Зууны шуудан 2008.10.21

Газрын тосны хайгуул хийж буй компаниудын ажилтай танилцах ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Есөн гишүүнтэй ажлын хэсгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд ахалжээ. Түүнтэй ярилцлаа.

-Ажлын хэсгийнхэн сая­хан Зүүнбаянгаар яваад иржээ. Газрын тосны хайгуу­лын явц ямар байна вэ?

-Гол зорилго нь холбогдох хуулийг газрын тосны хайгуул хийж байгаа, олборлож байгаа компаниуд биелүүлж байна уу гэдгийг газар дээр нь очиж шалгах байлаа.
Дорноговийн Зүүнбаянд газрын тос олбор­лож байгаа “Доншен” компа­нийн ажилтай танилцлаа. Аж­лын хэсгийнхэн удахгүй Там­сагт очиж ажиллана. Газрын тосны гарц бол сайн байна. Гэхдээ төлөвлөсөн ёсоороо экспор­толж чадахгүй байгаа юм.

-Юунаас болоод тэр вэ?

-”Доншен” компани 66 на­состой юм байна. Одоогоор бүх насос нь зогсчихсон. Ол­бор­лосон газрын тосоо хийдэг 300, 500 тн-ын ёмкостууд нь бүгд дүүрчихсэн учраас дахин олборлох боломжгүй байгаа юм.

-Султгаж болдоггүй хэрэг үү?

-Эрээний дамжуулан ачдаг ёмкость нь ажиллахгүй байгаа юм байна. Манайх өөрс­дөө ёмкость олонтой бол заа­вал Эрээнээс хамаарахгүй­гээр зөө­вөрлөж болно л доо. Наадам өнгөрөөгөөд л галын аюулгүй байдлыг хангана гээд Хятадын тал хаасан бололтой юм.

-Уг нь энэ үеэр газрын тосны үнэ өндөр байсан биз дээ?

-Харин тийм. Нэг баррель нь 145 ам.доллар байв. Нэг баррель гэдэг маань 159 лит­рийн торх гэсэн үг. Одоо бол нэг баррель нь 70 ам.доллар руу орчихлоо.

-Үнэ өндөр байхад нь экспортолсон бол уг нь манай улсад ашигтай. Төсөвт орох орлого нь их юм даа. Энэ хугацаанд экспортлоо­гүй­гээс хэчнээн төгрөг алдав?

-Манай улс ч, “Доншен” ч алдсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй учир аль аль нь алдаж байгаа. Энэ жил төлөвлөгөө ёсоор 485 мянган баррелийг экспортлох ёстой. Үүнээс 158 мянгыг нь л экспортолсон. Төмөр замын нэвтрүүлэх чад­вар олборлолтоо гүйцэхгүй бай­на шүү дээ. 485 мянган баррель гэдэг 45 мянган тн л гэсэн үг. Жаахан байгаа биз дээ. Төмөр замын асуудлаа шийдэхгүй бол ашигт малтмал, газрын тосоо олборлоод ч зах зээлд хүргэж чадахгүй нь бай­на. Олборлоод байдаг, дэлхийн зах зээлд хүргэж чадахгүй бол ямар хэрэг байхав. Газрын тосны үнэ 145 доллар байхад экспортол­сон бол бага бүтээг­дэхүүнээр их орлого олох бай­лаа. Одоо бол тэр үеийнхтэй адилхан орлого олохын тулд хоёр дахин их бүтээгдэхүүн экспортлох шаардлагатай болж байна.

-Манай улс энэ жил нийт хэчнээн баррель газрын тос экспортлох ёстой вэ?

-1.5 сая баррель. Экспор­толсон газрын тосны тодорхой хувь нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсад ирдэг. Одоохондоо Монгол Улс 40 хувийг, олборлож байгаа компани үлдсэнийг нь авдаг. Энэ нь яваандаа эсрэгээр өөрчлөгдөх юм.

-Хэзээ энэ харьцаа манай улсад ашигтайгаар өөрчлөг­дөх вэ?

-Олборлолт нь өдрийн 500 мянган баррель болсон тохиол­долд манайх 60 хувийг авна. Сая ажлын хэсэг Зүүн­баянгаар явж иргэдтэй уулзаж байхад уулзалт бүр дээр нэг асуулт байнга гарч байсан. Энэ нь Монгол Улс хэзээ өөрсдөө бен­зин үйлдвэрлэдэг болох вэ гэдэг асуулт. Боловсруулсан бүтээгдэхүүн гэхээс илүү юуны түрүүнд ядаж түүний нефть гаргадаг болъё л доо. Ажлын хэсэг энэ цаг хэр ойртож байна вэ гэдгийг газар дээр нь очиж үзлээ.

-Тэгээд энэ цаг хэр ойр­хон харагдах юм бэ?

-Манай улсын нэг жилийн бэлэн нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ 750 мянган тн байдаг. Түүний нефть биш шүү. Ийм хэм­жээний нефтийн бүтээгдэ­хүүн гаргахын тулд 1.5 сая тн түүхий нефть хэрэгтэй.

-Баррелиар бол?

-1.5 сая тн нь 15 сая бар­рель болно. 15 сая баррель газ­рын тос олборлоод боловс­руулбал манай улсын одоогийн хэрэгцээ хангагдана.

-Одоогийн олборлож бай­гаа газрын тос арван ху­вийг нь л хангах юм байна?

-Тийм ээ.