2008.08.15 Өглөөний сонин

Зөвшилцөл дэлгэрэнгүй хураангуй хувилбар гэдэг дээр санал зөрөлдөөд гарын үсэг зурахгүй байгаа гэнэ.
Монгол улсын Ерөнхийлөгч чуулганыг зарлаж гишүүдийг хуралдуулах гэж байсан нь бүтэлгүйтсэн. Энэ удаа мөн л АН-ын нөхдүүд чуулганд суугаагүй. Ингээд АН-ын зөвшилцөлийн төлөөлж байгаа УИХ-ын гишүүн З.Энхболд ямар байр суурьтай байгаа талаар нь тодруулсан юм.

-Намуудаас гарсан ажлын хэсэг ямар асуудал дээр гацаанд орчихоод байгаа юм бэ?
-Ажлын хэсэг хоёр зөрчилтэй байгаа. Үндсэн агуулга нь адилхан нэг нь дэлгэрэнгүй нөгөө нь богиносгосон хувилбар байгаа юм. Манай нам дэлгэрэнгүй хувилбар дээр нь зурахад бэлэн байгаа. МАХН хураангүй хувилбар байхад болно гэж үзсэн. Уншаад үзэхэд маш ойлгомжтой л доо. Жишээ нь Монгол улсын Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хийх гэдэг ерөнхий зүйл үг бий. Үүнийг нэгийн нэг, хоёр, гурав, дөрөв гээд дэлгэрэнгүй болгосон. Дэлгэрэнгүй болгох асуудлаар аль аль талууд харилцан ойлголцож яригдсан асуудал. Ерөнхий сайд С.Баяр чуулган дээр АН-ыг ажлын хэсгийг яригдаагүй зүйлүүд ярьж шаардлагаа байнга нэмэж байсан гэдэг зүйлийг ярьлаа шүү дээ. Тэр бол худлаа. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга гэдэгт юуг ойлгож байна вэ гэвэл Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга нэгдүгээрт УИХ-ын анхдугаар чуулганаар Монгол улсын Үндсэн хуулийн шинэчилсэн найруулах ажлын хэсгийг Монгол улсын Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулах, хоёрдугаарт УИХ-ын 2008 оны намрын чуулганаар дээрх ажлын хэсгээс боловсруулж бэлтгэсэн төслийг хэлэлцэн дэмжигдсэн хувилбарыг 2008 оны 11 сарын 1-нээс 2009 оны 2 сарын 1-ний хүртэлх хугацаанд бүх нийтийн хэлэлцүүлэгт оруулах, гуравдугаарт үүнтэй зэрэгцүүлэн 2000 онд Монгол улсын Үндсэн хуульд оруулсан 7 нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож 1992 оны Үндсэн хуулийн анхны эхийг дагаж мөрдөх, бүх нийтийн хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналуудыг тусган шинэ хувилбарыг УИХ-ын 2009 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах гэх зэрэг асуудлуудыг ажлын хэсэг дээр яриад гарын үсэг зурья гэдэг байр суурьтай байгаа. Гэтэл МАХН-ын тал ганц хуудсан дээр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хийх гэдэг ганцхан юм яриад байдаг. Ийм л ялгаа байгаа юм. Энэ бүх зүйл яригдаад цаасан дээр буугаадбэлэн болсон. Өчигдөр Ерөнхийлөгч намуудын дарга нарт чуулгандаа суух бичиг ирүүлсэн. Түүний хариуг нь Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байгаад шийдсэн. Сонгуулийн хууль тогтоомжоо биелүүл. Хууль биелүүлэхгүйгээр чуулганд сууж болохгүй, хууль зөрчих гээд байна. Үндсэн хуулиндаа 76 гишүүнтэй гэж бичсэн байдгаа биелүүлээч гэдэг асуудал тавьсан. Сонгууль өнгөрснөөс хойш cap арван хэдэн хоног өнгөрлөө. СЕХ хууль зөрчсөөр л байна. Хууль зөрчсөн олон зөрчлүүдийг Ерөнхийлөгч хүртэл ойлгохоо больчихсон байна.
-Танай намын нэр бүхий хоёр гишүүн тангараг өргөхөөр чуулганд суусан. Энэ байдлаас үүдэн танай нам дээрх гишүүдийг намаас хөөх талаарх асуудлыг ярилцсан гэж үнэн үү?
-Тийм шийдвэрийг одоохондоо гаргаагүй. Зарим нэг манай намын гишүүд тэр асуудлыг сөхөж тавьсан. Гэхдээ Ардчилсан нам дүрэмтэй, тэр дагуу асуудал явагдах ёстой. Нэг хоёр нь чуулганд орж суудаг, тэрийг нь хүн хөөнө гэж ярихаар хөөчихдөг зүйл байхгүй. Цаашид ямар үйл явдал болохыг сайн мэдэхгүй байна.
-Ерөнхийлөгч УИХ-ын түр үнэмлэхээ гардан авсан гишүүдэд хуралдаа суух шаардлага хүргүүлнэ гэж байсан. Энэ нь тодорхой үр дүнд хүрэх болов уу?
-СЕХ хууль зөрчөөд байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Ямар ч үр дүн дагуулахгүй.
-АН-ын гишүүд дунд тангараг өргөх сонирхолтой гишүүд байгаа. Гэтэл намынхаа шаардлагаар чуулганд орж чадахгүй байгаа гэдэг таамаглал бий шүү дээ?
Хуулийг хүн болгон биелүүлэх үүрэгтэй. Түүнээс зөрж тангараг өргөж болохгүй. Намын шаардлага гэхээсээ илүү манай шинээр сонгогдсон олонхи гишүүд хуулийн дагуу байгуулагдсан УИХ-д сууя гэдэг байр суурьтай байгаа. Хууль бус байгуулагдсан УИХ-аас гарсан шийдвэрийг биелүүлэхгүй байх тийм зам үүсэх учраас болгоомжилсон юм. 7 дугаар сарын 10-ны хурлын протоколд гэхэд л жишээ нь 25 дугаар тойргийн тухай асуудал ерөөсөө байхгүй байсан. Асуудал СЕХ-ны дарга Б.Баттулгын үзэмжээр тэр тойрог үлдчихсэн. Хэнийг гишүүн болгох үгүй гэдэг асуудлыг хуралдааны шийдвэрийг албан бичгээр дураараа өөрчилж болж байна. Ийм л хууль бус юм явагдаад байгаа учраас бид СЕХ-ны дарга Б.Баттулгатай хамтарч хууль зөрчихгүй гэдэг байр суурь баримтлаад байгаа юм. Ерөнхийлөгч ч гэсэн тийм ойлголттой болчихлоо. Өнөөдөр СЕХ-ны дарга Б.Баттулга хэн нь УИХ-ын гишүүн болох үгүйг шийдэж байна шүү дээ.
Анхдугаар чуулган тангараг өргүүлэхийн тулд явагдаж байгаа. Үндсэн гол асуудлаасаа хазайгаад намуудын зөвшилцөл гээд явчихаад өнөөдөр бас юун дээр очоод гацав аа?
-Зөвшилцөлийн талаарх бичиг баримт хоёр долоо хоногийн өмнө гарсан. Үүнээс цаадах асуудал СЕХ-ноос хамаараад эхэллээ. СЕХ-ны дарга Б.Баттулгыг мэдэгдэл хийхээс өмнө асуудлууд зогссон. Зөвшилцөөнөөс хууль зөрчиж байгаа ямар ч зүйлийг олж харахгүй. Бүгд хуулийн хүрээнд хийгдэж байгаа. Шинэ их хурал ажлынхаа дэс дарааллыг л гаргасан. Хэрвээ сонгууль будилаангүй болоод 7 сарын 1-ний үйл явдал болоогүй байсан бол тангараг өргөгдөөд хэвээрээ явчих байсан. Тийм хоёр үйл явдлын дараа олон зүйл дээр засвар хийх шаардлагатайг олж харсан. Тэр шаардлагыг тавьсан.
-Шинэ гишүүд гэдэг ард түмний нэг төлөөлөл болон сонгогдсон. Гэтэл сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж тангарагаа өргүүлэхгүй байгаа явдлыг юуг гэж үзэж байна вэ?
-Тангарагаа өргөхгүй гээд байгаа гишүүн манай намд байхгүй. Тэд хуулийн дагуу ажлаа явуулья гэж байгаа. Хууль ёсоор УИХ хуралдвал юун тангараг өргөх, тарах тухай асуудал яригдана шүү дээ. Хууль гэдэг юмыг УИХ-аасаа өгсүүлээд биелүүлдэг больё. Урд нь биелүүлдэггүй байж болох юм. Тийм учраас УИХын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн заалтыг нэг бүрчлэн мөрдөхгүй бол ҮХЦ дээр асуудал очиж УИХ-ыг хууль бус гэж зарлах шийдвэр гаргахад маш ойрхон байна.
-УИХ гацаад байгаа нь цаана албан тушаалын хуйвалдаан явагдаж байгаатай холбоотой гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Тийм юм байхгүй. УИХ-ын гишүүн Э. Бат-Үүлийн хэлсэн үг олонхи болсон гэж бодож байгаа МАХН-д хамаарах байх. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын тухай асуудал аль шатны ямарч түвшинд яригдаагүй. Зөвхөн УИХ-ыг хэрхэн зөв хуулийн дагуу байгуулах тухай ярьж байгаа асуудал.
Та бүхэн тангарагаа өргөчихөөд СЕХ-ны даргатай хариуцлага тооцож болохгүй байгаа юм уу?
-Тангараг өргөхийн тулд сонгуулийн үр дүн чинь хуулийн дагуу гарах болчихоод байгаа. Өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэдэг юм явагдаад байгаа юм. Бид сонгууль бодож улс төр хийхгүй. Хуулиа хэрэгжүүлэхийг шаардсан. Хууль ёсны их хуралтай болох нь чухал.
-Маргаантай тойргийн асуудал сунжрах хандлагатай байгаа. Асуудлыг яаж гацаанаас гаргах вэ?
-УИХ-ын дүнг хууль тогтоомжийн дагуу хүлээн авч төрийн эрх барих дээд байгууллагыг хуулийн дагуу байгуулах, улмаар төрийн үйл ажиллагааг зогсонги байдлаас гаргах арга хэмжээг нэн даруй авна гэдэг томьёололтой байгаа. Хэдийг оруулж ирэх ямар маргааныг ямар хугаиаанд шийдэх вэ гэдэг нь цэвэр СЕХны шийдэх ажил. Ажлаа хийх хэрэгтэй. Түүнээс УИХ хүнд байдалд орж байна. СЕХ-нд хуулиар оногдуулсан үүрэг байгаа. Эхний ээлжинд 57оос дээш хүний нэрийг оруулж батлуулаад УИХ хурлаа явуулдаг. Явцын дунд маргааныг хуульд заасан хугацаанд шийддэг хуультай. Хуулиа биелүүлэх тухай ярьж байгаа болохоос тэд болго гэдэг эрх бидэнд байхгүй. 76 гэдэг тоо Үндсэн хуульд байгаа. 76 бол 76 л байх ёстой. Тийм учраас сонгуулийн хуулинд маргаан шийдвэрлэх асуудлыг маш их нарийвчилж өгсөн. Энэ ажлаа хийхгүй байгаа учраас улс төржөөд хэвийн ажиллаж чадахгүй гацаанд орчихлоо. Уг нь бүх юмаа номын дагуу хийвэл хугацаандаа багатах боломж бий.
-66 ч юм уу 62 хүний нэрийг тогтоол хэлбэрээр оруулах асуудал дээр маргалдаад байгаа шүү дээ?
-Зөвхөн тогтоол хэлбэрээс оруулахаас өөр арга байхгүй. Хуулиндаа тэгж бичсэн. Урьд нь төв байгууллагын тухай хууль гэж байгаагүй. СЕХ-ны дотоод журам гэж байсан. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэхдээ СЕХ-ны хууль болгож болох юмыг хууль болгоё гэсэн. Цаашид дур зоргоор аашлах явдлыг гаргахгүйн тулд Б.Баттулга шиг хүнийг иймэрхүү явдал гаргахгүйн тулдхууль болгож өгсөн юм. Тэрийг одоо улан дороо гишгэчихээд сонгуулийн дүнг хэзээ албан бичгээр өгдөг байсан юм бэ, яагаад болохгүй юм бэ гээд маргаад байна шүү дээ. Хамгийн гол нь хуулийнхаа дагуу тогтоол гаргах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулинд маш нарийн зохицуулалттай. 15 хоногийн дотор тогтоолоо гаргаад гарын үсэг зурдаг. 15 хоногоос хойш хоцорсон хүмүүсийг тойргийн хорооны шийдвэрийг харна маргааныг эцэслэн шийдвэрлэнэ гээд бүгд хуультай. Тэр бүх хуулиудыг л биелүүлэх ёстой юм. Тэр хуулийг биелүүлээгүй Баттулгын үзэмжээр хийгдсэн албан бичгээр УИХ өөрөө байгуулагдаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.