Компьютер таймс 2007 оны 12 сар

Монгол улсыг хөгжүүлэх тэргүүлэх чухал салбаруудын тоонд Мэдээллийн технологийн салбар багтсан. Улсын эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, дэлхийн тавцанд тэгш өрсөлдөх гээд бүх боломжийг мэдээллийн технологи олгож өгч байгаа. Энэ асуудлаар хамгийн их ярьж, “…газрын баялаг бол хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй…” гэж хэлдэг хүн бол УИХ-ын гишүүн З.Энхболд юм. Мэдээллийн технологийн өнөөгийн байдал, цаашдаа юу хийх хэрэгтэй гэх мэтчилэн олон сонирхолтой сэдвийг хөндөн ярилцлаа.

-Мэдээллийн технологийн гол гол үйл явдлууд болоход та байнга оролцдог. Та мэдээллийн технологийг хэзээнээс мэдэрч, сонирхох болсон бэ?

-1984-1989 онд Уралын Политехникийн дээд сургуулийн Радио техникийн факультетад оюутан байсан. Тэнд Автоматик, телемеханикийн инженер гэдэг мэргэжлээр сурсан л даа. Тэр үед мэдээллийн технологи гэдэг нэргүй, тийм нэр томьёо ч байхгүй байсан л даа. Гэхдээ тэр бол бүх юмны үндэс байсан юм. Техник хангамж, кодчлол гээд өнөөдрийн бүх л юмны үндэс суурь болсон хичээлүүд орж байсан. 8086 процессор хүртэл байгаагүй л дээ. Намайг оюутан байх тэр үед, Коком гэж чи сонссон уу үгүй юу, хөгжингүй орнуудын технологийг социалист орнууд руу оруулахыг хориглосон Америкийн хууль байсан юм. Кокомын хориг тэнд байсан учраас социалист орнууд персональ компьютерийн технологи, микро процессор, сүүлийн үеийн процессорыг авч чаддаггүй, өөрсдийнхөө нь зохиосон процессоруудыг ашигладаг байлаа. Ингээд намайг төгсөх үеэр, 1989, 1990 он болоод цаг үе жаахан “дулаарч” эхлэхэд Кокомын хориг алга болсноор мэдээллийн технологи гэдэг юм байдаг тухай мэдэх болсон л доо. Тэгэхээр бүүр дээр үеэс л мэдэх болсон байна. Электроник-60 гэж компьютер л тэр үед хамгийн сайн нь байлаа. Оросын компьютер л доо.

-Тэгвэл та монголдоо анх хэзээ компьютер хэрэглэж эхэлсэн бэ?

-Төгсөж ирээд Шугам сүлжээнд ажилд ороод, тэрний дараа Монелд ажилд ороход XT, 20 мегабайтын хард дисктэй, 8086 процессортой компьютерууд дээр л ажиллаж үзсэн дээ. Одоо нэг флаш чинь 8 гигабайт байна, мега биш. Тэр үед тэр 20 мегабайтын хард диск бол Орост байгаагүй л дээ, Кокомын хязгаарлалт Орост хүчинтэй байсан. Би 1989 оны 6 сард төгсөж ирээд 9, 10 сар гэхэд Монголд Кокомын хориг алга болсон. Тэгээд Сингапураас орж ирсэн 8086 процессор дээр ажилладаг байлаа.

-Компьютер дээр анх ажиллахдаа тэгээд юу хийж байв?

-Манайх чинь Зохион бүтээх товчоо л доо. Одоо энэ хэвлэмэл плат байна шүү дээ, транзисторууд, микросхем суудаг, зэс ялтастай. Тэр платын зургийг нь зурдаг. Тэр үед Dos үйлдлийн систем дөнгөж ирсэн байсан, Windows бол ирээгүй ээ, нилээн хэдэн жилийн дараа ирсэн.

-“Монголын хөгжлийн гарц бол аутсорсинг” гэж та хэлж байсан. Таны бодлоор хөгжлийн гарц яг болж чадах уу?

-Чадна. Яагаад гэхээр Монгол улсын дэлхийгээс тусгаарлагдсан байдал, Монголд юу ч үйлдвэрлэлээ гэхэд үнэтэй болчихдог энэ газар зүйн байрлал биднийг хүссэн хүсээгүй аутсорсинг руу түлхэж байгаа. Монголд үйлдвэрлэсэн юм тээврийн зардалгүйгээр, эсвэл маш хямдхан тээврийн зардалтайгаар дэлхийн зах зээл дээр гарах нь чухал байгаа. Тэгж гарах үйлдвэрлэл бол аутсорсинг байна л даа. Програм хангамжийн аутсорсинг бол аутсорсингийн зөвхөн нэг л хэлбэр. Өөр бизнес үйл ажиллагааны аутсорсинг, дуудлагын төв гэх зэрэг олон төрөл байдаг. Миний www.enkhbold.mn вэб сайтанд аутсорсингийн тухай лекц байгаа. Тэндээс татаж аваад үзэж болно. Сүүлийн үед аутсорсинг мэдээллийн технологийн гэхээсээ илүү бусад салбарт бас их дэлгэрч байна л даа. Зайнаас хийж болдог бүх ажил эрчимтэй өсөж байна. Хэдэн зуун тэрбум долларын ажил интернэт дээр байж л байна. Тэрийг авч хийх чадвартай болох л чухал болохоос биш Монголын хөгжил бол уул уурхай биш ээ. Уул уурхай нэг л өдөр дуусна. 50 жилийн дараа дуусдаггүй юмаа гэхэд 100 жилийн дараа дуусна. Тэр үед Монгол улс уул уурхайгаас өөр аргаар амьдрах чадвартай болчихсон л байх ёстой. Монголоосоо гаралгүйгээр сайн цалинтай ажил хийх цорын ганц арга бол энэ аутсорсинг юм.

-Тэгвэл тэр олон янзын аутсорсингоос хамгийн түрүүнд хийж, хөгжүүлэх боломжтой нь мэдээллийн технологийн аутсорсинг болж байна уу?

-Хамгийн түрүүнд хийх боломжтой аутсорсинг бол мэдээллийн технологийн буюу програм хангамж хөгжүүлэх аутсорсинг юм. Компаниуд хийгээд эхэлчихсэн, 10-аад компаниуд байна, цаашид улам өсөх байх. Энэ жилийн төсвөөр гэхэд 2 тэрбум төгрөг батлах гэж байна. Мэргэжилтэй аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад аутсорсингийг хөгжүүлэх гэдэг хоёр чиглэлээр МХХТГ энэ ажлыг хэрэгжүүлнэ. 2008 ондоо бид хэдэн мянган мэргэжилтнүүдтэй болж үлдэх л чухал байгаа юм.

-Мэргэжилтнүүдээ яаж бэлтгэх юм?

-Мэргэжилтнүүдийг яаж бэлтгэх вэ, ямар зардал гарах гээд бүгдийг бэлтгэчихсэн байгаа, МХХТГ-аас надад өгсөн. Одоо төсөв дээр энэ 2 тэрбум төгрөг тавигдах л юм бол ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажил эхэлнэ. /Ред: Энэ ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа ирэх онд аутсорсингийг хөгжүүлэхэд зориулан төсөвлөөд байсан 2 тэрбум төгрөг УИХ-аар батлагдсан билээ/. Анх удаа аутсорсингийг ажлын байр үүсгэж болох чиглэл гэж үзээд УИХ-ын гишүүд энэ саналыг дэмжиж эхэлж байна л даа.

-Мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэхийн тулд юунаас эхэлбэл дээр вэ? Зарим нь гадаадад сургах гэж ярьдаг, зарим нь дотоодынхоо сургалтыг сайжруулах гэдэг?

-Аль аль замаар нь зэрэг явах хэрэгтэй. Манайд дутагдаж байгаа технологи, багшлах хүчин гээд бүгдийг оруулж ирэх хэрэгтэй. Цаашдаа амжилт олохоор, байгалиасаа авьяастай улсуудаа гадаадын өндөр үнэтэй том сургуулиуд руу явуулж бэлтгэх хэрэгтэй л дээ. Ер нь бол хүмүүсийнхээ багцааг хараад, энэ нь олон тоогоор нь үйлдвэрлэж болохоор ажил хийх юм байна, энэ хэсэг нь өндөр мэргэжлийн хүмүүс болох юм байна гэж харж хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хүнээ хөгжүүлж байж л хэн нь цаашаа явах нь уу, хэн нь байрандаа үлдэх нь үү гэдэг нь харагдана. Аутсорсингийн хамгийн гол хүчин зүйл бол боловсон хүчний асуудал байгаа. Боловсон хүчнээ зөв хурдан, бага зардалтайгаар л бэлтгэх хэрэгтэй.

-Манай сэтгүүл гадаадад мэдээллийн технологиор сурч ажилладаг залуустай чат ярилцлага хийдэг. “Монголд та нар хэзээ ирэх вэ” гэж асуухад тэд ойрын хэдэн жилдээ ирэхгүй ээ гэж хэлдэг?

-Тэгэхээр гадаадад мэдээллийн технологиор ажиллаж байгаа бүх залуучууд монголд ирж болж байгаа юм. Хамгийн давуу тал нь бол энэ. Тэрнээс биш эмчээр ажиллаж байгаа хүмүүс бол энд ирэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл аутсорсинг хийж болдоггүй хүмүүсийг Монголд ирээд ажилла, амьдар гэхэд хэцүү л дээ. Мэдээллийн технологийнхон бол гадаадад хийж байгаа ажлаа энд ирээд хийж болж байгаа юм. Гадаадаас ажил нь өөрөө хүрээд ирнэ, тэр ажлаа эндээ хийгээд буцаагаад л явуулчихна. Яахав, гадаадад байхдаа авч байсан цалингаас багыг л авах байх. Гэхдээ Монголд амьдралын зардал хямд учраас илүү ашигтай л гэсэн үг. Одоо бид нар аль улсын зах зээл рүү гарч болж байна гэхэд Япон л хамгийн ойр байна даа. Хэл, заншил хамаг юм нь арай ойр юм. Миний бодлоор, манай мэдээллийн технологиор төгссөн хүүхдүүд ажлын туршлага суухын тулд Японд очиж ажил хийх ёстой гэж бодож байна. Солонгост 40-50 мянган хүнийг хар ажил хийлгэх гээд явуулж байна. Түүн шиг 40-50 мянган мэдээллийн технологийн ажилтан Япон руу явуулаад, тэнд гурван жил дадлагажигч болж ажил хийгээд, компанидаа ажлыг нь хийж чаддагаа харуулчих хэрэгтэй. Гэрээний хугацаа дуусаад Монголдоо ирмэгцээ яг тэнд хийж байсан ажлаа л энд хий. Японы компаниудад ч гэсэн ингэх сонирхол бий. Яагаад гэвэл арай бага цалин өгнө. Тэндхийн арай бага цалин чинь манай хамгийн өндөр цалингаас л их байгаа шүү. Тийм учраас аль алиндаа л хэрэгтэй юм. Ингэж ажиллахын тулд Япон, Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулъя. Та нар манайхаас мэдээллийн технологийн ажилтан ав, ер нь авч байгаа юм байна. Одоо бол 300-400 хүн ажиллаж байгаа. 300-400 хүн бага байна, энийгээ 30-40 мянга болгоё. Бид нар танайд 3 жил ажиллах дадлагажигчаа бэлдэж өгье, та нар ажилд сургаад өг. Дараа нь 30-40 мянган хүнээ буцаагаад Монгол руу хийж байсан ажилтай нь цуг явуулчих. Нэгэнт интернэт байгаа учраас тэр хүн Японд байна уу, Монголд байна уу, ямар ч хамаагүй. Ийм маягаар бэлдэх юм бол арваад жилийн дараа 100-аад мянган аутсорсингийн ажил хийх чадварлаг хүнтэй болно гэж би үзэж байна. Хямдхан аргаар шүү. Тэрнээс биш 100 мянган хүнээ Америк юмуу, Энэтхэгт сургана гэж бүтэхгүй, зардлыг нь дийлэхгүй. Тэгэхээр ажил хийнгээ сурах энэ боломжийг л харж байна.

-Мэргэжилтэн бэлтгэх бодлогод таны энэ боломж тусгагдсан уу?

-Ер нь бол 2-хон тэрбум төгрөг л тусгагдлаа. Энэ 2 тэрбум төгрөгийг манай Засгийн газар үр дүнтэй ашиглаад, 2000 залууг ажилтай болгож чадаж байгаа бол дараа жил бүр их боломж гарах юм.

-Аутсорсинг яриад эхлэхэд интернэтийн үнэ, хурд хоёр гарцаагүй яригдана. Интернэтийн өнөөгийн хурд, боломж нь хэзээ сайжрах вэ?

-12 сарын 15 гэхэд DWDM систем ашиглалтад орно. Хурд одоогийнхоос 4 дахин нэмэгдэж, үнэ нь 4 дахин буурна. Хурд нэмэгдэхийн хэрээр үнэ буурна гэсэн үг. Одоо өргөтгөл хийгдэж байгаа. /Ред: энэ ярилцлагыг 11-р сарын 27-нд авав./

-Латин үсэгт шилжих тухай яригдсаар байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? Энэ бол мэдээллийн технологит хамаатай л асуудал?

-Кирилл үсэг бол манай үсэг биш. Монголын үсэг биш. Тийм учраас латин үсэгт шилжих нь зүйтэй л гэж би бодож байгаа. Хэл соёлоо хадгалж байж үндэстэн оршин тогтноно ч гэх юмуу, эсвэл хэл соёлоо үгүй хийснээр үндэстэн мөхнө гэх зэргээр олон хүн ярьдаг. Гэхдээ Кирилл үсэг бол манай хэл соёл биш.

-Өндөр технологийн талаар та юу гэж боддог вэ? Технологи хэт өндөр хөгжсөнөөс болж ахуй амьдралд томоохон өөрчлөлт гарч, сөрөг үр дагавар нь ихсэж байна гэж олон хүмүүс үзэж байна?

-Өндөр технологийн буруу биш юм. Хөгжлөө зөв авч явах нь л чухал. Хөгжил бол үнэхээр хэрэгтэй. Америкийн жишээг авъя. Дэлхийн нийт хүн амын 5 хувь нь тэнд амьдарч байгаа. Гэтэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг ганцаараа үйлдвэрлэж байна. Монголчууд тийм болчихвол бүгдийнх нь амьдрал сайжирна. Өнөөдөр бид Америкийн нэг хүний хийх ажлыг 10-уулаа хийгээд явж байна. Тийм учраас технологийг зөв ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл хөгжлийнхөө хоцрогдлыг арилгах гол хөшүүргийг технологи гэж үзэх ёстой.

-Манай монголчууд мэдээллийн технологид амжилт олох боломжтой юу? Монголчуудын бусдаас ялгарах давуу талууд нь юу вэ?

-Дэлхийн математикийн олимпиадын сүүлийн 10 жилийн статистик байна л даа. Дэлхий дээр 200 улс байдаг гэвэл бид нар 33-т орж байгаа. Азид 9-р байрт байна, гэтэл Азид 9-с илүү улс байгаа. Ингээд бодоход толгой гайгүй байгаа юм. Бид нар жишээ нь бага үндэстэн гээд 200-д орж болно, гэтэл 33-т байгаа учраас амжилт олох боломж эндээс харагдаж байгаа. Ганцхан зөв л хөгжүүлэх ёстой. Дээр нь хэл сурах авьяас чадвартай гэж ярьдаг. Техник технологийн сэтгэлгээ өндөртэй гэдэг. Хүнээ зөв хөгжүүлж чадах юм бол амжилтанд хурдан хүрэх боломж байна. Харин хүнээ зөв хөгжүүлэхийн тулд одоо, энэ уул уурхайгаас олж байгаа, алт зэсийн гэнэтийн ашгийн татвараас олж байгаа мөнгөө л чиглүүлэх хэрэгтэй.

-Мэдээллийн технологийн сөрөг талууд гэвэл та юуг нэрлэх вэ?

-Жилдээ хэдэн сая хүн автомашины ослоос болж нас барж байна. Монголд гэхэд хэдэн зуун хүн үхэж байна. Тэглээ гээд автомашиныг хориглодоггүйтэй адил мэдээллийн технологи, интернэтийг сөрөг талаас нь болж хориглож болохгүй. Сөрөг тал гэж байгаа л даа, интернэтээр янз бүрийн юм дамжих гэх мэтээр хүүхдүүдэд сөрөг зүйл зөндөө байна л даа. Гэхдээ үүнээс болоод интернэтийг хориглож болохгүй. Үүнийг шийддэг аргууд, хамгаалалтууд байна. Ганцхан зөв хэрэглэх соёлд сургах хэрэгтэй. Баахан том кино, видео татаад л интернэтийн хурд сааруулах хэрэггүй гэх мэтчилэн интернэт хэрэглэх соёл гэж байна. Үүнийг бас сурталчилж, бүгдээрээ анхаарч чадвал мэдээллийн технологийн сөрөг тал гээд байгаа зүйлсийг багасгана л даа.

-Хэрвээ 2 тэрбум төгрөг батлагдвал мэргэжилтэн бэлтгэхээс гадна гадаад аутсорсинг хөгжүүлэх чиглэлд зарцуулна гэж байсан. Энэ талаар?

-Гадаадын аутсорсингийг хөгжүүлнэ гэж байгаа. Гадаадын улсуудаас монголын компаниудад ажил олж авчирч өгөх, тэр замыг нээхэд ямар арга зам байна. Үүнийг л хэрэгжүүлье гэж байгаа юм л даа. Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн Газар болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк энэ бүгдийг хийнэ.

-Технологи өндөр хөгжсөн орнуудад хүмүүс нь кибер амьдралаар илүү амьдрах болж байна. Хүнтэй уулзах, ярилцах, худалдаа хийх, хоол хүнсээ цуглуулах гээд бүгдийг гэрээсээ ч гаралгүй интернэтээр болон телефон утсаар амжуулж байна. Таны амьдралд мэдээллийн технологи ач тусаа хэр зэрэг өгч байна?

-Өгөлгүй яахав. Мэдээллийн технологи Монгол улсад туйлын хэрэгтэй. Яагаад гэвэл манайх дэлхий дээрх хамгийн сийрэг улс. Монголоос том газар нутагтай мөртлөө монголоос цөөн хүн амтай орон дэлхийд байхгүй. Геннисийн номд хүртэл орж байгаа. Тэгэхээр орон зай, цаг хугацааг товчилдог энэ мэдээллийн технологийн ачаар маш их ажил амжуулж болно, амжуулж ч байна. Жишээ нь би өнөөдөр УИХ дээр үг хэллээ. Орой нь гэртээ очоод тав таван минутын файл болгоод, сервер дээр тавьчихна. Арвайхээрт байгаа аймгийн телевиз түүнийг татаж аваад шууд телевизээр нэвтрүүлчхэж байна. Ийм шуурхай ажлыг интернэт байхгүй бол хийж чадахгүй шүү дээ. АНУ-д манай том хүү сурдаг. Том хүү маань өрөөндөө компьютертай, компьютер дээрээ камертай. Scap гэдэг програмаар бие биенийгээ хараад гэр бүлээрээ уулзчихаж байна. Дэлхийн хаана байгаа нь ерөөсөө сонин биш, ердөө хажуу өрөөнд нь байгаа юм шиг бие биеэ хараад л “чи яаж байна, наад ор дэрээ яагаад хураагаагүй байна” гэдэг ч юмуу, ойр зуурын юмаа яриад санаа тавьчхаж чадаж байна. Ийм боломжийг мэдээллийн технологи л өгч байна. Үндсэндээ энэ дэлхий дээр байгаа 6 тэрбум хүний өрсөлдөх шансыг адилхан болгочихлоо. Чи Монголд амьдарна уу, Хятадад байна уу, Орост байна уу, ерөөсөө ч хамаа алга. Ганцхан чи хэл устай, авьяас чадвартай, энэ төрлийн ажил хийх чадалтай байхад л дэлхийн түвшинд өрсөлдөх боломжийг интернэт л өгч байна. Ийм л эрин үе ирчихлээ.

-Мэдээллийн технологийн багц хуулийг бизнесийнхэн төрөөс нэхдэг. Энэ юу болж байгаа бол?

-Одоогийн байдлаар гар дээр ирээгүй байна. Өргөн баригдаагүй байгаа гэсэн үг.

-Манай уншигчид бол мэдээллийн технологийн чиглэлийг ерөнхийдөө мэддэг, сонирхдог, ашиг тусыг нь хүртэж байгаа хүмүүс байдаг. Гэхдээ ер нь нийт хүмүүст хандаад та юу гэж хэлмээр байна? Залууст хандаад бас юу хэлэх вэ?

-Бид нарыг оюутан байхад ийм боломж байгаагүй. Өнөөдөр мэдээллийн технологийн боломжуудыг ашиглаж өөрийгөө хөгжүүлж, ажил төрөлтэй болох, сайн цалинтай болох, ядаж хэл сурахад маш их тус дөхөм болно. Одоо iTunes, iPod байна. iTunes дотор англи хэлний үнэгүй хичээл, зааврууд дүүрэн байгаа. Тэрийг аваад iPod-доо хийгээд сонсоод, үнэгүй англи хэл сурах боломж байна. Бас iTunes дотор University гэж шинээр нээгдсэн байсан. Тэрэнд их дээд сургуулиудын зарим хичээлийн програм тэр чигээрээ үнэгүй байна. Массачусетс-ийн Технологийн Институт гээд дэлхийн хамгийн сайн технологийн сургууль байна. Үүний бүхэл бүтэн хөтөлбөр тэр чигээрээ байж байна. Ямар ямар хичээл сонгож үзэх нь чөлөөтэй, багшийнх нь анги дотроо хичээл зааж байгаа нь видеогоороо байна. Хэлсэн үг нь, хичээлийнх нь програм, сурах бичиг нь, шалгалт өгдөг заавар боломж нь хүртэл байна. MIT /Massachusets Institute of Technology/ юу гэж байгаа гэхээр “Мэдлэг бол үнэтэй байх ёсгүй. Мэдлэг бол бүх хүнд хүртээлтэй байх ёстой” гэдэг уриа гаргаад профессоруудынхаа хичээлийг онлайнд байрлуулчихсан. “Та нар эндээс сураад ав, MIT ингэж ажилладаг. Бид ганцхан л юм өгч чадахгүй. MIT-г төгссөн гэсэн диплом л өгч чадахгүй, бусдыг нь чөлөөтэй хэрэглэ” гээд тавьчихсан байна. Үүнтэй адил 20-30 сургууль харагдсан, АНУ-ын элит сургуулиуд бүгдээрээ байсан.

Тэгэхээр маш өргөн боломж байна. Зөвхөн өөрийнхөө сургуулийн, өөрийнхөө багшийн мэдлэгээр битгий хязгаарла. Интернэт өөрт чинь хэзээ ч байгаагүй агуу боломж өгч байна. Бид нарыг оюутан байхад ийм боломж байгаагүй. Зөвхөн багшийн заасан юманд л баригддаг байсан бол одоо дэлхийн түвшинд сэтгэх, мэдээлэл олж авах боломж байна. www.apple.com руу ороод iTunes-г суулгаж аваад, iTunes U гэдэг юм руу л ороод үзээдэх. Тэгэх юм бол маш их юм харагдана.

-Хятад улсын Далъяан хот, Энэтхэгийн Банглор хотод аутсорсингийн төв байдаг. Манайд ийм төв хэзээ байгуулагдах бол?

-Бид нар төв байгуулна гээд байшин барилга барихаасаа илүү, миний түрүүчийн хэлдэг шиг хүмүүсээ 40-50 мянгаар нь ажил хийх чадвартай болгож төлөвшүүлэх ёстой. Тэгэхийн тулд Японд дадлага хийлгэнэ гээд байгаа юм. Харин 40-50 мянган чадварлаг хүмүүстэй болчихсон хойно, төвийн тухай ярьж болно. Тэр чинь өөрөө үйлдвэрлэлийн салбар болоод хувирчихна л даа. Аутсорсинг бол үйлчилгээний бизнес, том салбар. Бид нар уул уурхай, мал аж ахуй гэж ярьдгийн адил аутсорсинг гэдэг үйлдвэрлэлийн тухай ярьж эхэлнэ. 100 мянган хүнийг ажиллуулдаг, жилдээ хэдэн тэрбум долларын орлого олдог тийм үйлдвэрлэлийн тухай л ярина. Тийм тохиолдолд байшин барих, хот хотхон барих асуудалгүй л дээ.

-Энэ 2007 онд мэдээллийн технологийн салбар хэр амжилттай ажилласан гэж та үзэж байна? Таныхаар ямар ямар дэвшил ахиц гарсан бэ?

-За, ямар ч байсан интернэтийн хүртээмж DSL тансаг хэрэглээ байснаа больж, ердийн хэрэглээ боллоо. Хурд бол удааширалтай байгаа нь үнэн, гэхдээ хурд манайхаас хамааралгүй, харилцаа холболт дээр удаад байгаа юм билээ. Монголчууд дотроо асуудлаа шийдчихсэн гэсэн үг. Удахгүй 2-3 долоо хоногийн дараа интернэтийн хурд хүссэн хэмжээгээр нэмэгдэнэ. Аутсорсингийн ажил хийдэг компаниудын ажлын тоо өссөн. Хүний ч тоо нэмэгдэж байна. USI мэргэжлийн сургууль анх удаа байгууллаа. Хуучнаар бол компьютерийн ТМС гэсэн үг л дээ. Аутсорсингийн ердийн гүйцэтгэх ажилтан бэлтгэх юм. Саяхан Интерактив компани ERP системийнхээ нээлтийг хийлээ. Энэ бол монголын програм хангамжийн томоохон бүтээл. Одоо бас шилдэг програм хангамж шалгаруулах гэж байна.

Ер нь бол хаа сайгүй мэдээллийн технологийн давуу талуудыг нийгэм өөрөө ойлгож эхэлж байна. Нөгөө “өрх бүрт компьютер” хөтөлбөр нилээн явлаа. 100 долларын компьютер худалдаж авсан эхний гурван улсын нэг боллоо. Төсвөөс 10.000 компьютер худалдаж авна, бэлгэнд нь 10.000 ирж байгаа, Дэлхийн Зөн бас 10.000-ийг өгнө гэсэн. Ингээд 30.000 компьютер ирэх оны эхэн үе гэхэд 1-5-р ангийнхны гар дээр очих нь. Энэ бол дунд сургуулиудыг компьютержуулах том ажлын эхлэл. Наймдугаар сард төсвийг тодотголоор 7 тэрбум 500 сая төгрөг баталсан. Мэдээллийн технологийн англи хэл сурах сонирхолтой хүүхдүүдэд гүнзгийрүүлсэн сургалт явуулах зорилгоор баталсан юм. Одоо техник хангамжуудаа худалдаж авч байгаа.

-Нээрээ энэ сургалт ямар ямар сургуулиудад хэзээнээс явагдах вэ?

-Сургалт дараагийн улирлаас явагдаж эхэлнэ. Нийтдээ 200 гаруй дунд сургуулийг хамарна. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн сургуулиудыг хамрах юм. Мөн гурван том сум орсон байгаа. Энэ нь 10 мянгаас дээш хүнтэй Хархорин, Зүүнхараа, Тосонцэнгэл гурав юм. Сая 3 тэрбум 700 сая төгрөгөөр саяны төсвийн төсөл дээр УИХ-ын гишүүн Цанжид санал гаргаад Монголын бүх сургуулийг 24 цагийн интернэтэд холбох, нэг сургууль дээр ядаж 8 компьютерийн лаборатори байгуулах мөнгө баталлаа. Тэгээд дараа жилийн 9 сарын 1 гэхэд Монгол улсын бүх сургуулиуд 24 цагийн интернэтэд холбогдоно. Наана нь зургадугаар сар гэхэд шилэн кабельгүй зарим суманд шилэн кабель тавьчихна. Тэр бүгдийн бүх урсгал зардал, техник тоног төхөөрөмжийг 3,7 тэрбум төгрөгт багтаасан байгаа. Ингээд бодоход хөдөө, хотын сургуулиудын ялгаа арилж байна. Нэгдсэн програмаар, Улаанбаатарт сайн багш байлаа гэхэд тэр багшийн хичээл зайн сургалтаар Монгол улс даяар тархах суваг нь бүрдэж байна гэсэн үг. Нэгэнт суваг нь бүрдэж байгаа болохоор сайн ажиллуулах нь л чухал. Хүүхэд хаана амьдарч байгаагаасаа үл хамаараад адилхан мэдлэг олж авдаг болно. Дараа нь хэлний хичээлийнхээ агуулгыг өөрчлөх, мэдээллийн технологийн хичээлийн агуулгыг бас өөрчлөх байх. Энэ бүгдийн бааз суурь нь тавигдаж байна.

-Хөдөө орон нутагт интернэт тавилаа гэхэд хотын захын хороолол руу интернэт байхгүй. Интернэтэд хэзээ холбох вэ?

-Хотын гэр хороололд МЦХ компанийн энгийн утасгүй айлууд байвал утасгүй интернэт л шийдэл нь болох байх даа. Утасгүй интернэтийн шийдэл дөнгөж л гарч ирж байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологи болох Wimax байна. Гэхдээ Wimax-ийн хэрэглэгчийн төхөөрөмж нь үнэтэй байгаа. Саяхан Samsung халаасны компьютер дотор Wimax-ийг багтаасан байна. Нэгэнт энд багтаж байгаа юм чинь ноутбүүкэнд зориулсан, дэсктоп-д зориулсан Wimax-ийн төхөөрөмжийг олноор нь үйлдвэрлээд ирэхээр үнэ нь хямдарна л даа. Тийм тохиолдолд Улаанбаатар хотод ердөө 6-хан газар Wimax-ийн антен тавихад л Улаанбаатар хот бүрэн интернэттэй болно. Хамгийн гол бэрхшээл нь хэрэглэгчийн төхөөрөмж юм. Энэ бол зөвхөн Монголын бэрхшээл биш, дэлхий нийтийн бэрхшээл байгаа. Wi-fi ч гэсэн анх хэцүү л байсан. Intel л түрүүлж орж эхний алдагдлыг хүлээж байж, одоо ердийн хэрэглээ боллоо.

-Манайд байгаа утасгүй интернэтийг жирийн айлууд тавиулахад, сарын төлбөр нь бас л үнэтэйдээ орно. Скайтелийн оруулж ирсэн Skynet уул нь сарын хураамж нь 20 доллар гэхэд айлуудад бас боломжийн юм. Гэхдээ тоо нь хязгаартай орж ирээд бараг дуусчихлаа л даа. Иймэрхүү жижиг төхөөрөмжүүдээр айлуудыг хямдхан интернэтээр холбож болохгүй юм болов уу?

Wimax буюу утасгүй интернэтийн үнийг хямдруулъя гэвэл зах зээлд бас нэгэн өрсөлдөгч оруулж ирэх хэрэгтэй л дээ. Би бол Wimax-д их найдаж байгаа. Энэ бол улсын ажил биш, хувийн компаниудын хийх ажил. Гэхдээ энэ ажил хувийн компаниудаасаа хамаарахгүй байгаа. Яагаад гэвэл Wimax-ийн хэрэглэгчийн төхөөрөмж нь олигтой хямдарч өгөхгүй байгаа юм. Сайн хямдраад, DSL модем шиг 20 доллар руу орчихвол чөлөөтэй л юм билээ.

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье.

-За баярлалаа.