцвол ажлаасаа чөлөөлөгдөнө. Төрийн албан хаагчид намгүй болсон анхны сонгууль болох гэж байна. Төрийн албан хаагч ямар нэг байдлаар сонгуульд оролцож байгаа нь илэрвэл ажлаараа төлбөр төлөх хууль хэрэгжээд эхэлчихсэн. Түүнийг төрийн албан хаагчид анхаар ч ажиллах байх аа. Манай улсын хуульд байдаггүй. Бусад улсын хуульд байдаг нэг зүйл бол Ерөнхийлөгч дахин нэр дэвших юм бол албан тушаалаа хүлээлгэн өгдөг   Үндсэн хуульд Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй болсон нөхцөлд УИХ-ын дарга орлодог заалт бий. Түүнийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн  хэрэгжүүлэх  хэрэгтэй. Тэгвэл иргэн Н.Энхбаяр сонгуулийнхаа хандивыг босгоод цаашаа  сурталчилгаандаа явна. Ингээгүй нөхцөлд  Ерөнхийлөгч төрийн мөнгөөр сонгууль хийх болчхоод байгаа юм.
– Сонгогчдын бүртгэлийг цахим хэлбэр оруулах тухай маш их ярьдаг ч өнөөдөр болтол энэ нь ажил хэрэг болоогүй. Сонгогчдын бүртгэл, нэрсийн жагсаалт ямар төвшинд байна гэж та үзэж байгаа вэ?
– Сонгогчдын бүртгэл урьдынхаас дордсон. Урьд нь Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагаар гаргуулж  байсан. Одоо Засаг дарга нар бүртгэл гаргана. Яахыг харъя. Улсын хэмжээгээр нэг тойрог болсон ийм нөхцөлд нэг хүн олон дахин санал өгөх нь маш аюултай. Хуульд сонгогчийн үнэмлэхийг нэрсийн жагсаалттай тулгана гэж байгаа юм.  Сонгогчийн нэрсийг тухайн хэсгийн хорооны нэрсийн жагсаалтай тулгах нь учир дутагдалтай. Тэгэхээр сонгогчдын иргэний үнэмлэхний регистрийн дугаарыг өөр хаан нэгэн газар санал өгч үү үгүй юу гэдгийг тулгаж үзэх хэрэгтэй байгаа юм. Хуучин СЕХ-ны удирдлага мэдээлэл технологийн компаниудаар төсөл хийгдсэн юм билээ. Түүнийг хэрэгжүүлэх боломжтой. Яах вэ цөөн мөнгө хэрэгтэй байгаа бол түүнийг шийдэж болно. Ийм шинэ арга зам хайхгүй бол нэг хүн хэд дахин санал өгдөг боломж хэвээрээ байгаа. Тойрог томорчихсон нөхцөлд нэг хүнийг нэг л санал өгүүлэхгүй бол шударга сонгууль явуулна гэхэд хэцүү.
– МАХН-аас шударга өрсөлдөх гэрээний төсөл танай намд хүргүүлсэн тухай ярьж байна. Та үүнийг үзэв үү?
-Ийм гэрээ бол шинэ зүйл биш УИХ-ын 2004 оны сонгуулиас эхлээд Ардчилсан намын нэр дэвшигчид гол төлөв санаачилж шударга өрсөлдөх гэрээний тухай ярьж эхэлсэн юм. Ер нь гэрээ нэрийн дор байгаа зүйлийг хэлүүлэхгүй байна гэж бодвол эндүүрэл шүү дээ. Байгаа зүйл бодит явдлыг ярьж л таарна. Сүүлийн хорин жил хууль шүүхийн байгууллага ямар болсныг. Тэнд шударга ёс алдагдсаныг бүгд ярьж байгаа. Тэр бүхнийг ярихын тулд сонгууль хийж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Гэрээ нэрийн дор тэр бүхнийг халхавчлах гэвэл түүн шиг бүтэхгүй юм байхгүй. Монгол улсын Ерөнхийлөгч бүх шүүгчид, Улсын ерөнхий прокурор түүний орлогчдыг томилдог.. Энэ томилгоогоороо  тэнд шударга ёсыг тогтоох боломжтой цорын ганц хүн Ерөнхийлөгч байгаа юм. Гэтэл сүүлийн арван жил шүүх хуулийн байгууллага шударга бус ажиллалаа гэдэг гомдол маш их гарах болсон. УИХ-ын гишүүдийг  ийм гомдол захидал дардаг гэж болно. Тухайлбал танил талтай хүнд хууль үйлчлэхгүй нь. Танил талгүй нь маш өндөр ял авлаа гэж ирээд л ярьдаг. 15 мянган төгрөг авсан охин арван жилийн ял авч байхад, 14 тэрбум төгрөг алга болгосон хүн арав хүрэхгүй жилийн ял авсан явдал гарсан байдаг. Энэ мэт алдаа дутагдлыг Ц.Элбэгдорж засаж залруулж чадна гэж үзэж байгаа  учраас Ардчилсан нам энэ  удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэрийг нь дэвшүүлсэн юм.

Г.Эрдэнэбат