Өдрийн сонин 2008.4.20

УИХ-ын гишүүн З.Энх­болдоос “Харилцаа хол­боо­ны салбарын тусгай үүргийн сан”-гийн талаар торууллаа.

-Манай улс “Харилцаа холбооны салбарын тусгай үүргийн сан”-тай болс­ноор ямар өөрчлөлт гарсан юм бэ?

-Энэ сангийн талаар аль 1990 оны төгсгөлөөс эхлэн яригдсан юм. Харилцаа хол­бооны салбарын нэгээс бусад бүх компани хувийнх. Хувийн өмчийн байгууллага хаана ашигтай байна, тэнд ажил­лана. Тухайлбал, хүн ам нягт суурьшсан Улаанбаатар, Дар­хан, Эрдэнэт, аймгийн төвд салбар нээх сонир­хол­той. Энд бага зардлаар ашигтай ажиллаж байна л даа. Гэтэл хүн ам цөөн сумын төвд хүлээн авагчаа суури­луу­лахаар ашиг олохгүй бай­гаа юм. Хэдийгээр энэ сан өнгөрсөн зууны төгсгөлөөр яригдаж эхэлсэн боловч 2004 он гэхэд гар утастай сум цөөхөн байсан. Өвөрхангай аймгийн жишээн дээр ярихад УИХ-ын 2004 оны ээлжит сонгууль болсон зур­га­­дугаар сар гэхэд аймгийн төв Арвай­хээр, Хархорин, Хужирт гур­ван сум гар утас­тай байсан. Бусад аймаг ч аймгийн төвөөс өөр гар утас­тай сумгүй, ийм л жишигтэй байжээ. Засгийн газрын тус­гай сангийн хуу­лийг 2005, 2006 онд гаргаж, бүх санг Сангийн яаманд төв­лө­рүүлэн, нэгдсэн тайлантай орлого, зарлагатай журманд оруулсан юм. Түүнд миний санаа­чил­сан “Харилцаа хол­боо­ны тус­гай үүргийн сан”-г нэмсэн юм. Сангийн гол зорилго нь гар утасны хувийн компаниуд өөрийнхөө хөрөн­гөөр станцаа байрлуулах боломжгүй сумын төвүүдэд хүргэх. Холбоо бүгдэд хүргэх ёстой. Үүнд төр анхаарах хэрэгтэй болсон. Гэвч төрд бүх сумыг гар утастай болгох хөрөнгө мөнгө тэр үед бай­гаагүй. Тэр үед 68 хувийн татваргүй бай­сан юм шүү дээ.

Бид ч дангаараа бодоод олсон юм биш. Тэр үед Дэл­хийн банк харилцаа холбооны олон улсын байгууллагаас Монгол Улсад зөвлөмж өгсөн. Энэ нь “Харилцаа холбооны тусгай үүргийн сан” нэртэй сантай болох. Улаан­баа­тар мэт том зах зээл дээр ажил­лаж байгаа гар утасны ком­панийн татварын өмнөх орло­гын хоёр хувийг авч хүн ам сийрэг амьдардаг орон нутагт үндсэн дэд бүтцийг нь барьж өгөх. Үүнийг нь барьж өгөхөөр хямд өртгөөр сүлжээгээ оруу­лах боломжтой болж байгаа юм. Дэд бүтэцгүй бүгдийг нь “Мо­би­ком” ХХК хийнэ гэхээр 200-300 сая төгрөг болоод байсан. “Харилцаа холбооны салба­рын тусгай үүргийн сан” ул­сын сан мэт боловч эргээд харахад татвар биш юм.

-Тусгай үүргийн санд жилд ямар хэмжээний мөн­гө цуглардаг вэ?

-Жилд 3-4 тэрбум төгрөг цугладаг. Түүгээр нь гол төлөв шилэн кабелийг нь шийдэж байгаа юм. “Мобиком” очоод шилэн кабелийг ашигладаг тул тухайн компанид нь хямд тусч байгаа юм. Гар утасны хувийн компаниудаас татсан мөнгөө төрийн албан хаагч, эмч, багш нарын цалин болго­доггүй. Харин хувийн компа­ниу­дын ажиллах боломжийг хангаж зардлыг нь хэмнэж байна. Энэ зарчмаар зурга­дугаар сарын 15 гэхэд Монгол Улсын бүх сум гар утастай болно. Дэлхийн банк, харил­цаа холбооны олон улсын байгууллагын саналыг дэм­жиж Монгол Улс сантай бол­сон тул тэд арван сая ам.дол­ларын буцалтгүй тусламж өгсөн. Манайх сийрэг хүн амтай гэдэг үзүүлэлтээр дэл­хийд нэгд ордог. Ийм нөхцөлд гар утастай болохоос өөр арга байхгүй. Энэ нь манай улсын хувьд туйлын ач холбогдол­той санаачилга болсон. Одоо гар утасны ач холбогдлыг ярих нь илүүц.

Гар утас суманд хү­рэ­хэд тодорхой нөхцөл шаард­даг гэж та хэллээ. Хамгийн чухал нь цахил­гаан байх. Гэтэл манайд төвийн эрчим хүчинд хол­бог­доогүй сум олон бий. Ийм нөхцөлд цахилгааныг яаж шийдэж байна?

-Өвөрхангай аймгийн хувьд Богд сум цахилгаанд холбогдоогүй. Энэ суманд 480 сая төгрөгийн төсвийн хөрөн­гө оруулалтаар салхин сэнс тавьсан. Салхин сэнс, акку­му­лятор хоёр нийлээд “Моби­ко­м”-ын цахилгааныг хангах бо­ломжтой. Яваандаа Богд су­манд Баруунбаян-Улаан су­маас шугам татаж төвийн эрчим хүчний системд төс­вийн хөрөнгөөр холбоно. Ингэхээр цахилгааны асуу­дал шийдэгдэж байгаа юм. Манай Өвөрхангайн сумдын талаас илүү хувь нь шилэн кабельд холбогдсон. Ийм кабель очих боломжгүй сумыг нь сансрын интернэтээр хангаж байна. Ийм маягаар Бат-Өлзийт сумыг холбосон. Одоо Богд суманд “Мобиком” тавих юм бол ВСАТ тавина гэсэн үг. Өвөрхангай аймгийн 19 сумаас 2004 онд гуравхан сум гар утастай байсан. Тэг­вэл өнөөдрийн байд­лаар гу­равхан сум гар утасгүй үлд­сэн байна. 16 суманд дээд тал нь гар утас­ны тав, доод тал нь нэг ком­па­ни салбартай болжээ. Энэ нь иргэдийн бизнес хийх болон Улаан­баатарт байгаа хүүхэдтэйгээ ярихад зүгээр л хувьсгал авч ирж байгаа юм. Гар утас малаа хулгайд алдахаас урьд­чилан сэргийлэх гэх мэ­тэд төсөө­лөх аргагүй л дээ. Нэг үе үлгэр шиг байсан, зөвхөн баян хүний хэрэглээ байсан гар утас ердийн хэрэг­лээ болж, малчин хүн гэрээ­сээ ертөн­цийн сониныг сонс­дог боллоо.

-Богд суманд “Моби­ком” ХХК хэзээ сүл­жээ­гээ оруулах вэ?

-”Мобиком” ХХК руу бичиг явуул­сан байгаа, хариу ха­раа­хан ирээгүй байна. Тун удах­гүй биз.

-Энэ сум хүн ам олонтой өөрийн онцлогтой шүү дээ?

-Хүн амынхаа тоогоор Уянга сумын дараа ордог. Нийт зургаан мянган хүнтэй. Тэнд шон­гоор дамждаг утсан хол­боо­той. Тэр нь ярихад их хүндрэлтэй, шуугидаг. Тэнд сансрын холбооны компани антеннаа тавьж шонтой утсаар ярихаа болилоо. Энэ нь ха­маа­гүй найдвартай, цэвэрхэн сонсогдож байна. Тэр нь хүн өөрөө төв дээр очиж ярьдаг. Хуучин сумын холбоо шиг. Одоо бүгд гар утастай, сумын холбоо руу очихгүй­гээр гэ­рээ­сээ утсаар ярьж байна. Бусад аймаг мөн адилхан. Гар утасны компа­ниуд сумын төвд салбартай болох нь ажлын байр бий болох, хө­рөнгө оруулах нэг хэлбэр.

-”Мобиком”-ын хувьд зах зээл багатай сумын төвд олон салбар бай­гуулс­наар санхүүд хүндрэл гарлаа гэх янз бүрийн санаа оноо ярьдаг уу?

-Өвөрхангай аймгийн Гу­чин-Ус суманд өнгөрсөн онд “Мобиком” ХХК салбараа нээсэн. Энэ сум 2200 хүнтэй жижиг сум. Гучин-Ус сумыг бид жижиг зах зээл гэж үзээд байсан. Гэтэл энэ сум ямаа­ны­хаа ноолуураас 1,7 тэрбум төгрөг олдог. Ноо­луу­рынхаа тэр мөнгөнөөс харилцаа хол­боондоо зарцуулаад эхэлж байна. Судалдаггүй болохоор мэддэггүй. Төлбө­рийн чад­вартай хэрэглэгчид аймгийн төвөөс илүү суманд, түүнийг тойрсон мянгат малч­дад бай­на. Үүнийг анзаардаггүй бай­жээ. Дээр нь “Юнител”, “Скай­тел”, “Мобиком” ХХК-ийн эрсдлийг улсаас багасгаж өглөө шүү дээ. “Харилцаа холбооны тусгай үүргийн сан”-д хураасан мөн­гөө бу­цаагаад салбарт нь зарцуу­лахаар эрсдэл нь буурч бай­гаа юм.

Г.Эрдэнэбат