Эрхэм оюутнууд, судлаач багш нар, энд хуран цугласан хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Улс үндэстний хөгжин цэцэглэж хүчирхэгжин мандахын үндэс нь шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээн хөгжүүлэх чадвартай байх явдалтай шууд холбоотой юм. Дэлхийн улс орнууд өөр хоорондоо мэдлэгээр буюу шинжлэх ухааны хөгжлийнхөө түвшнээр өрсөлдөн хөгжиж байдаг. Монгол Улсын хувьд ч хөгжин дэвжихийн тулд газрын баялаг, түүхий эд төдийхөнд дулдуйдсан биш, мэдлэг, технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх нь дэлхийн бусад улстай хийж буй өрсөлдөөнд амжилт олохын үндэс болно.

Эврика оюутны эрдэм шинжилгээний  хурлын эрхэм зорилго бол дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий ирээдүйн эрдэмтдийг бэлдэхэд  хувь нэмэр оруулах явдал. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ, Герман, Япон гэх зэрэг улсууд шинжлэх ухааны хөгжлөөрөө хол түрүүлж байдаг нь санамсаргүй хэрэг огт биш юм.

Шинжлэх ухааны мэдлэгийг улс гүрнүүд өмчилдөггүй.  Ньютоны хуулийг Английнх гэдэггүй, Менделеевийн үелэх системийг зөвхөн Оросын сургуулиудад заадаггүй. Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэг дэлхийн шинжлэх ухааны өв санд бүртгэгдэн баталгаажиж байдаг. Тиймээс аливаа судалгааны ажлын үр дүн нь шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй байгууллагын сэтгүүлд хэвлэгдэн  гарснаар сая хүлээн зөвшөөрөгддөг.

Манай залуу судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ зөвхөн дотооддоо яриад байх биш, дэлхийн шинжлэх ухааны тогтсон дэг жаягийн дагууд ажиллах талаар онцгой анхаарах хэрэгтэй. Их дээд сургуулийн магистрант, докторантын диссертаци төдийгүй, баклаврын төгсөх оюутны дипломын ажил ч гэсэн тухайн шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэхийг зорилгоо болгосон, урд өмнө хэн ч шийдэж чадаагүй жижиг боловч асуудлыг сонгон авч судалдаг байх ёстой. Тухайн шинжлэх ухааны салбарын хувьд олон улсад нэр хүндтэй peer-review-тэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхийн төлөө тууштай ажиллах шаардлагатай.

Монгол эрдэмтдийн бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд гарах тусам Монгол улсын шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулиудын дэлхийд эзлэх чансаа тогтмол дээшилнэ. Ингэснээр Монголын их дээд сургууль, судалгааны байгууллагууд нь Зүүн Хойд Азийн, цаашилбал бүх Азийн тэргүүлэх судалгааны төвүүд болон хөгжих үүд хаалга нээгдэнэ. Энэ нь манай улс шилдэг, сайн авъяастнуудаа гадаадын их дээд сургууль руу байнга алдаж байдаг биш, харин ч эсрэгээр эх орондоо гадаадын чадалтай эрдэмтэн, судлаач, оюутнуудыг татан авчрах боломжийг бүрдүүлнэ.

Их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууд аж үйлдвэрийн салбаруудтай нягт хамтран ажиллаж, улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож жинтэй хувь нэмэр оруулж явахыг бас нэг үндсэн чиглэлээ болгох нь зүйтэй.
Бодит амьдрал дундаас хамгийн сайн судалгааны сэдвүүд гарч ирдэг. Эрдэмтэн, судлаачид маань аж үйлдвэрийн салбаруудад тулгамдаж буй асуудлууд дундаас судалгааны ажлын сэдвээ олж, шинэ шийдэл, шинэ технологи бүтээхийн төлөө ажиллах нь чухал. Их дээд сургууль, аж үйлдвэрийн салбарын ийм хэлбэрийн хамтын ажиллагаа нь манай улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай арга зам мөн.

Одоогоос 40-өөд жилийн тэртээ яруу найрагч Бэгзийн Явуухулан монгол шүлэг, монгол яруу найргаа хүлэг морьтой зүйрлэн “Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Эврикад оролцогч та бүхэн ч дэлхийн жишиг, шалгуураар дэлхийн дэвжээн дээр өрсөлдөж ялалт байгуулахыг хүсэн ерөөе.
Энэ жилийн “Эврика” эрдэм шинжилгээний ИХ хурал амжилттай явагдаж  шилдгүүдээ тодруулж шагналаа гардууллаа. Монголын олон нэр хүндтэй компаниуд ивээн тэтгэж оролцож байна. Та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа “ЭВРИКА” эрдэм шинжилгээний ИХ хурлыг дэмжсэн оюунлаг хүн бүрт талархал илэрхийлье,
Залуу багш, оюутан залуус Та бүхэн бол монголын эдийн засаг нийгэм, шинжлэх ухааны ирээдүйн хөгжил дэвшилд том үүрэг гүйцэтгэх үүрэгтэй бидний хойч үе. Та нарын өмнө зорилгоо хэрэгжүүлэх боломж нээлттэй байна. Үргэлж хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж эрч хүчтэй ажиллаарай.

Та бүхэнд амжилт хүсье.