Ардын эрх 2008 оны 4 дүгээр сарын 29

-Хуулиар тогтсон ойлголтыг Дээд шүүх тайлбарладаггүй юм-

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Гурилын үнийг барьж чадсангүй гэдэг шалтгаанаар Хүнс хөдөө аж ахуйн сайдыг огцруулах таны саналыг Ардчилсан намын зөвлөл дэмжээ. Зах зээлийнхээ жамаар өсч байгаа үнэд Засгийн газар нөлөөлөх боломжгүй гэдгийг тав хоногийн өмнө ээлжит бус чуулган дээр зөвлөлийн гишүүд хүлээн зөвшөөрч байсан биз дээ?
-Зах зээлд нөлөөлөх олон арга байгаа. Бид зах зээлийнх нь эрэлт нийлүүлэлтийн замаар нөлөөлөх хэрэгтэй гэсэн. Гэтэл Засгийн газар өөр зүйлээр нөлөөлсөн байхгүй юу. Хэрэглэгчид, иргэдийнхээ талд биш, том компаниудын эрх ашигт үйлчилсэн. 40 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлснөөр 4,2 тэрбум төгрөгийг хувийн компаниудад бэлэглэчихлээ. Бид альтернатив санал хэлж байсан. Наад мөнгөө хүн амынхаа ядуу хэсэгт хаягаар нь татаас болгоод өгчих, тэгвэл хүндээ хүрч, үнийн өсөлтөөс хамгаалж чадна гэж. Хүн амын 30 хувь гээд тооцоход нэг өрхөд 21 мянган төгрөг болж байсан билүү дээ. Цагаан сарын үеэр гурилын үнийг өсгөхгүй байх талаар асуудал эхэлж яригдсан шүү дээ. Хууль оруулж ирээд батлуулж байхад амласан амлалт нь 550 төгрөг. Арванхоёрдугаар сарын 21-ны өдөр байсан, бичлэг нь энэ байна./үзүүлэв. сурв/ Цагаан сарын үеэр тийм үнэ байгаагүй, үүнээс хойш бол замбараагаа алдлаа ш дээ. Нэгд бодлого буруу байсан, хоёрт хэрэгжүүлэхдээ алдсан. Гааль дээр оруулж ирсэн компаниудтай гэрээ хийх хэрэгтэй ш дээ, цагаан сарын өмнө зарж дуусгана гэж. Засгийн газар үүн дээр алдаа хийсэн. Компаниуд нь хямдхан авчихаад жижиглэнгийхээ үнийг хямдруулаагүй.

-Тэр 40 мянган тонн гурилаас 10 хүрэхгүй тонн нь үйлдвэрлэгчдэд очсон, үлдсэн нь хаашаа орсныг тогтоосон уу?
-Засгийн газар тэр ажлаа бас хийхгүй байгаа. Талхны үйлдвэрүүдэд ч өгдөггүй, зах дээр ч зардаггүй, хомсдол үүсгээд үнэ хөөрөгдөөд байгаа байхгүй юу. Тийм учраас ажил зохион байгуулж чадаагүй, улсын 4,5 тэрбум төгрөгийг завших боломж олгосон гэж үзэж байгаа.

-Одоо Оросоос хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх 100.000 тонн улаан буудай тэр замаар орохгүй гэх баталгаа байна уу?
-Маш яаралтай мөнгөө төлж авах ёстой. Оросууд сайн үнэ өгч байгаа. Елеваторуудаа дүүргээд авах хэрэгтэй. Ямар сайндаа санаа зовоод зөвлөлийн дарга Л.Гансүх “Монгол Улсыг хөгжүүлэх сангаас яаралтай мөнгийг нь гарга” гэж Засгийн газарт албан тоот явууллаа. Хуулийнхаа дагуу яг ийм зүйлд зарцуулагдах ёстой мөнгө. Дараа нь гурилын үйлдвэрүүдэд зараад мөнгөө буцаагаад авчихна. Нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэх замаар гурилын үнийн өсөлтийг тодорхой хугацаанд барья л гэсэн үг ш дээ. Одоо бол алдахгүй байх гэж бодож байна. Нью-Иоркийн бирж дээр буудайны үнэ тонн нь 330 ам.доллар байгаа, Оросууд бидэнд 360 ам.доллараар өгч байгаа. Дотоодынхоо татварыг хасаад зөвхөн тээврийн зардал шингэсэн үнээр л өгч байна гэсэн үг л дээ. Одоо гурилын үйлдвэрүүдтэй

гэрээ хийж өгөх хэрэгтэй. Бид ийм үнээр буудайгаа өгсөн, та нар ийм үнээр гурилаа зарна гэж.

-УИХ-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хоёр Дээд шүүх рүү Сонгуулийн хуулийн нэр дэвшигч ялгүй байх тухай заалтад хийсэн тайлбараа эргэж харна уу гэдэг хүсэлт явуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Хариу ирэхгүй бол “Өмнө ял эдэлж байсан хүнийг сонгуульд оруулахгүй” гэдэг тайлбартайгаа сонгуульд орох уу?
-Үгүй. УИХ-ын дарга хөдлөхгүй, Дээд шүүх тайлбараа буцаахыг хүсэхгүй бол УИХ өөрөө тогтоол гаргаж болно. Сонгуулийн хуулийн энэ заалт Эрүүгийн хуулийн тэддүгээр заалтаар тайлбарлагдана гэж. УИХ тогтоол гарсан тохиолдолд Дээд шүүхийн тайлбар утгагүй болно. Бид зүгээр соёлтой аргаар, өөрсдөөр нь алдааг нь засуулья л гэсэн юм. Хэрвээ Дээд шүүх өөрөө хүсэхгүй бол Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төсөл санаачлана биз.

-МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөл хоёр үүн дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэсэн үг үү?
-МАХН-ын гол гол хуульчид лав надтай ижил байр суурьтай байгаа. Угаасаахуулиар тогтсон ойлголтыг Дээд шүүх тайлбарладаггүй юм. Зөвхөн маргаантай, тодорхойгүй зүйл дээр л тайлбар хийдэг. Гэхдээ “Хууль санаачлагчид энэ үг, цэг, таслалыг яаж ойлгож хийсэн юм бэ” гэдгийг УИХ-ын хуралдааны протоколийг үндэслэж тайлбарладаг. Дээр нь мэдээж эрх зүйн шинжлэх ухааныхаа логикийг харна. Дээд шүүхийн тайлбарт бол аль аль нь байхгүй шүү дээ.

Ц.БУЛГАН