Ардчилсан намын дарга З.Энхболд Бээжин хотноо болж буй “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцож байна. Түүнийг дагалдан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, АН-ын Нарийн бичгийн дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн С.Одонтуяа нар айлчилж байгаа юм. Ардчилсан намын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ. Мөн айлчлалын үеэр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж, БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах уулзалтад оролцоно. АН-ын дарга З.Энхболдын уг хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Азийн улс төрийн намуудын “Торгоны зам” сэдэвт бага хурлыг амжилттай зохион байгуулж буй Хятадын коммунист намд /ХКН/ болон хуралд оролцож байгаа Азийн улс төрийн намуудын зочид төлөөлөгчид Та бүхэнд Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. ХКН-аас Бээжин хотноо зохион байгуулж буй энэ удаагийн Азийн улс төрийн намуудын “Торгоны зам” тусгай сэдэвт бага хурал бүс нутгийн улсуудын улс төрийн намууд “Торгоны зам” санаачилгын талаар хамтдаа хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх, улмаар өөр өөрийн улсын хөгжил цэцэглэлттэй уялдуулах бодлого, хөтөлбөр боловсруулах боломжийг олгож байна. Өнөөдөр манай дэлхийн олон газар, бүс нутгуудад ээдрээтэй, хүндрэлтэй асуудлууд цөөнгүй байна. Энэ нь бүс нутаг, олон улсын түвшинд нийтлэг ашиг сонирхлын хүрээг тодорхойлж, нэгдмэл ойлголцолд хүрэх, хэлхээ холбоогоо сайжруулж улам нягт хамтран ажиллахыг шаардаж байна. БНХАУ-ын засгийн газар 2013 онд “Нэг бүс, нэг зам” санаачилга дэвшүүлсэн нь тус бүс, замын дагуух орнууд хөгжлийн бодлогоо уялдуулан хамтдаа хэлэлцэн, хамтдаа бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх хөгжлийн шинэ боломжийг олгож байна. Азийн улс төрийн намуудын бага хуралд оролцогч улс төрийн намууд бие биенийхээ сонгон авсан үзэл баримтлалыг харилцан хүндэтгэх үндсэн дээр “Торгоны зам” санаачилгыг өргөн хүрээнд хэлэлцэж, хөгжлийн нийтлэг ашиг сонирхлыг хангах чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

“Торгоны зам” дагуух бүс нутгийн Ази, Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг улсын хувьд Монгол Улс бүс нутаг, олон улсын хөгжил цэцэглэлтэд чиглэсэн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох байр суурь баримталдаг. Хятадын засгийн газрын дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг монголын тал анхааралтайгаар хүлээн авч, Хятадын талтай харилцан ашигтай хамтын ажиллагааны бүхий л чиглэл, механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын “Талын зам” санаачилгыг Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж, хил дамнасан чөлөөт бүс байгуулах, хил дамнасан төмөр зам, авто замын сүлжээг бий болгох, дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын экспортын бараа, түүний дотор мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх, тарифын бус хориг саадыг арилгах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байна. Монгол Улсын санаачилгаар Монгол, Хятад, Орос улсын гурван талт хамтын ажиллагааны эхлэл 2014 онд гурван улсын төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтаар тавигдсан. Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутийн хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц болно гэж найдаж байна. Монгол-Хятад-Орос гурван талын “Талын зам”, “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транс-Евроазийн коридор” зэрэг хөгжлийн стратегийг уялдуулахаар тууштай ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн гурван талт уулзалтаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичиг зэрэг гурван талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх баримт бичгүүдийг байгуулаад байна. “Торгоны замын эдийн засгийн бүс” нь олон улсын дэд бүтцийн коридоруудад түшиглэх, “Хятад-Монгол-Орос”-ын эдийн засгийн орон зайг хамтран байгуулах тухай ерөнхий үзэл санаатай нийцэж байгаа юм. “Нэг бүс, нэг зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэх чухал тулгуур болсон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан зэрэг санхүүгийн бүтэц, институциүд нь Монгол Улс болон бүс нутгийн улсуудын дэд бүтцийн тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Мөн “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг бий болгоход бүс нутгийн орнуудын оролцоог хангаад зогсохгүй дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын идэвхтэй оролцоог эрэлхийлэх нь бүс нутгийн хамтын ажиллагааг улам бүр төгөлдөржүүлэх чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж байна. Хатагтай, ноёд оо, Манай улсад улс төрийн олон намын тогтолцоо бүрдэж, байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхлээд 25 жил болж байна. Улс төрийн аль нам засгийн эрх барихаас үл хамааран бүс нутаг, олон улсын хөгжил цэцэглэлтэд чиглэсэн хамтын ажиллагаанд оролцох Монгол Улсын идэвхтэй байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Ардчилсан нам Азийн улс төрийн намуудтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг хэлэлцэн нэгдмэл ойлголцолд хүрэхээр ажиллаж байна. Өнөөдөр миний бие Монголын Ардчилсан намыг төлөөлөн Бүс нутаг, олон улсын нийтлэг ашиг сонирхлыг хангасан “Торгоны зам”-ыг бүтээн байгуулж, үр шимийг нь хамтдаа хүртэх хүсэлтэй байгаагаа энэхүү хүндтэй индрээс дахин илэрхийлж байна. 2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Ази, Европын 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцох энэ нэр хүндтэй дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд хийхийн төлөө монголын төр засаг ажиллаж байна. Энэ уулзалтын хүрээнд хоёр тивийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг бүтээлчээр хэлэлцэнэ гэдэгт би итгэл төгс байна.

Хатагтай, ноёд оо,

Азийн улс төрийн намуудын энэхүү бага хурал нь манай бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтран хөгжих илүү боломжийг бүрдүүлж байгаагаараа онцгой чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын эрх баригч Ардчилсан намын даргын хувьд Азийн улс төрийн намуудын “Торгоны зам” сэдэвт бага хуралд оролцож, үг хэлэх боломж олгосон ХКН-ын удирдлага, хурал зохион байгуулагч нарт гүн талархал илэрхийлж, Азийн улс төрийн намуудын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Санал хүсэлт илгээх