Өдрийн сонин 2008.10.21

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтран газрын тосны хай­гуул, олборлолтын компа­ниуд­ бүтээгдэхүүн хуваах зарч­мын дагуу хэрхэн ажиллаж байгаа бай­дал­тай танилцах ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар З.Энхболд гишүүн ажиллаж байгаа аж. З.Энхболд, Р.Амар­жаргал, Я.Батсуурь, Ц.Цэнгэл, Р.Раш, Р.Буд, Б.Ши­нэ­­баяр нарын бүрэл­дэ­хүүнтэй ажлын хэсгийнхэн өнгөрсөн ням гаригт Дорно­говь аймгийн Сайншанд су­мын тавдугаар баг Зүүнбаянд неф­тийн хагуул хийж байгаа Дон­шен компанийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Доншен компани нь Зүүнбаян-Цагаан элсний тал­байд бүтээгдэхүүн хуваах зарчмаар газрын тосны эрэл хайгуулын ажил гүйцэтгэж байсан Австралийн Рок Ойл (Говь) компаниас тавьсан саналын дагуу 2001 оны зур­га­дугаар сарын 16-нд “Хамт­ран ажиллах тухай” гэрээ ёсоор тус компанийн Монгол дахь сонирхлын 49 хувийг эзэмшин ажиллажээ.More... Энэ ажлын хүрээнд 2082 метр, 2844 метр гүнтэй хоёр цооног өрөмд­сөн байна. Ингээд Газ­рын тосны хэрэг эрхлэх газар болон Рок Ойл компанитай 2003 оны хоёрдугаар сарын 15-нд “Эрх шилжүүлэх тухай” гэрээ хийжээ. Өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүн ху­ваах зарчмын дагуу хайгуул, олборлолт явуулж улсын төсөвт арван тэрбум төгрө­гийн орлого оруулжээ. Бүтээг­дэ­хүүн хуваах зарчим гэдэг нь тухайн компани үйл ажил­ла­гаа явуулж эрсдлээ зуун хувь хариуцдаг. Тодруулбал газрын тосны хайгуул, олбор­лолт явуулсан Доншен ком­пани эрсдлээ бүрэн хариуц­сан гэсэн үг. Харин манай улсын хувьд нефть эрж, хайх, олборлох ажиллагаанд мөнгө зарцуулаагүй. Тус компани энэ жил 485 мянган баррель нефть экспортлохоор тооц­жээ. Гэвч одоогийн байдлаар 158 мянган баррелийг экс­пор­толсон байна. Газар дээрээ 66 насостой. 300-500 тоннын багтаамжтай торхнууд нь дүүрчээ. Энэ нь тавдугаар сараас эхлэн экспорт зогс­сон­той нь холбоотой аж. Экс­порт зогссон гол шалтгаан нь тус компаниас шалт­гаа­лаа­гүй. Харин БНХАУ-ын Эрээн хотын шилжүүлэн ачих бай­гууламжаас хамааралтай аж. Эл байгууламж дээр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиг­дөж байна гэдэг үндэслэлээр түр хаасан юм байна. Гэвч одоо болтол хэвийн ажилла­гаанд ороогүй байгаа нь ма­най улсын түүхий нефть экс­портлох ажиллагаанд нөлөө­лөөд байгаа аж.

Доншен компанийнхнаас эндээс олборлож байгаа нэг тонн түүхийн нефтиэс хэдэн хувь нь шатахуун болдог та­лаар ажлын хэсгийнхнийг асуухад тэд энэ талын мэ­дээлэл бидэнд байхгүй гэсэн хариу өглөө. Гэхдээ биднийг явсны дараа танай түүхий нефтийг авч нэрж бензин болгож байгаа үйлдвэрээс тодорхой мэдээлэл авч өгө­хийг хүслээ. Харин манай улсын нутаг дэвсгэрээс ол­бор­лож байгаа түүхий нефть тухайлбал Тамсагбулагийнх гэхэд шатахуун гарах хувь хэмжээ нь дэлхийн дунд­жаас дээгүүр байдаг байна.

УИХ-ын гишүүд тухайн компанийн ажилтай танил­цахын зэрэгцээ Зүүнбаянгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Иргэдийн хувьд Доншен ком­панийг маш их хэмжээний олборлолт хийж байгаа. Газ­рын тосыг юүлчихлээ гэж ойлгодог юм байна. Гэвч тус компани Цагаан элсний бүс нутагт хайгуулын хүрээнд хийж, олборлолт явуулдаг аж. Гэтэл Цагаан элсний хэв­лийд ямар хэмжээний нефть байгаа талаар нөөцийг нь тогтоогоогүй. Зүүнбаянгийн нефтийн нөөц нь өнгөрсөн зууны дундуур ОХУ-ын мэр­гэ­жилтнүүдийн тогтоосноос өөрчлөгдөөгүй байгаа аж. Одоогоор энэ бүс нутагт үйлдвэрлэлийн хэмжээний олборлолт явагдаагүй байна. Нөгөө талаар зүүнбаянчууд Сайншанд сумын нэг баг гэж нэрлэгдэх тун дургүй болол­той юм. Багийн статусыг су­мынх болгох, энд нефтийн үйлдвэр барих, Доншен ком­панид нутгийн иргэдийг ол­ноор нь ажилд авах гэсэн тодорхой заалтуудтай 500 иргэн гарын үсэг зурж регист­рийн дугаараа бичсэн шаар­дах бичгийг УИХ-ын аж­лын хэсгийнхэнд гардууллаа.


Г.Эрдэнэбат