Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.17/ “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдэвт бага хуралд оролцов. УИХ-ын даргыг Конрад- Аденауэрын санд хүрэлцэн ирэхэд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс угтан авлаа. Мөн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Бага хурлын эхэнд Конрад- Аденауэрын сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс хүрэлцэн ирсэн хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Конрад- Аденауэрын сан 1993 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд олон төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан гэдгийг бахархалтайгаар хэлмээр байна. Бидний энэхүү хамтын ажиллагаа харилцан итгэлцэл дээр тогтож байсан. 1990 оноос Монгол Улс олон улсад үлгэр дууриал болохуйц ардчиллыг богино хугацаанд амжилттай хөгжүүлж буй улс гэдгийг онцлон хэлье гэлээ.
Мөн ХБНГУ-ын Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо, Христийн Нийгмийн Холбооны бүлгийн менежер, Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга М.Грунд нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, ХБНГУ болон Монгол Улсын 40 жилийн хамтын ажиллагааг дүгнэж харахад бидэнд ижил төстэй талууд их байдаг. Монголчууд 1920-иод оноос эхлэн ХБНГУ-д дээд боловсрол эзэмшиж байсан түүх бий. Монгол Улсад 1990 оноос хойш өрнөсөн ардчилсан систем ихээхэн бартаатай замыг туулсаар ирсэн.
Ардчилсан тогтолцоо нь цаг хугацааны явцад өөрөө бүрддэг нийгмийн тогтолцоо бус, харин бат бөх тогтолцоог бид өөрсдийнхөө шантаршгүй хүчин чармайлтаар байгуулах шаардлагатай байдаг. Монгол Улсад байгуулж чадсан ардчиллын үнэт зүйлс нь зөвхөн барууны орнуудын системийг шууд хуулбарлан буулгасан үнэт зүйл биш, харин өөрсдийн онцлогт тохируулан ардчилсан нийгмийг цогцлоосноороо онцлогтой. Гэтэл дэлхийн зарим орнууд ардчилсан нийгэмд шилжих шилжилтийг хийх үйл явц бүтэлгүйтсэн олон тохиолдлууд ч бий.
Монгол Улс бол ашигт малтмалаараа баялаг орон. Монгол Улсын гадаад бодлого, гуравдагч хөрштэйгээ харилцаж буй харилцаа нь зөв зүйтэй явж байна гэж би дүгнэн хэлмээр байна. Монгол Улс тасралтгүйгээр олон улсын тавцан дахь энх тайвны төлөөх үйл хэрэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн хэмээн Конрад- Аденауэрын сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс хэллээ.
Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга М.Грунд үг хэлж арга хэмжээг албан ёсоор нээсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Конрад- Аденауэрын санд илтгэл тавьсны дараа ХБНГУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
УИХ-ын даргын “1990 ОНЫ МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ, ЦААШДЫН ЗОРИЛТ” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.