Өргөн уудам Ази тивийн олон орноос 600 гаруй залуус, төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирсэн байна. Ийм өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл болон Монголын Залуучуудын холбоонд баяр хүргэж Ассамблейн ажиллагаанд амжилт хүсье. Өнөөдөр нээлтээ хийж буй Нэг Ази 2015: “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн үр дүн, ач холбогдлыг би хувьдаа өндрөөр үнэлж байгаа.
Уг арга хэмжээг та бүхэнтэй хамтран зохион байгуулж буй Монголын Залуучуудын Холбоо олон жилийн түүхтэй бөгөөд 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилалын үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн байгууллага юм.
Тус холбоо өнгөрсөн хугацаанд цагийн шалгуурыг даван туулж, өнөөдөр үйл ажиллагаа нь дэлхийн залуучуудын байгууллагуудтай эн зэрэгцэж ирсэн байна.
Энэ удаагийн Ассамблейн үр дүнг нарийн хэмжихэд бэрх. Ямарч тохиолдолд тивийн бусад орнуудаа уриалан оролцуулж, ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа нь дэлхийн бусад улсад ч үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод Азийн залуучууд өөрсдийн санаачилгаар нэгдэн нийлж, санал бодлоо ардчилсан зарчмаар хэлэлцэн, түүнийгээ үр дүнд хүргэх чин эрмэлзэлтэй байгаа нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол улс залуучуудын орон болохоор Монгол Улсын төр, засгаас залуучуудынхаа үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажилладаг.
Энэ удаагийн та бүхний чуулган залуучуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг харуулсан амжилт бүтээл, шинэ санаачлагуудыг дагуулсан хурал болно гэдэг эргэлзэхгүй байна.
Шинэ бүтэц зохион байгуулалттайгаар бүс нутаг, Ази, цаашлаад дэлхийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд дээр гарц шийдлүүдийг олж манлайлан ажиллахыг Та бүхнээс хүсч байна.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.