З.Энхболд: Олон хууль зөрччихөөд гишүүн болох учиргүй ээ, МАН-ынхан

АН-ын удирдлагууд яг одоо Төрийн ордонд шуурхай мэдээлэл хийж байна. Хурлын эхэнд АН-ын дарга З.Энхболд МАН Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрээр маргааш шинэ парламентийн Анхдугаар чуулган зарлагдсан. Гэхдээ Ерөнхийлөгч тус чуулганыг хийхийн өмнө УИХ-д суудалтай намуудтай зөвшилдөх ёстой. Энэ зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа учраас бид чуулганыг хийх нь зохимжгүй гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл олон зөрчил илэрсэн. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо тоохгүй байгаа учраас өнөөдөр бид мэдэгдэл хийж байна” гэв.

Ингээд тэрээр сонгуулийн үеэр илэрсэн дөрвөн том зөрчлийг дурдаж, МАН-ыг шалгуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.

Нэгдүгээрт, МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумаар төрийн албыг худалдаж, түүгээрээ сонгуульд оролцох тухай бичлэгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгасангүй. Одоо үүнийг тодруулж шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь сонгуультай шууд холбогдож байгаа үйл явдал юм. Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт улсын бүртгэлд бүртгэгдээгүй 234 саналын хуудас илэрсэн. Энэ асуудлыг 76 тойргоор нягтлан шалгахгүйгээр тооцож болохгүй ээ. Гуравдугаарт, Зарим аймгуудад канондсон буюу батлагдсан загвараас өөр хүчингүй саналын хуудсаар иргэдээс санал авсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Дөрөвдүгээрт “18 мянган сонгогч нэг газраас шилжиж, нөгөө газарт очиж санал өгсөн байгаа юм. Баянхонгор, Увсын царцааны нүүдлийг Ерөнхийлөгч, Сонгуулийн ерөнхий хороо дахин нягталж, МАН-аас хэдийг нь төрд оруулах эсэхээ шийдэх учиртай. Өөр газар суурьшилтай иргэд тус тойргуудад очиж, сонгогчдын саналыг өөрчиллөө. Тиймээс энэ тойргуудад дахин сонгууль явуулах учиртай” гэдгийг онцолсон юм.

Түүний дараа З.Энхболд “Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг зөрччихөөд УИХ-ын гишүүн болно гэдэг утгагүй. МАН-ын гишүүд ээ. Бид шударга сонгуулийг хүсч байна. Энэ зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд хоёр долоо хоног шаардлагатай болов уу гэж бодож байна. Хууль бус УИХ-ыг эхлүүлэхгүйн тулд шалгах хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаач ээ төрийн байгууллагынхаан” гэв.

Энэ үеэр З.Энхболд сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

– АСЕМ, наадам зэрэг чухал ажлын үеэр төрийг байгуулахгүй удах нь хэр зохимжтой үйлдэл юм бол оо?

– АСЕМ-аас болоод хууль бусаар төр байгуулж болохгүй. Төр байгуулахыг бид эсэргүүцээгүй. Ном журмынхаа дагуу байгуулагдах ёстой. Хамгийн аймар нь 234 санал илүү гарсан. Бид хар машинд эргэлзээгүй. Харин яагаад энэ саналын хуудас илүү оров гэдэгт эргэлзэж байна.

– Таны шаардлагыг хүлээж авахгүйгээр Анхдугаар чуулганыг хийх боломжтой юу?

– Ер нь бол Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн зарлигийг цуцлах байлгүй дээ.

-Хар машинаас 234 санал илүү гарсныг хэн хийсэн гэж үзэж байна вэ?

-Улсын бүртгэлийнхнийг би хардаж байна. Тэд ажлаа зохих ёсоор хийсэнгүй. Ийм зөрчил илэрч байхад Сонгуулийн ерөнхий хороо тоосонгүй. 

– АН эрх барьж байсан тул тухайн үед эдгээр зөрчлийг яагаад мэдэгдээгүй юм бэ. Сонгогчдын санал өгөх үед хэд хэдэн газар саналын хуудас дууслаа гэх мэдээлэл гарч байсан шүү дээ?

– Бид өөр өөрийн тойрогтоо завгүй байсан. Сонгуулийн ерөнхий хороо канондож болохгүй гэдгийг мэдсээр байж хууль зөрчсөн.

– Сонгуулийн ерөнхий хороо канондоогүй. Нэг тойргоос нөгөө тойрог руу шилжүүлэх байдлаар шийдсэн гэж мэдэгдсэн?

– Канондсон гэдгийг Ганбат гишүүн баталж байгаа юм.

– Энэ бүх зөрчлийг хууль хяналтын байгууллагынхан шалгасны дараа юу болох вэ?

– Зөрчил илэрсэн тойргуудад дахин сонгууль явуулна. Царцааны хувьд дахин сонгууль явуулахаас өөр аргагүй.

АН-ынхан дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. З.Энхболд даргын хэлсэнчлэн царцааны нүүдлээр сонгуульд оролцсон Баянхонгор, Увс аймгийн тойргуудад дахин сонгууль явагдаж магадгүй аж.

www.eagle.mn