Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар өнөөдөр /2015.02.09/ Ардчилсан намын ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ахмадуудад хандан үг хэлэхдээ, эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч байгаа монгол түмэн хэдхэн хоногийн дараа уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Энэ сайхан уламжлалт баяр, шинэ сарын босгон дээр Ардчиллын үйл хэргийг анхнаас нь дэмжиж, хурайлан тоссон  Ардчилсан намын 80 шахам мянган ахмад настнуудын төлөөлөл болсон 2500 ахмадуудаа хүлээн авч байгаадаа баяртай байна гээд, монголын нийт 230 орчим мянган ахмад настнуудад сар шинийн мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн тэрээр Цагаан морин жилд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил, Хөх морин жилд монголын ард түмэн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, Ардчилсан намын олуулаа болох хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад бид баяртай байна гэлээ.

Өнгөрсөн хугацаанд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай”  хуулийн дагуу нийт 494.0 мянган иргэний ажилласан хугацааг нөхөн тооцож, түүний дотор 64,0 мянган тэтгэвэр авагчид хамрагдлаа. Ахмадуудад зориулсан “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас ахмадуудад зориулж 14,2 тэрбум төгрөг зарцуулж, нийт 120,0 гаруй мянган ахмад настныг хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамрууллаа. Удахгүй УИХ тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлахаар төлөвлөж байна.

Ардчилсан нам улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг мөчид эв эеийг эрхэмлэн дээдэлж, улс орон, ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдэхийн төлөө хүчин зүтгэх болно. Энэ бол бидний эрхэм үүрэг гэж үзэж байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Н.БАЯР

эх сурвалж:

http://www.medee.mn/main.php?eid=58765