Өдрийн сонин 2008.10.29

УИХ-ын гишүүн З.Энх­болд­той долдугаар сарын 1-ний үйл явдалд оролц­сон иргэдэд шүүхээс хүнд ял оноож байгаа талаар уулзаж ярилцлаа.

-Долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд оролцож баривчлагдсан иргэд шүү­хээс хүнд ял авч байна. Үүн дээр ямар байр суурь­тай байна вэ?

– Тэднийг шүүхээс яллаж байгаа байдлыг харахад Эрүү­гийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа нь харагддаг. Тухайл­бал, шүүх хурлыг хаалттай хийж байна. 1937 онд л хаалт­тай шүүх хурлаар шийдвэр гаргаж олон хүнийг буудаж алсан байдаг. Түүнээс хойш тодруулбал социализмын үед ч хийдэггүй байлаа. Үнэхээр хэргийг зөв шийдэж байна уу, үгүй юу гэдэгт хуулийн бай­гууллагын шүүх, цагдаа про­курор бүгд шалгалт өгч бай­гаа. Тэд шалгалтад ямар дүн авахыг харъяа. Төрийн өм­чөөс олон тэрбум төгрөг хулгайлсан “Хадгаламжийн” банкны хэрэгтэй харьцуулбал улсад учруулсан хохирлоо­роо ганц нэг чулуу шидсэн гэх хүүхдүүдийн хэрэг захир­гааны хариуцлагын хуулиар явах ёстой. Хуулийн зүйлчлэл буруу байгаа.

Шүүхээр яллаад өр­шөөл үзүүлэх юм гэнэ гэж ярьж байна. Үнэхээр энэ өршөөл үзүүлэх үйлдэл мөн үү?

-Эхлээд хуулийн байгуул­лагууд хэрхэн хууль зөрчиж байгааг тогтоох ёстой.Огт холбогдолгүй хүнийг яллачих­сан, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, бичиг үсэг мэд­дэггүй хүнд тухайн зүйлийг нь тайлбарлаж өгөлгүй ялласан гэх мэт маш их зөрчил гарч байна. Хуулийн байгуул­лагууд шалгалт өгч байна гэдгийг зүгээр нэг хэлээгүй. Хуулийн дагуу ажлаа хийхийг нь харъя. Үнэхээр хэргийн бодит байдал ямар байв. Хэрхэн ямар ял оноосон болохыг олон түмэнд ил бол­гох ёстой. Шүүх хурлыг нээлт­тэй хийх хэрэгтэйг хэлж байна. Хэрэв шүүх хурал нээлттэй байсан бол олон түмэн өөрсдөө дүгнэлтээ хийнэ. Шүүх хурлууд хаалт­тай болоод байгаа нь тул хард­лага үүсгээд байгаа юм. Хэн ямар үйлдлийнхээ төлөө хэ­дэн жилийн ял авсан нь тодор­хой байх учиртай. Хамгийн наад захын шаардлага энэ.

-Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж байгаа ч тодорхой албан тушаалтан, долдугаар са­рын 1-ний үйл явдлын үнэн мөнийг олоход Ард­чилсан намын байр суурь хатуу байх болно гэж хэлж байсан. Гэтэл сүүлийн үед танай нам байр сууриа илэр­хий­лэхгүй байна. Тодорхой бүтцийн хүрээнд энэ та­лаар хэлэлцэв үү?

-Сайд болсон цөөн хүн завгүй байж магадгүй. Гэхдээ Ардчилсан намын УИХ дахь бүлэг энэ асуудлыг хэлэл­цэж, ажлын хэсэг гаргасан. Өршөөлийн хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болсон байгаа. Бид өршөөлийн хууль гаргана гэхээсээ илүү хуу­лийн байгууллагыг хуульд нийцүүлж, хэрхэн шударга ажиллах нь вэ гэдгийг харж байна.

-Та хуулийн бай­гуул­лагуудыг шударга ажил­лахыг харж байна гэ­лээ. Гэтэл энэ хооронд иргэд олон сар жилээр хоригдож хохирох нь ээ. Үүнээс яаж урьдчилан сэр­гийлэх вэ?

-Хүний эрхийн дэд хороо ажиллаж байна. Тохиолдол бүрийг авч үзнэ. Үнэхээр галдан шатаасан хүнийг өм­гөөлж хамгаалаад байх хэрэг байхгүй. Гэхдээ тэнд галдан шатаана, виски хулгай хийнэ гэж хүн очоогүй байх гэж бодож байна. Тайван жагсаал сүүлдээ ийм юм болж хувир­сан. Жишээ нь, хориод настай хүүхэд 20 ам.долларын виски авсан хэргээр таван жилийн ял авч байгаа нь харамсалтай. Харин тэнд явж байгаад өртсөн хүн, насанд хүрээгүй хүүхдүүдийг тусгай­лан авч үзэх ёстой. Ялангуяа үзэгчдийг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ямар хэрэгт хэрхэн ял өгөх вэ гэдэг нь маш тодорхой. Эрүүгийн хуульд МАХН-ын цагаан бай­рыг шатаавал чангаруулна гэсэн заалт байхгүй. Нөгөө талд нь Ардчилсан намын байрыг шатаасан бол сулруу­лах уу гэх мэт олон асуудал гарч ирнэ. Шүүгч нар хэнээс ч хараат бус зөвхөн хуульд захирагдан яллах үүрэгтэй. Тэр үүргээ хэрхэн биелүүлэв гэдгийг харна.

-Шүүхээр шийдвэрлэж байгаа хэргүүдийг харахад, уг үйл явдлыг зохион бай­гуулсан хийгээд галдан шатаасан гэх үндэслэлээр хүн шийтгүүлэхгүй байна. Харин тэнд байсан чулуу шидсэн гэдэг үндэслэл голлоод байх юм.

-Харин би хэлээд байна шүү дээ. Цагаан байшинг шатаавал таван жил өгнө гэсэн заалт Эрүүгийн хуульд байхгүй гэж. Тэгэхээр ямар байшин шатав гэдгээс ха­маарч ял өгч байгаа нь туйлын буруу хандлага. Шүүг­чид хуулиар хамгаалагдсан, зөвхөн хуульд заасан ялыг өгөх ёстой. Гэтэл дээрээс өөр заавар, шийдвэр авч яллаад байгаа тал харагддаг. Ялан­гуяа шүүх хурлыг зохион байгуулалттайгаар хаалттай хийгээд байгаагаас харвал. Шүүгчид хариуцлагатай сайн ажиллах учиртай. Тэртэй тэргүй өршөөлийн хууль гар­гана, ямар ч хамаагүй ял өгнө гэж бодож байгаа бол тийм юм байхгүй. Буруу ял өгсөн шүүгчийг арга хэмжээ авдаг газар бий.

-Хан-Уул дүүргийн шүүх 23, 42 настай нэг нь хэлгүй, нөгөө нь дүлий хоёр хүнд уг хэргийг зохион байгуул­сан гэж үзэж нэгд нь до­лоон жил нэг сар, нөгөөд нь долоон жил долоон сарын ял өгсөн байна. Ийм хүмүүст тэр үйл явдлыг зохион байгуулах боломж хэр зэрэг байдаг юм бэ?

-Бодоход хэлгүй, дүлий хүн тэр үйл явдлын зохион байгуулагч нь байж болохгүй байх аа. Дохио зангаагаар хэллээ гэхэд бусад хүн яаж ойлгох юм бэ. Ийм дампуу зүйл олон гарч байгаа тул ард түмэн шүүн хэлэлцэж байна.

-Хэлгүй, дүлий иргэд бие биеэ таньдаг. Тийм уч­раас хоорондоо ойролцоо явдаг юм байна. Хамт явж байгаад баригдсан тул ту­хайн үед болсон үйл явд­лыг ярьж тайлбарлаж ча­дах­гүйгээсээ хүнд ял авлаа гэж өмгөөлөгч нь ярьж байна билээ?

-Ийм хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдээс хэрхэн бай­цаалт авах, шүүх дээр хэрхэн авч хэлэлцэх гээд маш на­рийн заалтууд хуульд бий. Тэр бүхэн хийгдэхгүй байгаа тул тухайн иргэдийн эрх зөр­чиг­дөөд байгаа юм. Хүмүүс тэнд чулуу шидсэн, шатаасан байж болно. Зөвхөн тэр үйл­дэл­дээ таарсан ял авна гэдэг Үндсэн хуулийн зарчимтай. Тэр хэрэгжихгүй байна л даа. Улсын мөнгийг 14 тэрбумаар нь идчихээд долоон жилийн ял авдаг, улсын нисдэг тэр­гийг унагачи­хаад хэрэг ч үүсдэггүй, дарга эрх мэдэл­тэй хүмүүст хууль нэг өөрөөр үйлчилдэг. Иргэнд болохоор чулуу шидсэнийх нь төлөө долоон жилийн ял өгдөг. Ийм хуулийн байгууллага, хууль зүйн тогтолцоотой тул иргэд дургүйцээд байгаа юм.

-Баянгол дүүргийн шүү­хийн нэг шийдвэр дээр хохи­рогч Лосол “Жаргал­сайханыг Даш-Ёндон дарга­тай уулзаад гарсны дараа үймээн ши­рүүс­сэн” гэж хэлсэн тухай тэмдэглээд “Зохиомж” дээд сургуу­лийн 23 настай оюут­ныг ялласан байгаа юм. Тэр хохирогчийн хэлснээр бол Жаргалсайхан, Даш-Ёндон гэдэг хүмүүстэй холбоотой баймаар. Гэтэл өөр хүн ялла­чихсан байх юм.

-Хуулийн байгууллага хууль зүйн дагуу ажлаа хийх­гүй байна л даа. Хуулийн байгууллага ирж байгаа хүний бэл бэнчин, албан тушаалд тохируулж шийдвэр гаргадаг. Жаргалсайханы шоуг үзэх гэж ирсэн сургуулийн хүүх­дүү­дийг яллаад эхэллээ л дээ. Гэрэл зураг видео бичлэг зэрэг хангалттай баримт бай­гаа шүү дээ.

-“Зохиомж” дээд сур­гуу­лийн оюутныг яллахдаа цүнхнээс нь улаан будаг гарсан гэж үзсэн юм билээ. Зураачийн сургуулийн оюут­­ны цүнхэнд явсан будаг нь хичээлийнх нь хэрэгсэл юм биш үү?

-Зураачийн сургуулийн оюутны цүнхнээс улаан бай­ту­­гай будаг гарна биз дээ.

Улс төрийн хэлмэг­дүү­лэл­тийн жилүүдэд хонь хариулж явсан хүнийг бариад явчихсан гэдэг шиг л юм болж байна шүү дээ. Кинон дээр хонь хариулж байгаа хүнийг барьж аваад явдаг тухай гардаг шүү дээ. Тэгэхээр одоо харъяа.

-МАХН-ын төв байранд байсан татваргүй барааны дэлгүүр УИХ-ын гишүүн С.Бямбацогтынх юм байна. Тэндээс виски авсан шалт­гаанаар олон хүн ял эдлэх боллоо. Энэ хохирлыг яллагдаад явж байгаа ир­гэд төлөх үү?

-Байр нь хариуцна гэсэн үү, өөрсдөө хариуцна гэв үү. Энэ бүхэн түрээсийн гэрээ­гээр зохицуулагдах ёстой л доо. Яг ийм эдийн засгийн асуудал гэрээгээр явна. Гэ­рээ байхгүй бол Иргэний хуулиар шийдвэрлэгдэнэ.

-Нийслэлийн сон­гуу­лийн ирц хүрсэнгүй. Одоо яах вэ?

-Хуулийн дагуу нийслэ­лийн сонгууль дахина. Одоо ирцийг яаж хүргэх вэ гэдэг асуудал байгаа. Сая ирц хүр­гэхгүй байх тал дээр Нийс­лэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайхан маш сайн ажиллалаа. Тухайлбал, сонгогчийн үнэмлэхийг ирж ав гэж хэлсэн. УИХ-ын сон­гуулиар сонгогчийн үнэм­лэ­хийг хүргэж өгдөг байлаа. Хорооны Засаг дарга нар сонгогчийн нэрсийн жагсаал­тыг хийхдээ анхнаас нь Ард­чилсан намыг дэмждэг хү­мүү­сийг хассан. Зөвхөн МАХН-ын гишүүдийн хүрээнд сонгууль явагдсан. Тэгээд яах вэ Хан-Уул дүүрэг дээр Ардчилсан нам ялсан байгаа юм. Хүний сонгох эрхийг маш бүдүүлгээр хаасан. УИХ-ын гишүүн Д.Зоригт сонгогчийн үнэмлэхээ авч чадаагүй, сонгуульд ороогүй. Хаяган дээрээ байхгүй гээд. Гэтэл тэр хаяган дээр арван жил амьдарсан байна. УИХ-ын гишүүн үнэмлэхээ авч чадахгүй болохоор ямар сон­гууль байх вэ дээ. Би гурван удаа очиж хөөцөлдөж байж авсан. Хөөцөлдөхгүй бол өгөхөөргүй юм билээ. Ийм маягаар сонгууль зохион байгууллаа. Тэр нь дапуур­лаа. Энэ удаагийн орон нут­гийн сонгууль зөвхөн МАХН-ын гишүүдийн хүрээнд сон­гууль хийж болохгүй нь гэд­гийг харууллаа. 2004 онд сонгуулийн ирц хүрээгүй. Гэтэл санал хураах өдрийн өмнөх сонгогчдын нэрсийг бууруулж байгаад луйвард­сан. Тухайлбал 70 мянган хүнийг нэрсийн жагсаалтад байлаа гэж бодъё. Түүнийг 60 мянга болж өөрчлөөд ирцээ хүргэчихсэн байхгүй юу. Орон нутгийн сонгуулийн ирцийг хүргэхийн тулд олон улсад хэрэглэдэг аргуудыг ашиглах талаар Ардчилсан намын бүлэг дээр ярьсан. БНСУ сонгуульд оролцсон хүмүү­сээ сугалаанд оруул­даг. Сон­гуулийн өдөр авто­бусыг үнэ­гүй болгоё гэж бай­гаа. Энэ өдөр сонгогчийнхоо үнэм­лэхийг үзүүлээд авто­бусанд сууж болно. Сонгог­чийн үнэм­лэхээрээ сугалаанд оролцох эрх өгнө гэж байгаа. Яах вэ санхүүжилтийг нь төсвөөс гаргахаар…

-Нийслэлийн сонгууль дахисан тохиолдолд одоо­гийн сонгуулийн хороо өөрчлөгдөнө. Гэхдээ тэр хүмүүс эргээд орох магад­лал өндөр байгаа шүү дээ?

-Б.Баттулгын дүү Ц.Болд­сайханыг оруулахгүй байх хэрэгтэй. Тэр гурван удаа сонгуулийн хорооны даргаар ажилласан юм билээ. Турш­лагатай луйвардагч. Түүнийг нь би өөрийнх нь нүүрэн дээр хэлсэн л дээ. Сүхбаатар дүүрэгт ирц хүргэх гэж оролд­сон. Ингэхдээ сонгуулийн өглөөний долоон цагт байсан нэрсийн жагсаалтыг буу­руулж протокол гаргасан байна би­лээ. Ийм маягаар ажил явах­гүй. Австралид иргэн хүн төрийн сонгуульд оролцох үүрэгтэй гэж үзээд ирээгүй иргэдээ торгодог юм байна. Бид тор­годгийг мөнгөөр биш, сон­гуульд оролцоогүй иргэний халамжид хамрагдах эрхийг нь нэг удаа хасах тухай ярьж байна. Иргэд сонгуульд ирэх­гүй байгаадаа биш. Харин иргэдийг сон­гуульд оруулах­гүй бодлого яваад байгаа тул ирц хүрэх­гүй байгаа шүү дээ.

Г.Эрдэнэбат